| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2329003580037 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
Б.*******од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр,
Хохирогч Э.*******
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал /цахим/,
Иргэний нэхэмжлэгч “******* ******* зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
Цагаатгагдсан этгээд Б.*******,
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Буянтөр,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/ дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцэл, хохирогч Э.*******, иргэний нэхэмжлэгч “******* ******* зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******од холбогдох 23290035037 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3-р баг, нүүрс тээврийн авто Замын ******* дэх километрт *******- ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12 заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ӨМЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23290035037 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******ыг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж,
Цагаатгах тогтоол унжиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,
Хохирогч Э.*******, иргэний нэхэмжлэгч “******* ******* зам” ХХК-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
1. Шүүх шийдвэртээ “....яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтууд болох гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.*******, гэрч Б., гэрч Э., гэрч Л. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ыг "Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримтыг хангалттай тогтоогоогүй байна.” гэж дүгнэжээ.
2. Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийж, мөн хуулийн 23.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу тэмдэглэл үйлдсэн.
Уг тэмдэглэлээр зам тээврийн осол гарсан газар, үл хөдлөх цэг, замын эвдрэл, тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн А цэг, ослын бүдүүвч зургийг зурах, ослын талаарх бүх хэмжилтүүдийг хийж, шүүгдэгч Б.*******ыг эсрэг урсгалтай хоёр эгнээ замаар *******- ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын эвдрэл буюу саадыг тойрон гарах үйлдэл хийхдээ урсгал сөрж эсрэг урсгалаар зорчиж явсан ӨМЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Э.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон.
Хохирогч Э.*******ийн ““Би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын Хайрхан 5-р багт байрлах “******* ******* зам” ХХК-ийн кемпээс өглөө Таван толгой ХХК руу нүүрс очиж ачиж тээвэрлэхээр гарсан 11 цаг өнгөрч байхад нүүрс тээврийн авто замын ******* дэх километрт явж байхад миний явж байсан урсгалыг сөрөөд ачааны том оврын тээврийн хэрэгслүүд ар араасаа цуваад замын хагархай тойроод яваад байсан эхний машиныг замаа чөлөөлөөд гаргачхаад буцаж зам руугаа орохоор рулээ /хүрдээ/ дарсан чинь ногоон толгойтой том оврын ачааны авто машины 1 болон 2-р чиргүүл нь миний жолоодож явсан -08 ӨМЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн чирэгч хэсгийг хамаад явсан. Тэгээд би туслаарай гээд орилсон чинь миний хөл хугарсан байсан. Тэгээд би машин дотроо сууж байсан чинь намайг чиргүүлээрээ хамсан машины жолооч гүйж ирээд миний машины кабинд орж ирээд намайг эвтэйхэн суулгаж өгсөн....” гэх,
Гэрч Б.ийн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 05 цагийн үед таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орохоор ачаа тээвэрлээд явсан. Найман цагийн үед 22 дахь километрээс түлшээ авчаад хөдөлсөн. 11 цаг 45 минутын үед нүүрс тээврийн авто замын ******* дэх километрт явж байхад миний явж байсан урсгалын эсрэг урсгал явж байсан том оврын авто машин шороо босоод хурдтай орж ирж байгаа харагдсан замын хөвөө хэсгээр явж байгаад буцаад зам руу ороод осол гарсан. Би машинаа зогсоогоод утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгээд машинаасаа буугаад мөргөлдсөн хоёр машин дээр очоод цагдаад болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн” гэх,
Гэрч Э.ын: “Би 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 06 цагийн 20 минутын үед Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орохоор ачаа тээвэрлээд явсан. 6 дахь километр дээр замаа чөлөөлөөд 2 цаг унтсан. Тэгээд 08 цаг өнгөрөөд хөдөлсөн. 11 цаг 45 минутын үед нүүрс тээврийн авто замын ******* дэх километрт аваар гарсан...” гэх,
Гэрч Л.ын: Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гараад Гашуун сухайт хилийн боомт орохоор ачаагүй явж байсан. Нүүрс тээврийн авто замын ******* дэх километрт явж байхад миний урд тоос босохоор нь харсан чинь зам тээврийн осол гарсан байсан” гэх мэдүүлгүүдээр тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.*******ыг эсрэг урсгалтай хоёр эгнээ замаар *******- ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын эвдрэл буюу саадыг тойрон гарах үйлдэл хийхдээ урсгал сөрж эсрэг урсгалаар зорчиж явсан ӨМЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь тус тус нотлогдсон.
Мөн түүнчлэн мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай магадалгаагаар шүүгдэгч Б.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул; саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ӨМЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн болох нь тогтоогдсон.
Яллагдагч Б.******* болон түүний өмгөөлөгч нар нь “осол болсон A цэгийг буруу тогтоосон, хохирогч Э.*******ийг урсгал сөрж, Б.*******ын жолоодож явсан *******- ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн чирэгч толгойн хойд тэнхлэгийг мөргөсөн гэж маргаж, мэтгэлцдэг боловч үүнийгээ хангалттай нотлох баримтаар үгүйсгэн няцаагаагүй, ганцхан шүүгдэгч Б.*******ын мэдүүлэгт л үндэслэдэг.
Яллагдагч Б.******* нь шүүх хуралдаанд “хохирогч Э.*******ийг урсгал сөрж орж ирээд миний машины хойд тэнхлэгийг мөргөсөн, би тэр үед ослоос зайлуулж жолооны хүрдээ баруун гар тийшээ эргүүлж дарсан” гэж мэдүүлдэг боловч уг мэдүүлэг нь хэргийн бодит байдал, хэргийн газрын үзлэгтэй огт нийцээгүй.
Учир нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон ослын бүдүүвч зураг, гэрч хохирогч нарын мэдүүлгээр тухайн осол нь замын далан гүүрэн байгууламжаар өнгөрөх хэсгийн ертөнцийн зүгээр хойд талд буюу шүүгдэгч Б.*******ын хойноос урагш чиглэлтэй явж байсан замын урсгалаас жолооны хүрдээ баруун гар тал руу эргүүлэх боломжгүй, хэрэв эргүүлсэн бол гүүрэн далан дээрээс унаж осолд орох аюултай нөхцөл байдал үүсэхээр байсан.
Харин хохирогч Э.*******ийн хувьд тээврийн хэрэгсэл нь тухайн гүүрэн далангийн байгууламжийг өнгөрөөд гарчихсан байхад шүүгдэгч Б.******* нь замын хагархайг тойрч гарах үйлдэл хийхдээ эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс эсрэг урсгалаар зорчиж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь тогтоогдсон.
Шүүх яллагдагч Б.*******ын хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй өгсөн мэдүүлэгт үндэслэж, “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхийн цагаатгах тогтоолдоо хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтын агуулгыг дурдаж хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ямар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн нь тодорхойгүй байна.
Мөн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлтийг нотлох баримтуудаар няцаан үгүйсгэж, ямар үндэслэлээр яллагдагч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй байна.
Учир нь шүүх хэрэгт цугларсан ямар нотлох баримтын аль агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, тухайн нотлох баримтууд нь яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт дурдаагүй байх тул хууль зүйн үндэслэлгүйгээр цагаатгасан байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх 2026 оны 01 сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/ дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.
Иргэний нэхэмжлэгч “******* ******* зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Б.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын ******* дэх км-т хатуу хучилттай замаар *******- ӨМҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12 заалтад заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадын тойрон гарах , тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. мөн 1.10 , 1.11 тэмдгээр анхааруулсан ypуy буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ӨМЕ улсын дугаартай автомашиныг мөргөж жолооч Э.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь 1-р ХХ-ийн хэргийн 19-22-р тал Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл; 23-р тал Осол гарсан газарт хэмжилт хийсэн бүдүүвч; 24-р тал- Осол тогтоосон акт; 25-35-р тал- Осол гарсан хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт; -53-р тал Хохирогч Э.*******оос авсан мэдүүлэг; 56-57-р тал Б.ийн өгсөн гэрчийн мэдүүлэг, 60-61-р тал Э.ын өгсөн гэрчийн мэдүүлэг, 64-р тал Л.ын өгсөн гэрчийн мэдүүлэг, 105-106-р тал Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт, 1-114-р тал Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 01 дүгээр сарын -ний өдрийн 87 дугаартай дүгнэлт, 121-122-р тал ӨМЕ улсын дугаартай авто машиныг 112 960 000 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээний тайлан, мөн шинжээчийн дүгнэлтүүдээр зам тээврийн осол хэний буруутай үйлдлийн улмаас гарсан нь тодорхой харагдана.
Энэ зам тээврийн ослын талаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2024/ШЦТ/132 дугаар бүхий шийтгэх тогтоолоор мөн дээрх нотлох баримтуудыг үндэслэн Б.*******ыг гэм буруутайд тооцож байсан. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь шүүхэд итгэх итгэл үнэмшлийг бүрэн үгүй хийж байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож дүгнэлт гаргана гэсэн. Энэ ажиллагаа мөн хийгдсэн.
Б.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүхээс гарч буй шийдвэр нь хохирогчийг болон компанийг хохироосон дээр нь хохироож байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/ дугаар бүхий цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүхээс цагаатгах шийдвэр гаргахдаа ямар нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчийг цагаатгаж байгаагаа үндэслэл бүхий тайлбарлаагүй буюу хэрэгт авагдсан, цугларсан нотлох баримтуудаас ямар нотлох баримтын аль хэсгийг үндэслэж шийдвэр гаргаж байгаа талаар огт дурдаагүй.
Хэрэг учрал болсон цаг хугацаанд Э.******* нь Хово маркийн ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, харин эсрэг урсгалд орчиж байсан тээврийн хэрэгслүүдэд зам тавиад өгөхөд түүний өмнөөс Норд бенз маркийн *******- ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь эсрэг урсгалаас хурдтай орж ирсэн. Энэ нь хэрэгт авагдсан бүхий л бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх болсон нөхцөл байдалд буруу үнэлэлт дүгнэлт хийж зөвхөн Б.*******ын шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Шүүх нь яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нотлох баримт болгохгүй, шүүгдэгч яллагдагчийн мэдүүлгээр хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг үгүйсгэхгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлээс тус тус шалтгаалсан болох нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Хоёр дугаар хавтаст хэргийн 225-229 дугаар талд авагдсан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Э.*******ийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Харин хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслүүдийн эвдрэлийн байдал зэрэгтэй танилцахад Beiben north benz ND4250 маркийн *******- ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Б.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12 “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах, тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, жолооч Б.******* нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10.12 заалт зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болжээ... гэж дүгнэсээр байтал тухайн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг огт авч хэлэлцээгүйгээр шийдвэр гаргасан. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж шийдвэрлэж байгаа боловч хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгаагаа тодорхой дүгнээгүй.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж хуулийг ноцтой зөрчсөн.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/ дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.
Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Одоогоор би эрүүл мэндийн байдлаасаа болоод эрхэлсэн тодорхой ажилгүй , орлогогүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байна. Би 1 настай хүү болон 3 настай охин, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг. Эхнэр бид хоёр ажилгүй гэртээ байдаг. Саяхан эхнэр ажилд орсон учир би хоёр хүүхдээ харж байна. Биеийн байдал ачаалал даах чадвар муутай ослоос болоод өвдөгний үе яс ургалттай гээд удаан гишгэж алхах үед зовуурьтай байгаа. 6 сая төгрөгөөр үений хагалгаанд орох заалттай учир санхүүгийн асуудалтай хүүхэд багачууд маань бага учир амьдрал маань хүндхэн л байна.
Б.******* гэм буруугаа хүлээхгүй хохирогчийг буруутай болгож байгаа нь ёстой л түүний өмгөөлөгчийн хэлдгээр буруу жишиг тогтож байна. Нотлох баримтуудыг үл авч хэлэлцэн үгийн уран яруу хэллэг шүүхэд өрөвдүүлэх гэсэн тоглолтоор шүүхийн шийдвэрт нөлөөлж байгаа нь харамсалтай байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/ дугаар бүхий цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Хэргийн тухайд хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийсэн. Бид бүхэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлсэн. Мөн 60 хоногийн хугацаанд хийвэл зохих ажиллагаануудыг хийгээд хэргийг шийдвэрлүүлсэн. Цагаатгах тогтоол гарсантай холбоотойгоор нотлох баримтуудыг үгүйсгэх цаасан нотлох баримт байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэв.
Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нүүрс тээврийн авто замын ******* дэх километр дээр явж байхад өөдөөс хоёр тэрэг урсгал сөрж орж ирсэн. Эхний машинд замынхаа хөвөөр рүү шахагдаж зам тавьж өгөөд зөрж өнгөрөх явцад Б.*******ын ногоон толгойтой нордын кабин орж ирээд намайг харангуутаа өөрийнхөө эгнээ рүүгээ дарж ороод чиргүүлийнхээ булангаар намайг мөргөсөн байдаг.
Энэхүү хэрэг шийдэгдэхгүй, намайг хохирсон дээр нь хохироож, ажил төрөлгүй, амь амьдралгүй болгож, бүхэл бүтэн хүний амьдрал ингэж зогсоочхоод Э.******* ирээд мөргөчихсөн, би зөв эгнээндээ явж байсан гэсэн ойлголтоор та бүхэнд ойлгуулж байгаад харамсалтай байна. Иймд та бүхэн энэ хэргийг анхан шатны шүүх рүү нь буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б.******* хэлэхдээ тэр саадыг тойрч гарахгүй байсан бол өөрөө амь эрсдэх, амьгүй болох байсан гэж ярьж байна. Өөрөө бэртэхгүй гарч байвал бусад хүн хамаагүй гэсэн байдлаар байнга тайлбар өгдөг гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн байна. Осол болсон нь тодорхой байхад дахин дахин хэргийг сунжруулах шаардлагагүй гэж үзсэн. Тиймээс энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээврийн цагдаагийн газраас энэ осолд Б.******* буруутай гэсэн дүгнэлт гарсан байхад энэ хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаад манай жолоочид учирсан эрүүл мэндийн хохирол, компанид учирсан эдийн засгийн хохирлуудыг төлүүлэхгүй өдий хүртэл явж байгаад гомдолтой байна гэв.
Цагаатгагдсан этгээд Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэн зөвөөр шийдвэрлэсэнд баярлаж байгаа. Би хохирогч гээд явж байх ёстой байсан. Хэргийн газрын үзлэгээр авагдсан зураг нь байгаа. Тойрч гаргах саадан дээр нь би өөрийнхөө урсгал дээр мөргүүлсэн байхад энэ хүмүүс намайг буруутай гээд байгаад би их гомдолтой байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан баримтуудыг нэг бүрчлэн няцаасан үйл баримт байхгүйгээр цагаатгаж шийдвэрлэж байгаа нь хууль бус гэдэг байдлаар тайлбарласан.
Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа дүгнэлтдээ энэ хэргийг нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчим яригдах байх гэж хууль хүнийхээ хувьд үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс нотлох талын бүх ажиллагааг хийсэн боловч хангалттай баримтаар тогтоогдсонгүй гэж үзэж цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор В.Төгсбаярын эсэргүүцэл болон хохирогч Э.*******, иргэний нэхэмжлэгч “******* ******* зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал нарын давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3-р баг, нүүрс тээврийн авто Замын ******* дэх километрт *******- ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12 заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ӨМЕ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх: Б.*******од холбогдох 23290035037 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******ыг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч Э.*******, иргэний нэхэмжлэгч “******* ******* зам” ХХК-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх агуулгаар хяналтын прокурор В.Төгсбаяр эсэргүүцэл, хохирогч Э.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нар нь тус тус давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.”-ийг тайлбарлан дүгнэнэ.
Яллах дүгнэлтэд гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.*******, гэрч Б., Э., Л. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1324 дугаартай дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар Б.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлж, улмаар улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд дээр дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтээ гаргажээ.
Анхан шатны шүүх улсын яллагчийн яллаж байгаа дээрх нотлох баримтуудыг хэрхэн няцааж үгүйсгэж байгаа талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтаар тооцохгүй байх, үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тайлбарлаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлохгүйгээр цагаатгах тогтоол гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг зөрчсөн тул хяналтын прокурорын эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудыг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж шийдвэрлэв.
Цагаатгагдсан этгээд Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгосон ба хуулийн зүйл, заалтыг тодруулаагүй алдаа байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/90 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Б.Бартогтоход холбогдох 232900350037 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бартогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА