| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2429003240009 |
| Дугаар | 2026/ДШМ/15 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/15
Н.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Хяналтын прокурор Э.Наранхүү /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг /цахим/,
Шүүгдэгч Н.******* /цахим/,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар /цахим/,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Төгсбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нарын гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 28-ны хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/279 дугаартай тушаалаар Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “******* Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх",
мөн зүйлийн 37.1.2 дахь хэсэг "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг,
Мөн Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх", 274.2.1 дэх хэсэгт "өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хуний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх", 274.2.2 дахь хэсэгт "гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хуний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх гэснийг, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан "Гаалийн хяналтын бүс баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах", "Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах" гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “******* ******* ******* *******” ХХК-ийн импортолсон "******* " ХХК-ийн мэдүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14-2201001-22-130172К дугаартай 4 чингэлэг ачаа бараанд хяналт шалгалтыг хийлгүйгээр ******* Улсын Хилээр нэвтрүүлэн улмаар гаалийн татварт 50,006,499.74 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын шүүх:
Прокуророос шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,
Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын нийтийн албанд томилогдох эсхүл сонгогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан иргэний хариуцагч “******* монгол ******* *******” ХХК-аас 23,914,155.23 төгрөгийг, иргэний хариуцагч “******* ” ХХК-аас 23,914,155.23 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан нийтийн албанд томилогдох эсхүл сонгогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн тухайд: Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө шүүгдэгч Н.*******ын мэдүүлэг, түүний өмгөөлөгч Ц.Батзоригийн шүүх хуралд хэлсэн дүгнэлт, гэрч Н., Э. нарын мэдүүлэг гэсэн 4 нотлох баримтуудыг үндэслэн Н.*******ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтыг үгүйсгэж байна гэж дүгнэжээ.
1.1. Шүүгдэгч Н.*******ын мэдүүлгийн тухайд: Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай ахлах наадахаа түүвэрлэж болон ангилж ялгах чиг үүрэг өгсөн. 4 чингэлгийн 2 болон 4 дэх чингэлэг хаалга нь тал онгойх боломжтой байсан.” гэж мэдүүлсэн.
Дээрх мэдүүлгийг хэргийн бусад нотлох баримт, хэргийн үйл баримттай холбон дүгнэлт хийхэд чингэлгийн хаалга онгойлгох боломж төдийхнөөр шалтаглан Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1 дэх хэсэгт "энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх", 274.2.1 дэх хэсэгт "өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хуний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх", 274.2.2 дахь хэсэгт "гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хуний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх” гэснийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон болно.
Шүүгдэгч Н.*******ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.”, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй этгээд болохыг дурдах нь зүйтэй.
1.2. Гэрч Н.ийн мэдүүлгийн талаар: Түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед би тус газарт шинээр очоод анх удаагаа гарч байсан учир сайн нягтлан систем дээрээсээ нэг бүрчлэн тулгаж үзэхэд улсын байцаагч ******* биет шалгалт хийхээр хуваарилагдсан, мэргэжлийн хяналтын байцаагч нь тухайн автомашин дээр барилгын материал байсан гээд шалгалт хийхээр хуваарилагдсан. Миний бие тус хоёр байцаагч болох , ******* хоёрыг дуудаж уулзаад та хоёр хяналт шалгалтаа наад автомашиндаа нягталж сайн хийгээрээ мөн нэр төрлөөс нь татаж сайн нягталж, бичиг баримтыг тулгаж шалгаарай гээд амаар зааварчилга өгөөд гаргасан, түүнээс хойш тухайн автомашин болон хоёр байцаагчтай тулж харьцаагүй. Гэтэл дараа нь тус автомашинд үзлэг шалгалт хийгдсэн зөрчилгүй гээд мэдээллийн сан дээр гарч ирээд сан хаагдсан байсан. Тухайн мэдээллийн сан дээр тус автомашиныг шалгасан хоёр байцаагч өөрсдөө тэмдэглэл бичээд оруулсан байсан.”, “Тухайн ачаа бараанд гаалийн улсын байцаагч *******, мэргэжлийн хяналтын байцаагч нар нь ачаа бараанд биет шалгалтыг хийх үүрэгтэй... Гаальд мэдүүлсэн ачаа бараа нь гаалийн хяналтын бүсэд байсан бол нягтлан шалгаж үзээд зөрүүтэй эсэхийг шалгана хэрэв гаальд мэдүүлсэн бараа нь зөрүүтэй байвал дахин гаальд мэдүүлэх үүрэгтэй.
Мөн гаальд худал мэдүүлсэн үйлдэл дээр нь Зөрчлийн тухай хуульд зааснаар татварыг нөхөн төлүүлж, гаргасан нөхцөл байдлаас нь буюу нуун дарагдуулсан, тоо ширхгээ зөрүүлсэн зэрэг арга хэмжээнээс нь шалтгаалан Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцдог. Тухайн үед бол тийм асуудал байгаагүй, байцаагч нар хяналт шалгалтаа хийгээд программ дээр зөрчилгүй гэж тэмдэглэлээ үйлдсэн байсан... Миний бие гаалийн улсын байцаагч Н.*******т 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 99-38 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр импортлогдон орж ирсэн "******* монгол *******" ХХК-ийн 4 ширхэг чингэлэгт хяналт шалгалт хийх үүрэг чиглэл өгсөн...” гэж мэдүүлсэн байхад шүүх дээрх мэдүүлгийг шүүгдэгч Н.*******ыг “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт”-ыг үгүйсгэж байгаа мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, гэрч Н. нь ахлах байцаагчийн хувьд гаалийн улсын байцаагчид хяналт шалгалтыг сайн хийж, шалгах тухай албан зааварчилга, үүрэг чиглэл өгсөн, хяналтын улсын байцаагч нь бусдад давуу байдал бий болгосныг шууд нотолсон баримт бөгөөд харин энэ нь эрх бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласныг үгүйсгэсэн нотлох баримт биш юм.
1.3. Гэрч Э.Бат-Эрдэнийн мэдүүлгийн талаар: Шүүхийн шийтгэх тогтоолд дээрх хүний гэрчээр өгсөн мэдүүлэг нь албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласныг үгүйсгэсэн талаарх нотломжийг огт агуулаагүй байхад хэрэгт хамааралгүй үндэслэл дурдагдсан байна.
1.4. Өмгөөлөгч Ц.Батзоригийн дүгнэлтийн талаар: Шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх буюу шүүгдэгч Н.*******ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтыг үгүйсгэсэн баримтыг дурдахдаа шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзоригийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг дурджээ. Тэрээр хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг нь хангахаас татгалзаж хариуг өмгөөлөгчид өгсөн. Уг шийдвэрийг өмгөөлөгч эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй ба прокурорын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Өмгөөлөгч Ц.Батзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хүсэлт тайлбарыг дахин гаргахад шүүх хүлээн авч, прокуророос яллаж буй гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримтад дурдсан нь хэргийн үйл баримттай нийцээгүй бөгөөд өмгөөлөгч нь хэргийн үйл баримтыг нотлох, батлах буюу үгүйсгэх гэрчлэх этгээд биш юм. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хэргийн бодит байдлаас эрс зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн гэж дүгнэж байна. Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилсан.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасныг зөрчиж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой.
Шүүгдэгч Н.*******ын албан тушаалын тодорхойлолтод “Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах”, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулах, хураах” ажил үүргийг гүйцэтгэхийг тодорхой заасан. Н.******* нь гаалийн улсын байцаагчийн хувьд гаалийн хилээр орж ирсэн аливаа бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалтыг хийж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулах, хураах нь түүний хуулиар хүлээсэн үүрэг байна.
Гаалийн улсын байцаагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн хилээр оруулж ирж буй иргэн аж ахуйн нэгж ******* Улсын төрд төлбөл зохих татвар хураамж төлөгдөхгүй буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учрахыг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд уг албан үүрэгтээ хайхрамжгүй, хайнга хандах үндэслэлгүй эрх бүхий албан тушаалтан юм.
Иймд Н.*******ын гаалийн улсын байцаагчийн албан тодорхойлолтод заасан хяналт шалгалт хийж, гаалийн татвар ногдуулалгүйгээр бусдад татвар төлөхөөс зайлсхийх давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гурав. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.
Шүүх прокуророос нотлогдсон гэж үзэж яллаж буй хэргийн үйл баримтаас: “Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6. "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг "******* Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2 дахь хэсэг "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг зөрчсөн талаарх үйл баримтыг хэсэгчлэн авч “хөдөлбөргүйгээр нотлогдоогүй” хэмээн дүгнэлт хийхдээ ямар ч нотлох баримт дурдаагүй.
Энэ нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т: “...тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэж заасныг зөрчсөн.
Мөн энэ нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан: “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна. Дөрөв. Бусад асуудлын талаар: Шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ “...хуульд заасан хугацааны дотор хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол гарсан...” гэж дүгнэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.
Иймд Өмнөговь аймгийн *******богд сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 01 сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг давж даалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйчлэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг шүүх тогтоож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж миний үйлчлүүлэгчид эрх хасах болон торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг шүүхэд гаргасан боловч шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, энэ үндэслэлээ шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй тусгана гэж тайлбарласан боловч шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тоолно. Хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 222900273 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол гарсан тул шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй." гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн' бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн хүнд хариуцлага нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах төрөл хэмжээг тодорхойлсон тул энэ гэмт хэрэгт 1 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж ойлгоно. Хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заасан бөгөөд Н.*******т холбогдох хэрэг нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдэж 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш 2 жил 3 сарын дараа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.
Н.*******ыг прокурор яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа нь тухайн төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар хуульд заасан тул хууль ёсны байсан, харин тухайн хэргийн зүйлчлэлийг шүүх 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай гэмт хэргийн зүйлчлэлээр хөнгөрүүлэн өөрчилж байгаа тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж шийдвэрлэх ёстой байтал хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдэг агуулгаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж байгаа ойлголтод хамаарна.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухайн гэмт хэрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрт шинээр тоолохоос бусад тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр хөөн хэлэлцэх хугацаа зогсох тухай ойлголтыг тусгаагүй бөгөөд гагцхүү эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл хэрэг бүртгэлтийн шатанд ч адилхан хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилж байдаг. Н.*******ын хувьд дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоолох, урьд яллагдагчаар татагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдол байхгүй тул гагцхүү 1 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хамааруулж түүнд холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хэргийг зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах" гэж заасны дагуу Н.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагч “******* монгол ******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж даалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай үйлчлүүлэгчийн хувьд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шийтгэх тогтоолд иргэний хариуцагч болох “******* монгол ******* *******” ХХК-иас 23,914,155.23 төгрөгийг гаргуулах болсон үндэслэлийг тайлбарласан нэг ч үг, үсэг байхгүй байна. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгч тухайн гаалиар нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн өөрийн танил болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Уул гэх хүнд дугуй захисан бөгөөд энэхүү бараагаа авах гэхэд дээрх 4 чингэлэг ачааны дотор хийгээд явуулсан гэсэн бөгөөд дээрх ачаанаас өөрийн дугуйгаа авах гэтэл салгаж авах ямар ч боломжгүй бөгөөд энэ талаар хэргээс тодорхой харагддаг.
Ингээд өөрийн ачаагаа авахын тулд компани дээрээ мэдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн болно. Хамгийн гол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу хавтаст хэргийн 36-37-р талд авагдсан гэрч Ө. буюу тухайн барааны эзэн өгсөн мэдүүлэгтээ “Энэхүү бараа нь манай бараа би хүлээн авсан” гэдгээ маш тодорхой хэлсэн байхад тухайн барааны эзнээс нь биш зөвхөн өөрийн нэр дээр мэдүүлсэн манай компанийг иргэний хариуцагчаар татаж, татварыг төлөх ёстой гэж шийдвэрлэж байгаа шударга ёсонд үл нийцнэ.
Мөн дээрх төлөх ёстой татварыг шүүх тооцохдоо иргэний хариуцагч Б.*******ын төлсөн 10,504,745 төгрөгийг огт хасаж тооцоогүй орхигдуулсан санаатай үйлдэл нь илтэд нэг талыг барьсан хэрэгт дутуу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн хэлэхгүй бол болохгүй нэг зүйл бол тухайн үеийн нөхцөл байдлыг харахаар огт татвар төлөгдөөгүй байхад 4 чингэлэг ачааг хилээр нэвтрүүлээд гаргаад явуулсан байдаг.
Шүүх хурлын явцад татвар төлөгдөөгүй барааг хилээр гаргаж явуулж болдог уу гэж шүүгдэгч Н.*******аас асуухад огт болохгүй заавал татвар төлөгдсөн тохиолдолд гаргадаг хууль, журамтай гэдэг. Тэгэхээр энд анхнаасаа энэ 4 чингэлэг ачааг гаргахад ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд байхыг үгүйсгэхгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд тухайн барааны эзэн “Батцамхаг” ХХК-ны захирал Ө.г яагаад иргэний хариуцагчаар татаагүй нь ойлгомжгүй байна.
Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Өмнөговь аймгийн *******богд сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 122-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагч “******* ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч давж даалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэж заасантай нийцээгүй байна.
Тодруулбал шүүгдэгч Н.*******т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад “******* " ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд манай компани нь гаалийн зуучийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу иргэн, хуулийн этгээдийн импортолж оруулж ирсэн бараа бүтэгдэхүүнийг тухайн субъектийн бүрдүүлж өгсөн баримт бичгийг үндэслэж гаалийн байгууллагад зуучлах буюу дамжуулах үйл ажиллагаа эрхэлдэг.
Улсын хилээр нэвтэрч орж ирсэн 4 чингэлэг ачаанд гаалийн бүрдүүлэлт хийсний дагуу мэдүүлсэн барааны хүрээнд гаалийн байгууллагад дамжуулан гаалийн бүрдүүлэлтийг хийж өгсөн гэрч З.Үржинсүрэнгийн мэдүүлэхдээ“...Асуулт: 9938 УЕВ улсын дугаартай автомашинд тээвэрлэгдэж БНХАУ-с Гашуун сухайт хилийн боомтоор 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр орж ирсэн 4 чингэлэг бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг ямар хүн аж ахуйн нэгж хийлгэсэн талаар ярина уу? Хариулт: “******* монгол Транс Тир” ХХК хийлгэсэн. Захирал Э.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүрдүүлэлт хийлгэнэ гэж ирж уулзчихаад баримтаа өгөөгүй яваад өгсөн, тэгээд хоёр хонгийн дараа албан бичиг бусад баримтуудаа авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг мөн бусад холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх татвар төлбөл зохих этгээдийг нягтлаагүйгээс гадна, хэргийн бодит нөхцөл байдлыг ойлгоогүй, түүнчлэн анхан шатны шийтгэх тогтоолд “******* ” ХХК-ийг иргэний хариуцагч гэж үзэн 23,914,155.23 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой бичээгүй.
Өөрөөр хэлбэл тус компанийг иргэний хариуцагч мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй, 23.914,155.23 төгрөг нь яг юуны өр төлбөр болохыг тодорхойлоогүй, тухайн төлбөр нь ямар дүгнэлтээр баталгаажсан, энэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол уу, хор уршиг уу, ямар үндэслэлээр тус компаниас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маш ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн прокурорын байгууллагаас манай компанийг иргэний хариуцагчаар татахдаа хохирогч Э.Ганболдын мэдүүлэг болон Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад "татвар төлөгч гэж ******* Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг хэлнэ" гэж заасныг үндэслэл болгосон байна. Түүнчлэн хохирогч Э.Ганболд мэдүүлэхдээ "Төлөөгүй татвар болох 47,828,310.47 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлснийг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон. Харин хавтас хэрэгт тусгагдсан тухайн барааны эздийн нэг болох ‘Батцамхаг” ХХК-ийн захирал Ө. мэдүүлэхдээ “Тухайн үед надад татварын үнийн дүнг харуулсан бөгөөд би Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт Э.******* руу шилжүүлсэн мөнгөний хуулга болон ачаа барааны мэдээллийг өгсөн. Миний хувьд тухайн ачаа барааны гаалийн татвар, тээвэрлэлтийн зардалд 22,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь цагдаагийн газраас ачаа бараагаа хүлээн авсан. Дахин гаалийн бүрдүүлэлт хийлгэж, татвар төлсөн зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн байдаг.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүнийг олгохдоо Гаалийн тухай хууль-ийн 71 дүгээр зүйлд заасны дагуу гаалийн болон бусад татварыг төлсөн тохиолдолд барааг олгохоор зохицуулсан тул Ө. нь татвар төлсөн мэт ойлголт төрүүлэхүйц, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/21 тоот шийтгэх тогтоолын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох гэдэг гэмт хэрэг нь анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйл буюу нийтийн албан тушаалтан хайнга хандах гэдэг гэмт хэргээр зүйлчилсэн. Энэ зүйлчлэлийн хувьд нэгдүгээрт шүүгдэгчийн ажил үүргийн хуваарь, нийтийн албан тушаалтан Авлигын эсрэг тухай хууль болон Нийтийн албаны ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан мөн байдаг. Хоёр дугаарт гэрч нарын мэдүүлэг байдаг. Тухайн үед Н.******* өөрөө мэдүүлдэг. Гэрч Н. тухайн үедээ энэ гаалийн улсын байцаагчийн ахлах байцаагч нарын мэдүүлгээр Н.******* нь тухайн 4 чингэлэг бараанд биет шалгалт хийх үүрэгтэй хүн байсан. Тэгээд биет шалгалт хийгээд контейнерт байсан бараа бүтээгдэхүүнийг тулгаж үзээд хэрвээ гаалийн мэдүүлэгт зөрүүтэй байсан бол зөрүүг алга болгох, цаашлаад бусад хуулиар заасан хариуцлагыг хүлээлгэх, зөвтгөөд татвар ноогдуулаад гаргаж ирэх ёстой албан тушаалтан. Бусдад тэр гаалийн мэдүүлгээр нь мэдүүлсэн мэтээр тэрийг янз бүрийн шалтгаанаар тайлбарладаг. Контейнерийн хаалга нээгдэх боломжгүй байсан. Наанаас нь бараануудыг түүвэрчлэх байдлаар үзсэн гэх мэт юм ярьдаг. Гаалийн хяналтын улсын байцаагчийн үүрэг бол гаднаасаа нүдээр харагдах боломжгүй контейнерт биеэр үзлэг хийгээд энэ нь гаалийн мэдүүлэгт заасан тоо хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг үзэх ёстой байсан. Ингэж үзэхгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн нь ямар нэгэн байдлаар бусдад болон өөрт давуу байдал бий болгосон гэмт хэргийн субьектив болон объектив шинжүүдийг хангаж байна гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйл буюу хайнга хандах гэдэг зүйлээр болгоомжгүй, эсвэл хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсан аль үйлдэл болох нь тодорхойгүй. Тэгээд яллах дүгнэлтийн хавсралт хэргийн материалд хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж ирээгүй, шууд эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь зүйлчлэлийн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүйгээр зүйлчлэл өөрчилсөн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Эрүүгийн хууль, хэрэглээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан байна. Тэгээд хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээрээ нэгэнт зүйлчлэл өөрчилж байгаа бол шийтгэх тогтоолд авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдэг зохицуулалт бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулахдаа яллагдагчаар татах хүртэл тоолон татаад хөөн хэлэлцэх хугацаа зогсох байдлаар зохицуулсан байдаг. Гэтэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах гэдэг ойлголтууд нь хууль зүйн өөр өөр үр дагавар үүсгэдэг өөр өөр шийдвэрүүд байгаа. Энэ дээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Гурав дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэдэг асуудал ярьж байна. Нэгэнт зүйлчлэлийг өөрчилж шийдэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийтгэх тогтоолд 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг, хэргийг нотолсон нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримтуудад тулгуурлаад хууль зүйн дүгнэлт хийж гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх гэдэг хуулийн заалт, шаардлага нийцэхгүй байх. Тэгээд үзэхээр шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлагад нийцсэн, ойлгомжтой байх гэдэгт хайхрамжгүй хандаад байгаа тэр үйлдэл, хайхрамжгүй хандсан тэр үйлдлээс үүдээд хохирол, хор уршиг учирсан эсэх гээд үйлдэл болгон дээр дүгнэлт хийж гэмт хэргийн шинжээ бүрэн тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь их хэмжээний хохирол шаарддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт их хэмжээний хохирлыг 50 мянган нэгж, түүнээс дээш гэж зааж өгсөн. Гэтэл энэ хэрэгт гаалийн шинжээчийн дүгнэлтээр 50,000,000 төгрөг гээд дүгнэчихсэн. Энэ нийт бараа бүтээгдэхүүнийг гаалийн татварт ноогдуулсан орлого. Гэтэл бодит байдал дээр 3,000,000 гаруй төгрөгийг төлчихсөн. Яг төлөөгүй гаалийн татвар нь 47 сая орчим төгрөг. Ингээд их хэмжээндээ хүрээгүй асуудал яригддаг. Энэ болгон дээрээ анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй учраас шийтгэх тогтоол ойлгомжтой, хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол эсэргүүцэлтэй давхацсан. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол байна. Энэ нь эсэргүүцэлтэй агуулгын хувьд давхцаж байгаа учраас дэлгэрэнгүй тайлбар хэлэх шаардлагагүй. Иргэний хариуцагч нарын гаргасан гомдолд тухайн гаалийн хилээр бараа нэвтрүүлээд төлөх ёстой байсан татвар, төрд учирсан хохирлыг төлөөгүй бол хариуцлагыг тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцаж, төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу шүүхээс хувь тэнцүүлж оногдуулсан байна. Яагаад хувь тэнцүүлж оногдуулсан, хэн ямар хэмжээгээр хариуцах ёстой байсан дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокуророос хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг эсэргүүцэлдээ тодорхой дурдсан. Үүнтэй агуулгын хувьд давхардаж байгаа зүйлүүд байна. Хэрвээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцож байгаа бол энэ гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны байсан гэж үзэж байна. Гэтэл шүүхээс ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ гэдэг үндэслэлд хамаатуулж гомдол гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн учраас хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэхгүй гэдэг үндэслэлгүй тайлбарыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан учраас үүнийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг агуулгаар прокурорын эсэргүүцэл бичигддэг. Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь буруу байсан гэж үзэж байна. Гэтэл энэ хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийн тулд Н.******* нь Э.******* болоод Б.******* нарыг таньдаг. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын холбоотой байх, мөн энэ үйлдэлдээ шууд санаатай үйлдлээр хандсан байхыг ойлгодог. Гэтэл Н.*******ын үйлдэлд энэ хүмүүстэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, уулзаж учирч байсан тохиолдол байхгүй, ашиг сонирхлоороо холбогдож байгаагүй ийм нөхцөл байдал байдаг. Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ тухайн гаальд мэдүүлсэн 4 чингэлэг ачаанд нэг бүрчлэн үзлэг хийх үүрэг байгааг ойлгож байна. Энэ үйлдэлдээ хайнга хандсанаа миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Гашуун сухайт боомт дахь гаалийн талбай гаднаас бараа экспортолж оруулж ирэх гаалийн бүс бол биш. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой буюу ковидын үед түр хугацаанд Замын-Үүдийн боомтын ачааллыг нь хөнгөвчлөх зорилгоор тодорхой хугацаанд ачаа бараа оруулж ирсэн. Ийм стандартгүй гаалийн бүс гэж хэлэхэд буруутгахгүй. Энэ гаалийн бүс рүү орж ирсэн бараанд гаалийн байцаагчийн зүгээс Гаалийн ерөнхий газрын зүгээс энэ хүний ажлаа хэвийн хэрэгжүүлэх техник технологиор хангаж өгөөгүй нөхцөл байдлууд хэрэгт хангалттай нотлогдон тогтоогддог. 4 чингэлэг ачаа нь нэг тэвш нь дээр хоёр хоёроороо залгаа байрлалтай орж ирсэн. Үүнийг заавал техникээр буюу кранаар өргөж зөөж байж эхний талын чингэлгийг онгойлгох нөхцөл байдал бүрдэх ёстой. Гэтэл үүнийг ачаа бараа оруулж ирж байгаа мэдүүлж байгаа “******* ******* ******* *******” ХХК буюу Э.******* кран олж өргөж зөөвөрлөх ажлыг хийх ёстой байтал ковидын шалтгаантай, мөн Э.*******ад хувийн шалтгаан байсан учраас үүнийг хийж хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Энэ нөхцөл байдал болгоныг Э.******* удирдлагатай буюу ахлах байцаагч н.т мэдэгддэг. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлаа хэлж ярьсан зүйлүүд байдаг. Энэ нь н.ийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Бүр болохгүй бол наад ачаагаа түүвэрлээд явуул, төрийн байгууллагын ачаа байгаа учраас түргэн шуурхай үйлчил, битгий хүндрэл чирэгдэл учруул гэдэг агуулгаар үүрэг чиглэл өгсний дагуу түүвэрлэн шалгаад ачаа гаргасан нөхцөл байдал байгаа. Улсын яллагчийн дүгнэлтэд дурдаад байгаа, эсэргүүцэлд дурдаад байгаа шиг санаатай үйлдлээр тэр ачааг шалгаад мэдчихсэн мөртлөө мэдээгүй юм шиг байдлаар гаалийн хяналтыг хэрэгжүүлсэн үйл баримт огтоосоо байхгүй. Энэ хүн бол хязгаарлагдмал, ажил үүргийн хангамжгүй байдлаас шалтгаалаад өөрт байгаа боломжийнхоо хүрээнд энэ шалгалтыг хийснээс биш, энгийн хүн кран байхгүй үед энэ чингэлгийг өргөж, зөөж, буулгах, тэр дотор нь байгаа хүнд тээврийн ачааг зөөвөрлөх боломжгүй байсан. Шалгалтыг хэрэгжүүлэхэд хамгийн арын ил онгойх боломжтой контейнерийг нээхэд гаальд мэдүүлсэн гэрлийн чимэглэл, ширээ сандал, энэ бараанууд байсан. Үүнээс цаашхыг үзэх боломжгүй нөхцөл байдал байсан гэдгийг хамт хяналт шалгалт хэрэгжүүлж байсан хүмүүсийн мэдүүлэг, мөн ахлах байцаагчийн мэдүүлэг зэргээс хангалттай нотлогдон тогтоогдож байгаа учраас энэ гэмт хэрэг нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамаарахгүй. Энэ хүн өөрийн хууль бус шинжтэй үйлдлээ мэдээд түүнийг хүсэж үйлдсэн зүйл огтоосоо байхгүй. Үнэхээр гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн бараа үнэн зөвөөрөө байна. Даанч зөөвөрлөөд үзэх боломжгүй байсан учраас итгээд шалгалтын ажиллагааг дуусгасан асуудал байгаа. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа бол Н. гэдэг ахлагч яагаад тийм үүрэг даалгавар өгсөн гэдэг асуудал яригдах ёстой. Мөн гаалийн байцаагч тамгаа дарсан ч гэсэн ахлах байцаагчийн гарын үсэггүйгээр энэ гаалийн хяналтын талбайгаас энэ техник, чингэлгүүд гарах ёсгүй байсан гэдэг агуулга ч яригдана. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь зүй ёсны гэж үзэж байна. Иргэний хариуцагч нарын гаргасан гомдолтой холбоотой ганц зүйл хэлэхэд 50,000,000 төгрөгийн хохирол дотор Э.*******ын төлсөн 10,504,900 төгрөгийг оруулан тооцоогүй асуудал байгаа. Энэ мөнгө 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлөгдсөн. Мөн энэ төлөгдсөн баримт нь Э.*******ын дансны хуулга хоёрдугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан. 10,504,745 төгрөг Э.*******ын хаан банкны данснаас шилжүүлсэн. Энэ мөнгө шилжигдэж байж гаалийн энэ мэдүүлэг хэвлэгдэж гараад үүний ар дээр хяналт шалгалт хэрэгжүүлэх байцаагч дээр хуваарилагдаж ирдэг. Гэтэл гэмт хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Гэтэл 50,006,000 төгрөгөөс чинь энэ гаальд төлсөн 10,504,745 төгрөг хасагдаж тооцогдох ёстой гэж үзэж байна. Хэрвээ энэ мөнгө хасагдах юм бол миний үйлчлүүлэгчийн 50,000,000 төгрөгөөс дээш дүнтэй хохирол, хор уршиг учруулж, хайнга хандсан гэмт хэргийн шинж нь хохирлын дүн багассанаар бас үгүйсгэгдэх нөхцөл байдал үүснэ. Хэрвээ хасагдаж тооцсон тохиолдолд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Улсын яллагчийн эсэргүүцэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой санал адилхан байна. Гэхдээ анхан шатны шүүх дээр улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилсний ар дээр ял оногдуулах саналыг гаргаж байсан мөртлөө энэ саналаар шүүх шийдэхээр буруу шийдлээ гэдэг агуулга байгаа нь ойлгомжгүй байна гэв.
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө. захирлын гэрчийн мэдүүлэг дээр яръя. 22,000,000 төгрөгийг гаалийн татвар болон тээвэрт гээд миний дансанд хийсэн нь үнэн. Миний дансанд мөнгө нь орсон. Тэгээд энэ мөнгө өөрийнх нь ачаанд буюу 10,500,000 төгрөг нь гаалийн татварт, 4,000,000 төгрөг нь тайван зогсоолын төлбөр гээд бусад зардал гээд Оюука гэдэг хүн рүү 4,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогддог. Тэгээд мэдүүлэг өгсөн бас бус зардлууд гээд зарцуулагдаад дууссан мөнгө байдаг. Тэгээд өөрийнх нь мэдүүлэг дээр миний төлбөр тооцоо 22,000,000 төгрөг өгснөөр дууссан гэж мэдүүлдэг. Тэрнээс нь болоод иргэний хариуцагчаар татаагүй байдаг юм уу? Энэ үлдэгдэл төлбөр дээр иргэний хариуцагчаар ороогүй байгааг ойлгохгүй байна. Намайг яагаад төл гэж иргэний хариуцагчаар татаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10,500,000 төгрөгийг 50,000,000 төгрөгөөс яагаад хасагдаагүй вэ гэдгийг ойлгохгүй байна. 2023 онд 6,585,394 төгрөгийг Ц. гээд татварт төлсөн байгаа. Үүнийг хасагдсан үгүйг би мэдэхгүй байна. Хасагдаж уу, үгүй юу гэдгийг нь үзье гэхээр хавтаст хэргээс хайгаад олоогүй. Мөн хоёрдугаар хавтаст хэргийн 86-аас 89 дээр “ *******” ХХК гэдэг компани 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,763,000 төгрөгийг татварт төлсөн байдаг. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ын гээд 415 гээд энэ татварууд нь яг үндсэн хохирол гээд байгаа мөнгөнөөс хасагдаад 50,000,000 төгрөг болоод байгаа юм уу, эсвэл огт хасагдаагүй юм болов уу гэдгийг тодруулах гээд хэргийн материалаас хайгаад би сайн анзаарч харж чадсангүй. Ө. захиралд би хэлсэн. “ ” ХХК-ийн захирал гэж ойлгосон. Гэхдээ Бат цамхаг гэж гарч ирэх юм шиг байна. Толгой эргэчихлээ. Тэгээд ямар ч байсан 99114747 дугаартай Ө. гэдэг хүнтэй би харьцаж байсан. Одоо нэрийг нь мэддэг боллоо. Ө. захирал өөрийн бараа гэдгээ хэрэгт нотолсон. Мөн 22,000,000 төгрөг өгсөн гэдгээ нотолсон байна. Тэгээд өөрийн энэ ачаан дээр гарсан бусад төлбөрийг над дээр болон “******* шилүүстэй ” ХХК дээр тавьж байгаа нь ойлгохгүй байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Тэгээд үүнийг ялгаж салгаж шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Над дээр тавьсан анхан шатны шүүхийн 23,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлынхоо эхэнд нэг зүйлийг цохон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Энэ хэргийг шалгасан комиссар, прокурор, шүүгч гэсэн 3 субъектэд маш харамсалтай нэг зүйл нь нэг хүнээс буюу иргэний хариуцагч байна уу, аливаа нэг шүүгдэгч байна уу, хүнээс мөнгө гаргуулах шийдвэрийг гаргахад үнэхээр 100 төгрөг ч бай маш хариуцлагатай нотлох баримтын хэмжээнд үнэлэлт, дүгнэлт хийж хандах ёстой. Гэтэл үнэхээр харамсалтай нь ямар ч баримтгүй зүйл дээр энэ компаниас тэдэн төгрөг гаргана гэдэг шийдвэрийг гаргаж байгаад харамсаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Яагаад ингэж хэлэхийг хүссэн юм бэ гэхээр хавтаст хэрэг буюу хэрэг доторх нотлох баримтуудаас харахаар энэ 4 чингэлэг бараа нь нийт тэдэн төгрөгийн татвартай, тэдэн төгрөгийн татвараас тэдийг нь өгсөн байна, тэдийг нь өгөөгүй байна гэдэг ямар ч үнэлэлт, дүгнэлт байдаггүй. 50,000,000 төгрөг ноогдоно гэж яриад байдаг. Гэтэл сая шүүгдэгчийн өмгөөлөгч хэллээ. Миний үйлчлүүлэгч ч хэллээ. 10 хэдэн сая төгрөг, мөн иргэний хариуцагч Э.******* хэрэг дотроос өчигдөр очиж танилцаж шүүгээд сая хэдэн зуу байна уу гээд тодорхой хэмжээний мөнгөн дүнгүүд гаргаж ирээд хэлээд байна. Энэ мөнгөн дүнгүүдийг огт тооцолгүйгээр хэрэгтээ үнэлэлт, дүгнэлт хийж няхуур нямбай хандаагүй. Тэгэхээр миний гол хэлэх гээд байгаа зүйл бол хэдэн төгрөгийн татвар тухайн 4 чингэлэг бараанд ноогдох ёстой байсан, үүнээсээ хэдэн төгрөгийг нь дутуу өгсөн, хэдийг нь өгсөн гээд байгаа, Э.*******ын шилжүүлсэн банкны хуулгатайд 10 сая төгрөгийг нь хаанаа юунд нь оруулчхаад байгаа юм, ямар ч ойлгомжгүй, ямар ч дүгнэлт хийсэн зүйл огт байхгүй. Ийм учраас хувь нь тэнцүүлэн хоёр иргэний хариуцагчаас 23,000,000 төгрөг тус тус гаргуулна гээд байгаа үндэслэл дүгнэлтээ шийтгэх тогтоол дээр энэ нь ийм үндэслэлтэй, ийм санхүүгийн дүгнэлт, аль эсвэл ийм хохирогчийн мэдүүлэг ч гэдэг юм уу ямар ч нотлох баримт зааж үндэслэлээ тусгасан тодорхойлсон зүйл огт байдаггүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ тэдэн төгрөгийг иргэний хариуцагчдаас гаргуулна гээд биччихдэг. Ийм хариуцлагагүй байж болох юм уу гэдэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Сая миний үйлчлүүлэгч Э.******* хэлж байна. Тухайн барааны эзэн гэж компани байгаа. Тухайн эзэн компанийн захирал нь болох хүн нь хавтаст хэрэгт мэдүүлгээ маш тодорхой өгсөн байдаг. Энэ миний бараа, энэ бараагаа би хүлээгээд авчихсан гэдэг. Гэтэл ******* Улсын халдашгүй бүрэн эрх, Гаалийн тухай хууль нь хаана хэрэгжсэн бэ. Гааль дээр татвар төлөөгүй нэг ч бараа бүтээгдэхүүн гаргадаггүй гэдэг. Гэтэл энэ прокурорын яллах дүгнэлтээр дурдаад байгаа татвар нь төлөгдөөгүй барааг гаргачихсан байгаа нөхцөл байдлууд харагдаад байна. Гэтэл энэ барааны эзэн гэдэг хүн ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ганцхан удаа гэрчээр дуудагдаад л явж байдаг. Гэтэл энэ компанид үйлчилгээ үзүүлж байсан хоёр компани иргэний хариуцагчаар татагдсан байна. Гэтэл үйлчилгээ үзүүлсэн хүмүүс нь тэр хүний өмнөөс буруудаад тэр барааг ******* улс руу оруулж ирж аваад ашиг орлогоо олсон хүн нь ямар ч хариуцлага хүлээлгүй сул явж байдаг. Энд ямар ашиг сонирхол үйлчлээд, Авлигатай тэмцэх газар, прокурор, анхан шатны шүүхүүд энэ хүнийг сул явуулаад, энэ хүнд ямар нэгэн хариуцлага тооцохгүй байгаа, мөн улсын гаалиар татвар төлөөгүй байж энэ бараа бүтээгдэхүүнийг гаргадаг. Үүний цаана ямар том ашиг сонирхол, ямар албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан нөхцөл яваад байна вэ гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой байхад огт шалгадаггүй. Нүдэн балай чихэн дүлий байдаг. Энэ асуудлыг шалгуулах ёстой байсан гэж ноцтой үндэслэлийг гаргаж өмгөөлөгчийн зүгээс хэлж байна. Сая прокурор тайлбартаа дурдлаа. Шүүх иргэний хариуцагч нараас гаргуулах мөнгөн дээр ямар ч үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэдэг. Энэ тайлбараар шүүх ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, тодорхойлох хэсэгтээ ямар нэг үндэслэлээ дурдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Иргэний хариуцагч нараас мөнгө гаргуулж болно. Гэтэл нотлох баримтын хэмжээнд шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэл журмаа дурдаагүй гэдгийг прокурор нь ч хүлээн зөвшөөрчихлөө. Энэ шийтгэх тогтоол дээр буюу хавтаст хэргээс харахад ч ойлгомжтой. Тэгэхээр энэ хэргийг энэ чигээр нь явуулаад энэ хоёр иргэний хариуцагчаас мөнгө гаргуулаад шийдэж болох юм уу? Энэ дээр давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч гэрч Ө.гийн мэдүүлэг, “Бат цамхаг” ХХК-ийн мэдүүлэг гээд энэ дотор яг хэдэн төгрөг ноогдох ёстой байсан, энэ хүмүүсийн иргэний хариуцагчийн төлсөн гээд байгаа мөнгөн дүнгүүд хаанаа яаж хасагдаад байгаа гэх мэтчилэн нарийн тооцох ёстой. Санхүүгийн юм чинь нарийн тооцогдох ёстой. Шүүгч ийм байна гэж хэлээд нэгхэн үг, үсэг бичээд хэн нэгнийг иргэний хариуцагч болгоод мөнгө гаргуулчихдаг хууль, шүүх байж болохгүй байх гэж үзэж байна. Тэгээд эрхэм шүүгч нар энэ дээр онцгойлон дүгнэлт хийж манай үйлчлүүлэгч компани болох “******* ******* ******* *******” ХХК-тай холбоотой 23,000,000 төгрөгийн хэсгийг хүчингүй болгож, хариуцах ёстой этгээд буюу “Бат цамхаг” ХХК-аас гаргуулах ёстой гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн, хуулийн этгээдийн хилээр нэвтрүүлж орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг. Нэг ёсондоо төр, хувийн хэвшил хоёрыг хооронд нь холбож өгдөг гүүр болж байгаа гэсэн үг. Тэрнийхээ үр дүнд 100 хүрэхгүй мянган төгрөгийн үйлчилгээний хөлс авсныхаа үр дүнд өнөөдөр 23,000,000 төгрөгийн татвар төлөх ёстой гэж анхан шатны шүүх үзээд байна. Гэвч анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадахгүйгээр бид нарыг ямар учраас иргэний хариуцагчаар татсан, яагаад 23,914,255 төгрөгийг бид нарыг төлөх ёстойгоо шийтгэх тогтоол болон хавтаст хэрэгт тодорхой дурдаж өгөөгүй. Энэ нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн манай байгууллага нь хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх, татвар, тоо хэмжээг тодорхойлох бүрэн эрх байдаггүй. Тэр эрх нь зөвхөн гаалийн байгууллагад байдаг. Манайх бол иргэн, хуулийн этгээдийг хооронд нь холбож өгч зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг компани гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор В.Төгсбаярын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нарын гаргасан давж заалдах гомдол зэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Н.******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/279 дугаартай тушаалаар Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх", "Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах" албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “******* ******* ******* *******” ХХК-ийн импортолсон "******* " ХХК-ийн мэдүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14-2201001-22-130172К дугаартай 4 чингэлэг ачаа бараанд хяналт шалгалтыг хийлгүйгээр ******* Улсын хилээр нэвтрүүлэн улмаар гаалийн татварт 50,006,499.74 төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдсоныг хяналтын прокурор В.Төгсбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,
Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Н.*******ын нийтийн албанд томилогдох эсхүл сонгогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нар нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг нь “хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий гомдол, эсэргүүцлийг тус тус гаргажээ.
Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэсэн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.
Тодруулбал, Анхан шатны шүүх “...Энэ гэмт хэргийн улмаас ******* улсын төрд 50,006,499.74 төгрөгийн гаалийн татвар төлөгдөөгүй хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан иргэний хариуцагч “******* монгол ******* *******” ХХК-аас 23,914,155.23 төгрөгийг, иргэний хариуцагч “******* ” ХХК-аас 23,914,155.23 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.******* бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай Иргэний хариуцагчаар татах тухай тогтоолоор “ ******* шилүүстэй ” ХХК-г /2-р хх-131-132 тал/, 02 дугаартай Иргэний хариуцагчаар татах тухай тогтоолоор “******* монгол *******” ХХК-г /2-р хх-117-118 тал/ тус тус иргэний хариуцагчаар татжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байна.
Иймд иргэний хариуцагч “******* монгол ******* *******” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн: “...Төлөх ёстой татварыг шүүх тооцохдоо иргэний хариуцагч Б.*******ын төлсөн 10,504,745 төгрөгийг огт хасаж тооцоогүй орхигдуулсан санаатай үйлдэл нь илтэд нэг талыг барьсан хэрэгт дутуу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн хэлэхгүй бол болохгүй нэг зүйл бол тухайн үеийн нөхцөл байдлыг харахаар огт татвар төлөгдөөгүй байхад 4 чингэлэг ачааг хилээр нэвтрүүлээд гаргаад явуулсан байдаг. Шүүх хурлын явцад татвар төлөгдөөгүй барааг хилээр гаргаж явуулж болдог уу гэж шүүгдэгч Н.*******аас асуухад огт болохгүй заавал татвар төлөгдсөн тохиолдолд гаргадаг хууль, журамтай гэдэг. Тэгэхээр энд анхнаасаа энэ 4 чингэлэг ачааг гаргахад ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд байхыг үгүйсгэхгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд тухайн барааны эзэн “Батцамхаг” ХХК-ны захирал Ө.г яагаад иргэний хариуцагчаар татаагүй нь ойлгомжгүй байна” гэх гомдлын агуулга,
Иргэний хариуцагч “******* ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын “...анхан шатны шүүх татвар төлбөл зохих этгээдийг нягтлаагүйгээс гадна, хэргийн бодит нөхцөл байдлыг ойлгоогүй, түүнчлэн анхан шатны шийтгэх тогтоолд “******* ” ХХК-ийг иргэний хариуцагч гэж үзэн 23,914,155.23 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой бичээгүй. Өөрөөр хэлбэл тус компанийг иргэний хариуцагч мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй, 23.914,155.23 төгрөг нь яг юуны өр төлбөр болохыг тодорхойлоогүй, тухайн төлбөр нь ямар дүгнэлтээр баталгаажсан, энэ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол уу, хор уршиг уу, ямар үндэслэлээр тус компаниас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маш ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.” гэх гомдлын агуулга тус тус үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв
Хэрэгт авагдсан гэрч Ө.гийн мэдүүлэгт “Тухайн үед надад татварын үнийн дүнг харуулсан бөгөөд би Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт Э.******* руу шилжүүлсэн мөнгөний хуулга болон ачаа барааны мэдээллийг өгсөн. Миний хувьд тухайн ачаа барааны гаалийн татвар, тээвэрлэлтийн зардалд 22,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь цагдаагийн газраас ачаа бараагаа хүлээн авсан. Дахин гаалийн бүрдүүлэлт хийлгэж, татвар төлсөн зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн.
- Гаалийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02-1/1054 дугаартай Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан дарга, ахлах комиссар Б.Батбилэгт хандан: “Танай хэлтсээс ирүүлсэн албан тоотын дагуу эрүүгийн ******* дугаартай хэрэгт шалгагдаж байгаа дараах иргэн, хуулийн этгээдийн бараанд гаалийн нөхөн бүрдүүлэлтийг хийн холбогдох татварыг төлүүлж, гаалийн мэдүүлгийн хуулбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Иргэн С.ын нэр дээр 01-2241013-25-100001 тоот гаалийн мэдүүлгээр 3 нэр төрлийн бараанд бүрдүүлэлт хийж, 415,114.66 төгрөг; 2. ХХКийн нэр дээр 01-2241013-25-100002 тоот гаалийн мэдүүлгээр 2 нэр төрлийн бараанд бүрдүүлэлт хийж, 1,763,074.61 төгрөгийн татварыг тус тус ногдуулж, барагдуулсан. Харин Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвөөс " ХХК-ийн төлөөлөгч Ө. (утас:99114747)-тэй удаа дараа холбогдсон боловч "барааг тээвэрлэж ирсэн компанид татварыг төлсөн тул манай компани гаалийн нөхөн бүрдүүлэлтийг хийж татварыг төлөхгүй" гэсэн тайлбарыг өгч гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгээгүй болно.” гэх албан бичгийг хүргүүлсэн байна. /хх-н 85 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан: Татвар төлж байж мэдүүлэг хэвлэгддэг. Тийм болохоор тухайн үед ээлж солигдоод над дээр энэ бараа хуваарилагдаж орж ирэхэд 10,000,000 төгрөгийн татвараа төлчихсөн байсан гэх тайлбар,
Иргэний хариуцагч “******* монгол ******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...22,000,000 төгрөгийг гаалийн татвар болон тээвэрт гээд миний дансанд хийсэн нь үнэн. Тэгээд энэ мөнгө өөрийнх нь ачаанд буюу 10,500,000 төгрөг нь гаалийн татварт, 4,000,000 төгрөг нь тайван зогсоолын төлбөр гээд бусад зардал гээд Оюука гэдэг хүн рүү 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Намайг яагаад төл гэж иргэний хариуцагчаар татаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10,500,000 төгрөгийг 50,000,000 төгрөгөөс яагаад хасагдаагүй вэ гэдгийг ойлгохгүй байна. 2023 онд 6,585,394 төгрөгийг Ц. гээд татварт төлсөн байгаа. Үүнийг хасагдсан үгүйг би мэдэхгүй байна. Мөн хоёрдугаар хавтаст хэргийн 86-аас 89 дээр “ *******” ХХК гэдэг компани 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,763,000 төгрөгийг татварт төлсөн байдаг. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ын гээд 415 гээд энэ татварууд нь яг үндсэн хохирол гээд байгаа мөнгөнөөс хасагдаад 50,000,000 төгрөг болоод байгаа юм уу, эсвэл огт хасагдаагүй юм болов уу гэдгийг тодруулах гээд хэргийн материалаас хайгаад би сайн анзаарч харж чадсангүй” гэх тайлбарыг тус тус гаргасан.
Мөн 2-р хавтаст хэргийн 74 дүгээр талд Цолмон овогтой гаас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нийт татварын дүн 6,577,194.54 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан ба эдгээр нь тухайн гэмт хэргийн хохирол, хор уршиг болон төлөх гаалийн татварын хэмжээг тодорхойлоход ач холбогдол бүхий нотлох баримтууд байна.
Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд гаалийн татварт төлөгдөөгүй хохирол 47,828,31.37 төгрөг, төлөгдсөн 2,178,189.27 төгрөг гэх яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “энэ гэмт хэргийн улмаас ******* улсын төрд 50,006,499.74 төгрөгийн гаалийн татвар төлөгдөөгүй хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэх дүгнэлт хийсэн атлаа иргэний хариуцагч нараас тус бүр 23,914,155.23 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд, Ц. гэгч нь 6,577,194.54 төгрөгийн, Иргэний хариуцагч “******* монгол ******* *******” ХХК-ийн төлөөлөгч Э.*******ын гаалийн татварт 10,500,000 төгрөгийг төлсөн гэх баримт болон мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай эсэх, дээрх мөнгийг гаалийн татвар төлөхөд зарцуулсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.
Дээр дурдсан үйл баримтыг тогтоосноор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдохоос гадна гаалийн татварыг төлөх үүрэг бүхий иргэний хариуцагч нар тодорхой болох боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан ба 1-р хх-234 дүгээр талд “******* монгол ******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх ба Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай Иргэний хариуцагчаар татах тухай тогтоолоор “******* монгол *******” ХХК-г иргэний хариуцагчаар татсан атлаа прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “...Гэмт хэргийн улмаас ******* улсын төрд 50,006,499.74 төгрөгийг гаалийн татвар төлөгдөөгүй хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,178,189.27 төгрөгийн татвар төлөгдсөн тул иргэний хариуцагч “******* шилүүстэй” ХХК, “******* монгол *******” ХХК нь улсад 47,828,310.47 төгрөгийн татварын төлбөртэй. “ гэсэн дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх “иргэний хариуцагч ******* монгол ******* ******* ХХК-иас” гэж нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийснийг цаашид анхаарвал зохино.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Гашуун сухайт хилийн боомт бол зөвхөн экспортын бараа гаргадаг хил гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн цаг хугацаанд Гашуун сухайт боомтоор импортын бараа оруулах зөвшөөрөл эрх бүхий байгууллагаас олгогдсон эсэх, тухайн 4 чингэлэг бүхий барааг Гашуун сухайт хилийн боомтоор оруулах зөвшөөрөл байсан эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай.
Иймд шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хяналтын прокурорын эсэргүүцэл, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нарын гомдол, эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзоригийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хяналтын прокурор В.Төгсбаярын эсэргүүцэл, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нарын гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзоригийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн *******богд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар ******* Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР