Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00263

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д

Өсвөр насны шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 1825003910279 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

1.    Шүүгдэгчийн биеийн байцаалт.

С овогт Г-н Г-, Монгол Улсын иргэн, 2000 оны 10 сарын 23-ны өдөр Булган аймгийн С суманд төрсөн, 17 настай,эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, ах дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:** /.

2.    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Э.А-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.А-н... “2018 оны 06 сарын 01-ний өдөр найзууд болох Б  , О нартай хамт Уурхайчин баг Эврика худалдааны төвийн хажуу талын шийдэн дээр тоглож байтал Г гэх зүс таних банди Б гэх хүүхэдтэй шийдэн дээр ирсэн. Улмаар бид сагс тоглож байтал Б гэх хүүхэд миний хажууд ирээд намайг салгаж аваач, Г зодох гээд байна гэсэн. Тэгэхээр нь би боль гээд салгасан чинь чамд хамаагүй, хоёулаа орц руу оръё гэхээр нь би Г-тай хамт 3-22 дугаар байрны эхний орц руу орж би Г-т яагаад манай найзтай маргалдаад байгаа юм бэ боль гэтэл “чи яасан том гар вэ чамд хамаагүй шүү гээд нүүр рүү мангасдсан. Тэгэхээр нь би Г-ын араас нь тэврээд орцноос гарч бид хоёр гадаа ноцолдсон. Ингээд зам гараад салах гэж байтал Г миний хамар руу мөргөсөн. Би тухайн үед доошоо тонгойсон чинь миний нүүрэн хэсэг рүү 3 удаа өвдөглөсөн. Энэ үед миний хамраас цус гартал Г намайг цохихоо больсон. Тэнд байсан найзууд намайг эмнэлэг рүү авч яваад үзүүлтэл хамрын зураг авахуул гэхээр нь ломбарданд 80000 төгрөгөөр тавиад ахаасаа нэмж 70000 төгрөг аваад нийтдээ 150000 төгрөгөөр хамраа янзлуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

2. Орхон аймгийн шшүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 443 дугаартай дүгнэлтийн ...“Э.А-н биед хамрын ясны хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо С болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-р хуудас/

3.Насанд хүрээгүй гэрч Х.Б  ы ...”Г А нүүр рүү нь мөргөсөн. Гэтэл А доошоо тонгойх үед нь өвдгөөрөө Г 2 удаа нүүр рүү нь өвдөглөсөн. А-н хамраас цус гарсан, бид нар тэр хоёрыг салгаад А эмнэлэгт аваачиж үзүүлтэл хамар нь муруйсан байна гэж эмч хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

4. Өсвөр насны шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Би тухайн өдөр Б гэх хүүхэдтэй гэртээ уулзаад улмаар город орж сагс тоглохоор болж уурхайчин багийн Эврика худалдааны зүүн талын шийдэн дээр Б гэх хүүхэдтэй нэгнийгээ өдөж тоглож байсан. Гэтэл Б тэнд сууж байсан А гэх хүүхэд дээр очиж туслаарай гэтэл А гэх хүүхэд нь босч ирээд намайг заамдаад авахаар нь би тавьчих гэтэл миний цамцнаас тавьснаа орц руу оръё гээд намайг дагуулаад орц руу орсон. Орцон дотор бид хоёр бага зэрэг маргалдсан. Улмаар орцноос гарч ирээд би А-н урд талд явж байтал А миний ард талын дагз руу цохихоор нь эргэж хараад зодолдсон. Энэ үед бид хоёрын дундуур нэг банди орж ирээд салгах үед нь А-н хамар руу мөргөсөн. Энэ үед А эргээд надтай зодолдож байгаад тонгойхоор нь би хамар руу нь 1 удаа өвдөглөсөн. Гэтэл А-н хамарнаас нь цус гараад байхаар нь больсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Г.Г-ыг бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Э.А-н мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 06 сарын 12-ны 443 дугаартай дүгнэлт, гэрч Э.А-н мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2018 оны 06 сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-

Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт маргааны улмаас А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч С овогт Г-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС