| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2026/0027/Э |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2026-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Тунгалагтуяа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Тунгалагтуяа
Хохирогч *******
Шүүгдэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2521006410516 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлж байсан. /РД: *******/.
2. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “Бамбарууш” авто засварын зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй ******* УБЧ улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.7-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас гарын оролцоотойгоор ашиглахыг хориглоно”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ий жолоодон явсан Тоёота Приус-41 маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан насанд хүрээгүй хохирогч ын биед хөнгөн хохирол, *******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохиролд 7 856 564 төгрөгийг гаргуулж хохирогч *******эд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... *******ийн хувьд өөрийн гэм буруугаа анхнаас нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан шууд хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан болно.
Энэ гэр бүлийн тухайд ам бүл 6, ******* нь малын эмч мэргэжилтэй, зээлнээс зээлийн хооронд явж байгаа талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ба хичээл сургуулийн үед 4 хүүхдээ харж цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг. Зуны амралтаар хүүхдээ аав, ээж дээрээ орхин малын эмч мэргэжлээрээ ажиллахаас гадна нөхрийн хамт Дорноговь, Өмнөговь аймагт очиж уурхайд дутагдаж байгаа бүхий л ажил болох үйлчлэгч, тогооч гэх мэт ажлуудыг хийлцэж өөрсдийн зээл төлбөрүүдээсээ төлж барагдуулахад нэмэр тусламж болж байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.
Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлсөн мөнгө мөн л зээлийн эх үүсвэрээр бүрдсэн байгаа нь тодорхой байна. Мөн цаашид сэтгэл санааны хохирол төлбөрөө авбал эмэгтэй хүний мууг үзэх сонирхол байхгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд илэрхийлсэн.
Мөн энэ хэрэгт яд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх байдал гэж үзэх бүрэн боломжтой юм.
Иймд *******ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг өөрчилж, тэнсэж хянан харгалзах эсвэл 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү.” гэжээ.
6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мөнгөн торгууль болон эрх хасах ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэг жилийн хугацаанд цаг зүүхийг хөнгөвчилж өгөхийг хүсч байна. Яагаад гэхээр би мөнгөн торгуулиа төлөхийн тулд ажиллах хэрэг гарна. Мөн охин маань өвчтэй байгаа. 3 сард нэг удаа Улаанбаатар хотод очиж үзүүлэх, хянуулах шаардлагатай болно. Хохирогч намайг огт мөнгө өгөөгүй гэж ярьж байна. Анх осол болсны дараа надаас 5 000 000 төгрөг нэхсэн. Би боломжоороо 3 800 000 төгрөг өгсөн. Шүүхээс намайг хэдэн төгрөгийг ямар хугацаанд төлөх ёстойг зааж хэлэх байх гэж бодсон учраас хохирол төлөөгүй байсан. Сэтгэцийн гэм хорын хохирлыг нөхөн төлнө.” гэв.
7. Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь одоо болтол надад сэтгэцийн хохирлоос төлж барагдуулаагүй байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хэлж байна гэж ойлголоо. Шүүх хуралдаанд хохирлоо төлчих юм бол хүний мууг үзээд яах вэ гэж л хэлсэн. Гэтэл өөртөө ашигтайгаар тайлбарласан байна. Миний хохирлын талаар огт ярихгүй юм. Шүүх нь ч гэсэн хохирлыг ямар хугацаанд төлөхийг зааж өгөөгүй байсан. Би гомдолтой байна.” гэв.
8. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хор уршигт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
4. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах “Бамбарууш” авто засварын зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй ******* УБЧ улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас ий жолоодон явсан Тоёота Приус-41 маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан *******ийн эрүүл мэндэд өвчүү ясны далд хугарал, баруун 6-р хавирганы далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / 1хх–ийн 173-174, 2хх-ийн 32-33 /, хохирогч *******ийн мэдүүлэг / 1хх-ийн 19-21, 24, 2хх-ийн 37/, иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаа, , нарын мэдүүлэг /хх-ийн 49-50, 54-55, 59/, гэрч З.Билгүүн, нарын мэдүүлэг /хх-ийн 26-27, 44-45/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12/, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 63/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №ДОР0725/496 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-112/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №ЕГ0825/3710 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132-134/, Авто ашиглалтын инженер, шинжээч Б.Түмэнжаргалын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-126/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 06/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус заасантай нийцсэн байна.
8. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах журмаар “... шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, тэнсэж хянан харгалзах эсвэл 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү. ” гэх агуулга бүхий гомдлыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Тухайлбал, Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон ял оногдуулахдаа энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр тухайн зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
9. Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН