Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Н овогт Д.Бд холбогдох 1811009020354 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин ус суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-20 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Н овгийн Д.Б, (РД:),

нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-20 тоотод Хаан банкны мобайл банк ашиглан Э.Бямбажавын 5171026335 дугаартай данснаас 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.  

              Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:- 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Э.Бямбажав Гүнтийн 1-20 тоотод байх хуучин бид хамт амьдардаг байсан байшинд хүүхдүүдээ харуулахаар ирсэн. 17 цагийн үед Бямбажавыг унтаж байхад би Бямбажавын утас руу 100 нэгж хийгээд гар утасны мобайл банкаар нь өөрийнхөө эгч Д.Туулчимэгийн данс руу эхлээд 70.000 төгрөг, дахиад 10.000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ талаараа Э.Бямбажавт хэлээгүй, ирсэн мессэжүүдийг нь устгасан. Маргааш нь үүрийн 05 цаг өнгөрч байхад дахиад эгчийн данс руу 230.000 төгрөг, дахин 200.000 төгрөгөөр тасалж шилжүүлж авсан. Мөн ирсэн мессэжүүдийг нь устгасан. 3 дугаар сарын 11-нд Бямбажав ээжийнх рүүгээ хүүхдүүдээ дагуулаад яваад өгсөн. Би харин гэрээсээ гараад нэгдүгээр хороололд байх автомат тоглоомын газар руу тоглохоор явсан. Миний иргэний үнэмлэхний хугацаа дууссан гээд банкаар үйлчлүүлж болдоггүй байсан юм. Тэгээд эгч Д.Туулчимэгийн ашигладаггүй банкны картыг аваад хэрэглэсэн юм. Би Э.Бямбажавт учруулсан хохирол 600.000 төгрөгийг барагдуулсан байгаа гэжээ.

            Хохирогч Э.Бямбажав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -Би 2009 онд Д.Баттуултай гэр бүл болоод хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 7 дугаар сараас тусдаа амьдран, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тэгтэл Баттуул нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 33 минутанд миний эзэмшлийн 5171026335 дугаартай данснаас 70.000 төгрөг, мөн өдрийн 18 цаг 52 минутанд 100.000 төгрөг, дараа нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 05 цаг 16 минутанд 230.000 төгрөг, мөн өдрийн 05 цаг 22 минутанд 200.000 төгрөгийг төрсөн эгч Д.Туулчимэгийн 5037317715 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Нийт 600.000 төгрөг шилжүүлэн авсан байна. Би урд нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Баттуул руу 100.000 төгрөг шилжүүлж өгч байсан удаатай. Уг мөнгийг оруулах шаардлагагүй гэжээ.

            Гэрч Д.Туулчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 3 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Манай дүү Баттуулын салсан эхнэр Э.Бямбажав над руу залгаад Баттуул миний данснаас мобайл банк ашиглаад мөнгө авчихлаа гэж хэлэхээр нь энэ талаар мэдсэн. Баттуулыг ирэхээр нь энэ талаар асуухад Бямбажавын гар утсыг ашиглаж мобайл банкаар миний 5037317715 дугаарын данс руу мөнгө шилжүүлээд уг мөнгийг өөртөө авч хэрэглэсэн байсан. Баттуул 2 дугаар сараас эхлээд миний картыг ашиглаж байгаа би өөрийнхөө данстай гар утасныхаа дугаарыг холбож мессеж үйлчилгээг идэвхжүүлээгүй учраас миний дансанд мөнгө орсон, гарсан асуудлыг би мэдэхгүй байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-20 тоот гэртээ байх үедээ Э.Бямбажавын гар утаснаас мобайл банк ашиглан Хаан банкин дахь түүний данснаас нийт 600.000 төгрөгийг цувуулж, өөрийн эгчийн данс руу шилжүүлэн авсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Бямбажавын “...Баттуул нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг 33 минутанд миний эзэмшлийн данснаас 70.000 төгрөг, мөн өдрийн 18 цаг 52 минутанд 100.000 төгрөг, дараа нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 05 цаг 16 минутанд 230.000 төгрөг, мөн өдрийн 05 цаг 22 минутанд 200.000 төгрөгийг төрсөн эгч Д.Туулчимэгийн данс руу шилжүүлэн авсан. Нийт 600.000 төгрөг шилжүүлэн авсан байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Туулчимэгийн “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Манай дүү Баттуулын салсан эхнэр Э.Бямбажав над руу залгаад Баттуул миний данснаас мобайл банк ашиглаад мөнгө авчихлаа гэж хэлэхээр нь энэ талаар мэдсэн. Баттуулыг ирэхээр нь энэ талаар асуухад Бямбажавын гар утсыг ашиглаж мобайл банкаар миний данс руу мөнгө шилжүүлээд уг мөнгийг өөртөө авч хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, Э.Бямбажавын “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

              Иймд шүүгдэгч Н овогт Д.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Хохирогч нь “2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр миний хохирол болох 600.000 төгрөгийг барагдуулан өгсөн тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

              Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байгаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

              Шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.      

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Н овогт Д.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Баттуулд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ