Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 9

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                   

                                                                                                           Хэргийн индекс: 114/2016/0087/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хорооллын 10 дугаар байрны ******* тоотод оршин суух, Хурман овогт *******ын нэхэмжлэлтэй  

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны  9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр буцаан томилж, албан тушаал буурсан хугацааны цалингийн зөрүүг нөхөж олгуулах тухай” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч                                                   Х.*******                                                   

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Б.Бат-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие төрийн албанд 1987 оноос хойш 28 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2005 оноос хойш Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт Мал эмнэлгийн хэлстийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд  төр, засгаас малын эрүүл мэндийг хамгаалах талаар гаргасан бодлого шийдвэрийг хөдөө орон нутагт хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, оюун ухаанаа зориулж, хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн ба Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай байгуулсан “Үр дүнгийн  гэрээ”-ний  хэрэгжилтийг  жил  бүр  90-ээс  дээш хувьтай дүгнүүлж байсан. 2015 оны Үр

дүнгийн гэрээг  93,1 хувьтай дүгнүүлж, ХХААГ-ын “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарсан.

Гэтэл Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/16 тоот тушаалаар  намайг  “…ээлжийн амралтыг 2 хоног хэтрүүлэн, Дархан-Уул аймгийн Аудитын газрын удаа дараагийн төлбөрийг барагдуулаагүй, ******* ХХК-ны 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус газарт гаргасан гомдол, ******* ДАА дугаартай Foton маркийн ариутгалын машиныг албаны бус зорилгоор ашигласан” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулж, халдварт өвчин дүн бүртгэл мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилж, албан тушаалын үндсэн цалинг ТЗ-5 дугаар зэрэглэлийн 5   дугаар  шатлал   болгон  бууруулж,  628344  төгрөгөөр  тогтоон  унаа,  хоолны  нэмэгдлийг тооцон цалинжуулах тушаал гаргасан юм.

            Энэхүү тушаалыг гаргахдаа Монгол улсын Засаг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.7, 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.5 дахь заалт, аймгийн Аудитын газрын 2014-2016 онд тус газарт ирүүлсэн 5 удаагийн албан тоотууд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын  2007 оны 354, 2014 оны 332 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэсэн байна.   Би Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны Б/16 дугаар тушаалыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

            1.Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын  2016 оны “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/06 дугаар тушаалаар 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 24 хоногийн ээлжийн амралтаа авах байсан боловч албан ажлын шаардлагаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Монгол улсын Мал эмнэлгийн холбоо, Хэнтий аймгийн ХХААГ-аас 8 дугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулсан зүүн бүсийн аймгуудын “Онол, үйлдвэрлэлийн бага хурал”-д ХХААГ-ын дарга болон орон нутгийн Мал эмнэлгийн нэгжүүдийн төлөөллүүдийн хамт оролцож ирээд, 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэн, амралтын хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө ажилд орсон байхад “2 хоног хэтрүүлсэн” гэж үндэслэлгүй заалт оруулсан. Энэ нь 8, 9 дүгээр сарын цагийн бүртгэл болон  Монголын мал эмнэлгийн холбооноос тус газарт ирүүлсэн Онол үйлдвэрлэлийн бага хуралд оролцох тухай албан тоот зэргээс үзэхэд нотлогдож байгаа болно.

            2.Аймгийн Аудитын газрын 2015 оны 03/62 тоот төлбөрийн актыг миний бие хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй ба энэ талаар олон удаагийн тайлбарыг Аудитын байгууллагад гаргасан боловч одоо хүртэл шийдэгдээгүй маргаантай байгаа бөгөөд  энэ талаар Аудитын газрын дарга С.Чинзоригоос 2014-2016 онуудад надад арга хэмжээ авах талаар ирүүлсэн албан тоотуудыг үндэслэн  хожим ХХААГ-ын дарга Ц.Энхжаргал нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тушаалаар “Сануулах” арга хэмжээ авсан болно. Гэтэл тухайн үед сахилгын арга хэмжээ тооцсон зүйлээр дахин 2016 онд албан тушаал бууруулах арга хэмжээ авч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах тухай “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

            Иймд дээрх заалтыг албан тушаал бууруулах үндэслэл болгосон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар 26.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.Энэ үндэслэлээр албан тушаал бууруулах үндэслэл байхгүй. Хэрэв буруутай гэж үзвэл ажлаас халах арга хэмжээ авах байсан гэж үзэж байна.

            3. “*******” ХХК-ны гаргасан гомдол нь үндэслэлгүй болох тухай тайлбарыг ХХААГ-ын даргад амаар болон бичгээр гаргаж өгсөн. Харин 70-30 ДАА дугаартай Фoтон маркийн ариутгалын машинаар ХХААГ-ын дарга Ц.Энхжаргалын зөвшөөрлөөр Хүйтний голын зарим мал бүхий айл өрхүүдийн өвөлжөө хашаанд ариутгал хийх,  мал шүршиж угаах ажилд 3 хоног ажиллуулж, зориулалтын дагуу иргэдэд мал эмнэлгийн ажил үйлчилгээ үзүүлснийг албан бус зориулалтаар ашигласан гэж үзэхгүй байна. Уг машин нь тусгай төхөөрөмж бүхий ариутгал хийх зориулалттай машин бөгөөд орон нутагт ажил үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн Мал эмнэлгийн нэгжүүд, бусад байгууллага, иргэдийн захиалгаар ажил үйлчилгээ үзүүлдэг машин болно. Мал эмнэлгийн ажил бол төрөөс малчдад үзүүлэх төрийн үйлчилгээ мөн тул иргэдэд үзүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээнийхээ төлөө төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.Ариутгалын машин нь өвөл гадаа тавьснаас эвдрэлтэй байсныг би өөрийн зардлаар банк цоорсон, яндан эвдэрсэнийг засаж сэлбэг авсан, машины тос, досолыг сольсон, 20 м урттай шланг худалдан авч засвар үйлчилгээ хийгээд байгууллага мөнгөгүй тул засвар үйлчилгээнд гарсан зардлаар машин ашигласан хөлсөө төлөхөөр Энхжаргал даргад хүсэлт гаргаад цохуулаад аваад явсан юм байгаа юм. Энэ асуудал 2016 оны 07 дугаар сарын 20-доор 3 хоног авч ажилласан, “Мөнжөөлэй” ХХК нь  намайг ээлжийн амралтаа авсны дараа буюу 8 дугаар сарын 12,15-ны өдрүүдэд гомдол гаргасан байсан.

            Миний бие дээрх үндэслэлүүдээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалыг зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны  9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр буцаан томилж, албан тушаал буурсан хугацааны цалингийн зөрүүг нөхөн олгуулж өгөхийг хүсье гэв.

                                                                                   

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.*******гээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Хариуцлага тооцсон байгууллагын даргын тушаалд дурьдагдсан асуудлын нэг нь “Амралтын хоногийг хэтрүүлж амарсан, ажил тасалсан тухайд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дэх заалт “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасан болон байгууллагын дотоод журмын дагуу хариуцлага тооцох үндсэн шалтгаан болно. Учир нь тус байгууллагын дарга ХХААХҮСайдын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/******* тоот тушаалаар томилогдон 08 дугаар сарын 11-нд ажлаа хүлээн авсан болно. Ажил хүлээж авах өдрийн өглөө аймгийн Засаг даргад сайдын тушаалыг танилцуулан уулзаж ажлын чиглэл авсан бөгөөд хамгийн гол асуудал 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах Монгол улсын Засгийн Газрын 322 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 03 тоот албан даалгавар, ХХААХҮСайдын 2016 оны 01 тоот албан даалгавар, Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын даргын  2016 оны 01 тоот албан даалгавруудын хэрэгжилтийг хангах, аймаг орон нутгийн удирдлагуудыг мэдээ мэдээллээр хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжийн амралтыг зогсоож үүрэгт ажлыг гүйцэтгүүлэх үүрэг өгөгдсөнөөс гадна байгууллагын дарга шинээр томилогдсон учраас байгууллагын үйл ажиллагаатай танилцах, нөхцөл байдлыг тодруулахад мэдээ, мэдээллээр хангагдах, асуудлыг тодруулах шаардлагатай байсан тул гар утас руу нь удаа дараа залгахад утасаа хаасан, холбогдоогүй зэрэг нь өөрийн хариуцсан салбарын ажлыг эзэнгүйдүүлсэн, ажлын байрны чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн аймгийн удирдах ажилтнуудын 08 дугаар сарын 29-ны өдрийн ээлжит зөвлөлгөөн дээр аймгийн Засаг даргын өгсөн чиглэл дээр ч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг ажилд нь нэн яаралтай оруулах үүрэг өгөгдсөний дагуу Х.*******тэй холбогдох оролдлого хийсэн боловч холбогдох боломжгүй байсан.

            Х.******* нь Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргахдаа 2016 оны 08 дугаар сарын 10-наас амарсан тухай дурдсан байна. Хэрвээ энэ өдрөөс амарсан бол байгууллагын дарга энэ өдөр томилогдон ажилдаа орж байхад хэлтсийн даргын ажил албан тушаал хашиж байгаа албан тушаалтны хувьд уулзан ажлаа танилцуулан амралтаа зохицуулах бүрэн боломж байсан болно.

            Х.******* нь ээлжийн амралтын хуваарь байгууллагын даргын 2016 оны Б/06 тоот тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 04-нөөс 09 дүгээр сарын 07-ны өдөр байсан бөгөөд энэ хугацаанд ажилдаа ирээгүй 2 хоног хэтрүүлэн ажилдаа орсон. Энэ нь дээрх тушаал болон ээлжийн амралтын мэдэгдэх хуудас, жижүүрээс гаргаж өгсөн цагийн тооцоо зэргээр нотлогдож байгаа. Х.******* нь энэ хугацаанд амралтаа хойшлуулан ажилд орсон шалтгаанаа Монгол улсын Мал эмнэлгийн холбооноос зохион байгуулагдсан бүсийн аймгуудын “Онол, үйлдвэрлэлийн бага хурал”-д оролцсон учраас ээлжийн амралт хойшилсон гэж тайлбарлаж байгаа боловч уг арга хэмжээнд оролцохоор ямар нэгэн шийдвэр, баримт бичгээр зохицуулагдаагүйгээс гадна зүүн бүсийн дээрх арга хэмжээнд төсвийн хөрөнгийн хомсдолтой , хэмнэлтийн горимонд ажиллах төрийн байгууллагуудын шийдвэр гарсан цаг үед байгууллагын унаа, шатахуун хөрөнгө зарцуулан байж оролцох шаардлага байгаагүй болно. Нөгөө талаас дээрх арга хэмжээ нь зөвхөн зүүн 3 аймгийн дунд 2 жилд нэг удаа зохион байгууллагддаг арга хэмжээ байсан бөгөөд төвийн бүсийн аймгуудын хувьд 2015 оны 08 дугаар сард Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж Дархан-Уул аймгийн хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийн эмч нар, ХХААГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Энхжаргал, Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд мэргэжилтэн Х.******* нар байгууллагаас унаа, зардал шатахуун гарган оролцож байсан болно. Төрийн бус байгууллага болох Монголын Мал эмнэлгийн Холбооноос Хэнтий аймагт зохион байгуулсан арга хэмжээнд оролцохдоо байгууллагын 8,9 дүгээр сарын хуваарьт шатахууныг бүрэн зарцуулснаас гадна Шунхлай компаний салбарт өр үүсгэн байж явсан учраас тус байгууллага 10 сар гартал шатахууны зардалгүй цаг үеийн ургац хураалтын ажлууд, хадлан бэлтгэлийн ажил, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах зэрэг ажлуудад явах боломжгүй туйлын хүндрэлтэй байсан болно.

            2.Байгууллагын даргын 2016 оны Б/16 тоот  тушаалд дурдагдсан “Дархан-Уул аймгийн Аудитын Газрын удаа дараагийн актуудаар тавигдсан төлбөрийг барагдуулаагүй, ажилдаа хайхрамжгүй хандсан тухай”-д...Аймгийн Аудитын Газрын даргын 2014 оны 07 тоот, 2014 оны 328 тоот, 2014 оны 698 тоот, 2015 оны 704 тоот, 2016 оны 415 тоотуудаар тус тус Х.*******эд хуулийн хүрээнд арга хэмжээ тооцох, ялангуяа 2014 оны 328 тоотод дурдагдсан Төрийн Аудитын тухай хуулийн 28.2-т Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг Төрийн Аудитын байгууллага эрх бүхий албан тушаалданд хүргүүлнэ 28.2.2-т Төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд” гэсэн заалтыг хэрэгжүүлэх актын төлбөрийг барагдуулж Х.*******эд ажлаас халах хүртэл хариуцлага тооцуулах саналыг ирүүлж байсан бөгөөд тухайн үед тус байгууллагын даргаар ажиллаж байсан З.******* нь Х.*******эд арга хэмжээ тооцож ажлаас халах бүрэн үндэслэл байсан хэдий ч уг асуудлаар өөрт нь анхааруулж, албан тоотууд дээр шийдвэрлэх агуулгатай цохолтуудыг хийж байсан. Гэтэл уг асуудал шийдвэрлэгдээгүй дараа дараагийн шалтгаануудаар дахин 2014, 2015 онд байгууллагын үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитаар зөрчлүүд илэрсэн учраас аймгийн Аудитын Газрын даргаас 2015 оны 704 тоотоор ажлаас халах саналын үндэслэлийг байгууллагын дарга Ц.Энхжаргалын нэр дээр дахин ирүүлсэн байна. Уг асуудлаар тус байгуулллагын тухайн үеийн дарга аудитын байгууллагын албан тоот дахь хугацааг 3 сараар хэтрүүлэн байж 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 20 тоот тушаалаар “Сануулах” арга хэмжээг авч, аудитын байгууллагын 2015 оны 03/62 тоот актаар тогтоогдсон төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ны дотор төлөх үүрэг болгожээ. Гэтэл энэ тушаалаар үүрэг болгосон актын төлбөр хугацаандаа барагдаагүй тул барагдуулж хариу ирүүлэх тухай аймгийн Аудитын Газрын 2016 оны 415 тоот тус байгууллагад ирсэн болно.

            Х.******* шүүхэд өргөдөл гаргахдаа өөрт нь арга хэмжээ авах хугацааны хувьд үндэслэлгүй байна гээд Төрийн албаны хуулийн 26.4-т заасан “Сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулж болохгүй” гэж заасан учраас хариуцлага тооцох үндэслэлгүй гэжээ. Гэтэл тус байгууллагад аймгийн Аудитын Газраас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 415 тоотоор 2015 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу 2015 онд хийгдсэн гүйцэтгэлийн аудитаар тогтоосон 03/62 тоот төлбөрийн актаас 300,000 төгрөг төлөгдөөгүй тухай дурдаж бичсэн учраас байгууллагын удирдлага уг зөрчлийг мэдсэн болно.

            Иймээс энэ зөрчлийг илрүүлсэн өдрөөс хойш тооцож, байгууллагын удирдлагын төвшинд ажлын хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн учраас Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай”-ийн 11-д заасан “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно.” гэж заасан байдаг тул зөрчлийг илрүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрөөс хойш тооцож арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр өөрт нь мэдэгдэж албан тушаал бууруулж хариуцлага тооцсон болно. Иймд Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

            Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн “23.1 Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр зариргааны санаачилагаар албан тушаал бууруулж болно, 23.1.1 албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолоор батлагдсан Төрийн албаны тухай хуулиын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай”-н 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.” гэж заасныг үндэслэн албан тушаалаас бууруулах нь сахилгын шийтгэл биш учир дээрхи хугацааг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна.

            3.Х.*******ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан “Мөнжөөлэй” ХХК-ны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус байгууллагад гаргасан албан тоотод дурдагдсан асуудлуудын тухай”-д Тус байгууллагын дарга З.******* 2016 оны 08 дугаар сарын 10-нд ХХААХҮСайдын Б/******* тоот тушаалаар томилогдон ажлаа хүлээж авсаны дараа аймгийн Засаг даргад Дархан сумын 2 дугаар багт мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Мөнжөөлэй” ХХК-ий захирал Ц.Нарантуяа 21 тоотоор хандсан байдаг бөгөөд уг асуудлаар шуурхай арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг дарга харьяалах хэлтсийн дарга С.Баясгаланд, 2016 оны 08 дугаар сарын 16-нд хэлтсийн даргын зүгээс тус байгууллагын даргын нэр дээр арга хэмжээ авч ажиллах талаар тус тус цохолт хийгдсэн байна. Мөн дараа нь Ц.Нарантуяа 08 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын нэр дээр яг ижил агуулгатай албан тоотыг ирүүлсэн болно. Тус байгууллагын хувьд бидний зүгээс асуудлыг судлан “Мөнжөөлэй” ХХК-д ариутгалын машины асуудлыг шийдвэрлэн хуваарийн дагуу олгож ажил үйлчилгээг хэвийн технологийн хугацаанд нь явуулах боломжийг хангаж өгч асуудлыг шийдвэрлэсэн болно. Харин аж ахуйн нэгжийн албан тоотоор тавьсан асуудлыг тодруулах чиглэлээр мал эмнэлгийн албаны жолооч Б.Төгсөөгөөс тодруулга амаар авсан боловч амаар ярьсан зүйлээ цаасан дээр буулгахдаа өөрчилж худлаа ярьсан асуудал байгаа, гараар буулгасан цаасан дээрээ 2016 оны 07 дугаар сарын 24-26 ны өдрүүдэд Х.*******тэй 3 хоног хамт мал ариутгаж ажилласан тухай нотлож бичсэн болно.

            Х.******* өөрөө цаасан дээр буулгаж тодруулга өгсөн болно. Албаны автомашиныг хувийн зорилгоор ашиглахдаа байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байгаа хэдий ч тухайн үед бичгээр болон нотлох баримтаар байгууллага дээр ямар ч баримт бичиг байгаагүй одоо ч байхгүй. Тусгай зориулалтын ариутгалын машинаар төрийн албан хаагч ямар нэгэн хувийн мал аж ахуй, иргэдэд үйлчлэх ямар нэгэн журам шийдвэр байхгүй, ажлын байрны тодорхойлолтод ч заагаагүй бөгөөд зөвхөн хувийн хэвшлийн Мал эмнэлгийн нэгжүүд байгууллагын даргаар батлагдсан хуваарийн дагуу ариутгалын ажилд ашиглан тодорхой төлбөр төлөх журамтай.       Х.*******ийн гэр бүлийн хүн нь Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд мал эмнэлгийн хувийн нэгжтэй бөгөөд уг нэгж нь Хүйтний голын чиглэлийн мал бүхий иргэдэд мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг болно. Иймд өөрийн гэр бүлийн нэгжид л албаны ариутгалын зориулалттай машинаар ажил үйлчилгээг 3 хоног ажиллуулсан байх гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Энэ байдлаар Х.******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.5, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.4, Төрийн албаны тухай хуулийн 15.1.7-д заасныг тус тус зөрчсөн тул тухайн албан хаагчид зайлшгүй ажлын хариуцлага тооцох шаардлагатай байсан тул байгууллагын даргын зөвлөлөөр хэлэлцэн ажлаас халалгүйгээр Мал эмнэлгийн хэлтсийн даргын үүргээс чөлөөлж, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр нь үргэлжлүүлэн ажиллуулж байгаа болно. Тус байгууллагын бүтцийн хувьд “Хэлтсийн дарга” гэсэн тусгайлан орон тоо байдаггүй, асуудал хариуцсан аль нэг мэргэжилтэн нь өөрийн үндсэн үүрэгтэйгээ давхар хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэн ажилладаг болно гэв.

 

            Гуравдагч этгээд Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие нь 2007 оноос хойш Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газарт лабораторийн эрхлэгч бөгөөд ийлдэс судлал, паразит өвчин хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс Хүнс, Хөдөө аж ахуй газрын даргын Б/19 тоот тушаалын дагуу мал эмнэлгийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, лабораторийн эрхлэгч бөгөөд ийлдэс судлал, паразит өвчин хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байна.

            Иймд өмнө эрхэлж байсан албан тушаал болох лабораторийн эрхлэгч бөгөөд ийлдэс судлал, паразит өвчин хариуцсан мэргэжилтэнээр ажиллахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж   шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны  9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр буцаан тогтоох” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга З.******* нь 2016 оны 09 дүгэр сарын 22-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.7, 27 дугаар зүйлийн 27.1.6, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.5, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2014 оны 07, 328, 698 тоот, 2015 оны 704, 2016 оны 415, Засгийн газрын 2007 оны 354, 2014 оны 332 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Х.*******ийг 2016 оны ээлжийн амралтыг 2 хоног хэтрүүлсэн, Аудитын газрын актын төлбөрийг барагдуулаагүй, “Мөнжөөлэй” ХХК-ийн гомдлын дагуу гаргасан тайлбараар албаны ариутгалын машиныг албан бус зорилгоор ашигласан гэсэн үндэслэлээр Мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалаас нь бууруулж, халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргасан байна.

Хариуцагчаас  нэхэмжлэгчийг  “ээлжийн амралтыг 2 хоног хэтрүүлсэн” гэх тухайд Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 тоот тушаалаар тус газрын ажилтан албан хаагч, хэлтсийн дарга нарын 2016 оны ээлжийн амралтын хуваарийг баталж,  амралтын хуваарьт Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.*******ийн ээлжийн амралтыг 2016 оны 08 дугаар сарын 03-наас эхэлж,  09 дүгээр сарын 05-ны өдөр дуусч амрахаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот “ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”-д 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийг дуустал ажлын 24 хоногоор ээлжийн амралтыг олгохоор тус тус заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Монголын мал эмнэлгийн холбооноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Балданбэрээвэн хийдэд 2016 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Зүүн бүсийн Онол үйлдвэрлэлин бага хурал”-д аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мал эмнэлгийн аж ахуйн нэгжтэй хамтран оролцсон болох нь Монголын мал эмнэлгийн холбооны 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 75 тоот албан бичиг,Онол үйлдвэрлэлийн бага хурлын хөтөлбөр, гэрч Ц.Энхжаргалын “ ...Хэнтий аймгийн Өмнөдөлгэр сумын нутагт зохион байгуулагдсан оно практикийн бага хуралд 2016 оны 08 дугаар сарын 04-ний орой эндээс гараад 08 дугаар сарын 08-ны орой Дарханд ирсэн...” гэсэн, гэрч Ц.Энхсайханы “ ...газрын дарга, хэлтсийн дарга, жолооч .... 08 дугаар сарын эхээр Хэнтий аймаг яваад ирсэн, ...томилолтын зардал олгоогүй, шатахуунд нэмэрлэсэн” гэх, гэрч Б.Төгсөөгийн “ ...газрын дарга, хэлстийн дарга 2 малын эмч 2016 оны 08 дугаар сарын 4-нд Дарханаас явсан...” гэх мэдүүлгүүд, 2016 оны 08 дугаар сарын 04-нөөс 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрүүдийн замын хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд болон тус газрын 2016 оны 08,09 дүгээр саруудын цагийн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 09.00-14.00 цаг хүртэл, 2016 оны 08 дугаар сарын 05-08-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт зохион байгуулагдсан онол практикийн хуралд оролцсон ажлын 2 хоног, 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 11.00-18.40 цаг хүртэл ажиллаж, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа авч 09 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орж ажлын 23 хоног ээлжийн амралт эдэлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 2 хоног ээлжийн амралтыг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэсэн “Аудитын газрын актын төлбөрийг барагдуулаагүй”  гэх тайлбарын тухайд улсын байцаагчийн тавьсан актыг биелүүлээгүй бол өөрийн гаргасан актын биелэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь акт тавьсан хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтны хэрэгжүүлэх үүрэг юм. Хэрэв дээрх албан тушаалтны гаргасан захиргааны актыг биелүүлээгүй тохиолдолд тухайн албан тушаалтан торгох, эсвэл иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх журамтай байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж буруутгах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийг “Мөнжөөлэй” ХХК-ийн гомдлын дагуу гаргасан тайлбараар албаны ариутгалын машиныг албан бус зорилгоор ашигласан” гэх хариуцагчийн тайлбарын тухайд “Мөнжөөлэй” ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 12, 15-ны өдрийн албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын нэр дээр гомдол ирүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх албан бичгүүд, гэрч Ц.Нарантуяагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд энэ гомдол ирүүлсэн хугацаанд нэхэмжлэгч Х.******* нь ээлжийн амралттай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 08 дугаар сарын цагийн бүртгэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.*******ээс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад гаргасан өргөдөл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.Энхжаргал/тухайн үед байгууллагын даргаар ажиллаж байсан/-ын мэдүүлэг, Ц.Энхсайхан/тухайн үед байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан/-ны мэдүүлэг, жолооч Б.Төгсөөгийн мэдүүлэг зэргээр байгууллагын даргын зөвшөөрөлтэйгээр ариутгалын Foton маркийн машинд өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийж Хүйтний гол гэх газар мал ариутгасан болох нь нотлогдож байна.

Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь байгууллагын эд хөрөнгө болох  ариутгалын Foton маркийн машиныг албан бус зорилгоор ашигласан нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших”, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.5-д “төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, ... албаны бус зорилгоор ашиглахгүй байх” гэснийг тус тус зөрчсөн гэж  буруутгажээ. Хэрэв нэхэмжлэгчийг дээрх хууль болон Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа бол ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэж сахилгын шийтгэл ногдуулах, гэмт хэргийн шинжтэй бол зохих байгууллагад шилжүүлэх журмыг хариуцагч  хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7,  23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн эрхэлж буй албан тушаалыг бууруулсан  шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байх тул Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны  9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга бөгөөд халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр буцаан тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэлийн “албан тушаал буурсан хугацааны цалингийн зөрүүг нөхөн олгуулах тухай” шаардлагын тухайд:

Хууль заасан журмын дагуу нэхэмжлэгч Х.*******ийг Мал эмнэлгийн албаны дарга, халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр буцаан тогтоосон тул   Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ ...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны  9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан албан тушаалын зөрүү 2016 оны 9 дүгээр сард 7 хоног, 10 дугаар сард 18 хоног, 11 дүгээр сард 21 хоног, 12 дугаар сард 21 хоног, 2017 оны 01 дүгээр сард 19 хоногийн цалин 582464.00 /таван зуун наян хоёр мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин маргаан бүхий захиргааны актад дурьдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3/”өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж  тус тус заасан нь төрийн захиргааны албан хаагчийн албан тушаал бууруулах шийдвэртэй холбогдолгүй, харин төрийн албан хаагчийн баталгаа болон төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл гомдлыг шийдвэрлэх нийтлэг үүрэгтэй холбоотой байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч  Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны  9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга бөгөөд халдварт өвчин, дүн бүртгэл мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр буцаан тогтоож, цалингийн зөрүү 582464.00 /таван зуун наян хочр мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж олгосугай.

 

2. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА