| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 309/2026/0017/Э |
| Дугаар | 2026/ДШМ/08 |
| Огноо | 2026-03-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/08
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2521006220513 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, аймгийн Хэрлэн суманд 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймаг, Хэрлэн сум 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 04 сарын 03-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан. /РД: *******/
2. Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 19-ний орой 2100 цагийн үед аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, уурхайн зам дээр “Тоёота Аллион” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч *******ыг мөргөж, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 3 сар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч *******аас 4,752,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж” гэснийг, 5 дахь заалтын “...4,752,000 төгрөг гаргуулж...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.
Осол болсон өдөр урдаас хурц гэрэлтэй машин ирсэн, хурдаа хасаад болгоомжтой явж байтал тухайн машины араас хохирогч гарч ирсэн. Би түүнийг дайрсны дараа шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Би үүргээ биелүүлсэн гэж бодож байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүрээнд ямар нэгэн доголдол зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.
Мөн сэтгэцэд учирсан хохирлыг 6 дахин гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Гэм хор учрах нөхцөл байдалд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийг буруутгасан байдаг.
Иймд гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
6. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Энэ хүнээс болж ажилгүй болсон. Нуруу минь хугарчихсан. Би гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
7. Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны журам зөрчсөн гэсэн зүйл байхгүй гэж харж байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулж ялыг оногдуулсан. Сэтгэл санааны хохирлыг 6 биш 5 дахин болгож багасгах талаар дурдсан байна. Энэ талаар үндэслэл байхгүй гэж харж байна. Хохирогчийн хувьд нурууны гэмтлээсээ болж ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болсон. Гэтэл хохирлыг багасгана гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
-шүүгдэгч ******* нь 2025 оны 7 дугаар сарын 19-ний орой 2100 цагийн үед аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, уурхайн зам дээр “Тоёота Аллион” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3-д “Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч *******ыг мөргөж, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн; “ ...хуучин тоосгоны үйлдвэрийн чигтээ уурхайн замаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гараад засмал замаас буух гэж байхад хойноосоо урагшаа чиглэлтэй гэнэт суудлын тээврийн хэрэгсэл нилээн хурдтай ирээд миний баруун ташаа, нуруу хэсэгт мөргөсөн. Би 2-3 метр орчим шидэгдээд газар унаж 2 удаа эргээд босох гэсэн боловч нуруу, хөл, цээж хэсгээр өвдөөд босож чадахгүй байсан. Тэгэхэд жолооч ирж намайг босгоод шууд эмнэлэгт авчирч үзүүлсэн. Эмчид үзүүлээд зураг авахуулахад биеийн байдал гайгүй, 10 хоног хэвтрийн дэглэм барь гэсэн. Ингээд дэглэм барьж байхад бие өвдөөд байхаар нь Улаанбаатар хот руу явж “Бриллант” эмнэлэгт үзүүлэхэд нурууны яс хугарсан, хөлний чөмөгний яс хугарсан гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгэж эм тариа авсан бөгөөд 3 сарын дэглэм барь гэж хэлсэн. ...Би 1,825,700 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг хүлээлгэж өгсөн. Нэмж гаргаж өгөх баримт байхгүй, сэтгэл санаа болон Улаанбаатар хот руу замын унаагаар явсан зардал, ажилгүй байсан 4 сарын хохирлоо нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх25, 27, 29-31х/,
-гэрч ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Намайг 2025 оны 7 дугаар сарын 19-ний орой ажил дээрээ байхад хүү 21 цаг 20 минутын орчим залгаад “би уурхайн зам дээр машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Ингээд эмнэлэг дээр очиход хүлээн авах дээр үзүүлж байсан бөгөөд эмчилгээ бичиж өгөөд гайгүй байна, 10 хоногийн хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. Ингээд 10 хоног гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаад Улаанбаатар хот руу очиж үзүүлэхэд нуруу цоорсон, өвдөг гэмтсэн байсан. Ингээд мөн эмчилгээ хийлгэж эм тариа авсан бөгөөд 3 сарын дэглэм барь гэж хэлсэн. Осолд орохын өмнө биеийн байдал нь хэвийн зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хх-36х/,
-Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 301,712 төгрөгийн тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлгээс авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-97х/,
- аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ДОР0725/470 дугаар дүгнэлт /хх-43-46х/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0825/4066 дугаар дүгнэлт /хх-65-66х/,
-“Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 39 тоот дүгнэлт /хх-59-60х/,
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-13х/,
-Гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-14х/,
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-19х/,
-Зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-23х/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-20-21х/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
5.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч *******ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 301,712 төгрөг, хохирогч *******т 1,825,700 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,752,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэл бүхий болжээ.
7. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд “ ...Миний бие аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “ ...*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж” гэснийг болон 5 дахь заалтын “ ...*******аас 4,752,000 төгрөгийг гаргуулж” гэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 6 дахин гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3,960,000 төгрөгөөр тогтоосон өөрчлөлтийг тус тус оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх *******ийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөн түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс *******ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0825/4066 дугаар дүгнэлтээр “Хохирогч *******ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэжээ.
Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлд сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тогтоосон байх ба шүүгдэгчээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,752,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь дээрх журамд нийцэж байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Иймд шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ******* нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг,
Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харъяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй, яллах дүгнэлтийг гардуулсан өдрөө хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдох боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй ба цаашид энэ төрлийн зөрчлийг дахин гаргахгүй байхыг прокурор анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Ц.ЭРДЭНЭЗУУ