Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Д-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г-д холбогдох эрүүгийн 1825000000196 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б овгийн Р-н Г , Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 14- ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Орхон аймгийн О  газарт жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн ** тоотод амьдардаг, урьд 2013 оны 05 сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  /РД: ** /

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Р.Г нь 2018 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Наран төв дотор хохирогч Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Д-гийн... “2018 оны 04 сарын 19-ний орой 23 цагийн үед гэртээ байж байхад найз Б манайд ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрт 1 шил 0.5 граммын орос архи хувааж ууж байгаад өөрийн найз С рүү утсаар яриад хаана байгаа талаар асуухад Уурхайчин багт байрлах үйлчилгээний төвийн ард Наран төвд хүмүүстэй архи ууж байна гэж ярьсан. Тэгээд Б бид хоёр ууж байсан архиа дуусгаад хамт Наран төв ортол С А гэх залуутай хөзөр тоглоод сууж байсан ба хажуу талд нь Г Сандал дээр унтаж байсан. Бид хоёрыг ороход архи дуусчихсан байсан болохоор би гарч 1 шил 0.75 граммын Соёрхол архи аваад буцаж орсон. Тэгээд авсан архиа С , Б , А бид нар хувааж уунгаа хөзөр тоглосон. Тэр үед Г миний ар талд 3 сандал нийлүүлээд унтаж байсан. Бид нар шөнийн 3 цаг хүртэл хөзөр тоглож байхад Г сэрээд шууд миний хажуугаар гараад 4-5 алхаж байгаад өмдөө тайлаад шээж эхэлсэн. Тэгэхээр нь би Г-д хандаж хөөе чи болиоч гэж хэлсэн боловч миний үгийг сонсохгүй удаан шээгээд байхаар нь би босч очоод бөгс рүү нь өшиглөчихөөд буцаад суусан. Тэгтэл Г үргэлжлүүлээд шээж дуусаад над дээр ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд өөрийг нь заамдсан. Миний хажууд байсан А, Б хоёр 2 талаас салгах гээд оролдсон. Тэр үед би Г той зууралдсан чигээрээ арагшаа сандал дунд газар унасан боловч буцаад босоод ирсэн. Тэгэхэд С цаанаас Д- аа наад согтуу нөхрөө тавьчих битгий муудалц гэж орилохоор нь би Г ыг заамдчихсан байж байгаад за би тавьчихлаа шүү гээд хоёр гараа дээш нь өргөсөн. Тэгтэл Г намайг заамдчихсан чигээрээ шууд татаад нүүрэн тус газар мөргөчихсөн чинь би доошоогоо уначихсан байж байхад Б харчихаад нүүр ам нь аймар болчихсон байна, эмнэлэг цагдаа дуудаж шийдүүлэхгүй бол болохгүй гэж хэлээд цагдаа дуудсан юм. Г тэр үед цагдаа дуудсаныг нь мэдээд гарч зугтаах гээд байхаар нь би Г ыг заамдаж аваад явуулахгүй гээд хориглосон. Тэгтэл миний гарыг тавиулах гээд Г миний салтаан тус газар 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед миний нүүр ам хавдаад хамар хорсоод их өвдөж байсан. Тухайн үед хүлээн авахын эмчид үзүүлэхэд цусыг маань угааж өвчин намдаах тариа хийлгүүлээд маргааш нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж хэлсэн. Одоо миний биеийн байдал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Биеийн байдал нийлээн зовиуртай байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-13-р хуудас/

2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 345 дугаартай дүгнэлтийн “Б.Д-гийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд язарсан шарх, доод эрүү, төмсөг, баруун гуянд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

3. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 24- ний өдрийн 406 дугаартай нэмэлт дүгнэлтийн ...”Б.Д-гийн биед шинээр хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2018 оны 05 сарын 04-ний өдрийн хамар дайврын компьютерт томографикийн шинжилгээ, Орбита эмнэлэгийн амбулторийн картанд бичигдсэн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн нүдний эмчийн үзлэгээр тогтоогдож байна. Нүдний ухархайн хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь 2018 оны 04 сарын 23-ны өдөр гаргасан 345 тоот дүгнэлтэд дурдагдсан гэмтэлтэй шалтгаант холбоотой. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд зэрэг үүсгэгдэх боломжтой. Нүдний ухайрхайн хананы хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Урьд гаргасан дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй учир нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний ухархайн хананы хугарал нь бүгд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтлүүд болно. Эдгээр яс нь нимгэн тул богино хугацаанд бороолдог” гэсэн дүгнэлт /хх-ийн 118-р хуудас/

4. Гэрч Х.Аын ... “2018 оны 04 сарын 19-ний өдөр өөрийн танил хуурай ах Г ын хамт орой 19 цагийн үед Уурхайчин багт байрлах Наран худалдааны төвд очсон юм. Очиход С танихгүй хоёр залуугийн хамт хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд Г ах бид хоёр хамт суугаад хөзөр тоглосон бөгөөд Г ах тэнд байсан нэг залууг архинд яваад ир гээд мөнгө өгөөд явуулсан. Тэгээд тэр залуу яваад нэг шил Соёрхол нэртэй архи, ундаа, лаазтай хоёр пиво авчирсан юм. Ингээд Г ах согтоод сандал дээрээ унтаад өгсөн. Бид нар үргэлжлүүлээд тоглоод байж байхад гаднаас С гийн найз гээд Д- гэх залуу миний зүс таних нэг залуугийн хамт орж ирсэн. Орж ирэхдээ нэг шил архитай орж ирсэн бөгөөд хамт хөзөр тоглоод архийг хувааж уусан. Тэгсэн Г гэнэт сэрээд босоод бид нарын сууж байсан ширээний баруун талаар яваад мухарт очоод зааланд шээсэн. Тэгсэн Д- араас нь босож очоод чи яахаараа наанаа шээдэг пизда вэ гээд бөгс рүү нь 2-3 удаа өшиглөөд авсан. Д- буцаж ирээд сандал дээрээ суусан. Тэгсэн Г ах араас ирээд Д-гийн хажууд ирж чи яаж байгаа юм гэж асуусан чинь яадаг юм пизда минь гээд хөл рүү нь нэг удаа жийгээд босож ирээд нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд хоорондоо заамдалцаад барьцалдаад авсан бөгөөд Г ах Д-гийн нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Тэгсэн Д-гийн хамраас цус гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

5. Гэрч И.С гийн ... “2018 оны 04 сарын 19-ний орой 19 цагийн үед А, Г бид нар Уурхайчин багт байрлах Наран төвд уулзсан юм. Тэгээд ойрд уулзаагүй байсан учир хөзөр тоглонгоо нэг шил 0.75 граммын Соёрхол 1 ширхэг, 2.5 литрийн пиво ууцгаасан юм. Тэгээд архи пиво ууж байгаад Г сандал дээр унтаад өгсөн. Үлдсэн архиа хувааж уучихаад явах гээд байж байхад гаднаас Д- найз Б тэйгээ хамт орж ирсэн. Тэгээд Д- нэг шил 0.75 граммын архи авч орж ирээд бид нар тэр архийг нь хувааж уунгаа хөзөр тоглосон. Би Г ыг сэрээгээд аваад явах гэсэн боловч сэрэхгүй унтаад байсан. Тэгтэл Г өөрөө босож ирээд шууд шээх гээд өмднийхөө тэлээг тайлаад зогсож байхад нь Д- араас нь өшиглөөд чи манай найзын гэрт нь шээдэг хэн бэ гээд хэд хэдэн удаа цохиод авсан. Г Д- хоёр бие биетэйгээ барьцалдаад зогсож байгаад Г Д-гийн нүүрэн тус газар нь нэг удаа мөргөчихсөн чинь Д-гийн хамраас цус гараад тогтохгүй байсан ба Б А хоёр тэр хоёрыг салгаад хоёр тийш нь болгосон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

6. Гэрч Г.Б ийн ... “2018 оны 04 сарын 19-ний орой 22 цагийн үед манай найз Д- нь манайд ирж бид хоёр хамт гараад дэлгүүр орж 1 шил 0.75 граммын архи аваад Д-гийн гэрт нь орж уусан. Тэгээд авсан архиа хувааж ууж дуусгаад Д- найз С рүү утсаар яриад байсан ба Д- манай найз Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Наран төвд манай хэдэн найзууд байна гэнэ хоёулаа тийшээ очъё гэж хэлээд бид хоёр хамт очсон юм. Тэнд очиход 4 залуу байсан санагдаж байна нэг залуу нь сандал дээр унтаж байсан ба нэг залуу нь бид хоёрыг орж ирэхэд зөрөөд гараад явсан санагдаж байна. Тэгээд С , А хоёр архи уугаад бараг дуусаж байсан. Д- гарч дэлгүүрээс 1 шил 0.75 граммын архи аваад бид нар хувааж ууж байхад сандал дээр унтаж байсан залуу босож ирээд ширээний цаана зааланд шээгээд эхэлсэн. Тэр үед Д- босоод тэр залуугийн араас өшиглөөд хөөе чи болиоч гэж хэлсэн. Тэр залуу эргэж хараад Д-г барьж аваад тэр хоёр хоорондоо барьцалдаад авахаар нь би явж очоод салгах гэтэл Д-г шууд тэр залуу нүүрэн тус газар нь мөргөөд газар унагаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан. Гэм хорын хохиролд 1 сая төгрөг шилжүүлсэн. Бусад хохирлыг төлж барагдуулна” гэв.

Хохирогч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Эмчилгээний зардал аваагүй байгаа. Сүүлд миний дансанд мөнгө хийсэн гэж байна. Дансаа үзээгүй. Мэдэхгүй байна. Нийт 2 175 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. 1.8 сая төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн.

Нүдний гэмтлийн талаар баримтуудаа бүрдүүлээгүй. Цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай учир зардлаа нэхэмжилнэ.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой байгаа. Мөн гэрчүүдийн мэдүүлэг байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Г ын 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д-гийн мэдүүлэг, гэрч Х.А, И.С , Г.Б нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Р.Г нь 2018 оны 04 сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Наран төвийн байранд хохирогч Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Г ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай улсын ялагчийн санал үндэстэй байх тул торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Хохирогч Б.Д- нь гэм хорын хохирол 2 175 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхэд 1 635 463 төгрөгийн эмчилгээний зардлын баримт ирүүлсэн байна. Шүүгдэгч Р.Г нь хохирогчийн дансанд 1 000 000 төгрөг шилжүүлсэн тухай банкны шилжүүлгийн баримт ирүүлсэн бөгөөд уг данс хохирогчийн данс мөн болохыг хохирогч мэдүүлэгтээ баталж байх тул 1 сая төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэж шүүгдэгчээс 635 463 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, эмчилгээ хийлгэсэн тухай баримт зэргийг шинжлэн судлахад хохирогч Б.Д-гийн “нүдний ухархайн гэмтлээ эмчүүлэх шаардлагатай” гэж мэдүүлсэн нь үндэстэй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р-н Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Р.Г-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг Аруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Г-ос 635 463 /зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, ** тоотод оршин суух Б.Д- /РД:**, Утас: **/-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Д- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС