Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0483

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, С.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 дугаартай актыг хүчингүй болгуулах’’ тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 шийдвэрийг хүчингүйд тооцуулан улмаар тус компанийн хүсэлтийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 03-аас 2015 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид шалгаж 240000005 тоот актаар 209,347,837,70 төгрөгийн буцаан авалттай гэж баталгаажуулсныг ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Ш.Хашхүү хянан баталгаажуулж тус компанийн 209,347,837,70 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлтийг 00 үлдэгдэлтэйгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 30,507,862,60 төгрөгийн үлдэгдэлтэйгээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах.

Тус компани нь БНХАУ-ын “D I” компанитай зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон хүнд даацын тоног төхөөрөмж түрээслэх чиглэлээр хамтран ажиллахаар 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15DQEOIMGW013 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэрээний дагуу манай компани Дорнод аймагт байрлах Тамсагийн 19, 21-р талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн барилгын ажил, барилга угсралтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа, ажиллах хүчний нөөц, ажлын горим хийгдэх хугацаа....гэх мэт ажлын цар хүрээг тодорхойлсон тооцоолол хийж хийгдэх ажлын зөвлөмжийг боловсруулан БНХАУ-д байрлах “D I” компанид хүргүүлдэг бөгөөд энэ нь Монгол улсаас экспортлогдож байгаа зөвлөх үйлчилгээ юм.

Тус компанийн зүгээс гэрээний дагуу хийгдсэн зөвлөмжийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-д байрлах “D I” компанийн Монгол улсад явуулж буй үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг манай компаниас түрээслүүлж буй үйлчилгээ мөн Монгол Улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээний нэг хэсэг юм.

Гэрээний дагуу үйлчилгээний төлбөр болох 2,509,605,000 төгрөг нь БНХАУ-ын “D I” компанийн Хятад улс дахь банкны данснаас манай байгууллагын дансанд шууд төлөгдсөн нь Экспортын үндсэн зарчим болох гаднын компанитай гэрээ хийж үйлчилгээ үзүүлсэн байх, төлбөр тооцоо хөрвөх валютаар гадаад улсаас Монгол Улс дахь тухайн компанийн дансанд шууд шилжсэн байх гэдэгтэй бүрэн нийцэж байгаа.

Энэ үйлчилгээг Дорнод аймагт орших газрын тосны 19 ба 21 дүгээр талбайд үзүүлж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан ‘’Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээ” гэдэгт хамаарах боловч мөн хуулийн 11.2-т Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа, ажил үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь “0”- тэй тэнцүү байна, 12.1.3-т “Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /.../ үйлчилгээ, 12.1.4-т заасан “үйлчилгээ үзүүлэх үед Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэсэн заалтад хамаарч НӨАТ-ын “0” хувь хэмжээг хэрэглэх заалттай бүрэн нийцэж байгаа.

Монгол Улсаас өөр улсад байнга оршин суудаг буюу байрладаг хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэн Монгол Улсад мөнгөн хөрөнгө орж ирэхийг экспорт гэж ойлгох ба Монгол Улсад бүтээгдсэн, гадагшаа гарч байгаа үйлчилгээнд Албан татварын тэг /”0”/ хувь хэрэглэхээр НӨАТ-ын хуульд заасан байдаг. Энэ нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тус улсаас экспортод гарч буй бараа, ажил үйлчилгээг дэмжих зорилготой, Монгол Улс руу мөнгө татаж буй тохиолдолд татварын хуулиар дэмжих нь зүйтэй гэсэн бодлого байдаг.

Иймээс НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйл Албан татварын тэг /”0”/ хувь хэрэглэх 12.1-д заасан “экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ ‘0’-тэй тэнцүү байна, энэ хуулийн 11.2-т Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа, ажил үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь “0”-тэй тэнцүү байна, 12.1.3-т Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /.../ үйлчилгээ, 12.1.4-т Үйлчилгээ үзүүлэх  үед Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/’’ 12.4-т энэ хуулийн 12.4.1-д заасан иргэн хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ” 12.4.2-т тухайн улсад төлөөний газаргүй бөгөөд уг этгээд нь Монгол улсаас өөр газарт байнга оршин суудаг буюу байрладаг “ гэсэн заалтад хамаарч борлуулалтад “0” хувь хэрэглэж, дотоодын зах зээлээс худалдан авалт хийхдээ төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах үндэслэлтэй юм.

Энэ нь Гааль, татварын ерөнхий газрын Стратеги, хөгжлийн газрын даргын 2016.06.23-ны өдрийн 01-4/3682 тоот албан бичигт “Т” ХХК болон БНХАУ-ын “D I” ХХК нарын байгуулсан гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлж буй үйлчилгээний төлбөр нь гадаад улсаас “Т” ХХК-ийн данс руу шууд төлөгдөж байгаа нь НӨАТ-ын 12.1.4-т заасны дагуу үйлчилгээ үзүүлэх Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаадын хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ нь мөн хуулийн 12-р зүйлд заасны дагуу “0” хувь хэмжээгээр хэрэглэхээр байна... гэсэн дүгнэлт, тодруулгаар баталгаажиж байна.

Татварын Ерөнхий газраас тодруулга авсны үндсэн дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг экспортод гаргасан үйлчилгээний орлого буюу “0” хувьтай орлогоор тусгасныг татварын байцаагчийн үзэж байгаагаар “….албан татвар төлөх дүнг их хэмжээгээр бууруулж тайлагнасан зөрчил” гэж дүгнэж татвар төлөгчийг буруутгаж, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нь төрийн албаны үндсэн зарчим болох шударга ёс, хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна. Мөн Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлж ажиллана’’ гэж заасныг зөрчиж байгаа юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь манай үйл ажиллагааг гадаад улсын компанид зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь хамаагүй, өөрөөр хэлбэл зөвлөх үйлчилгээг хэнд үзүүлсэн нь хамаагүй /тогтоолын 9 дүгээр нүүр/ тухайн ажил үйлчилгээ Монгол улсаас гадна хэрэгжсэн бөгөөд гадаад улсад борлуулагдсан тохиолдолд хэрэгжих үндэслэлтэй гэж үзсэн нь экспортын ажил үйлчилгээг хэт явцууруулж хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Экспортын үндсэн зарчмаар Монгол улсаас эх үүсвэртэй бараа, ажил үйлчилгээг Монгол улсад байдаггүй гадаадын компанитай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж Монгол Улсад тус улсад байрладаггүй гадаадын хувь хүн, хуулийн этгээдээс орлого олж байгаа бидний үйл ажиллагаа хамаарна гэж үзэж байна. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэрт байх үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотой хэрэгжсэн гэж үзэж 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрээр манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Учир нь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл Албан татварын тэг /0/ хувь хэрэглэх 12.1.3-т Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ 12.1.4 Монгол улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэж заасанчлан манай компани зөвлөгөөгөө Монгол улсад байрладаггүй БНХАУ-д байрлах “D I компанид үзүүлсэн, үйлчилгээний төлбөр тус компаниас орж ирсэнээр нотлогддог” шүүхийн үзэж байгаагаар Монгол улсад байх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэрэгжсэн гэж үзэж байгаа нь мөн буруу ойлголт юм. Тус үл хөдлөх хөрөнгө эзэмшигч компанитай манайх ямар нэгэн гэрээ хийгээгүй, орлого олох үйл ажиллагаа явуулаагүйг дансны хуулгаар нотлогдож байгаа юм.

Мөн хариуцагчийн гаргасан тайлбарт /хуудас 5-7/ дурдагдсан тайлбаруудын 2.2.1 2.2, 3, 4, 9 –д дурдагдсан тайлбарууд уг хэрэгтэй ямар ч хамааралгүй компанийг хүчээр буруутгах гэсэн агуулгатай. Тайлбарын 5 дугаартай хэсэгт “…..хэдийгээр хөрөнгө түрээслэх, үйлчилгээ үзүүлэх утгатай боловч тус гэрээнд заасан үндсэн агуулга нь .... гэж тайлбарласан нь хариуцагч гэрээг хэт өөрийн талд байхаар тайлбарлаж байна гэж үзэж байна.

Хятад улс дахь “П Д” компанийн захиалгаар Дорнод аймагт орших газрын тосны 19 ба 21 дүгээр талбайгаас экспортод гаргах бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг өөр нэгэн компанийн борлуулалтыг татварын байцагчид мөн экспорт гэж үзээгүйг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Экспорт гэж үзэж татварын байцаагчийн актыг хүчингүй болгосон тохиолдол байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож улмаар тус компанийн хүсэлтийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 03-аас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны НӨАТ-ын ногдуулалт төлөлтийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид шалгаж 240000005 тоот актаар 209,347,837.70 төгрөгийн буцаан авалттай гэж баталгаажуулсныг ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нар хянан баталгаажуулж тус компанийн 209,347,837.70 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлтийг 00 үлдэгдэлтэйгээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 30,507,862.60 төгрөгийн үлдэгдэлтэйгээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 дугаар актаар “Т” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд баталгаажуулах шалгалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 30507862,6 төгрөгөөр баталгаажуулжээ.

Нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч, ““Т” ХХК болон БНХАУ-ын “D I” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Дорнод аймагт байрлах Тамсагийн 19, 21 дүгээр талбайд хийгдэж буй ажлын цар хүрээг тодорхойлсон тооцоолол хийж, зөвлөмж гарган БНХАУ-д байрлах “D I” ХХК-д хүргүүлдэг, энэ нь Монгол Улсаас экспортлогдож буй зөвлөх үйлчилгээнд хамаарах учраас нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ нь “0”-тэй тэнцүү байна” хэмээн маргажээ.

Анхан шатны шүүхээс “...гадаад улсын хуулийн этгээдэд үзүүлсэн гэх зөвлөх үйлчилгээ нь гадаад улсын хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ, орлого нь гадаад улсаас шилжүүлсэн орлого мөн боловч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор хэрэгжсэн байх тул уг үйлчилгээг экспортод гаргасан үйлчилгээ гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Т” ХХК нь БНХАУ-д  бүртгэлтэй “D I” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Тамсагийн бүс нутгийн талбайд хийгдэх шингэн шаврын сангийн ажилд хүнд даацын тоног төхөөрөмж түрээслэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Дорнод аймагт байрлах Тамсагийн XIX, XXI талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажилд хүнд даацын тээврийн хэрэгслийг түрээслүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээж, гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсний төлбөр нь БНХАУ-ын банкны данснаас нэхэмжлэгч “Т” ХХК-ийн дансанд шууд шилжиж ордог болох нь тогтоогдсон байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцүү байна”, 12.1.4-д “...үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй”, 12.4-т “Энэ хуулийн 12.1.4-т заасан иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ”, 12.4.3-т “тухайн улс болон Монгол Улсын аль алинд нь төлөөний газартай боловч уг үйлчилгээ нь гадаад улс дахь төлөөний газрын хэрэгцээнд бүхэлдээ буюу ихэвчлэн зориулагдсан” гэж заажээ.

Үүнээс үзвэл, “Т” ХХК нь Монгол Улсад бүртгэлгүй БНХАУ-д бүртгэлтэй “D I” ХХК-ийн гүйцэтгэж буй Тамсагийн XIX, XXI талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж, үүний төлбөрийг БНХАУ-аас шилжүүлэн авч байгаа зэрэг нь дээрх хуулийн заалтын хүрээнд нийцсэн үйлчилгээг үзүүлсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01-4/3682 дугаар албан бичгээр “...Монгол Улсын нутаг дэвсгэрт үзүүлж буй үйлчилгээний төлбөр нь гадаад улсаас танай байгууллагын дансанд шууд төлөгдөж байгаа тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаадын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэж заасанд хамааруулан хуулийн 12 дугаар зүйлийн дагуу “0” тэг хувь хэмжээг хэрэглэхээр байна” гэж нэхэмжлэгч “Т” ХХК-д тодруулга хүргүүлж байсан атлаа “...албан татвар төлөх дүнг их хэмжээгээр бууруулж тайлагнасан зөрчил гаргасан...” гэж дүгнэж татвар төлөгчийг буруутгаж байгаа маргаан бүхий улсын байцаагчийн акт үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн хуулийн 7 дугаарх зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2006) 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.4, 12.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, С.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 дугаартай актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН