| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2528002890282 |
| Дугаар | 2026/ДШМ/17 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | С.Анхбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/17
О., Ц.*******, О.*******,
Ц.*******, Ц.*******, Д.*******,
А.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор С.Анхбаяр,
Яллагдагч О.ын өмгөөлөгч Л.Сарангуа /цахим/,
Яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/45 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Арсланбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн О., Ц.*******, О.*******, Ц.*******, Ц.*******, Д.*******, А.******* нарт холбогдох 2528002890282 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч О.*******, А.*******, Ц.*******, Д.*******, Ц.*******, Ц.******* нар нь бүлэглэж, Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” гэх караокены гадна 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагийн орчимд иргэн О.той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед зүүн хөмсөг, зүүн хацарт шарх, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч О. нь Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” гэх караокены гадна 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагийн орчимд иргэн Ц.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан эрх чөлөөнд нь халдаж, толгой руу нь толгойгоороо нэг удаа мөргөж, баруун шанаа хэсэгт гараараа 1 удаа цохиж, биед тархины доргилт, хамар ясны хугарал, дух, дээд уруулын зулгарал, хуйх, зүүн хацар, шанаа, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун мөр, шуу, зүүн бугалга, сарвуу дахь цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Ц.*******, О.*******, Ц.*******, Ц.*******, Д.*******, А.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Ц.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овгийн Олзвойн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан дарж овгийн Цэцэг-Өлзийгийн *******, Боржигон овгийн Отгонтөгсийн *******, Бөх шар овгийн Цогтгэрэлийн *******, Тайж овгийн Цогжаргалын *******, Барзадай овгийн Далайхүүгийн *******, Шарнууд овгийн Амгалангийн ******* нарт холбогдох 2528002890282 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,
Яллагдагч О., О.*******, А.*******, Ц.*******, Д.*******, Ц.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Б.Арсланбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
2. Шүүх дараах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тухайлбал:
2.1 Шүүх шийдвэртээ Ц.*******, Ц.******* нарын мэдүүлгийг дурьдаж, улмаар гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй хүний үйлдлийг нэг мөр шалгаж тогтоогоогүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.******* нь хохирогчоор мэдүүлэхдээ болон түүний найз гэх залууд зодуулж биедээ гэмтэл авсан талаар, Ц.******* нь яллагдагчаар мэдүүлэхдээ той зууралдаж байхад нь Бурханбогд *******ийг зангидсан баруун гараараа толгойн тус газар нь гурван удаа цохисон талаар тус тус мэдүүлдэг боловч тухайн хэргийн нөхцөлд камерт бичигдсэн бичлэгээр той хамт байсан гэх хүмүүсийн үйлдэл, оролцоо нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлах боломжгүй тул дээрх камерын бичлэгийг үзэхгүй, шинжлэн судлахгүй, харин эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед дээрх ажиллагааг явуулах, мөн камерын бичлэгт бичигдсэн үйл баримтыг хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулснаар Ц.*******, Ц.******* нарын мэдүүлэг няцаагдах, эсхүл үгүйсгэгдэх боломжтой.
Гэтэл шүүх илтэд гэмт хэрэгт хамтран оролцоогүй, харин бусдын хууль бус, зүй бус үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг гэмт хэрэгт холбон шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, дээрх үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн Ц.*******, Ц.******* нарыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулж тайлбар аваагүй, камерын бичлэгт үзлэг хийгээгүй байхад таамаглалд үндэслэж “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн” гэж шууд дүгнэсэн нь хуулийн зарчимд нийцэхгүй байна.
2.2 Шүүхийн шийдвэрт прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэж бичсэн ба энэ нь яллах дүгнэлтээс зөрүүтэй, бие биеэ үгүйсгэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан мэтээр дүгнэж, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотлоогүй гэж дүгнэсэн байна.
Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2025 оны” гэж бичсэн нь техникийн шинжтэй бичиглэлийн алдаа болох нь илт тодорхой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад гэмт хэрэг гарсан цаг хугацаа эргэлзээгүй, мөн дээрх техникийн шинжтэй алдааг талуудын хүсэлт, саналаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас засах боломжтой гэж дүгнэж байна.
2.3 Шүүхийн шийдвэрт Өмнөговь аймаг дахь бүхийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 504 дугаартай дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан "тархи доргилт" гэх гэмтлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0525/934 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэсэн талаар дурьдаж, улмаар прокурорын яллах дүгнэлтэд дээрх үгүйсгэгдсэн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн байна гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь:
Шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт нь нотолгооны хувьд шинжээч дангаар гаргасан дүгнэлтээс заавал давуу байдалтай биш бөгөөд шүүх ЕГ0525/934 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь 504 дугаартай дүгнэлтийг үгүйсгэсэн мэтээр, прокурор яллах дүгнэлтдээ "тархи доргилт" гэмтлийг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн мэтээр тус тус шууд дүгнэсэн нь прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй эсэх, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаас нь, хараат бусаар, өөрийн дотоод итгэлээр үнэлэх прокурорын эрхийг илт үгүйсгэсэн, хууль бус дүгнэлт болно.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тайлбарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрсдийн гаргасан шийдвэрт заавал заахаар, шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт, магадалгаа бүрээр шүүх шийдвэртээ заавал тусгахаар заасан.
Тус тайлбарт тайлбарласнаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй эсэх, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаас нь үнэлэх учиртай болохыг шүүх анхаараагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй шинжээчийн нэг дүгнэлт нь нөгөөгөө үгүйсгэсэн мэтээр, үгүйсгэгдсэн дүгнэлтийг прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн мэтээр тус тус дүгнэсэн ойлгомжгүй.
Энэ нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж гараагүй гэж дүгнэж байна.
Түүнчлэн шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан дүгнэлт нь өмнө гарсан хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах хохирлыг үгүйсгээгүй байх тул хэргийн зүйлчлэл болон хохирлын зэрэгт нөлөөлөхгүй, нэг дүгнэлт нь нөгөөг үгүйсгээгүй болно.
2.4 Шүүх “шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн зүгээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий тайлбар, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж оролцсон” гэж дурдсан боловч энэхүү ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх, хэрэв боломжгүй гэж үзэж байгаа бол шалтгаан, нөхцөлийг шийдвэртээ дурдаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хуулийн шаардлагыг хангаж гараагүй гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд О., түүний өмгөөлөгч Л.Сарангуа нар нь хэргийн материалтай танилцсан талаар мэдүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлт, гомдол гаргаагүй, гомдол гаргах боломжит хугацаагаар бүрэн хангасан болохыг тодруулж байна.
2.5 Мөрдөгч иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоох тухай тогтоол үйлдсэн атлаа Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч М.Булганчимэгээс иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авах ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг зөрчөөгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд шүүхийн практик тогтсон болно.
2.6 Шүүхээс хэрэгт нэр бүхий 6 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримт авагдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах, хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай шийдвэрийг гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.15, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг зөрчсөн байх тул уг зөрчлийг арилгах нь зүйтэй...” гэж дүгнэж, дээрх заалтуудад нийцсэн шийдвэрийг нөхөн гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгэнт гаргасан зөрчлийг арилгуулах бус, гараагүй шийдвэрийг нөхөж хийснээр зөвтгөх боломжгүй юм.
Дээрх ажиллагаа нь мөрдөх байгууллагын даргын цохолтоор хийгддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.15-т заасан шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагааг хийлгэхээр прокуророос даалгасан тохиолдол байхгүй болно.
2.7 Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцээгүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй байхад шүүгч захирамждаа яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгэн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдийн агуулгыг дурдаж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж байгааг шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж дүгнэж байна.
2.8 Шүүх шийдвэртээ: “...энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлахгүйгээр яллагдагч, өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд дурдагдсан ажиллагааг болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэх...” гэсэн нь шүүхийн шийдвэрт зааснаас гадна нэмэлт ямар ажиллагааг хийх шаардлагатай гэж шүүх үзсэн, яллагдагч, өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд дурдагдсан ямар ажиллагааг гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой эсэх зэрэг байдал тодорхойгүй, ойлгомжгүй шийдвэр болжээ.
Шүүхийн шийдвэрт дурдагдсан ажиллагаанууд нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хавтаст хэрэгт тусгагдсан яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлах, тухайн нотлох баримтад илэрсэн нөхцөл байдал, агуулгыг харьцуулан шинжлэн судалж, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох боломжтой ажиллагаанууд бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж дүгнэж байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор С.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгч рүү хэргийг шилжүүлэх ажиллагааг тухайн хэргийн мөрдөн байцаах тасгийн даргын цохолтоор нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгч рүү шилжүүлдэг. Нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид хэргийг шилжүүлэх тогтоол үйлдэгдээгүй ч гэсэн хэргийн процесс бол мэдүүлэг авах ажиллагаа хуулийн шаардлагыг хангаж ажилласан байгаа. Дан ганц нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгч рүү шилжүүлэх тогтоол хийгдээгүй дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцээгүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй байхад шүүгч захирамждаа яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдийн агуулгыг дурдаж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэрт хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэж үзэж байна. 2.8 дээр шүүх шийдвэртээ энэхүү шүүхийн шийдвэрээр харгалзахгүйгээр яллагдагч, өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан дурдагдсан ажиллагааг болон хэргийн бодит байдлыг тогтоох ач холбогдол бүхий нотлох баримт, нөхцөл байдлыг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлнэ гэсэн шүүхийн шийдвэрт зааснаас гадна нэмэлт ямар ажиллагаа хийх ямар шаардлагатай гэж шүүх үзсэн. Яллагдагч, өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд дурдагдсан ямар ажиллагаа хийж гүйцэтгэх нь тодорхой бичигдээгүй, мөн хэргийн бодит байдлыг тогтооход эдгээр ажиллагаанууд нь ямар ач холбогдолтой эсэх зэрэг байдал нь тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар шийдвэртээ тусгасан байна гэв.
Яллагдагч О.ын өмгөөлөгч Л.Сарангуа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. О. гэдэг хүнийг 6-аас 7 хүн зодсон гэдэг. Ц.******* гэдэг хүнийг хэд хэдэн хүн зодсон гээд байгаа. Өөрөө ч мэдүүлдэг, хажууд нь гэрч байсан хүмүүс ч гэсэн мэдүүлээд байдаг. Гэтэл прокурорын эсэргүүцэлд О.той хамт байсан хүмүүсийн үйлдэл, оролцоо хангалттай нотлогдон тогтоогдоогүй гээд хэнийг шалгаад, хэн нь тогтоогдоогүй, хэрэг нь хэрэгсэхгүй болгочихсон гэдэг нь тодорхой биш байсан. Энэ хэрэг дотор тийм зүйл байхгүй. Гэмт хэрэгт хамтран оролцоогүй, бусдын хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг гэмт хэрэгт холбон шалгуулахаар прокурорт буцааж байгаа гэсэн хэрнээ нэр ус ч алга. Би 11 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн материалтай очиж танилцчихаад прокурорт гомдол, хүсэлт гаргасан. Прокуророос надад шинжээч нараас тодруулна гэсэн хариу өгдөг. Шүүх хуралдаан дээр энэ асуудал тодруулаад явагдана гэсэн хариу биш байсан. Тэгээд би энэ асуудал нь шалгагдаж байгаа юм байх даа гэж байтал 03 сарын дараа буюу он гарсны дараа яллагчаар татаад шүүхэд шилжүүлчихсэн байсан. Тэгээд энэ хэрэг дуусгавар болчихсон, хэргийн материалтай танилцах эсэх тухай надад ямар ч мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй. Тэгээд би хэргийн материалтай танилцаагүй. Тэгэхээр хэргийн материалтай танилцахгүйгээр шүүх хэргийг шийдчихдэг болоогүй юм бол би үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэж байгаа. Тэгээд бусад зүйлүүдийг сая илтгэгч шүүгчээс уншчихсан. Прокурор эсэргүүцэлдээ шүүхийн практик ийм байдаг. Ийм тогтчихсон ийм практик байдаг. Шүүхийн шийдвэрт дурдсанаар олон мөрдөн байцаагч сольдог. Тэр нь прокуророос даалгасан тохиолдол байхгүй гэдэг ойлгомжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй үйл ажиллагаа явуулаад өнөөдөр ийм байдлаар эсэргүүцэл бичээд байгаа нь үндэслэлгүй, тодорхой биш, ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх шүүгчийн захирамждаа тодорхой зүйлүүдийг бичиж, үндэслэлүүдээ зааж байгаад хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж үзэж байна. Хамгийн анх 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 45 тоот шүүгчийн захирамж гардаг. Энэхүү шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүгч хэд хэдэн үндсэн нөхцөл байдлуудаар энэ хэргийг прокурорт буцааснаар зайлшгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болон бусад ажиллагаануудыг хийлгэхээр шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн байдаг. Прокурор эсэргүүцэлдээ шүүх яг ямар үйл ажиллагаа хийх нь тодорхой бус гэдэг үйл баримтыг дурдаад байдаг. Энэ шүүгчийн захирамжид нэг талдаа тухайн тэр зодоонд оролцсон н.Бурханбогд гэж хүн дээр эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татаагүй. Миний үйлчлүүлэгч болоод өөр бусад хүмүүсийн биед халдаад яваад байсан нөхцөл хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим нэг талдаа алдагдаад байна. Энэ хүний үйлдлийг шалга гэдэг байдлаар шүүгчийн захирамжид дурдагдаад байдаг. Энэ шүүгчийн захирамжид нийтдээ 6 төрлийн нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль болоод Эрүүгийн хуульд заасан нөхцөл байдлуудыг зөрчсөн гэдгийг нэг бүрчлэн дурдаад явчихсан байгаа. Тэгэхээр зөрчигдсөн гэж үзээд байгаа үйл баримт болон шүүхээс хийж байгаа эрх зүйн дүгнэлт нь тодорхой байхад прокурор эсэргүүцэлтэй үүнийг дурдаж бичихгүй байна. Ямар ямар ажиллагаа хийхийг захирамж дээрээ тодорхой тусгаад өгчихсөн байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 01 дүгээр сарын одоо 26-ны өдрийн 45 тоот шүүгчийн захирамжид заагдсан энэ ажиллагааг зайлшгүй хийгдэх хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоох шаардлагатай байна. Энэ ажиллагааг явуулснаар миний хоёр үйлчлүүлэгч нь хэн нэгний эрх чөлөөнд халдаагүй, очоод салгах гэж байсан үйлдэл холбогдлууд байдаг. Прокурорын шатанд өмгөөлөгчийн зүгээс үүнтэй холбоотой үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгоё гээд хүсэлт гаргадаг боловч үүнийг хангадаггүй. Тийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийнхээ талаар нотолбол зохих асуудлыг дахин хэргийг буцааж нотолсноор энэ хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч О., О.*******, А.*******, Ц.*******, Д.*******, Ц.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хэргийн материалыг судлахад, Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийх шаардлагатай ба процесс ажиллагаануудыг зөрчсөн зөрчлийг арилгах, хэргийн оролцогчийн эрхийг хангах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдана.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул хяналтын прокурор Б.Арсланбаатарын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай“ эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/45 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР