Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 360

 

 Ц.М холбогдох эрүүгийн  хэргийн тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Батмөнх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар магадлалтай, Ц.М холбогдох 1910023160757 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй Б овогт Ц-ын Мөнгөн нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Далай 4 цамхаг” ХХК-ийн барьж байгаа барилгын талбайд ажиллаж байсан У.Ш-тай “ажлаа дутуу хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хүчтэй угзарч татаж унагаан “хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь хохирогч У.Ш 630,000 төгрөг төлсөн ба хохирогчийн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт шүүгдэгч Ц.М-өөс 101,822 төгрөг гаргуулан хохирогч У.Ш олгож, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 заалтыг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-өөс 1,280,000 төгрөг гаргуулан хохирогч У.Ш олгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч У.Ш-ын өмгөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.М гаргасан гомдолдоо: “... миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид эмчилгээний зардалд 630,000 төгрөг төлсөн. Хохирогч нь биедээ гэмтэл авахаас өмнө “Далайн 4 цамхаг” ХХК-д өдрийн 60,000 төгрөгийн цалинтай мужаанаар ажилладаг болохоо мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хүртэл энэ талаараа бичсэн байдаг. Мөн түүнийг тухайн компанид мужаанаар ажилладаг талаар гэрч Х.Мөнхцэцэг, С.Бямбасүрэн, П.Чулуунцэцэг, М.Баасанхүү нар мэдүүлдэг. Компанийн барилгын талбай дээр миний бие хохирогч У.Шаравжамцыг “ажлаа дутуу хийсэн” гэх шалтгаанаар түүнтэй маргалдсаны улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтлийг учруулсан.

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч У.Ш-ын “Далайн 4 цамхаг” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс авдаг түүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй тул хохирогч У.Ш-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.”, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж тус гус заасан.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс хохирогчид 2019 оны 08 дугаар сарын 18-наас хойш 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 125 хоногийн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр баталсан “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох” тогтоолын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдсөн “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” болох 320,000 төгрөгөөр үржүүлэн тооцож нийт 1,280,000 төгрөгийг надаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар 1,280,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх ёстой байтал Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надаас 1,280,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх хохирогчид ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 101,822 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогчийн ажилгүй байсан хугацааг 125 хоногоор тооцож, шүүгдэгчээс 1,280,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Ц.М нь хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм бурууд маргадаггүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшдэг. Мөн эмчилгээний зардал 630,000 төгрөг, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 101,822 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогчид төлсөн. Тухайн үед хохирогч зөвхөн “Далай 4 цамхаг” ХХК-д ажилладаг байсан талаар гэрч С.Бямбасүрэн, М.Баасанхүү, П.Чулуунцэцэг, Х.Мөнхцэцэг нар мэдүүлдэг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 1,280,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу ажилгүй байсан хугацааны талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх 101,822 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Ц.М 110,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогчийн дансанд шилжүүлсэн. Хохирогчид нийт 740,000 төгрөгийн төлбөр төлсөн гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Батмөнх хэлсэн саналдаа: Шүүгдэгч нь хохирогчид хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын хугарал буюу тулгуур эрхтний гэмтэл учруулснаас болж ямар нэгэн хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрөөс илүүг төлөхөө илэрхийлж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасанд гайхаж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан. Харин ч өдрийн 60,000 төгрөгөөр ажиллаж байсан гэдгээ нотолж чадсан бол 7,500,000 төгрөг гаргуулах ёстой. Тийм ч учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.М нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна. Шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар 1,280,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.М нь “Далай 4 цамхаг” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын талбайд мужааны бригадын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим дутуу гүйцэтгэсэн ажлын асуудлаас болж мужаан У.Ш-тай маргалдахдаа түүнийг хүчтэй угзарсны улмаас “хүзүүний 6 дугаар нугалмын баруун нумын шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл явдлыг сэргээн тогтоох, хэргийн бүхий л нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нь нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хохирол учруулснаас үүссэн үр дагавар, хор уршгийн талаар таамаглалд тулгуурласан дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт хавсаргасан нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэх ёстой.

Анхан шатны шүүх хохирогчийн гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтсэн байдлыг  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийг үндэслэн тогтоож, хэвтэн эмчлүүлсэн 7 хоногийг Иргэний хуулийн 505.1 дүгээр зүйлд заасан “... хөдөлмөрийн чадвараа алдсан” хугацаанд тооцон энэ хугацааны дутуу авсан цалин хөлсийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогчийг гэмтсэнээс хойш  ажил хөдөлмөр эрхлээгүй нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон мэтээр дүгнэж, гэмтэл авсан өдрөөс анхан шатны шүүх хуралдаан хүртэлх хугацааны нөхөн төлбөрийг гаргахаар шийдвэрлэсэн нь таамаглалд үндэслэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь хавтаст хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан “... хохирогч нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил эрхэлж чадаагүй болохыг нотолсон” ямар нэгэн баримт сэлт авагдаагүй, гэмтлийн улмаас хохирогчийг ажлаас чөлөөлсөн эмчийн лавлагаа, комиссын магадлагаа байхгүйн дээр ажил олгогчийн чөлөө олгосон тодорхойлолт ч байхгүй байна. 

Иймд давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ “хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх”-ийг нээлттэй үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар магадлалын шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН  

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН