Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2022/01290

 

 

 

 

 

 

2022 07 08 210/МА2022/01290

 

 

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00490 дугаар шийдвэртэй, Х ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,496,111 төгрөг, шинжээчийн ажиллагааны зардал 1,260,000 төгрөг, нийт 13,756,111 төгрөг гаргуулах үндсэн хэв хашмал болон кран түрээслэсэн төлбөрт 8,354,250 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, Г. хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Х ХХК , М ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2019/08/31 дугаартай гэрээгээр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Шүншиг апартмент хотхоны бүрэн цутгамал угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. А блокын 11-15 давхар, техникийн давхар, паркет угсралт, бүрэн цутгамал ажлыг хийж гүйцэтгэхдээ М ХХК -ийн тоног төхөөрөмж багаж хэрэгслээр 1 м.кв-ыг 70,000 төгрөгөөр тохиролцсон. 11 давхрын угсралтын ажлын 533 м.кв талбай бүхий ажлын 80 хувь мөн 12 давхрын угсралтын ажлын 271,5 м.кв талбай бүхий 50 хувь хийх байснаас 6,529,250 төгрөгийн ажлыг хийсэн бөгөөд манай компани нь нийт 36,377,250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг төлбөрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9,120,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 15,120,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд шинжээчийн дүгнэлтээр манай хийж гүйцэтгэсэн ажлыг 27,616,111 төгрөг гэж гаргасныг зөвшөөрч байгаа. Дээрхи үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 15,120,000 төгрөгийг хасч тооцон 12,496,111 төгрөг, шинжээчийн ажиллагааны зардал 1,260,000 төгрөг, нийт 13,756,111 төгрөгийг хариуцагч М ХХК -иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Х ХХК -иас угсралтын ажлын 50 орчим хувийг гүйцэтгэсэн. 11 давхарт 538,17 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Х ХХК нь 30 хоногт дуусгах ёстой байсан бөгөөд гэрээний 4.5-д заасны дагуу нэмэлт туслан гүйцэтгэгч оруулж ажлыг хийж дуусгасан. Гүйцэтгэлийн хуудсыг ирүүлээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу гүйцэтгэх хуудсыг бөглөөд инженер техникийн ажилтан түүнийг хянах ёстой нэхэмжлэгч түүнийг биелүүлээгүй. Манай компани 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, одоо үлдэгдэл 5,858,580 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй тул үлдсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Гэрээний дагуу цутгамал угсралтын ажлыг 6-7 хоногт хийж гүйцэтгэхээр тохирсон. Х ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд А блокын 11 давхрын угсралтын ажлыг 50 орчим хувийн гүйцэтгэлтэйгээр хийсэн. А блокын 11 давхрын угсралтын ажлыг графикийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 12 давхрын угсралтын ажлыг графикийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусах хуваарьтай байсан бөгөөд гүйцэтгэгч нь 14 хоногийн хугацаанд зөвхөн нэг давхрын угсралтын ажлын тал хувийг гүйцэтгэсэн. Тухайн компанийн гүйцэтгэлийн хурдаар ажиллавал нэг давхрын угсралтын ажлыг 30 хоногт, 5 давхрын угсралтын ажлыг 5 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр байсан бөгөөд Х ХХК нь ажиллах хүчний чадваргүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэдэг нь тодорхой болсон. Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн хугацааг хэтрүүлж, үүргээ зөрчсөний улмаас талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж, тус компанийн хийж гүйцэтгэж байсан ажлыг гуравдагч компаниудаар хийлгүүлсэн. Х ХХК нь угсралтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хоцроосны улмаас бидний зүгээс кран түрээслэх, хэв хашмал түрээслэх хугацааг 7 хоногоор сунгаж нийт 8,354,250 төгрөгийн илүү төлөлтийг хийж нэмэлт зардал гаргасан. Иймд дээрх ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хохирол болох 8,354,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Х ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ тогтоосон газар зохих ёсоор шударгаар биелүүлсэн гэж үзэж байна. Шүншиг апартментын А блокын 11-12 давхрын цутгалтын ажлыг календарьчилсан графикийн дагуу хийж гүйцэтгэсэн. Захиалагч талын зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалсан. Гэтэл манай байгууллагыг буруутай мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч М ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсийг удаа дараа шаардахад төлөхөөс зайлсхийж 2 жил 5 сарын хугацаа өнгөрсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК -аас 13,756,111 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК -д олгож, Х ХХК -иас 8,354,250 төгрөг гаргуулан М ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10,501,139 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 279,236 төгрөг, М ХХК -ийн төлсөн 148,618 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, М ХХК -иас 226,730 төгрөг гаргуулан Х ХХК -д, Х ХХК -иас 148,618 төгрөг гаргуулан М ХХК -д тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг үнэлээгүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнээгүй. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бөгөөд уг баримтыг үнэлэхгүй орхигдуулж, зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан өдөр тутмын ажлын тэмдэглэлээс харахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй нь хангалттай нотлогдож байхад шүүгч ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хариуцагч М ХХК болон гуравдагч этгээд Од мөнх ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг илтэд гуйвуулж, хариуцагч талд ашигтайгаар тайлбарлан гэрээний хугацааг буруу бичсэн. Уг гэрээ байгуулагдахаас 3 сарын өмнө байгуулагдсан гэрээ байх тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт юм. Гэтэл шүүх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Мөн хариуцагч нь барилга барих, угсрах ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг бөгөөд үндсэн үйл ажиллагааны хүрээнд гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан өөр бусад барилгын ажилдаа тоног төхөөрөмжийг түрээслэн ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд цаг хугацааны хувьд зөрүүтэй, хохирлыг нотлох чадваргүй, нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах гэрээг хэрэгт хавсарган, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан мэтээр тайлбарлан, үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээ нь хариуцагч талын санаачлагаар цуцлагдсан бөгөөд үүнд нэхэмжпэгч буруугүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжпэгчээс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 2.3-д зааснаар ажлыг календарчилсан графикийн дагуу гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй. Хариуцагч компани нь гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулан сөрөг нэхэмжлэлд дурдсан 8,354,250 төгрөгийн зардал гаргасан талаар нотлох баримт гаргаж өгсөн боловч энэ нь хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Иймд Х ХХК -иас 8,354,250 төгрөгийг гаргуулан М ХХК -д олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гэрээний үүргээ хугацаа хэтрүүлсэний улмаас талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анх гэрээ байгуулахдаа 1 дүгээр давхрын ажлыг 7 хоногийн дотор буюу 2 долоо хоногийн хугацаанд гүйцэтгэх календарчилсан гүйцэтгэлийн төлөвлөгөө хийгдсэн. 1 дүгээр давхрын ажил бүрэн дуусах хугацаанаас 7 өмнө уг давхрын ажлын 50 хувийг хийж гүйцэтгээгүй байсан учраас нэмэлт өөр гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг оруулж ирэн хамтран гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн тайлбарласан хугацааны хувьд нэхэмжлэгч гэрээнд заасан хугацааг хэтүүлсэн байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн ашиглалтад оруулсан давхар бол 11,12 дугаар давхар бөгөөд барилгын үйл ажиллагаа явагдсан. Тухайн өдөр хүртэл нэг гүйцэтгэгч кран болон бусад барилгын төмрүүдийг түрээслэж үйл ажиллагааа явуулсан буруутай үйл ажиллагаанаас болж барилга баригдах хугацаа буюу анх байгуулагдсан гэрээний хугацаа нэхэмжлэгчийн хугацаа хэтэрсэн хугацаагаар хойшилсон. Үүний дагуу учирсан зардал нэмэгдсэн тул шүүх хангаж шийдвэрлэсэн. Анх талуудын хооронд байгуулагдсан гэрээний гүйцэтгэсэн ажилтай холбоотой маргаан үүссэн. Шинжээчийн дүгнэлтээр төсөвт өртгийг зөв тогтоосон боловч зардлын хэмжээг илүү тооцсон. Нэхэмжлэгч илүү төлөх зардлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн байсан. Мөн нэхэмжлэгч талаас 13,756,111 төгрөг гаргасан байсан бөгөөд хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учраас 8,354,250 төгрөг гаргасан асуудалд гомдол гаргаагүй. Гомдолд энэ талаар дурдсан байсан тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 12,496,111 төгрөг, шинжээчийн ажиллагааны зардал 1,260,000 төгрөг, нийт 13,756,111 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хэв хашмал болон кран түрээслэсэн төлбөрт 8,354,250 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргасан байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гүйцэтгэсэн ажлын хөлсөө бүрэн гаргуулж авна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хяналтын үүргээ хэрэгжүүлээгүйгээс туслан гүйцэтгэгчээр ажлыг хийлгэж дуусгасан, ажлын хөлсийг төлсөн, харин үлдэгдэл 5,858,580 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тус тус тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х ХХК нь М ХХК -тай 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Шүншиг Апартмент хотхоны А блокын 11-15 дугаар давхар, техникийн давхар, паркет угсралт, бүрэн цутгамал угсралтын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, М ХХК нь ажлын хөлс 1 м.кв-ын үнэлгээг 70,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон байна. /хх9-13/

Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Талууд ажлын хөлсөнд 15,120,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээний талаар маргаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2021/03145 дугаар захирамжаар хангаж Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ыг шинжээчээр томилжээ. /хх105-107/

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр ...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд тухайн барилгын 11, 12 дугаар давхрын ажлын гүйцэтгэлийг 27,626,111 төгрөгийн өртөгтэй болж байна гэсэн байна. Уг шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх 27,626,111 төгрөг болох нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэж хариуцагчаас гэрээний үүргийн төлбөрт 12,496,111 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 1,260,000 төгрөг, нийт 13,756,111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

6. Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчсөн байна гэж үзэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж, учирсан хохирлоо нэхэмжилсэн бол нэхэмжлэгч нь манай компанийн буруугаас хугацаа хэтрүүлээгүй, гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгч буруугүй гэж маргажээ.

М ХХК нь гэрээний хавсралт буюу ажил гүйцэтгэлийн календарчилсан графикт заасан хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй учраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл Од мөнх ХХК-тай гэрээ байгуулан кран түрээслэх, мөн Хэв хийц ХХК-тай барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан хэв хашмал болон кран түрээслэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Учир нь дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулан ажлыг 8,354,250 төгрөгөөр гүйцэтгүүлсэн хохирол учирсан гэж зардал нэхэмжилсэнийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр Хэв хийц ХХК, Од мөнх ХХК-иудтай гэрээ байгуулж тоног төхөөрөмж түрээслэн ашигласан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх ба хариуцагчийн туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж дуусгавар болсон гэх тайлбар бодит байдалд нийцэхгүй бөгөөд 8,354,250 төгрөгийг эргэлзээгүйгээр шилжүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Түүнчлэн, гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагчид 8,354,250 төгрөгийн хохирол учирсан, уг хохирол нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан талаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00490 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Х ХХК -аас 8,354,250 төгрөг гаргуулан М ХХК -д олгосугай гэснийг ...нэхэмжлэгч Х ХХК -д холбогдуулан гаргасан 8,354,250 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

3 дах заалтаас ...Х ХХК -иас 148,618 төгрөг гаргуулан М ХХК -д гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 148,618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН