Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2026/ДШМ/11      

 

 

А.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч А.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.мөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч А.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэн зодож, түүний Хуавей 10 эс загварын гар утсыг авч дээрэмдэх,

мөн 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн П.*******ийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Тоёота Приус ******* загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч яван авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,

мөн 2023 оны 07 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.гийн эзэмшлийн Самсунг Зи-Фолд-З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү нь А.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Шалбаг овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/932 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч А.*******ийн биечлэн эдлэх нийт хорих ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон 602 хоног нийт 604 /зургаан зуун дөрөв/ хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, ялаас хасаж,

Хохирогч Г.*******, Г., П.******* нар нь хулгайд алдсан гар утас болон тээврийн хэрэгслийг буцаан авсан, шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Л.эд эд хөрөнгөд учирсан хохиролд 190,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтэст оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 2 *******1 710 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 /дөрөв/ ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт *******, дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 ...Намайг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Би дээрх хэргүүдээс Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрмийн хэргийг үйлдээгүй, хийгээгүй гэж харин Эрүүгийн хуулийн 17.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэх хэргийн тухайд: Дээрэмдүүлсэн гэх хохирогч *******ийн намайг гэж онцлон таньсан явдлыг ойлгохгүй байгаа. Учир нь ******* нь анхны мэдүүлэгтээ “тэр хүмүүсийг огт танихгүй, хараагүй” гэж мэдүүлсэн байдаг.

Мөрдөгч нь хохирогч *******ийн дэргэд “энэ чиний утсыг авсан хүнийг олчихсон” гэж намайг зааж хэлсэн. Тэгснээ таньж олуулах ажиллагааг явуулсан. Мэдээж намайг хохирогч заах нь тодорхой байсан. Энэ хэргийг мөрдөж байсан мөрдөгч нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр намайг цэрэг татлагын комисст байхад хүрч ирээд “П минь чи хаагуур хаагуур яваад байгаа юм бэ Чи ямар хэрэг хийснээ мэдэж байна уу” гэхэд нь би “мэдэхгүй байна яасан юм болоо” гэхэд надад эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан. Мөн намайг цохиж зодож дарамталж гавлаж байсан талаар би шүүх хуралдаан бүрд ярьсаар ирсэн. Миний зүгээс мөрдөгч ийг холбогдох газарт нь гомдол гарган шалгуулж байгаа болно. Мөн *******ийн дээрэмдүүлж алдсан гэх гар утсыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд таксинд явж байхдаа Ө. гэгч хүүхдээс 2 савтай пивоор барьцаанд авсан. Хүмүүс нь ирж авахгүй болохоор арга буюу хотод ээжтэйгээ явж байхдаа бусдад зарсан талаараа мэдүүлсээр ирсэн.

2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ханбогд сумын мөрдөгч Э. надаас яллагдагчийн мэдүүлгийг авсан. Тэгэхэд би оос мэдүүлэг авхуулах, ын төрсөн эхээс дахин мэдүүлэг авхуулах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлж мэдүүлсэн. Гэтэл миний энэ хүсэлтийг хангасан болон хангахаас татгалзсан талаар шийдвэр гараагүй. Миний бодлоор гэдэг хүүхдээс мэдүүлэг авхуулах нь энэ хэргийг шударгаар шийдвэрлэхэд маш чухал гэж бодож явдаг. Энэ хүүхэд хэдэн оны хэдэн сард хаана ямар гар утсыг хэнд өгсөн талаар мэдүүлэхэд л энэ хэргийн зангилаа тайлагдана гэж үздэг.

Миний бие дээрмийн хэрэгт холбогдсон цагаас эхлэн дээрмийн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрөх ч үгүй, би хийгээгүй хэргийн талаар хариуцлага хүлээх нь шударга бус гэж үзэж байгаа.

Хохирогч ******* нь 4-5 залуучуудад дээрэмдүүлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл энэ хэрэгт ганцхан намайг л буруутгаад байгаа, нөгөө 4 залуу нь тэгээд яг хаана байгаа юм бэ. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Дээрмийн хэрэг үйлдээгүй хүнийг хүчээр хэрэг хийсэн гэж шийдээд байгаад, мөн гэрчээр гэх хүүхдээс мэдүүлэг аваад өгөөч ээ гэж зөндөө хэлээд байхад асуухгүй байгаад мөрдөгч, прокурор энэ хэргийг үнэн зөвийг олж өгөхгүй байгаад, анхан шатны шүүх буруу шийдээд байгаад маш ихээр гомдолтой байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өөрийгөө шүүхэд шударгаар шүүлгэх өөрийн гэм бурууг шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж байх тул давж заалдах шатны эрхэм шүүх бүрэлдэхүүн шударгаар үнэн зөвийг олж тогтоон зөвхөн дээрмийн хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч А.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, 17.7-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэх зүйл ангийн хүлээн зөвшөөрдөггүй, уг хэргийг хийгээгүй, үйлдээгүй гэж маргасаар ирсэн.

Анхан шатны шүүх А.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 3 удаа шийдвэрлэсэн байдаг.

Шүүх 2026 оны 01 сарын 12-ны өдөр шийдвэрлэхдээ, А.*******ийг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 -р ХХ-Зталд/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-рХХ-5,14талд/,хохирогч Г.*******ийн мэдүүлэг /1-р ХХ-9-10 талд, 3-р ХХ-137 талд/, гэрч Л.ийн мэдүүлэг /1-р ХХ-86-87талд/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-44-47, 3-р ХХ-132-135 талд/ зэрэг нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн байдаг.

Няцаалт: Өмгөөлөгчийн зүгээс дээрх нотлох баримт нь хуульд заасан арга, хэлбэрээр авагдаагүй, миний үйлчлүүлэгчийг мөрдөгч нь “зодсон, цохисон, гавласан, загнасан, хэрэг тулгаж хүчээр мэдүүлэг авсан” талаар байнга ярьж мэдүүлсээр ирсэн, мөн хохирогч Г.*******ийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд байгааг анхан шатын шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Дээрмийн хэргийн тухайд: 2021 оны 12 сарын 21-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн БЗД 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексийн урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэж зодож, түүний хуавэй 10 маркийн S загварын гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг гарсан.

Хохирогч Г.*******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...намайг дээрэмдсэн хүмүүсийг би танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, би өмнө нь дээрэмдүүлж байсан удаагүй...” гэжээ. /1-р хавтас 9-10 талд/

2021 оны 06 сарын 06-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд. "... Хохирогч нь тухайн хүнийг би шууд таньж чадна, өмсөж байсан хувцсыг нь хүртэл санаж байна гэснээр зургуудыг Г.*******ид харуулахад 5 дугаартай А.*******ийг зургийг зааж байв. Г.*******ийг дахин өрөөнөөс гаргаж зургуудын байршлыг сольж 7 дугаарт А.*******ийн зургийг байршуулан дахин заалгахад энэ хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна гээд шууд зааснаар нөхцөл байдал тогтоогдож байна...” гэжээ. /1-р хавтас 44-47 талд/

А.******* ...намайг байцаалт өгч байхад танихгүй цуг сууж байсан, Тэгэхэд байцаагч *******ийг дуудаад өрөөдөө оруулж 10-15 минут ярилцсан. Тэгснээ байцаагч намайг өрөөндөө дуудаж оруулаад *******оос энэ хүн мөн үү гэж асуухад мөн байна гэсэн. Тэгэхэд нь би чи хүн андуураагүй биз гэхэд, байцаагч чи дуугүй бай гэсэн. Тэр хоёр хоорондоо тохиролцоод энэ А.*******ийг гээд заачих гэж байцаагч хэлсэн байх гэж бодож байна.,, тэгээд таньж олуулах ажиллагааг хийнэ гэж хэлсэн ... гэж мэдүүлсээр ирсэн.

Хамгийн суулд буюу 2025 оны 06 сарын 27-ны өдөр хохирогч Л.*******ийн дахин өгсөн мэдүүлэгт: “...миний гар утас авсан залууг би танихгүй, тэр 4-5 залуучуудын нэг нь авсан. Хэн авсныг мэдэхгүй...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх ёстой.

Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх. гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг /анхдагч болон дамжмал, яллах ба цагаатгах, шууд болон шууд бус/ шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэх учиртай.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шинжилж үзэхэд, уг дээрмийн хэргийг А.******* үйлдсэн болохыг хангалттай сэргээн тогтоож чадаагүй,

нотлон тогтооход хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримт авагдаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлахдаа : “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 2 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцүүт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ...

“... гэм буруутай эсэхэд...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ ...

Мөн шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна гэж тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугийн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсхүл хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэдэг.

Иймд А.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар уг зүйл ангийг цагаатгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрвээ эрүүдэн шүүсэн аливаа нэгэн байдлаар оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэдэг асуудал яригдах бол шалгагдаад шалгагдсаны дараа үнэхээр эрүүдэн шүүсэн, энэ хүний эрхийг зөрчсөн гэдэг агуулга нь хууль зүйн хувьд нотлох баримтаар баталгаажиж энэ хэрэгт орж ирэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ хэрэгт Авлигатай тэмцэх газраас шалгаад эрүүдэн шүүгдсэн. Энэ хүний эрхийг зөрччихсөн байна. Хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа нь хууль зөрчсөн байна гэдэг нотлох баримтууд байхгүй. Тэгэхээр бид бүхэн хэргээ шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргээ шийдвэрлэх ёстой. Гэтэл өнөөдөр энд яригдаад байгаа таньж олуулах ажиллагааг хууль бус гэх албан ёсоор гараад ирсэн хууль эрх зүйн баримт байхгүй. Тийм учраас анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү энэ хэрэг буцаагдсан. Тэгээд анхан шатны шүүх дээрээс 60 хоногоор хойшлуулаад, мөрдөн байцаалт руу явуулаад н. гэдэг байцаагч 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр надаас байцаалт авсан. Би н. гэдэг хүүхдээс мэдүүлэг авч өгнө үү. Энэ хүүхдээс мэдүүлэг авчихвал энэ хэргийн зангилаа тайлагдах гээд байна. н. гэдэг хүүхдээс мэдүүлэг авч өгнө үү гэж шүүх хурал болгон дээр гуйсаар байсан. Г.*******ийг 4-өөс 5 залуу дээрэмдсэн. Тэр 4-өөс 5 залуучуудын аль нь миний утсыг авсныг мэдэхгүй гээд байхад анхан шатны шүүх яагаад надад ял өгөөд байгаа юм бэ? би ойлгохгүй байна. Би маш их гомдолтой байна. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхээс нотлох баримтгүй, үндэслэлгүй гээд цагаатгасан. Гэтэл Улаанбаатар хотоос прокурор яагаад цагаатгасан үндэслэлээ тайлбарлаад бич гээд эсэргүүцэл бичсэн.  Би шоронгоос гарах гээд 1 хоногийн өмнө байж байсан чинь буцааж намайг авч ирээд дахиад ял өгсөн. Дуртай үедээ цагаатгаж, дуртай үедээ ял өгдөг ийм хууль байх юм уу? Миний эцсийн зогсоол давж заалдах шатны шүүх хурал байна. эм шүүгч нар минь үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Би шоронгоос Ханбогд сумын мөрдөнд ирээд өлсгөлөн зарлаад, би үхсэн ч яахав гэж хэлсэн чинь Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгч хоёулаа өлсгөлөн зарлаад, хуулийн дагуу шийдвэрлүүлье. Монгол Улс чинь хуультай улс шүү дээ, үнэн зөв нь олдоно гэж надад урам зориг өгсөн. Өлсгөлөн зарлая гээд би өөртөө аймаар итгэлтэй, үнэмшилтэй эндээс гарна гэсэн итгэл найдвартай байсан. Миний эхнэр 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Үнэхээр надад хэцүү байна. Цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчаас Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа баримтыг өдийд гардуулсан байх гэдэг байдлаар ярьж байна. Миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байна. Яагаад вэ гэхээр хэрвээ хэрэг ямар нэгэн байдлаар хаасан тохиолдолд гомдол гаргагчид мэдэгдэх ёстой. Гомдол гаргагч хэрвээ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхийг нь хангах үүднээс Авлигатай тэмцэх газраас гаргасан гомдол нь үндэслэлтэй, үндэслэлгүй, хэрхэн шийдсэн талаараа ямар нэгэн хариуг өнөөдрийн байдлаар А.*******д ирүүлээгүй байгаа учраас би энэ хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа гэж ойлгож байна. Таньж олуулах ажиллагааны хувьд эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдохгүй гэдэг байдлаар прокурор ярьж байна. Өөрөөр хэлбэл 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогчийн өгсөн хамгийн сүүлийн мэдүүлэгтээ А.******* намайг дээрэмдсэнийг би мэдэхгүй, хараагүй, танихгүй гэдэг байдлаараа хоёр дахь удаа мэдүүлэг өгч байгаа нь хохирогч нь А.******* дээрэмдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй гэж ойлгож байна. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлоо дэмжиж байгаа учраас өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” комплексын урд хохирогч Г.*******ийг хүч хэрэглэн зодож, түүний Хуавей 10 эс загварын гар утсыг авч дээрэмдэх,

мөн 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 50 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн П.*******ийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Тоёота Приус ******* загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч яван авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах,

мөн 2023 оны 07 дугаар сарын 23-ний өдрөөс 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс хохирогч Г.гийн эзэмшлийн Самсунг Зи-Фолд-З маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3, 112, 208 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 5, 14, 209-213 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ийн өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас, 3-р хавтаст хэргийн 137 дахь тал/,

-Хохирогч П.*******ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-116, 118 дугаар хуудас/,

-Хохирогч Г.гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/,

-Гэрч Л.ийн өгсөн гэх мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас, 3-р хавтаст хэргийн 145-147 дахь тал/,

-Гэрч Р.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 238- 239 дүгээр хуудас/,

-Гэрч П.Н17.1ийн өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас, 3-р хавтаст хэргийн 152 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хууль ёсны төлөөлөгч З.Алтанзулын өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас, 3- р хавтаст хэргийн 132-135% 148-149 дэх талууд/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 120-124 дүгээр хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №БЭД2-23-487 дугаартай “...22.344.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/,

-Орон байранд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 220-226 дугаар хуудас/,

-“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ- 123/0116 дугаартай “...Samsung Z Fold3 10 rap утас 2.200.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,

-2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч А.******* болон түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нараас “А.*******д дээрэмдэх гэмт хэргийг тулган байцааж, хохирогчоор гэмт хэрэгтнийг таньж олуулах ажиллагааны явцад эрүүдэн шүүсэн, үйлдээгүй гэмт хэргийг нь тохсон” гэх тайлбарыг гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.*******д холбогдох дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, шүүгдэгч А.******* нар: Шүүх 2026 оны 01 сарын 12-ны өдөр шийдвэрлэхдээ, А.*******ийг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 -р ХХ-З талд/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-5,14талд/,хохирогч Г.*******ийн мэдүүлэг /1-р ХХ-9-10 талд, 3-р ХХ-137 талд/, гэрч Л.ийн мэдүүлэг /1-р ХХ-86-87талд/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р ХХ-44-47, 3-р ХХ-132-135 талд/ зэрэг нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн байдаг. Дээрх нотлох баримт нь хуульд заасан арга, хэлбэрээр авагдаагүй, миний үйлчлүүлэгчийг мөрдөгч нь “зодсон, цохисон, гавласан, загнасан, хэрэг тулгаж хүчээр мэдүүлэг авсан” талаар байнга ярьж мэдүүлсээр ирсэн...байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна...гэх агуулга бүхий гомдол гаргасан ба мөрдөгч Э.ийн гэм буруутай үйлдлийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” юм. 

Түүнчлэн өмгөөлөгч болон шүүгдэгч нар “хохирогч Г.*******ийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна...” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба хохирогч Г.*******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...намайг дээрэмдсэн хүмүүсийг би танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, би өмнө нь дээрэмдүүлж байсан удаагүй...” гэжээ. /1-р хавтас 9-10 талд/

2021 оны 06 сарын 06-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд. "... Хохирогч нь тухайн хүнийг би шууд таньж чадна, өмсөж байсан хувцсыг нь хүртэл санаж байна гэснээр зургуудыг Г.*******ид харуулахад 5 дугаартай А.*******ийг зургийг зааж байв. Г.*******ийг дахин өрөөнөөс гаргаж зургуудын байршлыг сольж 7 дугаарт А.*******ийн зургийг байршуулан дахин заалгахад энэ хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна гээд шууд зааснаар нөхцөл байдал тогтоогдож байна...” гэжээ. /1-р хавтас 44-47 талд/

         Хамгийн сүүлд буюу 2025 оны 06 сарын 27-ны өдөр хохирогч Л.*******ийн дахин өгсөн мэдүүлэгт: “...миний гар утас авсан залууг би танихгүй, тэр 4-5 залуучуудын нэг нь авсан. Хэн авсныг мэдэхгүй...” гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх тайлбар гаргаж байх боловч хохирогч Г.******* нь танихгүй хүмүүст дээрэмдүүлсэн өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан талаараа мэдүүлж, улмаар таньж олуулах ажиллагааны явцад дээрэмдсэн гэх хүнийг таньж олж байгаа талаарх нотлох баримтууд хэрэгт  авагдсан байх ба зөрүүтэй нотлох баримт гэж дүгнэх үндэслэлгүй байна.    

Шүүгдэгч А.******* ...намайг байцаалт өгч байхад танихгүй цуг сууж байсан, Тэгэхэд байцаагч *******ийг дуудаад өрөөдөө оруулж 10-15 минут ярилцсан. Тэгснээ байцаагч намайг өрөөндөө дуудаж оруулаад *******оос энэ хүн мөн үү гэж асуухад мөн байна гэсэн. Тэгэхэд нь би чи хүн андуураагүй биз гэхэд, байцаагч чи дуугүй бай гэсэн. Тэр хоёр хоорондоо тохиролцоод энэ А.*******ийг гээд заачих гэж байцаагч хэлсэн байх гэж бодож байна, тэгээд таньж олуулах ажиллагааг хийнэ гэж хэлсэн ... гэж мэдүүлсээр ирсэн...гэх тайлбар гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж  байх боловч шүүгдэгчийн энэхүү мэдүүлгийг нотлох нотолгооны баримт хэрэгт авагдаагүй төдийгүй шүүгдэгчийн  “Тэр хоёр хоорондоо тохиролцоод энэ А.*******ийг гээд заачих гэж байцаагч хэлсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг нь таамаглалд үндэслэсэн байна гэж дүгнэв.  

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А.*******д гэрчийн эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан баталгаа гаргаж, гэрчээр мэдүүлэг авсан нь 1-р хавтаст хэргийн 32-35-р хуудаст нотлох баримтаар авагдсан байх бөгөөд прокурор шүүгдэгч А.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцоогүй, түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй байгаа нь хуульд нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.   

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

Ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэх тогтоолыг өөрчлөх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул шүүгдэгч А.******* болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.*******ийн цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР                                                                                  

      ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА 

                        Т.ДЭЛГЭРМАА