Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00269

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О , Х.О

Орчуулагч Ц.Нямхүү

Шүүгдэгч Ч.Д , В.М.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д , Д В.М нарт холбогдох эрүүгийн 1825003130254 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1.1.О овогт Ч Д , Монгол Улсын иргэн, 1950 оны 05 сарын 10-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2 , эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **  тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:** /

1.2. Д В М , Казахстан Улсын иргэн, 1963 оны 12 сарын 01-ний өдөр Какахстан улсад төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, краны машинч мэргэжилтэй, Э ХХК-нийн **  мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн **  тоотод оршин суух ял шийтгэлгүй, /РД:** /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч Ч.Д , В.М.Д нар нь бүлэглэн 2018 оны 04 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Д-н итгэмжлэн хариуцаж ажилладаг эд хөрөнгө болох Э ХХК-ний Хүдрийн ил уурхайн  ** ОРХ улсын дугаартай кранаас 265 литр дизель түлш авч завшин 555 175 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Э-н ... “Намайг Э ХХК-ний ил уурхайд краны машинист ажилтай Д В.М нь Ч.Д  гэгчтэй бүлэглэн 2018 оны 04 сарын 25-ны өдөр өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох 100 тонны кранаас 265 литр буюу 555 175 төгрөгийн үнэлгээ бүхий дизель түлшийг авч завшсан гэх хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр итгэмжлэн томилсон. Манай байгууллагаас 1 кг дизель түлшний үнэлгээг гарган өгсөн. Манай байгууллага нь гадны байгууллагаас дизель түлшийг кг-аар тооцож авдаг учир кг- аар хохирлоо тооцуулах үүднээс үнэлгээг кг-аар гаргаж өгсөн. Дизель түлшийг үнэлгээнд дурьдагдсан мөнгөн дүнгээр нэхэмжилж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-24-р хуудас/

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10-р хуудас/

%1.    Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11-р хуудас/

4. Гэрч Т.Б-н ...”Д манайд авто кранчин хийдэг. Энэ хүн манайд 2002 оноос хойш ажиллаж байгаа. Өнөөдөр өглөө 09 цаг өнгөрч байхад Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын цехийн дарга М манай дарга руу 100 тонны кран хэрэгтэй талаар хүсэлт бичгээр явуулсан. Тэгээд энэ бичгийг дарга цохолт хийж кран явуулах даалгавар өгсөн. Н Д-дүүрэг өгч явуулсан. Ер нь тухайн өдөр хийх ажлаасаа хамаарч түлш авдаг. Өнөөдөр бол 100 литр үйлдвэрийн зөөврийн түлш өгөх машинаас авсан байна. Өөрөөс нь асуухад механик нь түүнд яг үйлдвэрийн хашаан дотор байдаг төмөр замын цех гэж хэлээгүй, төмөр зам дээр гэж хэлсэн гэж байна лээ. Тэгсэн тэрээр Эрдэнэт өртөө рүү явсан гэж хэлж байна. Тэгээд буцаад Э рүү явж байгаад урьд манай хэсэгт ажиллаж байсан 2012-2013 оны үед тэтгэвэртээ гарсан Д гэх хүнтэй таарсан байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/

5. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн ОЦ/18/127 дугаартай дүгнэлтийн ...”дизель түлш ний 555175 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 54-р хуудас/

6. Шүүгдэгч В.М.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн...“Би Д тай түлшний үнэ хөлс авна гэж тохиролцоогүй. Би Ч.Д тай хамт ажилладаг байсан. Ч.Д  нь тэтгэвэрт гарсан хөдөө явах гээд түлш хэрэгтэй болоод мөнгө төгрөг байхгүй гэхээр нь би түлш бэлэглэсэн. Би ял сонсож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн хх-ийн 91-92-р хуудас/

7. Шүүгдэгч Ч.Д гийн..”Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Д-с  гуйсаар байгаад түлш аваад ийм хэрэгт татан оруулсандаа маш их гэмшиж байна. Би Д-с  түлш авахдаа мөнгө өгнө гэж ярьсан зүйл огт байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хх- ийн 99-100-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д , В.М.Д нар нь “мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Бүжинлхам дүгнэлтдээ:  “Шүүгдэгч Д , Д нар нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Баяцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн ** дугаартай кранаас 265 литр түлшийг авч завшиж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 555170 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан болоод шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа учраас бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг бүлэглэж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Ч.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д-дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д-дхорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй талаар шийтгэх тогтоолд дурдах үндэстэй байна. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар савтай 265 литр түлшийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө учраас улсын орлого болгохоор шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх, шүүгдэгч Д  нь бусдад төлөх төлбөргүй учраас түүний битүүмжлэгдсэн автомашиныг буцааж олгож, битүүмжлэлээс чөлөөлөх саналтай байна гэв. ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Ч.Д  нь тэтгэвэрт гарсан 68 настай хөгшин байгаа. Увс аймаг руу нутаг руугаа явах зорилгоор хуучин хамт ажиллаж байсан Д-с түлш гуйж аваад, хийсэн үйлдэлдээ гэм буруугаа гэмшиж, түүнийгээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгөөч гэсэн санал хүсэлтийг өөрөө гаргасан. Энэ шийтгэлтэй холбогдуулж улсын яллагч ял хариуцлагын хувьд торгуулийн ялаар шийтгэх саналыг гаргасан. Үүнийг Д гуай хүлээн зөвшөөрч торгуулийн ялыг хэрэглэж өгөх, ял шийтгэлийг хөнгөлж өгөөч гэсэн санал хүсэлтийг дэмжиж оролцож байгаа. Харин Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасан шүүхээс торгуулийн ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчилж төлүүлэхээр тогтоож болно гэж заасан. Үүний дагуу улсын яллагчаас санал оруулж байгаа 2700000 төгрөгөөр торгох ялыг жилийн хугацаагаар төлөх үүргийг тогтоож шийдвэрт тусгаж өгөөч гэж өмгөөлөгчийн хувьд санал хүсэлт гаргаж байна. Яагаад гэвэл Д  гуай тэтгэврээрээ амьдардаг, өрхийн орлого байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэтгэвэр нь 1150000 төгрөг учраас үүнд нийцүүлж шүүх шийдвэр гаргаж өгөөч гэсэн санал хүсэлтэй байна. Хоёрдугаарт Д гуайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж Д гуайд буцаан олгох асуудлыг шүүх шийдвэртээ тусгаж өгөөч гэсэн санал хүсэлтэйгээр улсын яллагчийн гаргасан санал хүсэлтийг дэмжиж оролцож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх санал хүсэлт дээр Д  гуайн хувийн байдал болоод, гэм буруугаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн байдлыг шүүх харгалзан үзэж шийдвэр гаргаж өгөөч гэсэн саналтай байна гэв.”

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ Д нь өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд урьд нь хамт 10 гаруй жил ажилласан Д гийн гуйлтаар үйлдсэн. Д бол 1 бус удаа гуйсан, хэд хэдэн удаа ярьсан, залгасан гэж хэлдэг юм байна лээ. Ингэж болохгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн 2 шалтгааны улмаас энэ хэргийг үйлдсэн байна гэсэн дүгнэлтийг би хийж байгаа. Өөрөө бас яг тэгж хэлдэг юм байна лээ. Нэгдүгээрт би Д г бодсон юм, тэтгэвэрт гарсан, хөгшин настай, хол явах гэж байна, цалин орлого бага гээд өгчихье гэсэн. Тухайн үед болохгүй гэдгийг мэдэж байсан ч гэсэн бас нэг зүйл сэтгэлд нь байсан гэж өөрөө ярьдаг юм байна лээ. Энэ нь Э Хөтөл, Дархан, Улаанбаатар гээд газруудад байдаг янз бүрийн компаниудтай харилцан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Д-г краных нь хамт ажил хийлгэхээр томилолтоор явуулдаг юм байна. Тэгж явж байхад нь нөгөө компаниуд нь тусалсаны хариуд бензин талон өгөх, эсвэл банканд нь түлш хийгээд өгөх зэргээр надад өгдөг, өөрөө бол бэлэг гэж ярьдаг юм байна лээ. Тэртээ тэргүй банканд тэр байгууллагууд хийчихсэн юм чинь дутахгүй дээ гэдэг байдлаар Д д тусалчихсан юм гэдэг байдлаар ярьдаг юм байна лээ. Энэ нь тийм байж болох үндэслэлтэй. Түүнээс биш энэ хүнд ямар нэгэн байдлаар ашиг хонжоо харсан зүйл байхгүй юм байна гэсэн дүгнэлт хийж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас, яахав тайлбар хэлэх хугацаандаа арай өөр тайлбар хэлсэн байсан, сүүлд нь ял сонсгоод яллагдагчаар татах тогтоох танилцуулаад ирэхээр буруугаа хүлээсэн, буруугаа нэгэнт хүлээж байгаа учраас хялбаршуулсан журмаар хэргийг богино хугацаанд шийдвэрлэх боломж байдаг гэсэн санал хэлсний үндсэн дээр Казакстан улсад байдаг олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзахын тулд хурдан шийдвэрлэвэл надад сайн байна, прокуророос надад ямар ял санал болгох юм бол, тэгвэл хүлээн зөвшөөрч байна гэсэн. Үүний үндсэн дээр харилцан ойлголцож хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлье гэж хүлээн зөвшөөрсөн. Дээр нь ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн саналыг хүлээн зөвшөөрсөн. Сая яллагч ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хугацаа хэлэхгүй өнгөрчих шиг болсон. Би сонссонгүй юу, нэг жил гэдэг дээр бид нар тохиролцсон. Нэг жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй. Харин тэнсэхтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэгт албадлагын арга хэмжээ авах тухай заалт байгаа. Харин Д-н хувьд ийм албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй байгаач гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ нь 7.1.3-т зааснаар хэд хэдэн үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоох гэсэн. Хувийн байдлыг нь харгалзаад энийг шүүх хэрэглэхгүй байгаач гэсэн хүсэлтийг тавьж байна. Мөн албадлагын арга хэмжээнээс хэрэглэх шаардлагагүй юм, энэ хүн Казакстан улсын харьяат, Эрдэнэт үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Тийм учраас эдгээрийг шүүх өөрийн эрх хэмжээний дор хэрэглэх ёстой. Үүнийг хэрэглэхгүй байгаач гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ талаар яллагчтай бас тохиролцсон байгаа юм. Үндэслэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг анх нэхэмжилсэн үнийн дүнгээр төлчихсөн байгаа. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж шийдвэрлэж өгөөч гэж шүүхээс хүсч байна гэв. ” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогчийн төлөөлөгч Н.Э-н  мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн ОЦ/18/127 дугаартай дүгнэлт, гэрч Т.Б-н мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Д , В.М.Д нар нь бүлэглэн 2018 оны 04 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт В.М.Д-н итгэмжлэн хариуцаж ажилладаг Э ХХК-ний Хүдрийн ил уурхайн  ** ОРХ улсын дугаартай кранаас 265 литр дизель түлш авч завшин 555 175 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 ширхэг хуванцар савтай /канистартай/ 265 литр дизель түлшийг улсын орлого болгож, Ч.Д гийн эзэмшлийн 20-87 ОРХ  улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид хүлээлгэн өгөх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Ч Д, Д В М  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаа зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д , В.М.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай. 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д , В.М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 ширхэг хуванцар савтай /канистартай/ 265 литр дизель түлшийг улсын орлого болгон Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Ч.Д гийн эзэмшлийн 20-87 ОРХ  улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС