| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0317/Э |
| Дугаар | 343 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон М овогт Д.Бт холбогдох 1811003340157 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 7, эцэг, эхнэр, 2-18 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 89-1292 а тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д.Б, (РД:),
нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өнжүүл" караокед Л.Амгаланбатыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний найз Намдаг намайг орой 20 цаг болж байхад Өнжүүл гэх нэртэй газар хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон юм. Би Өнжүүл гэх газар Намдагтай хамт 0.75 литрийн архи хувааж уугаад архи талдаа орж байхад Намдаг тасраад уначихаар нь би гэрт нь оруулж өгсөн юм. Тэгээд би Намдагийн эхнэр Лхамааг хамт сууя гэж хэлээд хамт Өнжүүл рүү орсон юм. Лхамаатай сууж байгаад үлдсэн архиа ууж дуусгасан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Намайг архи уугаад сууж байхад Амгаланбатын найз эмэгтэй Өнжүүл дотор орж ирээд хажуу талын ширээнд суусан. Тэрний дараа Амгаланбат Өнжүүүл дотор орж ирээд найз эмэгтэйгээ муудалцаад байсан. Тэгээд Лхамаа очоод болиоч гэж шаардлага тавьсан. Амгаланбатын найз эмэгтэй гарч явсаны дараа Амгаланбат Лхамаатай хэрэлдэж байгаад үсдээд эхэлсэн. Тэгэхээр нь би очоод боль гэж хэлсэн асуудлаас болж маргалдаад Амгаланбатын нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Эхлээд Амгаланбат намайг цохих гээд байхаар нь би түрүүлээд цохьчихсон юм гэжээ.
Хохирогч Л.Амгаланбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... Би Чинзаяа гэх эмэгтэйтэй 2017 оны 8 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. Чинзаяа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Олон нуур үйлчилгээний төвд бармен хийдэг. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны 01 цагийн орчимд Чинзаяатай уулзахаар Олон нуур үйлчилгээний төвд очиход Чинзаяа байхгүй болохоор нь гараад явж байтал замын эсрэг талын Өнжүүл нэртэй паб-с Чинзаяагийн найз Чимгээ гэх эмэгтэй гарч ирээд Чинзаяа Өнжүүл паб дотор байна гэж надад хэлсэн. Тэгээд би Өнжүүл паб-д орсон. Намайг паб-д ороход Өнжүүл паб-ын бармен Лхам-Эрдэнэ, захирал Туул, Лхам-Эрдэнийн нөхрийнх нь найз гэх үл таних залуу, манай хамтран амьдрагч Чинзаяа, түүний найз Чимгээ нар байсан. Тэгээд бид хэд 1 шил 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж уугаад би нойл ороод бие засаж байтал миний хойноос Лхам-Эрдэнийн нөхрийн найз гэх залуу орж ирээд надтай муудалцаж байгаад гэнэт миний нүүрэн тус газар 4 удаа цохьсон. Тэгээд би ухаан балартаад миний хамраас цус гарсан. Тухайн үедээ согтуу байсан болохоор юм бодоогүй Чинзаяагийн гэрт ороод унтаад өгсөн. Өглөө нь миний нүүр мэдээгүй болоод хавдсан байсан. Тэгээд би Лхам-Эрдэнэ рүү утсаар яриад миний нүүр мэдээгүй болсон байна цохьсон хүнд нь хэлээрэй гэж хэлээд 5 хоног намайг цохьсон залууг ирж уулзана байх гэж бодоод хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Энэ бүх гэмтлүүдийг Лхам-Эрдэнийн нөхрийн найз Батбаяр гэх залуу миний нүүрэн тус газар 4 удаа цохихдоо учруулсан. Батбаяр гартаа их том бөгж зүүсэн байсан гэжээ.
Гэрч Ч.Лхам-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед "Өнжүүл" караокед ажиллаж байгаад караокегоо хаачихаад Туул, Батбаяр, Чимгээ бид нар миний төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэе гээд "Соёрхол" нэртэй 0.5 литрийн 1 шил архи уугаад дундаа орж байтал Чинзаяа ар талын хаалгаар ороод ирсэн, тэгтэл араас нь Амгаланбат согтуу орж ирээд хараалын үг урсгаад байхаар нь чи согтуу орж ирчихээд битгий элдэв муухай үг хэлээд бай яв гэж хэлтэл Амгаланбат намайг элдэв үгээр дайрч доромжлоод байсан. Тэгэхээр нь Батбаяр Амгаланбатад хандаад чи эмэгтэй хүмүүстэй сууж байж ийм муухай харьцаатай байж болохгүй шүү дээ гэтэл чи юу юм гээд Батбаяр руу агсараад байсан. Ингээд Амгаланбат Батбаярыг хоёулаа гараад учраа ололцоё гээд Батбаярыг аваад Амгаланбат гарсан юм. Тэгээд төд удалгүй Амгаланбат, Батбаяр хоёр зууралдаад зодолдоод ороод ирсэн. Тэгтэл Амгаланбат миний нүүр рүү Батбаяр цохьчихлоо гэж хэлсэн юм гэжээ.
Гэрч Ц.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... Батбаяр Амгаланбатын нүүрний хэсэгт гараараа цохих шиг болсон гэжээ.
Гэрч Б.Чинзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... Амгаланбат согтохоороо их хараал хэлээд байдаг юм. Дэнжийн мянгад амьдардаг хүмүүсийн хэлдэг ал гэх мэт хараалын үг хэлдэг. Амгаланбат Батбаяртай хамт гараад тамхи татсан юм. Тэгээд гаднаас орж ирээд жорлон руу нь орсон. Тэгээд жорлонгийн өрөөнөөс гарч ирэхдээ зууралцаад гараад ирсэн. Гарч ирээд Амагаланбатыг Батбаяр унагаагаад 2 удаа нүүр рүү нь цохьсон. Тэгээд бид хэд салаад би Амгаланбатыг авч гарсан. Нөгөө хэд Батбаярыг аваад үлдсэн гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.23-ны өдрийн ¹1728 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Амгаланбатын биед тархи доргилт, зүүн ухархайн доод хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4 Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Өнжүүл" нэртэй караоке дотор үйлчилгээний бус цагаар тус газрыг ажиллуулдаг Ч.Лхам-Эрдэнэ, Ц.Алтанчимэг, Б.Чинзаяа нарын хамт төрсөн өдөр тэмдэглэж байх үед Б.Чинзаяагийн хамтран амьдрагч гэх Л.Амгаланбат гаднаас орж ирж маргаан үүсгэснээс Д.Батбаяр түүнийг зодсоноос хохирогчийн биед тархи доргилт, зүүн ухархайн доод хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын зүүн талд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Амгаланбатын “Намайг паб-д ороход Өнжүүл паб-ын бармен Лхам-Эрдэнэ, захирал Туул, Лхам-Эрдэнийн нөхрийнх нь найз гэх үл таних залуу, манай хамтран амьдрагч Чинзаяа, түүний найз Чимгээ нар байсан. Тэгээд бид хэд 1 шил 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж уугаад би нойл ороод бие засаж байтал миний хойноос Лхам-Эрдэнийн нөхрийн найз гэх залуу орж ирээд надтай муудалцаж байгаад гэнэт миний нүүрэн тус газар 4 удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Ч.Лхам-Эрдэнийн “... караокегоо хаачихаад Туул, Батбаяр, Чимгээ бид нар миний төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэе гээд "Соёрхол" нэртэй 0.5 литрийн 1 шил архи уугаад дундаа орж байтал Чинзаяа ар талын хаалгаар ороод ирсэн, тэгтэл араас нь Амгаланбат согтуу орж ирээд хараалын үг урсгаад байхаар нь чи согтуу орж ирчихээд битгий элдэв муухай үг хэлээд бай яв гэж хэлтэл Амгаланбат намайг элдэв үгээр дайрч доромжлоод байсан. Тэгэхээр нь Батбаяр Амгаланбатад хандаад чи эмэгтэй хүмүүстэй сууж байж ийм муухай харьцаатай байж болохгүй шүү дээ гэтэл чи юу юм гээд Батбаяр руу агсараад байсан. Ингээд Амгаланбат Батбаярыг хоёулаа гараад учраа ололцоё гээд Батбаярыг аваад Амгаланбат гарсан юм. Тэгээд төд удалгүй Амгаланбат, Батбаяр хоёр зууралдаад зодолдоод ороод ирсэн. Тэгтэл Амгаланбат миний нүүр рүү Батбаяр цохьчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Чинзаяагийн “Амгаланбат согтохоороо их хараал хэлээд байдаг юм. Амгаланбат Батбаяртай хамт гараад тамхи татсан юм. Тэгээд гаднаас орж ирээд жорлон руу нь орсон. Тэгээд жорлонгийн өрөөнөөс гарч ирэхдээ зууралцаад гараад ирсэн. Гарч ирээд Амагаланбатыг Батбаяр унагаагаад 2 удаа нүүр рүү нь цохьсон. Тэгээд бид хэд салаад би Амгаланбатыг авч гарсан. Нөгөө хэд Батбаярыг аваад үлдсэн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн эмнэлгийн 2018.01.23-ны өдрийн ¹1728 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч М овогт Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч М овогт Д.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ