Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/01332

 

 

 

 

 

 

2022 07 20 210/МА2022/01332

 

 

Д.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/02091 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А гийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 27 тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Д.А гийн хамтран өмчлөх дундын өмч болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 27 болон тоот орон сууцад үнэлгээ хийлгэн 2 удаагийн дуудлага худалдаанд оруулсан байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас нь үндсэн шийдвэр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрийн хүрээнд бичигдсэн агуулгаас илт зөрүүтэй байхад ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны хүрээнд төлбөр төлөгч Г.Т д ногдох хувь хэмжээг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг хангах байтал хамтран өмчлөх дундын өмчийг 100 хувиар Г.Тунамал-Эрдэнийн өр төлбөрийг дуусгавар болгох шийдвэр гаргасан нь хууль бус. Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэгт заасан үндэслэл журмаар зөвхөн битүүмжлэх эрхтэй ба харин хураан авах, үнийн санал авах, шинжээч томилж үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэх эрхгүй байж хууль бусаар ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгийн талаар тусгаагүй учраас шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт заасан ажиллагааг төлбөр авагч хэрэгжүүлээгүй байхад шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд нэр заагдаагүй хамтран өмчлөгч нарын үл хөдлөх хөрөнгийг хураан авч үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулсан нь үндэслэлгүй. Иймд хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 12/9, 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрээр Г.Т , Ү.Д нараас 236,725,993 төгрөгийг гаргуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Г.Т , өмчлөгч Д.А , Д.С й нарын хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 109,72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, төлбөр төлөгч Ү.Д гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042332 дугаартай, дээрх байрны тоот хаягт байрлах 77,02 м.кв, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Н т даалгасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж уг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 261 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний М ХХК -ийг шинжээчээр томилж, үнэлгээ гаргуулсан бөгөөд дээрх байрны 27 тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 180,200,000 төгрөг, мөн дээрх байрны тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 126,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/18070, 4/18071 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тухайн барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Г.Т , өмчлөгч Д.А , Д.С й нарын өмчлөлийн дээрх байрны 27 тоот орон сууцыг 92,100,000 төгрөг, төлбөр төлөгч Ү.Д гийн өмчлөлийн дээрх байрны тоот орон сууцыг 65,300,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор төлбөр төлөгч нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжпэл гаргасныг 3 шатны шүүх тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн төлбөр төлөгч нар нь хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дараа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьцаа хөрөнгөнүүд худалдан борлогдсоныг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаа авах талаар тайлбар гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөх баталгаа гаргасан боловч төлбөрийг барагдуулаагүй. Д.А нь тухайн үед 18 насанд хүрээгүй байсан тул хууль ёсны харгалзан дэмжигч нь эх Г.Т , эцэг Ү.Д нар байсан. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичгийг үзсэний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 27 тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дүгээр тогтоол, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042332 дугаартай, 37 дугаар байрны тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/17511 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03661 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийн үндэслэл нь төлбөр төлөгч нарын үнэлгээтэй холбогдуулан маргасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учир нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 д угаар зүйлийн 32.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбогдуулан маргах эрх нь зөвхөн төлбөр авагч, төлбөр төлөгч нарт байгаа учраас төлбөр төлөгч нарын үнэлгээтэй маргасан шийдвэр хүчинтэй байсан учраас дээрх байдлаар шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Харин хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолтой маргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгзэр зүйлийн 40.4 дэх хэсэг заалтыг буруу хэрэглэсэн. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаантай үйл баримтад тус бүрд нь нотлох баримт, хуулийн хүрээнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч нарын төрсөн охин учир Иргэний хуулийн 108, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгч юм. Иймээс нэхэмжлэгч Д.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт заасны дагуу уг асуудлаар харьяалах шүүхэд гомдол гаргах эрхтэй байхад өөр үйл баримтыг шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэл болгон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н т холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 27 тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00532 дугаар тогтоолоор Г.Т , Ү.Д нараас 235,391,088 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,334,905 төгрөгийг гаргуулан Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгон, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039004 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 27 тоот болон тоот орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч Н хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулжээ. /хх63-67, 68-74, 75-78/

4. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар М ХХК -ийг шинжээчээр томилж, шинжээч нь тоот орон сууцыг 126,600,000 төгрөг, 27 тоот орон сууцыг 180,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх96-97/

5. Нэхэмжлэгч Д.А нь М ХХК -ийн дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох талаар гомдол гаргах эрх түүнд олгогдоогүй гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0050 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлсэн байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлэхээр зохицуулжээ.

Үүний дагуу хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/16, 12/17 тоот тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9, 12/10 тоот тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус мэдэгдсэн байх ба 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх 27 тоот орон сууц 92,100,000 төгрөг, мөн тоот орон сууц 65,300,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. /хх107-109, 124-127/

Иймд төлбөр төлөгчид албадан дуудлага худалдааны товыг мэдэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6 дахь хэсэгт Энэ хуулийн 86.5-д заасан төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Д.А гийн хамтран өмчлөгчийн эрхэд халдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь 2018 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед Д.А нь насанд хүрээгүй байсан бөгөөд хожим буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авсанаас хойш насанд хүрсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/02091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЦОГТСАЙХАН