Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 00253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сайнбилэг

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-т холбогдох эрүүгийн 1825003710259 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б овгийн А-н Г-, Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, зээ, хүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн **  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ** /

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Г нь 2018 оны 05 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Цагаанчулуут багийн ** тоотод биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд М.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Насанд хүрээгүй хохирогч М.Г-н ...“Э намайг 2 гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд гэдэс рүү нь цохитол манай ангийн П , Х хоёр Э өмөөрөөд чи яагаад эмэгтэй хүүхдийг зодож байгаа юм гээд П  намайг унагаасан чинь Х намайг өшиглөчихөөд яваад өгсөн. Манай ангийн Ану өвөөд “Г сая Э зодсон чинь П  Х хоёр Г-г зодсон гэж хэлсэн. Тэгээд өвөө бид хоёр гэр рүүгээ харьсан. Гэрт очоод өвөөд намайг яагаад эмэгтэй хүүхэд зодож байгаа юм бэ гэж хэлээд миний өмсөж явсан өмдний тэлээг аваад төмөртэй хэсгээр нь цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 410 дугаартай дүгнэлтийн ...“М.Г-н биед зүүн бугалганы ар талд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, зүүн гуяны ар талд 1 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Зүүн гуянд үүссэн зөөлөн эдийн цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн бугалганы ар талд үүссэн зөөлөн эдийн цус хуралт нь Гэмлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 15-р хуудас/

3. Гэрч Б.М-н  ... “Хүү Г нь 6 настайгаасаа хойш Т-н аав ээж хоёр дээр нь байгаа. 2018 оны 05 сарын 25-ны өдөр намайг ажил дээр байхад танихгүй утас залгахаар нь автал хүү Г утсаар “та хаана байна” гэж асуухаар нь аав нь ажил дээрээ байна гэсэн. Тэгээд миний хүү яасан хичээл чинь тарсан юм уу өвөө чинь чамайг яагаад аваагүй юм бэ гэж асуутал Г гэртээ харьвал өвөө согтуу байгаа, өвөө зодно, би айгаад байна, та намайг ирээд авчих гэж хэлэхээр нь яваад очсон. Тэгтэл хүү Г надад өчигдөр өвөө намайг ингээд зодчихлоо гээд зүүн гуяа гаргаж үзүүлтэл гуя нь хөх эрээн болчихсон явж чадахгүй доголоод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

4. Гэрч А.Т-н ...”Би Г-н төрсөн ээж байгаа юм. Миний хүү миний төрсөн аав Г-, эмээ Э нар дээр 3 настайгаасаа эхлэн одоог хүртэл хамт байгаа юм. Ээж Э над руу утсаар залгаад аав чинь өчигдөр хүүг чинь зодчихсон байна гэж хэлэхээр нь би хэзээ гэж асуутал өчигдөр гэж хэлж байсан. Тэгэхээр нь юунаас болж яасан гэж маргалдаж байгаа юм бэ гэж асуутал өчигдөр хүү ангийхаа охиныг уйлуулчихсан байхад ангийх нь 2 хүүхэд тэр охиныг өмөөрч Г-г нийлж зодсон гэсэн. Тэгтэл Г нь ангидаа газар дээшээ хараад орилоод хэвтэж байхад нь өвөө нь ангид орж ирж таараад ангийх нь багштай уулзаад Г-г аваад гэртээ харьж байгаад Г-г ангийхаа охиныг яагаад зодож байгаа юм бэ гээд Г-г өмднийх нь тэлээг аваад зодсон байна. Тэгээд Г аав руугаа утсаар яриад өвөө намайг зодчихлоо гэж хэлтэл аав нь Г-н гуяных нь зургийг аваад цагдаад өргөдөл өгчихсөн байна. Сая цагдаа нар гэрт ирээд аавыг чинь аваад явчихлаа гэж надад хэлсэн. М  бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай, баталгаа салгаагүй байгаа. Өвөө Г нь хүү Г-г удаа дараа цохиж зодсон, асуудал байхгүй гэж хэлнэ. Хүүхэд болсон хойно тэр тусмаа эрэгтэй хүүхэд үгэнд нь орохгүй, үймүүлэх асуудал гардаг юм. Тэр болгонд нь цохиж зодоод байдаггүй боловч хааяа загнах ганц хоёр удаа гар далайн хүрэх асуудал байдаг юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-29-р хуудас/

5. Шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2018 оны 05 сарын 24-ний өдөр би зээ хүү Г-г 16 цагийн үед багш Н хүүгээ ирээд аваадах гэхээр нь би сургууль орж Г-н анги руу явж ортол Г самбарынхаа өмнө дээшээ харчихсан орилоод хэвтэж байсан ба ангийх нь охин босгох гээд гарнаас нь татаад зогсож байхаар нь явж очоод яагаад газар хэвтэж байгаа юм бэ гэж асуутал хажуу талынх нь хүүхэд наадах чинь намайг зодоод хажуунаас хуруугаараа чичлээд байхаар нь боль гэж хэлтэл миний гэдэс рүү цохичихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүү Г-г яагаад газар хэвтэж байгаа юм бэ гэж асуутал манай ангийн хоёр хүүхэд намайг зодсон гэж хэлэхээр нь зодсон гэх ангийх нь хүүхдээс яагаад та нар хүүхэд зодож байгаа талаар асуухад ангийх нь хоёр хүүхэд Г манай ангийн охиныг зодсон болохоор бид хоёр Г-г зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүү Г-г босгоод хувцас хунарыг нь өмсүүлээд бид хоёр гэртээ ирсэн юм. Гэрт ирээд Г-г хувцасаа сольж өмс гэж хэлээд хувцасаа сольж өмсөж байхад нь яагаад эмэгтэй хүүхэд зодож байгаа юм, дандаа үймүүлж явах юм аа чи, гэж хэлээд өөрийнх нь өмсөж явсан өмдний нь тэлээгээр гуян тус газар нь 2-3 удаа ороолгоод авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2010 онд М  манай охинтой хуримаа хийгээд долоо ч хоноогүй байж зодохоор нь охиноо очоод аваад ирсэн. М  мэдүүлэг дээрээ 6 настайгаасаа манайд байгаа гэж мэдүүлсэн байсан. Түүнтэй санал нийлэхгүй байна. Энэ хүүхэд багаасаа л над дээр байгаа. Нэгдүгээр ангид оруулаад нэгдүгээр ангиас нь эхлээд сургуульд нь зөөгөөд л байгаа. Хөдөлгөөн ихтэй хүүхэд учир машин доогуур орчих юм болов уу гэж бодоод байнга зөөдөг. Яагаад зодох болсон бэ гэвэл битгий хүүхэд зодож байгаарай гээд байхад эмэгтэй хүүхэд зодсон байсан болохоор нь тэлээгээр цохисон. Урьд нь загнаж байсан зодож байгаагүй. Гуян дээр үүссэн гэмтэл нь миний үйлдлийн улмаас учирсан байж магадгүй, гарынх нь бол дугуй унаад гудамжаар явдаг болохоор дугуйнаас унаад гаран дээрхи гэмтэл учирсан байх гэж бодож байна.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хүүхдийн асуудал эрхэлсэн байгуулагаас томилогдон энэ хэрэгт оролцож байгаа. А.Г нь өвөө эмээ дээрээ хүмүүжиж байгаа хүүхэд юм. Энэ хүүхдийн асран хамгаалагчийн талаар манай байгууллага арга хэмжээ авах гэж байгаа. Хүүхэдтэй ганцаарчилж уулзсан. Эцэг эх нь Г гуайгаас нэхэмжилсэн зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой байгаа. Мөн гэрчүүдийн мэдүүлэг байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч М.Г-н мэдүүлэг, гэрч Б.М , А.Т нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 28-ны 410 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.Г нь 2018 оны 05 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, **  тоотод биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд М.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

4 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай улсын ялагчийн санал үндэстэй байх тул торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-нГ-ыг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС