Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч Л.Энхтүвшин нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Лхагвадоржийн Энхтүвшинд холбогдох 1811008320342  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөр монгол ресторанд зөөгч ажилтай, ам бүл 5, ах, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1196г тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвадоржийн Энхтүвшин, (РД:УХ97081052),

нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Оюунбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Л.Энхтүвшин нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Энхтүвшин мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

             Л.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:- Уг эмэгтэй жолоочийн хажуу талын сандал дээр сууж явж байхдаа янз янзын юм яриад байхаар нь дуугүй болгох гээд “намайг Түвшин гэдэг би Хайлаастын атаман намайг таних уу” гэж асуухад уг эмэгтэй миний өөдөөс салаавч гаргаад байхаар нь би хэрэлдэхэд намайг маажаад авахаар нь хүүхний гар утсаар духны хэсэг, нуруу хэсэгт нь цохиход эмэгтэй уурлаад машины урд талын салхины шилийг өшиглөхөөр нь машинаа зогсоосон. ...Тухайн үед Оюунбатын духнаас цус гарч байсан. ...Оюунбатын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

             Хохирогч А.Оюунбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... Баарнаас гараад замын хажууд такси барих гээд зогсож байхад улаан өнгийн хүрэм өмссөн залуу хаашаа явах вэ гэж асуухад Хайлааст орно гэж хэлэхэд би бас Хайлааст орно манай машинд суучих гэхээр нь би тэр залуугийн машинд суусан. Намайг машинд суухад 2 залуу байхаар нь "өө хүнтэй юм уу" гэж хэлэхэд нөгөө залуу нь "зүгээрээ зүгээр" гэж хэлэхээр нь би суугаад явсан. ...Машины ард сууж явсан Түвшин гэх залуу намайг Хайлаастынх юмуу гэж асуухаар нь би тиймээ Хайлаастынх гэж хэлэхэд намайг асуугаарай гэхээр нь чамайг хэн гээд хэнээс асуугаад явдаг юм бэ гэж хэлээд өөдөөс нь салаавч гаргахад яг Хайлааст эргэдэг зам дээр явж байхад миний араас Түвшин үсдээд дарахаар нь би халааснаасаа гар утсаа гаргатал уг залуу миний гар утсыг булааж аваад дух руу нэг удаа утсаар цохисон. ...Утсаар цохиход миний духнаас цус гарсан. Миний биед духны баруун хэсэг хагарсан, 2 нүд хөхөрсөн. зүүн талын хацар хавдсан, дүүн талын хавирга хөхөрсөн, баруун талын гуя хөхөрсөн байна. ...Л.Энхтүвшингээс эмчилгээнд 120.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

Гэрч Ө.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Энхтүвшин цуг явсан хүүхэнтэй хэрэлдэж байснаа гэнэт нэг нэгнийгээ цохиж авахаар нь Ууганааг машинаа замаас гарга гэж хэлэхэд нөгөө хүүхэд машины цонх руу хөлөөрөө өшиглөөд байхаар нь хөлөөс нь барьж болиулсан. Тэгээд бид нар машинаа замаас гаргаж зогсооход тэр эмэгтэйн нүүрнээс цус гарсан байхаар нь Ууганаа бид хоёр эмнэлэг явья гэхэд тэр эмэгтэй эхлээд цагдаагаар оръё гээд цагдаагийн хэлтэс рүү орсон. Эргүүлийнхэн явж Энхтүвшинг машинаас авчирсан. ...Энхтүвшин Оюунбатын дух руу гар утсаар цохьсон гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.19-ний өдрийн ¹3700 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.А.Оюунбатын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алимны салстын цус харвалт, цээж, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.          

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Л.Энхтүвшин нь согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор явж байхдаа А.Оюунбаттай маргалдаж, түүнийг зодсоноос хохирогчийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний алимны салстын цус харвалт, цээж, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Оюунбатын “Баарнаас гараад машинд суусан. ...Машины ард сууж явсан Түвшин гэх залуу намайг Хайлаастынх юмуу гэж асуухаар нь би тиймээ Хайлаастынх гэж хэлэхэд намайг асуугаарай гэхээр нь чамайг хэн гээд хэнээс асуугаад явдаг юм бэ гэж хэлээд өөдөөс нь салаавч гаргахад миний араас Түвшин үсдээд дарахаар нь би халааснаасаа гар утсаа гаргатал уг залуу миний гар утсыг булааж аваад дух руу нэг удаа утсаар цохисон. ...Утсаар цохиход миний духнаас цус гарсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Бямбадоржийн “Энхтүвшин цуг явсан хүүхэнтэй хэрэлдэж байснаа гэнэт нэг нэгнийгээ цохиж авахаар нь Ууганааг машинаа замаас гарга гэж хэлэхэд нөгөө хүүхэд машины цонх руу хөлөөрөө өшиглөөд байхаар нь хөлөөс нь барьж болиулсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.19-ний өдрийн ¹3700 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн “Л.Энхтүвшингээс эмчилгээнд 120.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх бичгийн хүсэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Боржигон овогт Лхагвадоржийн Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүгдэгч нь торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд 160.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Лхагвадоржийн Энхтүвшинг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхтүвшинг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхтүвшиний торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхтүвшин нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхтүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ