Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

            Шүүгдэгч М.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Мөнхөөгийн Отгонбаярт холбогдох 1811006190247 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-нд хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэр ахуйн цахилгаан барааны засварчин мэргэжилтэй, АПУ ХХК-ийн Аюулгүй байдлын албанд хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 72 дугаар гудамж 801 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 432 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхөөгийн Отгонбаяр, (РД: У382010111),

нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 хороо Сургуулийн 20-329 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Бадмаарагийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

М.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:-2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Бадмаарагтай маргалдаад Чингэлтэйд ах Гүнжаргалын гэрт очиж хоночихоод маргааш өдөр нь гэртээ ирсэн чинь эхнэрийн уур гараагүй, чи яах гэж ирсэн юм, манайхаас зайл гээд уурлаад байсан. Тэгээд үүнээс болж маргалдаад Бадмаараг над руу дайраад хувцаснаас зуурахаар нь гараараа нэг удаа нүүрний зүүн хэсэгт цохьсон юм. ...Би Бадмаарагтай гэр бүлийн баталгаа байхгүй 2015 оны 6 дугаар сараас нэг гэрт амьдрах болсон дундаасаа 2 настай нэг охинтой. ...Би цохиж зодсон байсан юм байхгүй, 2017 онд хамт архи ууж байгаад охиныг зодохоор нь уурандаа нэг удаа алгадсан, өөр зодож цохисон асуудал байхгүй. ...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэжээ.

Хохирогч Б.Бадмаараг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед өөрийн 2 настай охин Билгү-Үжин, хүргэн дүү Энхтүвшин нарын хамт гэртээ байж байтал манай хамтран амьдрагч Отгонбаяр гаднаас согтуу орж ирсэн. Согтуу гаднаас орж ирээд та нар яагаад цагдаа дууддаг юм, та нар намайг миний охиноос салгаж чадахгүй шүү гээд гал тогооны шүүгээний шургуулга дотор байсан хутга аваад ална шүү гээд над руу дайраад байсан. Тэгээд би согтуу хүн яаж ч магадгүй гэж бодоод охиныхоо хажууд зогсож байтал Отгонбаяр хутгаа шүүгээ рүү хийчихээд, эргэж хараад баруун гараараа миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд миний зүүн нүдний доод хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд зүүн нүдний доод хэсэгт 2 см ангайж шалбарсан байсан, уг шарханд 3 оёдол тавиулсан. Одоо миний зүүн нүд хөхөрч хавдсан, оёдол болон толгойгоор өвдөж байна. Би Отгонбаяртай 2015 оны 6 дугаар сараас хойш гэр бүл болж хамтран амьдарч байгаа. Гэр бүл болсноос хойш 3 жил амьдрах хугацаанд 5-6 удаа бол намайг зодож байсан. Одоо бодоход 2016 оны 08 дугаар сард зодож миний дух руу цохиж байсан. 2016 оны 12 дугаар сард бас согтуу маргалдаж байгаад нүүр рүү цохиж баруун шанаа хөхөрч байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө аавуудын баяраар архи уучихсан ирээд согтуу агсам тавьж байгаад миний хамар руу цохисон. Тэгээд хамар болон баруун нүд хөхөрч байсан. Энэ тохиолдлуудад хуулийн байгууллагад гомдол гаргаж явж байгаагүй гэжээ.

Гэрч Б.Булган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- Отгонбаяр ахынд ортол Отгонбаяр ах Бадмаарагийн нүүрэнд нь гараараа цохиод цус гаргачихсан байсан юм. Отгонбаяр ахыг яг цохихыг хараагүй намайг ортол Бадмаараг эгч уйлчихсан цусаа арчаад зогсож байхаар нь цагдаа дуудсан юм гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.26-ны өдрийн ¹2839 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Б.Бадмаарагийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн алимны салст, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

            5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.Отгонбаяр нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 хороо Сургуулийн 20-329 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Бадмаарагийг зодсоноос хохирогчийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, зүүн алимны салст, нуруунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “…Отгонбаяр гаднаас согтуу орж ирээд та нар яагаад цагдаа дууддаг юм, та нар намайг миний охиноос салгаж чадахгүй шүү гээд гал тогооны шүүгээний шургуулга дотор байсан хутга аваад ална шүү гээд над руу дайраад байсан. Тэгээд би согтуу хүн яаж ч магадгүй гэж бодоод охиныхоо хажууд зогсож байтал Отгонбаяр хутгаа шүүгээ рүү хийчихээд, эргэж хараад баруун гараараа миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд миний зүүн нүдний доод хэсгээс цус гараад эхэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Булганы “…Отгонбаяр ахынд ортол Отгонбаяр ах Бадмаарагийн нүүрэнд нь гараараа цохиод цус гаргачихсан байсан юм. Отгонбаяр ахыг яг цохихыг хараагүй намайг ортол Бадмаараг эгч уйлчихсан цусаа арчаад зогсож байхаар нь цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.26-ны өдрийн ¹2839 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Мөнхөөгийн Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч М.Отгонбаярын торгох ялыг түүний саналаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогчоос “Би Отгонбаяртай 2015 оны 6 дугаар сараас хойш гэр бүл болж хамтран амьдарч байгаа. Гэр бүл болсноос хойш 3 жил амьдрах хугацаанд 5-6 удаа бол намайг зодож байсан. Одоо бодоход 2016 оны 8 дугаар сард зодож миний дух руу цохиж байсан. 2016 оны 12 дугаар сард бас согтуу маргалдаж байгаад нүүр рүү цохиж баруун шанаа хөхөрч байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө аавуудын баяраар архи уучихсан ирээд согтуу агсам тавьж байгаад миний хамар руу цохисон. Тэгээд хамар болон баруун нүд хөхөрч байсан. Энэ тохиолдлуудад хуулийн байгууллагад гомдол гаргаж явж байгаагүй” гэж мэдүүлж байжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг шинээр гэмт хэрэгт тооцож, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, нөгөө талаар хохирогчийг 2017 оны 8 дугаар сард зодож байсан гэх тул шүүгдэгчийн үйлдэлд 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжгүй учир шүүгдэгчид мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүгдэгч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, сард 550.000-600.000 төгрөгийн цалинтай тул торгох ялыг хэсэгчлэн төлөх тухай саналыг шүүхэд гаргасныг хүлээн авах боломжтой гэж үзлээ. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхөөгийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаярын торгох ялыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонбаяр нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ