Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2022/01278

 

 

 

 

 

 

2022 07 06 210/МА2022/01278

 

 

Б.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00619 дугаар шийдвэртэй, Б.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б д холбогдуулан гаргасан 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангаас хүсэлт тавьсны дагуу Д.С ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын санд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнийг 2,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Гэрээний 6.5-д үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцно гэж заасан. Миний хувьд тухайн хэрэг маргааныг дуустал өмгөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлж, зохих журмаар үүргээ хэрэгжүүлсэн, 2020 оноос хойш ажлын төлбөрийг нэхэмжилсэн боловч хариуцагч тал төсөвт ийм мөнгө байхгүй гэх байдлаар хариу өгдөг болсон. Урьдчилгаа төлбөр аваагүй. Хэрэв хариуцагч тал 1,000,000 төгрөг өгсөн гэж үзэж байгаа бол үүнийг нотлох ёстой. Гэрээнд алдангийг 0,2 хувиар тооцно гэж заасан боловч хариуцагч тал нь 800 хоногийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг 0,5 хувиар тооцож нэхэмжилсэн. Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэж хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасан боловч талууд эвлэрч 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах шатны шүүхээс магадлал гарч уг өдрөөр миний ажил дуусгавар болсон. Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.М той холбоотой ямар нэг бичиг баримт байхгүй, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас 2,000,000 төгрөгийн туслалцаа үзүүлэх гэрээг харсан. Манай байгууллага төсвөөс санхүүждаг төсвийн байгууллага юм. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2,000,000 төгрөг олгох асуудал төсөвт тусгагдаагүй. Б.М нь өмнөх захирал н.Ганбаатартай уулзаж гэрээ байгуулсан. Уг асуудлыг удирдах зөвлөлөөр хэлэлцсэн боловч хууль зүйн туслалцаа үзүүлэх мөнгийг төсөвт суутгах боломжгүй гэсэн. Гэрээний хавсралтад заасан 1,000,000 төгрөгийг Б.М ын дансанд орсон эсэхийг мэдэхгүй, баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангаас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг уулсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангаас 69,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М од олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал асан Х.Ганбаатар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өмгөөлөгч Б.М той №176 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.2-т гэрээнд талууд гарын үсэг зурж, урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл Б.М нь гэрээнд заасны дагуу урьчилгаа төлбөрөө аваагүй шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцсон гэсэн байна. Байгаль орчин, уур амьсгалын сан нь төрийн байгууллага учраас жил бүр өр, авлагын тооцоо үүсгэн санхүүгийн тайланд тусгаж, аудитаар баталгаажуулдаг. Энэ хэрэгтэй холбоотой материал манай байгууллагын санхүүгийн тайланд тусгагдаагүй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б д холбогдуулан 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагад холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон, хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлсөө алдангийг хамт гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...өмнөх захиралтай гэрээ байгуулсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх мөнгө төсөвт тусгагдаагүй, төсвөөс санхүүждэг байгууллага учраас төлөхийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх-1, 16/

4. Зохигчид хоорондоо 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ажиллагч нь Д.С ын нэхэмжлэлтэй Х.Ганбаатарт холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэрэгт хууль зүйн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх, ажиллуулагч нь шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний ажлын хөлс 2,000,000 төгрөг төлөх, гэрээний 6.5-д үйлчлүүлэгч гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-4/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч алдангийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул залруулан өөрчлөлт оруулав.

6. Хэргийн 26-33, 34-38 дахь талд авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00404 дугаар шийдвэрээр Д.С ын нэхэмжлэлтэй хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын санд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд Б.М нь хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1029 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.М нь дээрх байдлаар гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд биечлэн оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Иймд хариуцагч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 2,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний 6.5-д заасны дагуу хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангаас алдангид 1,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Харин шүүх хариуцагч гэрээний алдангийг гаргуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлаагүйг залруулан шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00619 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...359.1 гэсний дараа, 232 дугаар зүйлийн 232.4 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН