Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2022/01280

 

 

 

 

 

 

 

 

2022 07 06 210/МА2022/01280

 

 

А.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2022/00200 дугаар шийдвэртэй А.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М од холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Миний нөхөр Ж.М 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Талийгаачийн ажил явдлын үеэр ах дүү төрөл төрөгсөд нь буяны ажилд зориулан 1.900.000 төгрөг цуглуулж талийгаачийн эгч Ж.О миний ХААН банкны 5012012406 дугаартай данс руу шилжүүлсэн, харин нөхрийн 12 жил ажилласан ТАМАХ хэсгийн хамт олон буяны ажилд зориулан 2,000,000 төгрөгийг талийгаачийн дүү Ж.М ын дансаар шилжүүлсэн. Буяны ажилд зориулж өгсөн энэ мөнгийг ар гэр бидэнд өгөх ёстой байсныг Ж.М дамжуулж өгөлгүй үндэслэлгүйгээр өөртөө завшсан болно. Ж.М тайлбар хийхдээ дээрхи мөнгийг эгч Ж.О гийн дансанд хийж тусдаа буяны ажил хийсэн мэтээр ярьдаг бөгөөд ийм үйл явдал болоогүй, үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй болно. Иймд хариуцагчаас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний ах Ж.М бусдын гарт амь үрэгдсэн нь үнэн. Ах дүү төрөл төрөгсөд бид бүхний зүгээс талийгаачийн ажил явдалд зориулсан, буяны ажилд зориулсан мөнгийг ахын эхнэр Б.Бямбасүрэнд өгсөн. Харин Багануур ХК-ийн хэсгийн хамт олны өгсөн 2.000.000 төгрөгийг эгч Ж.О гийн дансанд хийсэн. Эгч Ж.О нь миний ахын эхнэр А.Б гийн 5012012406 тоот данс руу шилжүүлсэн байх. Ийм учраас миний зүгээс мөнгөний асуудалд хамааралгүй. Буяны ажлын үеэр бид таарамж муутай байсан учраас манайхан тусдаа том эгч н.Одсүрэнгийнд буяны ажил хийсэн гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.М оос 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М оос 46,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний ах Ж.М нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Багануурын уурхайд ах 12 жил ажиллаад ажлаасаа халагдаж 2 жил гаруй болсон. Ахыг нас барсан тухай сонсож тус уурхайгаас ахын буяны ажилд 2,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Талийгаачийн ажил явдалд оролцохоор ирсэн 2 эгчийг хэл амаар доромжилсоны улмаас бид буяны ажлыг тусдаа Улаанбаатар хотод уншуулах ёстой номнуудыг нь уншуулж, ах дүү хамаатан саднаа цайлж, буяны ажил үйлдсэн. Төрснийгөө алдсан биднийг буяны үйл хийснийг үгүйсгэж байгааг зөвшөөрөхгүй. А.Б гийн дансанд 1,900,000 төгрөг шилжүүлсэн. Уурхайгаас төрсөн ах нь нас барсан гэж буяны ажилд зориулж, надад өгсөн 2,000,000 төгрөг болохоос ахын гэр бүлд өгөөрэй гэж хэлж өгсөн мөнгө биш. Хэрэв хуучин ажиллаж байсан байгууллага нь эхнэрт нь өгөх байсан бол Багануурт амьдарч байгаа эхнэрт өгөх байсан байх. Буяны ажилд зориулаарай гэсэн мөнгийг завшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнийг ойлгохгүй байна. Би А.Б д өгсөн мөнгийг аваагүй. Манай байгууллага надад буяны ажилд зориулаарай гэсэн мөнгийг авснаар би ямар нэгэн үүрэг хариуцлага А.Б гийн өмнө хүлээхгүй гэж ойлгож гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Талийгаачийн хамт олон буяны ажилд зориулж мөнгийг өгсөн мөнгийг Ж.М завшсан. Багануур ХК-аас талийгаачийн ар гэрт зориулж мөнгө өгсөн. Хадам аав эгчдээ мөнгө өг гэж хэлэхэд за гэсэн боловч хоёр эгч нь загнаад өгүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Ж.М од холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ талийгаачийн буяны ажилд зориулж ажиллаж байсан байгууллагаас өгсөн 2,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Ж.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2,000,000 төгрөгийг Ж.О эгчийн дансанд шилжүүлсэн, ажил явдлын үеэр таарамжгүй харилцаатай байсны улмаас Улаанбаатар хотод буяны ажилд зарцуулсан гэж тус тус тайлбарлажээ. /хх1, 13, 32/

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл баримт, талуудын тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3а. Жамъянсүрэнгийн Мөнхбаяр нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-6/ Тэрээр нэхэмжлэгч А.Б тэй 1998 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1101000118 дугаарт бүртгэгджээ. /хх-5/

3б. Талийгаачийн буяны ажилд ах, дүү, төрөл төрөгсдийн цуглуулсан 1,900,000 төгрөгийг Ж.О гаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч А.Б гийн Хаан банкин дах 5012012406 дугаар дансанд буяны юм гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх-29/

Харин, талийгаачийн ажиллаж байсан газрын хамт олноос өгсөн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч эхнэр А.Б д шилжүүлэн өгсөн эсэх асуудлаар маргажээ.

4. Хаан банкин дах хариуцагч Ж.М ын дансанд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг Мөнхбаяр агсанд ТАМАХ хамт олноос гэх гүйлгээний утгаар Багануур ХК-ийн ТАМАХ хэсгийн хамт олноос буяны ажилд зориулан шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-1, 13, 22/

Дээрх мөнгөн хөрөнгийг Ж.М нь эгч Ж.О гийн дансанд шилжүүлсэн, буяны ажилд зарцуулж буян үйлдсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байна.

Түүнчлэн, хариуцагч нь хэрэгт 2 ширхэг фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг зургийг хэзээ, хэн авсан, хэний ямар зүйлд зориулж лам ном уншсан эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж.М оос 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байх тул уг мөнгийг талийгаачийн буяны ажилд зарцуулсан гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2022/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН