Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2026/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 18 өдөр                                            Дугаар 2026/ДШМ/12                                                         ******* сум

 

 

Э.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Шүүгдэгч Э.******* /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолтой, Э.*******д холбогдох 2528000000355 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.******* нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны шөнийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багт байх ******* худалдааны төвийн гадаа иргэн Б.*******ын бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн довтолж түүний эзэмшлийн “Samsung А56” загварын гар утсыг хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Э.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д 800,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А56” загварын гар утсыг биет байдлаар буцаан төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд дүгнэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт санаа зорилгод үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд тус зүйлчилсэн гэмт хэрэг бол ашиг олох идэвхтэй үйлдлээр нотлогддог гэмт хэрэг, гэвч камерын бичлэгт тодорхой бус нөхцөлийг шууд санаатай, утас авах зорилгоор үйлдсэн гаж явцуу утгаар дүгнэх нь хэт өрөөсгөл ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, тухайн үед хохирогч *******ыг цагдаагийн байгууллага руу залгах үйлдлийг таслан зогсоож авсан гэх үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгааг дүгнэлтдээ дурдаагүй нь тодорхой бус үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй байгаа юм.

Иймд шийтгэх тогтоолд тус гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд дүн шинжилгээ хийх гэмт  хэргийн шинжийг тайлбарлах замаар гэмт хэрэг үйлдсэн эсэх, өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ялган тогтоож тайлбарлах ёстой атал шийтгэх тогтоол тодорхой бус тайлбартайгаар шийдвэрлэсэн байх тул тус шийтгэх тогтоолыг зөвтгөж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Э.******* өөрийн үйлдсэн гэмт харгийн нөхцөл байдлыг ухамсарлаж, хохирлоо барагдуулж шүүх хуралдаандаа оролцсон байдаг. Гэвч шүүх дүгнэхдээ гэм хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлсон боловч дутуу тодорхойлсон гаж үзэхээр байгаа болно. Учир нь мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлж өөрийгөө илчилсэн, хохирогчийн маргаан үүсгэсэн зэрэг нөхцөл байдлуудыг шийтгэх тогтоолд тусгах нь зүйн хэрэг байсан боловч ганцхан үндэслэлээр дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нарийвчлан тусгуулах шаардлагатай байгаа болно.

Бусад процесс ажиллагаа болон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай заалтууд, нэмэлт ажиллагаатай холбоотой гомдлоо давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарлах болно.

Үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотойгоор хөнгөрүүлэн үзэх шаардлагатай нөхцөл байдлуудтай холбоотой баримтуудыг хуралдаанд гаргаж оролцох болно. Эцэст нь 2026 оны 01 сарын 06-ны өдрийн Дугаар 2026/ШЦТ/08 дугаар бүхий шийтгэх тогтоолд холбогдох тусгах шаардлагатай заалтуудыг оруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын 3, 4 дүгээр хуудсанд дээрэмдэх гэмт хэргийн шинжийг, гэмт хэрэг хэдийд төгссөн, тус гэмт хэрэг материаллаг хохирол учирсан байхыг шаардах эсэх талаар, гэмт хэргийн илрэх хэлбэр, хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг тодорхой дүгнэснээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхэд халдсан, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг, цаашилбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл зэргийг маш тодорхой дүгнэсэн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье.

Шийтгэх тогтоолын 3, 4 дүгээр хуудас шүүгдэгчийн үйлдлийн хувьд дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хэргийн үйл баримт маш тодорхой байхад шийдвэрт бусад төрлийн гэмт хэргийг харьцуулах, өөр гэмт хэргийн шинжийг хангах эсэх талаар харьцуулан дүгнэх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

...Дээрэмдэх гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг. Шүүгдэгчийн хуульд өмчлөх эрхэд нь халдсан. Объектив тал нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг. Гэм буруу нь санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар санаатай хэлбэр гэдэг нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна. Энэ гэмт хэрэг шунахайн сэдэлттэй ч үйлдэгдэж болно. Гэхдээ энэ сэдэл нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл тухайн этгээдийн өмчлөлд халдан эд зүйлийг санаатай авснаар энэ гэмт хэргийн шинж төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг учирсан байхыг мөн шаарддаггүй. Энэ гэмт хэргийн тухайд давхар объективтой гэмт хэрэг байдаг. Нэгдүгээрт хүний эд хөрөнгө, хоёрдугаарт хүний эрүүл мэнд, эрх чөлөөний асуудал байдаг. Тухайн үйл баримтын тухайд эд хөрөнгө, эрх чөлөөнд нь халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоогдоогүй. Хүч хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал байхаар тусгасан.

Хүч хэрэглэх гэж ямар ойлголтыг хэлээд байгаа вэ гэхээр гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцааж, эд хөрөнгийг авсан байхыг ойлгодог. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ийм үйл баримт хөтөлбөргүй тогтоогддог. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хэрэг анх илэрсэн цаг хугацаа болон Э.*******гийн хувьд өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгүүдээс дүгнээд үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хууль зүйн тайлбарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг, ашиг олох зорилготой, идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг төрлийн гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл субьектив санаа зорилго нь анхнаасаа утсыг дээрэмдье гэдэг үйлдлээр илэрхийлэгдэх ёстой. Гэтэл хавтаст хэргийн 26 дугаар хуудсан дээр өгсөн хохирогчийн мэдүүлэг дээр хувийн таарамжгүй харилцааны үр дагавраас үүсээд тухайн утсаар цагдаад дуудахад миний утсыг булааж авсан гэдэг. Тэгэхээр үргэлжилсэн үйлдлээр хоёр өөр төрлийн гэмт хэрэг буюу зөрчлийн шинжтэй үйлдэл, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хоёр давхар үйлдэгдсэн гэдэг хууль зүйн дүгнэлт гаргаж байна. Яагаад вэ гэхээр хохирогчийн зүгээс эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй. Түүнтэй холбоотой хохирол, санал, шүүмж байдаггүй. Намайг зодсон гэдэг үйлдлийг ярьдаг. Тэгэхээр зодсон гэдэг үйлдлийг дүгнээд үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдах зөрчил үйлдэгдэх явцад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд нь утсыг булааж авсан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой байсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Яагаад вэ гэхээр тухайн үйлдэл болоод үүсээд дууссаны дараа утсыг булаан авч байгаа үйлдэл нь булаалтын шинжтэй үйлдэл. Тэгэхээр энэ зүйлчлэлтэй холбоотойгоор ялгаатай байдал нь гэмт хэргийн субьектив болон объектив талын шинжийг хооронд нь ялгалгүйгээр дүгнэсэн учраас энэ дүгнэлтийг тодорхойлж, өөрчлөгдөх гэсэн байдлаар агуулгаар нь тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор хавтаст хэргийн 49-50 дугаар хуудсанд авагдсан сэжигтний мэдүүлэг дээр хүртэл дурдагддаг. Өөрөөр хэлбэл, би анх маргаан үүсгэсэн нь үнэн. Зодолдсон нь үнэн. Харин утсыг нь авъя гэдэг зорилго байгаагүй гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй үйлдэл биш гэдэг байдлаар хохирогчийн мэдүүлэг, сэжигтний мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байгаа учраас энэ зүйлчлэлийг бууруулж өгнө үү. Гомдлын 2, 3 дахь агуулгатай холбоотой шүүх хуралдааны өмнө миний үйлчлүүлэгч зүрхний хүнд төрлийн хагалгаанд ороод, эрүүл мэндийн байдал нь одоо дөнгөж тогтворжиж байгаа учраас хорих ял эдлэхэд бэрхшээлтэй байна. Иймээс энэ нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Э.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл эс зөвшөөрч “шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ. .

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Э.******* нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны шөнийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багт байх ******* худалдааны төвийн гадаа иргэн Б.*******ын бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн довтолж түүний эзэмшлийн “Samsung А56” загварын гар утсыг хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.*******ын “...Баарнаас гараад би ганцаараа “*******” худалдааны төвийн зогсоолын орчимд явж байхад үл таних эрэгтэй хүн надаас тамхи асуухаар нь би тэр хүнтэй хамт тамхи татаад зогсож байтал тэр хүн надтай маргалдах гээд байхаар нь би явлаа гээд явах гэсэн чинь надтай зууралдаж байгаад намайг зодсон. Тэр хүн намайг газар унагаагаад зодоод байхаар нь би босож ирээд цагдаад дуудлага өгнө шүү гээд утсаа гаргаж ирсэн чинь дахиж намайг газар унагааж хэд хэд цохиж байгаад миний гар утсыг аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 28 дахь тал), гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал), Өмнөговь аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ нэртэй зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэгийн хуулбар бүхий СD-R8” (хавтаст хэргийн 6-10 дахь тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-17 дахь тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал), “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ӨмЦ25-205 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүч хэрэглэсэн үйлдэл нь хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг эрүүл мэндэд нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах үйлдлээр илэрдэг бол заналхийлсэн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, заналхийлэл биелэгдэх боломжтойг үг хэллэг ашиглаж хохирогчид ойлгуулсан, улмаар хохирогчийг сэтгэхүйн хувьд дарамтад оруулсан байдаг.

Тодруулбал, дээрх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг ба заналхийлж довтолгоо хийснээр тус гэмт хэрэг төгссөнд тооцдог учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “...зодсон гэдэг үйлдлийг дүгнээд үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдах зөрчил үйлдэгдэх явцад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд нь утсыг булааж авсан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой байсан. Яагаад вэ гэхээр тухайн үйлдэл болоод үүсээд дууссаны дараа утсыг булаан авч байгаа үйлдэл нь булаалтын шинжтэй үйлдэл. Тэгэхээр энэ зүйлчлэлтэй холбоотойгоор ялгаатай байдал нь гэмт хэргийн субьектив болон объектив талын шинжийг хооронд нь ялгалгүйгээр дүгнэсэн. Харин утсыг нь авъя гэдэг зорилго байгаагүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй үйлдэл биш гэдэг байдлаар хохирогчийн мэдүүлэг, сэжигтний мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байгаа учраас энэ зүйлчлэлийг бууруулж өгнө үү.

Гомдлын 2, 3 дахь агуулгатай холбоотой шүүх хуралдааны өмнө миний үйлчлүүлэгч зүрхний хүнд төрлийн хагалгаанд ороод, эрүүл мэндийн байдал нь одоо дөнгөж тогтворжиж байгаа учраас хорих ял эдлэхэд бэрхшээлтэй байна. Иймээс энэ нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад прокурорын хүсэлтээр тухайн хэрэг болсон газрын камерын бичлэгийг шинжлэн судалсан бөгөөд бичлэгт шүүгдэгч Э.******* нь нэг газар, цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг давхар нотолж байх тул шүүгдэгчдийн өмгөөлөгчийн “шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” тухай гомдол, санал үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.*******гийн 2025 оны 11 дүгээр сарын 22-ны шөнийн 04 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багт байх ******* худалдааны төвийн гадаа иргэн Б.*******ын бие эрх чөлөөнд нь хүч хэрэглэн довтолж түүний эзэмшлийн “Samsung А56” загварын гар утсыг хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                 ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                                 Л.УГТАХБАЯР