Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/01324

 

 

 

 

 

 

 

 

2022 07 18 210/МА2022/01324

 

 

Н ХХК К-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11ий өдрийн 101/ШШ2022/02199 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК К-ийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 366 дугаар захирамжаар Н ХХК К-аас 487,765,232 төгрөгийг гаргуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч компанийн барьцаалсан хөрөнгө болох иргэн В.Алтангэрэлийн өмчлөлийн Ү-2206009009 дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хураан авч, улмаар шинжээч томилогдож үнэлгээг нь төлбөр төлөгч Н ХХК К-д болон хөрөнгийн өмчлөгчид 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн. Тус үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК гаргасан байх ба үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 78,896,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл тус өмчлөх эрхтэй газар дээр бие даасан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгааг хөндлөнгийн шинжээч өөрийн биеэр очиж үзсэн атлаа нэг хувийн сууцын үнэлгээ гаргасан нь хууль зөрчсөн. Мөн үнэлгээний тайлангийн 1.7-д үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг тусгасан бөгөөд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10,350,025 төгрөгөөр үнэлсэн байна. Ингэж үнэлэхдээ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу Хан-Уул дүүргийг 7 дугаар бүсчлэлд хамруулж 1 га талбайн суурь үнэлгээг 245,000,000 төгрөгөөр тооцов. Тус газрын 1 м.кв талбайн үнэ болох 24,500 төгрөгийг 355.0 м.кв талбайгаар үржүүлээд 8,697,500 төгрөгийн үнэлгээ гаргажээ. Уг үнэлгээг 2018-2021 оны үнийн өсөлт 1,19 хувийн итгэлцүүрээр үржүүлээд 10,350,025 төгрөгөөр үнэлсэн гэжээ. Гэтэл Засгийн газрын дээрх тогтоолын 1-р хавсралтад Хан-Уул дүүрэг, 6-р бүсчлэлд байрлах бөгөөд 1 га газрын суурь үнэлгээг 3-р хавсралтаар 273,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхаар заажээ. Үнэлгээний компани бүсчлэлийг буруу тогтоосны улмаас тухайн газрын үнэлгээг хэт багаар үнэлсэн байна. 355.0 м.кв талбайтай газар нь өмчлөх эрхтэй газар бөгөөд 2018-2021 оны үнийн өсөлтийн итгэлцүүр 1,19 гэх тооцооллыг чухам ямар статистик тооцоо, эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, үнэлгээний тайланд тэр талаар мэдээлэл байхгүй. Тус газрын тухайд үнэ цэнэ нь ирээдүйд өсөн нэмэгдэх боломжтой, орон сууцны хорооллоос 300 метр хүрэхгүй зайд оршдог, Үнэлгээний тайлангийн 5 дугаар хуудасны 1.7-д тухайн хаягт орших 72 м.кв талбайтай, хувийн сууцыг 22,693,046.81 төгрөгөөр, мөн хаягт орших 77,3 м.кв талбайтай хувийн сууцыг 39,715,466.25 төгрөгөөр, мөн хаягрт орших 20 м.кв талбайтай гаражийг 3,926,676 төгрөгөөр тус тус үнэлж нийтэд нь 78,895,476.54 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт 92.м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тусгасан байхад ямар үндэслэлээр хувийн сууцны талбайн хэмжээг 72 м.кв талбайтай болгож үнэлсэн нь тодорхойгүй. Мөн тус хаяг дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, 100 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц байгаа бөгөөд тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байхад уг хөрөнгийг дур мэдэн үнэлж тайландаа тусгасан. Өмчлөх эрхтэй газар дээр буй 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа бөгөөд үнэлгээг гаргахдаа ойлгомжгүй байдал бий болгож хувийн сууц болон гаражийн 1 м.кв талбайн үнийг тогтоох аргачлалыг буруу тооцоолсон гэж үзэж байна. Н нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-т заасан зарчмыг зөрчсөн. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 366 дугаар захирамжаар Н ХХК К-аас 487,765,232 төгрөгийг гаргуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н ХХК К-ийн барьцаалсан иргэн В.Алтангэрэлийн өмчлөлийн Ү-2206009009 дугаартай, Хан-Уул дүүргийн 9-р хороо, Тайнь-5 гудамж, 129/А тоот хаягт орших 92 м.кв талбайтай хувийн сууц болон тус хаягт орших Г-2206002975 дугаартай өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 161/03 дугаартай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Н ХХК К-ийн болон өмчлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч талын хүсэлтийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/344 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг томилон хөрөнгийг үнэлүүлэхэд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 78,896,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг ирүүлсэн. Талууд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4-161/24130, 4-161/1480 дугаар бүхий албан бичгээр барьцаа хөрөнгүүдийн үнэлгээний тайланг мэдэгдлийн хамт гардуулан өгч, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК К-ийн төлбөрт барьцаалсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын10-ны өдрийн ГХСҮ-21/02 тоот үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК К-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1783 дугаартай шүүгчийн захирамжаар Н ХХК К-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 366 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Н ХХК К-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан В.Алтангэрэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2206009009 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Н т даалгаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус газар нь Хан-Уул дүүргийн 7 дугаар бүсчлэлд байрлах бөгөөд 1 га газрын суурь үнэлгээг 3 дугаар хавсралтад зааснаар 245,000,000 төгрөгөөр тооцсон талаар үнэлгээний тайлангийн 4 дүгээр хүснэгтэд дэлгэрэнгүй тайлбарласан байтал шалтгаан үндэслэл тодорхойгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Үнэлгээний компани нь газрын бүсчлэлийг зөв тогтоосон нь хавсралт 1-д авагдсан зургаар батлагдсан. Хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу манай улсад хамгийн сүүлд орчуулагдан 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс мөрдөгдөж буй Үнэлгээний Олон улсын стандартыг мөрдлөг болгож хийж гүйцэтгэсэн. Энэ талаар тайлангийн 3 дугаар хуудсанд тусгасан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт нь Стандартчлалын төв байгууллагаас батлагдаж гараагүй. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2010 онд батлагдсан бол үнэлгээний олон улсын стандарт 3 удаа шинэчлэгдэн батлагдаж орчуулагдан мөрдөгдөж байгаа тул стандартын нэршлийг хэрэглэж байгаа үнэлгээний олон улсын стандартын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг шат дараалалтайгаар баталсан нь одоогоор мөрдөгдөж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3-т Хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт Үнэлгээний тайлангийн 3 дугаар хуудас 1.1-д Үнэлгээий ажлын зорилго нь шинжээч томилох тухай 11/344 тоот тогтоолыг үндэслэн В.Алтангэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон улсын бүртгэлийн гэрчилгээгүй ч тус газар дээр баригдсан 77.3 м.кв барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг хуулийн байгууллагын шинжилгээний зориулалтаар тодорхойлоход оршино. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6, 9.3.8, 9.3.9-д үнэлгээний зүйлийн үнэ цэнийг ямар арга аргачлалаар тогтоосон талаар үнэлгээний тайлангийн 7, 8 дугаар хуудаст дараах байдлаар тусгасан. В.Алтангэрэлийн өмчлөлийн хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоох ажлыг үнэлгээчид хийж гүйцэтгэсэн бөгөөд 355.0 м.кв газар, 92 м.кв хувийн сууц, гарааш, улсын бүртгэлийн гэрчилгээгүй ч тус газар дээр баригдсан 77.3 м.кв барилгын хамт 78,896,000.00 төгрөгөөр үнэлсэн талаар тайлангийн 3 дугаар хуудаст тусгасан байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК К нь хариуцагч Н т холбогдуулан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00366 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н ХХК К-аас зээлийн гэрээний үүрэг, хүү, алданги, нотариатын үйлчилгээний төлбөрт нийт 486,470,082 төгрөг гаргуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор зохигчдын эвлэрлийг баталж, төлбөр төлөгч үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Буянбат, Б.Баттөгс нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 дугаар байр, 27 тоотод байрлах 70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн М.Болороогийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, авто замчдын гудамж, 40 дүгээр байрны зоорийн давхрын 21 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол, мөн Б.Гантулгын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 61/1 дүгээр байрны 22 тоотод байрлах 36 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус хангуулахаар шийдвэрлэжээ./хх26-28/ Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

4. Хариуцагч Н нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 512 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2018/05451 дугаар захирамжийг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх54, 55/

5. Н нь В.Алтангэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 161/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 161/02 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх61-65/

6.а Хариуцагч байгууллага төлбөр төлөгч В.Алтангэрэлээс төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад хувийн сууцыг 200,000,000 төгрөг, газрыг 300,000,000 төгрөгөөр үнэлсэн бол Н ХХК К нь хувийн сууц болон газрыг 487,765,232 төгрөгөөр тус тус үнийн санал өгснийг төлбөр авагч уг саналыг зах зээлийн үнэлгээг хэт өндөр гэж эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/344 дугаар тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /хх66-68/

6.б Шинжээч Баян модот ХХК нь Н т холбогдуулан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайнь 5 дугаар гудамж, 129/А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 355.0 м.кв талбай бүхий газар 10,350,025 төгрөг, мөн хаягт байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууц 1-ыг 22,693,046 төгрөг, 77.3 м.кв талбайтай хувийн сууц 2-ыг 39,715,466 төгрөг, 20 м.кв талбай бүхий гараашийг 3,926,676 төгрөг, өртгийн хандлагын аргаар нийт 76,685,214 төгрөгөөр үнэлсэн байх ба үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг нийт 78,895,476 төгрөгөөр тогтоожээ. /хх86-106/

Хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Н ХХК К-д 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-161/24131 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх-8, 73/ тогтоогдож байна.

6.в Баян модот ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Хэргийн 86-103 дугаар талд авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтад зааснаар Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, бүс, 7 дугаар бүсчлэлд хамруулан газрын үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй байна.

Уг хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3-т заасантай нийцээгүй гэж үзэн Баян модот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11ий өдрийн 101/ШШ2022/02199 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН