| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2529000000144 |
| Дугаар | 2026/ДШМ/16 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/16
Л.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Цогтмагнай /цахимаар/,
Шүүгдэгч Л.*******,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.*******д холбогдох 2529000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 19-ний 09 цагт Өмнөговь аймгийн ******* сум, ******* 5 дугаар баг, ******* суурьшлын бүсийн нүүрс тээврийн авто замд *******-******* ӨМЭ улсын дугаартай Shaanxi маркийн тээврийн хэрэгслийг 1.99 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Л.*******д мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан гэдгийг шүүх эрүүгийн хариуцлагын тухай дүгнэлт хэсэгтээ бичсэн боловч оногдуулсан ялын хувьд эдгээр нөхцөл байдалд тохироогүй хүндэдсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
Энэ хэрэг нь 4 төрлийн ял шийтгэлтэй. Зорчих эрх хязгаарлах ялын хувьд ялын хүнд төрөлдөө хамаарч байгаа гэж ойлгож байна.
Би ийш тийш зорчиж хувиараа хөдөлмөр эрхэлдэг, одоо жолооны эрхээ хасуулсан учир өөрийнхөө бас нэг хийж сурсан ажил болох барилгын заслын ажлыг хийж гэр бүлээ тэжээх шаардлагатай байна. Миний амьдардаг Багануур дүүрэгт барилгын заслын ажил ховор, ажлын хөлс маш бага байдаг. Хот явж ажил хийх гэхээр зорчих эрхээ хязгаарлуулж байгаа учир боломжгүй байна. Энэ нь надад оногдуулсан ял гэр бүлийн маань амьдралд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэж байна.
Иймд миний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амьдрал ахуй нөхцөл зэргийг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.*******д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Л.******* нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн хэсгийн 7 дугаар гудамжны урд замд Тоёота приус загварын *******74УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,29%-ийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан ба тус зөрчил нь Багануур дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 152512 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл Л.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь сэргээгүй байхад буюу 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* 5 дугаар баг нутаг дэвсгэрт Цагаан хад суурьшлын бүсэд **************ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.99%-ийн согтолттой жолоодсон. 1,99%-ийн согтолт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Л.******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ял хүндэдсэн. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан учир өөрийн бас нэг хийж чаддаг ажил болох барилгын заслын ажил хийх шаардлагатай гэсэн байна. Түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Хэрвээ шүүгдэгч Л.*******ын гаргасан гомдлыг нь хүлээж аваад зорчих эрх хязгаарлах ялыг нь торгох ялаар өөрчиллөө гэхэд Л.******* нь торгуулийн ялаа төлөх зорилгоор Цагаан хад суурьшлын бүсэд тээврийн хэрэгсэл жолоодох магадлалтай гэж үзэж байна. Иймд гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувиараа барилгын засал, чимэглэл хийдэг. Би өрх толгойлсон, гурван охинтой. Нэг оюутантай. Барилгын засал, чимэглэл хийсэн орлогоороо гэр орноо тэжээж явдаг. Иймд үнийн дүнгийн доод хэмжээгээр торгууль оногдуулж өгнө үү гэж гуйж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.*******ын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгч Л.******* эс зөвшөөрч зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлөн оногдуулах агуулгаар давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч Л.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 09 цагт Өмнөговь аймгийн ******* сум, ******* 5 дугаар баг, ******* суурьшлын бүсийн нүүрс тээврийн авто замд *******-******* ӨМЭ улсын дугаартай Shaanxi маркийн тээврийн хэрэгслийг 1.99 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь тал/,
2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /1,99 хувийн согтолттой/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7, 8, 11 дэх тал/
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/512 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 29-32 дахь тал/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******ыг авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд “Миний хувьд гурван охинтой, оюутантай, барилгын засал чимэглэлийн ажил хувиараа хийж олсон цалин хөлсөөр гэр орноо тэжээж авч явдаг. Надад зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь миний гэр бүлийн хувьд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Ийм учраас намайг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг, торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэж гомдлын агуулгаа тайлбарлаж байна.
Анхан шатны шүүхээс Л.*******д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх тухай” гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасныг үндэслэн шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтад “шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж” гэсэн агуулгаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.*******ын “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын:
2 дахь заалтын “... шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Л.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Л.*******д мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА