Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/09

 

*******од холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Мэндбаяр

Хохирогч                                                                   *******

Хохирогчийн өмгөөлөгч                                        Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч                                                                   *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2521002450469 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Дорнод хүнс” ХХК-ийн зүүн талд байршуулж орхисон хохирогч *******ын эзэмшлийн Норд Бенз маркийн ******* ДОУ улсын дугаартай шатсан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан чирч авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

5. Хохирогч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь илтэд буруу шийдвэр гаргасан. ******* нь тухайн машиныг гэр рүүгээ чирж явах хугацаанд эд зүйлсийг бүрэн тонож авах боломжгүй, хугацаа нь хэтэрхий богино байна гэж анхан шатны шүүхээс үзсэн байсан. Тиймээс энэ хэсэгт холбогдуулж гомдол гаргасан.” гэв. 

6. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй байна. Мэдүүлгийн зөрүүг огт арилгаагүй, хамтран оролцсон этгээдийг шалгаагүй. ******* нь хэлэхдээ “манай нөхөр тухайн газарт нэг машин байгаад байна. Уг нь сэлбээд ашиглачих боломжтой юм байна гэж ярьж байсан” талаар хэлж мэдүүлсэн. Үнэхээр ингээд гэмт хэрэг үйлдэх гээд байгааг нь мэдсэн юм бол таслан зогсоох боломжтой байсан. Мөн гэх хүн нь хувь хүний мэдээллийг шууд иргэнд өгчихсөн үйлдэл гаргасан байгаа юм. Мөн иргэн хүний эд зүйлийг бусдад өгөх эрхтэй этгээд огтоосоо биш. Энэ хүн гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж хэлэх ч боломжтой байна.

... Миний хувьд зүйлчлэлтэй ч гэсэн маргаж байна. Тухайн машиныг унаж зугаацах гээгүй. ... Санаа зорилго нь задлах буюу биет байдлыг өөрчлөх санаатай байсан. Үйлдэл нь өөрөө эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хөдөлгөх, авч явах юм. Эзэнгүй байсан гэдгийг нь мэдээд байгаа.. ... Тиймээс гэмт хэргийн зүйлчлэл дээр шүүх буруу дүгнэлт өгсөн гэж харж байна. Эд зүйлийн үнэлгээ өөрөө эргэлзээтэй байна. Мөн гол нь 8-ны өдөр эсхүл 10-ны өдөр тухайн машиныг авсан эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн машины задаргааг ямар хугацаанд задлах боломжтой гэдгийг хуульчид бид нар мэдэхгүй. Богино хугацаанд задлах боломжтой гэдгийг шүүгдэгч өөрөө нотолж өгсөн. Энэ хэргээс болж нэг хүн ял завшиж, нэг хүн эд хөрөнгөөр хохирч үлдэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос сэтгэл санааны хохирлыг огт тодруулаагүй байсан. Тиймээс энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхээс гэмт хэргийн шинж, бусад гэмт хэргээс ялгагдах шинжид хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Хохирогч нь тээврийн хэрэгслийг буцааж авсан учир хохирол учраагүй гэж үзсэн. Мөн өөрөө эд хөрөнгө нь алдагдсан гэж байгаа боловч ******* яг авсан эсэхийг нотолсон зүйл байхгүй байна. ... *******тай хамтран оролцсон зүйл огт байдаггүй. Мөн хамтран оролцсон байх боломжтой гэж яриад байна. Тухайн өдөр анх удаа очсон гэдгээ хэлсэн. Мөн хэдийгээр орхигдсон машин байсан ч тухайн машиныг авч явах эрхийг олгоогүй гэдэг талаараа илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс “хулгайлах гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн. Хулгайн гэмт хэрэг өөрөө бусдад мэдэгдэхгүйгээр авч явах үйлдлийг хэлнэ. Гэтэл энэ хүн нууц далд аргаар тухайн машиныг зөөвөрлөх гээгүй. Эрх бүхий этгээдэд хэлж мэдэгдсэн. Мөн алдагдсан гээд байгаа зүйлс нь толгой хэсэгт нь байх боломжтой. Чирэгч хэсэгт байдаггүй зүйлс байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 8. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Надад хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.*******од холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Дорнод хүнс” ХХК-ийн зүүн талд байршуулж орхисон хохирогч *******ын эзэмшлийн Норд Бенз маркийн ******* ДОУ улсын дугаартай шатсан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан чирч авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 48-49, 68, 108/, хохирогч *******ын мэдүүлэг /хх 25, 113/, гэрч , Ц., Д.******* нарын мэдүүлэг, /хх 27-28, 31, 33-34/, гэмт хэргийн талаар гомдол мэдэлээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх15-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Мөн хохирогч *******т Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

7. Хохирогчоос давж заалдах журмаар “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь илтэд буруу шийдвэр гаргасан” гэх гомдлыг гаргасан ба шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ “******* нь тухайн машиныг гэр рүүгээ чирж явах хугацаанд эд зүйлсийг бүрэн тонож авах боломжгүй, хугацаа нь хэтэрхий богино байна гэж анхан шатны шүүхээс үзсэн нь буруу.” гэж тайлбарладаг.

Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “ ... хэрэгт авагдсан гэрч, хохирогч, сэжигтэн нарын мэдүүлэг зөрүүтэй, гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг шалгаагүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг тодруулаагүй тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү, мөн хэргийн зүйлчлэл тохироогүй байна ...” гэх тайлбарыг гаргасан.

7.1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийг бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарт нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

7.2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* “ ... өчигдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймагт 22 цагийн орчим ирээд шууд  машин дээрээ очиж харахад Дорнод хүнс ХХК-ийн ертөнцийн зүгээр урд талд нь байрлуулсан байсан миний ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толгойн кабин хэсгийг нь олсоор татаж унагааж салгасан, явах хэсэг буюу чирэгч, мотор, хроптой эд ангийг нь буюу чирэгчийг нь салгаад аваад явчихсан байсан.

... Ингээд өнөөдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаатай хамт явж байгаад чирэгчээ Хэрлэн сум 4 дүгээр баг, тоот хашаанаас олж авлаа. Тухайн хашаанд очиход нэг эрэгтэй хүн байсан ба цагдаа Мөнхсоёмбо тухайн хүнээс асуухад энэ чирэгчийг зүгээр авч ирээд хадгалж байгаа юм гэж хэлж байсан.” /хх 25/ гэж,

гэрч “... Маргааш нь ...өглөө 08-09 цагийн хооронд хашаандаа өөрийн портер маркийн машиныг засаж байхад ******* шатсан машины чирэгч толгойг ногоон өнгийн хучлагаар хуччихсан хашаанд оруулаад орхисон. Би тэр чирэгч толгойг сайн анзаараагүй машинаа засаад шууд хөдөө гэр рүүгээ яваад 10 гаруй хоноод ирэхэд нөгөө шатсан чирэгч толгой байхгүй байсан. ...******* ганцаараа ногоон өнгийн хучлагаар хучсан шатсан машины чирэгч толгой оруулж ирсэн.” /хх 27-28/ гэж,

гэрч Ц.: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд ажил дээрээ байхад танил ******* ирээд ахаа 8 дугаар баг явдаг замын баруун талд нэг шатсан машины толгой хүмүүс тоноод дуусаж байна, хэнийх юм бол тодруулаад өгөөч гэсэн. Тус өдрийнхөө орой нь ******* нөхрийн хамтаар над руу утсаар яриад та энэ шатсан машин дээр хүрээд ирэх үү гэхээр нь явж очоод арлын дугаарыг нь тодруулаад маргааш нь тус шатсан машины лавлагааг гаргаж өгсөн. ...Намайг анх очиход Норд Бенз маркийн машин улсын дугааргүй шатсан дээр нь тоногдсон байдалтай шатсан кабин толгой, мотор, гэрэл дохио байхгүй ерөнхийдөө шатсан машины рам байсан. Би тус шатсан машиныг ерөнхий байдлаас харсан болохоор нарийн тодорхой зүйлүүдийг сайн мэдэхгүй байна. ...Тухайн машин шатсан ч гэсэн хүний эд хөрөнгийг бусдад авч явах зөвшөөрлийг олгоогүй...” гэж,

гэрч Д.*******: “...Манай нөхөр ******* нь 2025 оны 04 дүгээр сард /өдрийг нь сайн санахгүй байна/ манай машинд хэрэгтэй машин хаягдчихсан юм шиг байна. Эзэн нь хаясан юм шиг байна тэрийг авчих юмсан гэж ярьж байсан. ... маргааш нь Авто тээврийн төвийн дарга гэдэг хүнтэй утсаар яриад энд нэг ийм машин байна, ямар хүний машин юм бэ гэдгийг нь олоод өгөөч гэж гуйсан. Тэгсэн гэдэг хүн хаана байгаа юм машин юм бэ, ямар машин байна гэж асуухаар нь тухайн машины байгаа газрыг нь хэлэхэд манай гэртэй ойрхон юм байна очоод хараад өгье гэж хэлсэн. Ингээд Авто тээврийн төвийн дарга гэдэг хүнтэй хамт тухайн хаягдсан машин дээр очоод арлын дугаарынх нь зургийг аваад хүнийх нь хаяг, утасны дугаарыг олсон. Тэгээд тухайн хүн рүү нь холбогдох гэж оролдсон, утсаар залгасан боловч огт холбогдохгүй байсан. Тэгэхээр нь угаасаа хаясан юм байгаа биз гэж бодоод манай нөхөр ******* өөрийн ДОУ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслээр тухайн хаягдсан Норд Бенз  маркийн тээврийн хэрэгслийг чирч авчирсан. Тухайн машин нь явах боломжгүй  байсан тул Хэрлэн сум 4 дүгээр баг, 24-08 тоот хашаанд буюу өөрийнхөө үеэл ахындаа аваачиж орхисон.” /хх 33-34/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд тус мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй болон нэг нь нэгнийгээ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

7.3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.т “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ” гэж, мөн хуулийн 40.2.1-т “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж заажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гаргах гэмт хэргүүдийг нэрлэн заасан байх бөгөөд хохирогч *******ын хохирогчоор тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гаргах гэмт хэрэгт хамаарахгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн “мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос сэтгэл санааны хохирлыг огт тодруулаагүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

8. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгч Д.*******од холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Ц.ЭРДЭНЭЗУУ

       ШҮҮГЧИД                                                                      Г.УРТНАСАН

                                                                                             С.ГАНЧИМЭГ