| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2529003760199 |
| Дугаар | 2026/ДШМ/14 |
| Огноо | 2026-03-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2026/ДШМ/14
М.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Ахлах прокурор Э.Наранхүү /цахим,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Номинчулуу /цахим/,
Шүүгдэгч М.******* /цахим/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Номинчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.*******д холбогдох 2529003760199 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө "Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3-р багийн нутаг дэвсгэрт ******* хотхоны ажилчдын байрны гадаа Т.*******тай маргалдан муудалцаж улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодсоны улмаас биед зүүн хоншоор ясны урд, ар хана, зүүн нүдний ухархайн ар, доод, дээд хананд цөмөрсөн нийлмэл хугарал, уг хугарлаас арагш дух яс руу үргэлжилсэн ташуу шугаман хугарал, зүүн хацар ясны нумын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, хоёр өвдөг, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь М.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдэж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь хохирогч Т.*******ын эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 13,620,000 төгрөгийг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 3,361,471 төгрөгийг төлсөн, хохирогч Т.******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Номинчулуу давж даалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд нуулгүй эхнээс нь үнэнч шударгаар хэлж мэдүүлсэн, гаргасан алдаа, гэм буруутай үйлдэлдээ харамсаж, хохирогчийн эмчилгээ болон ахуйн хэрэглээний хохирол төлбөр, сэтгэл санаанд учирсан хохиролд 13,620,000 төгрөгийг төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол төлбөрт 3,361,471 төгрөгийг төлж, хор уршгийг арилгахаар хичээн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүйгээр цагдаа прокурор, шүүхийн дуудсан тухай бүрд бэлэн байж, дэмжлэг үзүүлэн оролцсон байна.
Энэ нь М.******* өөрийн гаргасан алдаа, гэм буруугаа ойлгож, ухамсарлан, залруулах гэж хичээснийг харуулж байна. Иймээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан:
Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах; гэх хуулийн нөхцөлийг бүрэн хангасан байна. Иймд тухайн зүйлд заасан доод ялын хоёрны нэгт заасан хэмжээгээр буюу 5 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага ногдуулж өгнө үү.” хэмээн саналаа гаргасан.
Гэвч анхан шатны шүүхээс гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд яагаад хүлээн авах боломжгүй, хүлээн авахгүй байх ямар нөхцөл бүрдсэнийг тайлбарлаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
М.******* нь одоо 30 настай, уул уурхай хүнд машин механизмын салбарт 13 жил ажилласан. Энэ хугацаанд хэрэг зөрчил гаргаж, бусдын бие эрх чөлөөнд халдаж байсан удаагүй бөгөөд анх удаа хэрэгт холбогдсон, ам бүл 9, гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хөдөлмөрийн насны гишүүн юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж заасан М.*******н үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин ч хөнгөрүүлэх 2 төрлийн нөхцөл байдал тогтоогдсон байхад тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг ердийн журмаар оногдуулсан нь хууль тогтоогчийн заасан “хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулан шударгаар хэрэгт хандсан бол шүүхээс энэрэнгүй хандах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үзэж” шийдвэрлэх талаарх Эрүүгийн хуульд хуульчилсныг хэрэгжүүлсэн шийдвэр болж чадаагүй.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байхад хэрэглэлгүй шийдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр шийдсэнийг харуулж байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу өөрчлөлт оруулж, М.*******д Эрүүгийн хуулийн 6.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй’’ ялыг оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгүүдэд 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх зохицуулалт биш буюу үүнийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үлдээсэн мэтээр өмгөөлөгчөөс тайлбарууд гаргасан нь үндэслэлгүй.
Ял оногдуулахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон императив шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг.
Мөн эрх олгосон диспозитив шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 ч гэдэг юм уу, жишээлбэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэдэг. Дээрх зохицуулалт нь шүүх эрх мэдлийн асуудал боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг.
М.*******д холбогдох хэргийн тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэдэгт нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь хохирогч Т.*******ын мэдүүлэгт М.******* нь зодолдоно гээд дайраад байсан. Тэгээд намайг цамцаар заамдаж боогоод нүүрний зүүн хэсэгт 3 удаа мөргөөд, нүүр рүү цохиод, зузаан гуя хэсэгт өшиглөөд, дугтарч унагаагаад учир зүггүй зодож эхэлсэн. Тэгээд би үүнийг болиулаач, намайг аллаа гэж орилоод хэсэг зуур миний ухаан балартаад сэрсэн гэх мэт хохирогчийн мэдүүлгүүдээр М.******* нь дахиж зодох гэж дайраад байдаг. Хэд хэдэн удаагийн үйлдлээр энэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тухайн үед өөрийнхөө биеийг удирдан жолоодох чадваргүй, согтууруулах ундаа хэрэглээгүй бүх зүйлийг болсон үйл явдлыг сэргээн тусгаж мэдүүлдэг.
Мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүнд хохирлыг учруулдаг. Шууд бус санаатай үйлдлээр, эсвэл болгоомжгүй үйлдлээр хүнд хохирол учруулсан бол магадгүй шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэл шударга ёсны зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийн хувьд хохирогчид учирсан хохирол нь хэрэгт шинжээчийн дүгнэлтээр зүүн нүдний ухархай, дагз, дээд доод хананы цөмөрсөн нийлмэл хугарал гэх мэт хохирлууд нь нийлээд олон удаагийн үйлдлээр амь насанд аюултай гэмтэл гээд заачихсан. Энэ хэрэг дээр улсын яллагч шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлт дээрээ 3 жилийн хорих оногдуулъя. Хүний амь нас тэнссэн хүнийг зодсоор байгаад хүнд хохирол учруулж байгаа энэ үйлдэлд 3 жилийн эрүүгийн хариуцлага оногдуулъя гэдэг. Гэтэл анхан шатны шүүх 2 удаагийн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, дээрээс нь хохирлоо бүрэн төлсөн байна. Хохирогчтой эвлэрээд эрүүл мэндэд учирсан хохирлыг л төлсөн болохоос биш хүний эрүүл мэндэд учирсан тэр хор уршиг бүрэн арилж гүйцээгүй. Тухайн хүний тархи толгой нь хагарч цуурсан бол тэр нь өвдөж зовдог. Биологийн хувьд удамшаад эмчлэгдэхгүй явдаг.
Шүүгдэгч нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Барилгын ажил зун, хавар, намар их байдаг учраас 15,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлье гээд энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Болгоомжгүй, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг дээр хүмүүс 5,000,000 төгрөгөөр торгуулдаг. Ингээд үзэхээр хүнд хохирол учруулсан хүн жишээлбэл Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хоёр нэг ижил хэмжээний үнийн дүнгээр торгуулаад байвал шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Номинчулуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч М.******* нь 2025 оны 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө ******* сум, ******* хотхоны гадаа хууль хууль бус үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч, хэргээ шударгаар хүлээдэг. Мөн хохирогчид учирсан хохирлыг өөрөөр нь тодорхойлуулах боломжийг олгоод тодорхойлсных нь дагуу хохирлыг нь бүрэн гүйцэд барагдуулаад, мөн улсад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд төлсөн байдаг.
Энэ нөхцөл байдал дээр өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхэд саналаа оруулахдаа Монгол Улсын иргэн анх удаа гэмт хэрэг үйлдээд, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн учраас эдэлж болох хууль зүйн боломжийг нь эдлүүлээд эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс хүлээж аваагүй талаар шүүхийн шийдвэртээ тодорхой дурдаагүй учраас давж заалдах заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Өмгөөлөгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, үнэнээ хүлээгээд чадах чинээгээрээ цалингаа хуримтлуулаад хохирлоо төлсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг харахад хэрвээ учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд түүнд оногдох хариуцлага нь 50%-аар буурах буюу ялын 1/2-ээр оногдуулж болно гэж заасан. Гэтэл хохирлоо бүрэн төлсөн хэрэг дээр шүүх ял оногдуулахдаа 15 мянган нэгж буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болоогүй гэж үзэж байна.
Үйлчлүүлэгч маань хохирлоо хичээгээд төлсөн байхад хууль зүйн боломжоо эдэлж чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал болон хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдох хариуцлагыг хөнгөрүүлж өгөх эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зүйн боломжийг нь эдлүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 15,000,000 төгрөгийн торгуулийг нэг жилийн хугацаанд гэхээр хугацаа нь богино санагдаж байна. Би улирлын чанартай ажил хийдэг учраас ажилгүй байх хугацаандаа хэрэглэх зорилготой байсан мөнгөнүүдээ бүгдийг нь нэгтгэж сая хохирогчийнхоо хохирлыг барагдуулсан.
Гэхдээ манай гэрт надаас гадна 8 хүн байдаг. Тэр хүмүүс дотроо би ганцаараа ажил хийдэг. Нэг жилийн хугацаанд төлөгдөх шаардлагатай хэмжээг нь багасгаж өгнө үү. Эсвэл хугацааг нь уртасгаж өгнө үү гэж хүсмээр байна. 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөхөд хэцүү байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч М.Номинчулууны гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө "Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3-р багийн нутаг дэвсгэрт ******* хотхоны ажилчдын байрны гадаа Т.*******тай маргалдан муудалцаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь М.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө "Өмнөговь аймгийн ******* сумын ******* 3-р багийн нутаг дэвсгэрт ******* хотхоны ажилчдын байрны гадаа Т.*******тай маргалдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Т.*******ын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тэгээд тухайн барнд ахин нэг шил архи авч ууцгаасан тэгээд тухайн баарнаас манай ажлынхан явцгаагаад би ганцаараа бүжиглээд үлдсэн. Тэгтэл удалгүй М.******* орж ирээд нөгөө хэд явчихлаа гээд намайг авч гараад нөгөө хэдийнхээ хойноос зам дагаад М.*******тай алхаж байсан тэгтэл ямар ч шалтгаангүй намайг баруун гараараа элэг рүү нэг удаа хүчтэй цохиод би унаад бөөлжиж эхэлсэн. Тэгээд хамт яваад байрны гадаа очоод машины зогсоол дээр байхад чи над руу томорсон, чи намайг чамайг цохиж чадахгүй гэж бодсон уу? гэх мэтээр шалтаглаж намайг зодох гэж дайраад чи намайг нэг цохичих гээд байсан. Тэгэхэд нь би цохилгүй юу яриад байгаа юм бэ би ердөөсөө хүн амьтан цохихгүй би чамтай муудмааргүй байна гэдгээ хэлтэл намайг хавсарч унагаагаад нуруу хэсэгт 1 удаа хүчтэй өшиглөсөн. Намайг буцаж татаж босгоод миний нүүр лүү зүүн гараа 1 удаа баруун шанаа хэсэгт хүчтэй цохисон тэгээд зүүн шанаа руу баруун гараараа 5-6-н удаа хүчтэй цохихлоор нь түлхээд өөрөөсөө холдуулаад би хүн дуудлаа гэхэд яасан чи ахыгаа дуудах гэж байна уу? гэсэн. Тэгэхээр нь би тэгнээ би ахыгаа дуудна би орж амармаар байна чамтай маргалдмааргүй байна гэхэд М.******* намайг оруулахгүй дахиж зодох гээд дайраад байсан, тэгээд би зодох гээд байхаар нь ажлын газрын Түвшинбат, ******* гэх 2 ахыгаа дуудсан тэгтэл М.******* намайг зодох гээд дайраад байхаар нь ******* ах хэсэг болиулах гэж оролдсон тэгсэн ч М.******* дайраад байсан тул ******* ах хорихоо болиод М.******* тайвшраад ******* ах бид 2 зэрэгцээд замын бордуур дээр сууж байтал М.******* миний урд зогсож байгаад баруун гараараа дагз хэсэгт нэг удаа хүчтэй цохиход нь би яагаад цохиод байгаа юм бэ гээд нүүрээ дараад доош тонгойсон байдалтай сууж байхад миний нүүр хэсэгт 1 удаа хүчтэй өшиглөж би хойшоогоо унасан, тэгээд намайг яагаад зодоод байгаа юм бэ би орж амармаар байна гэж гуйсан. Тэгтэл хэсэг байж байтал ******* ах та 2 ингэж байхаар шууд үзчих гэсэн тэгэхэд нь би хүнтэй зодолдохгүй гэхэд М.******* зодолдоно гээд дайраад байсан тэгээд намайг цамцаар маань заамдаж боогоод нүүрний зүүн хэсэгт 3 удаа мөргөөд, нүүр лүү цохиод, зузаан гуя хэсэгт өшиглөөд дугтарч унагаагаад учир зүггүй зодож эхэлсэн тэгээд би энийг болиулаач ээ намайг аллаа шдээ гээд орилоод хэсэг зуур миний ухаан балартаад сэртэл намайг *******, ******* 2 шатаар 2 талаас чирээд гэр лүү маань оруулж байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Гэрч Д.*******ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “...М.******* Т.*******ын толгой руу нь 2 удаа мөргөх шиг болоод дахиад Т.*******ын хувцаснаас нь заамдаж байгаад нүүр рүү 2-3 удаа аль гараараа гэдгийг нь сайн мэдэхгүй байна цохиод хөл рүү бас өшиглөх шиг болсон. Тэр үед Т.*******ын хамраас нь цус гарсан байхаар нь би тэр хоёрын голоор нь ороод салгаад Т.*******ыг М.******* бид 2 өрөө рүү оруулж өгөөд орон дээр нь хэвтүүлээд М.******* бид 2 өрөө өрөөндөө амрахаар орсон...” “...М.******* нь Т.*******ын биед халдаж гэмтэл учруулсан М.******* аль гараараа гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан нүүр рүү 2-3 удаа цохисон мөн толгой руу нь 2 удаа мөргөж аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна хөл рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0725/9746 дугаартай “...1.Т.*******ын биед зүүн хоншоор ясны урд, ар хана, зүүн нүдний ухархайн ар, доод, дээд хананд цөмөрсөн нийлмэл хугарал, уг хугарлаас арагш дух яс руу үргэлжилсэн ташуу шугаман хугарал, зүүн хацар ясны нумын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, хоёр өвдөг, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний ӨМГ0825/025 дугаартай “...1.*******ийн *******ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Номинчулуу “...Эрүүгийн хуулийн 6.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй’’ ялыг оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгүүдэд 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан.
Шүүгдэгч М.******* нь торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь хорих ялаар шийтгэгдсэн хүнд хамааралтай байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас дүгнэхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, хохирогчийн “Миний бие М.*******д одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд М.******* нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, уучлал гуйсан тул М.*******д хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” /хавтаст хэргийн 142 дугаар хуудас/ гэх хүсэлт зэргийг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Номинчулууны “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дэх заалтад “15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр” гэснийг “10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр” гэж,
3 дахь заалтад “15,000,000 төгрөгөөр” гэснийг “10,000,000 төгрөгөөр” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА