Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

            Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ц овогт Б.Эт холбогдох 1711016450310 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1967 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Энэрэл холдинг ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3 ээж охины хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж 26-45 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаантуг овогт Б.Э, (РД:),

нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 11 дүгээр байрны 50 тоотод байрлах шатрын "Дуг Цод" клубт Ц.Эрдэнэ-Очиртой шатар тоглож байхдаа хоорондоо маргалдаж, маргааныг таслахаар ирсэн клубын үйлчлэгч хохирогч Л.Болормааг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байранд байрлах “Дуг цод” шатрын клубт Эрдэнэ-Очир гэх хүнтэй шатар тоголж байх үед зөв буруу нүүсэн гэснээс болж хоорондоо маргалдсан. Тэгэж байтал хажуу талаас уг клбуыг ажиллуулдаг Болормаа орж ирээд намайг битгий маргаад бай, тоглож чадахгүй бол гар, гээд хэл амаар доромжлоод байхаар нь цаашаа бай, чамд хамаагүй, бид хоёр өөрсдөө учраа олно гээд цээж рүү нь баруун гар талын тохойгоороо түлхтэл хойшоо бөгс хэсгээрээ унасан. Тэгээд би Эрдэнэ-Очиртой учраа олоод гараад явчихсан. ...Тэр өдөр би Л.Болормаагийн биед ийм хэмжээний гэмтэл учрахаар зодож цохиогүй. Тэгээд хэрэг болдогийн маргааш өдөр нь Болормаагийн ажил дээр дахиж очоод намайг уучлаарай би уурандаа чамайг гомдоосон бол уучлаарай гээд 100.000 төгрөг өгөөд уучлалт гуйгаад явсан гэжээ.

Хохирогч Л.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад манайхаар үйлчлүүлж байсан Эрдэнэ-Очир, Энхбаатар 2 хоорондоо шатар тоглож байгаад Эрдэнэ-Очир гэх хүнийг барьсан шатраа нүүгээгүй гээд Энхбаатар боогоод тархи толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь Энхбаатарыг болиулах санаатай очоод гарнаас нь таттал эргэж хараад миний зүүн гуя руу өшиглөөд намайг унагаачихсан. Би босч очоод Эрдэнэ-Очир гуайг гаргачихвал гайгүй болчих байх гэж бодоод салгатал миний баруун гуя руу өшиглөөд зүүн гарыг мушгиад дарсан тэгээд намайг боосон. Тэр хооронд би Эрдэнэ-Очир гуайг гаргачихаад бие өвдөөд сууж байтал над руу бас дайраад хэл амаар доромжлоод байсан. Миний зүүн баруун 2 гуя, хоолой улайсан, зүүн гарын долоовор хурууны зөөлөн эд гэмтэж хумс харлаад унаж байгаа гэжээ.

Гэрч Ц.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: - Энхбаатар уурлаад дахин надтай маргалдаж хоорондоо барьцалдаж аваад түлхтэл чигээрээ гэдэргээ савж шалан дээр унасан. Тэр үед Энхбаатар бид хоёр барьцалдаад байж байсан дахиад Болормаа босч ирээд дахин бид хоёрыг салгасан. Намайг гарсан хойно Эрдэнэ-Очир гуайг өмөөрлөө гэж Болормааг зодсон гэжээ.

Гэрч Ч.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 11 дүгээр байрны 50 тоотод байрлах "Дуг Цод" шатрын клубт Сонгинохайрхан дүүргийн сонирхогчдын шатрын аврага шалгаруулах тэмцээнд цаг шатар авахаар очсон байсан юм. Тэгсэн яг юунаас ямар шалтгаанаас улмаас маргалдаж эхэлснийг мэдэхгүй, гэхдээ л их л жижигхэн зүйлээс болж миний зүс мэдэх Энхбаатар Эрдэнэ-Очир ахтай шатар тоглож байгаад орилж эхэлсэн. Эрдэнэ-Очир ах урдаас нь огт дуугарахгүй, юм ярихгүй чимээгүй суугаад байсан. Тэгээд Энхбаатар түүнийг дээрэлхээд хоолойг нь боож авахад нь шатрын клубыг хариуцан ажилладаг Болормаа эгч очоод араас нь татаад хөгшин хүн дээрэлхэхээ болиоч гээд татахад Энхбаатар түлхээд унагачихсан. Тэгсэн Болормаа босч ирээд чи эндээс гар, энд тоглох албагүй гээд хөөсөн. Тэгэхэд Эрдэнэ-Очир руу дайрахаа больж Болормааг дахин газар түлхэж унагаад хөлийнх нь гуя гэсэгт өшиглөсөн. Болормааг түлхэж унагаад газар унасан хойно нь гуя хэсэгт нь өшиглөсөн гэжээ.  

 

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.25-ны өдрийн ¹14680 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Л.Болормаагийн биед хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шуу, баруун, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 хороо 11 дүгээр байрны 50 тоотод байрлах "Дуг Цод" гэх шатрын клубт Ц.Эрдэнэ-Очиртой шатар тоглож байхдаа маргалдаж, тэдгээрийн маргааныг салгах гэж шаардлага тавьсан клубын үйлчлэгч Л.Болормааг зодсоноос хохирогчийн биед хүзүүний зулгаралт, цус хуралт, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шуу, баруун, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Энхбаатарыг болиулах санаатай очоод гарнаас нь таттал эргэж хараад миний зүүн гуя руу өшиглөөд намайг унагаачихсан. Би босч очоод Эрдэнэ-Очир гуайг гаргачихвал гайгүй болчих байх гэж бодоод салгатал миний баруун гуя руу өшиглөөд зүүн гарыг мушгиад дарсан тэгээд намайг боосон” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эрдэнэ-Очирын “Энхбаатар уурлаад дахин надтай маргалдаж хоорондоо барьцалдаж аваад түлхтэл чигээрээ гэдэргээ савж шалан дээр унасан. Тэр үед Болормаа босч ирээд дахин бид хоёрыг салгасан. Намайг гарсан хойно Эрдэнэ-Очир гуайг өмөөрлөө гэж Болормааг зодсон” гэх мэдүүлэг, гэрч Ч.Батзаяагийн “... Энхбаатар түүнийг дээрэлхээд хоолойг нь боож авахад нь шатрын клубыг хариуцан ажилладаг Болормаа эгч араас нь татаад хөгшин хүн дээрэлхэхээ болиоч гээд татахад Энхбаатар түлхээд унагачихсан. Тэгсэн Болормаа босч ирээд чи эндээс гар энд тоглох албагүй гээд хөөсөн. Тэгэхэд Эрдэнэ-Очир руу дайрахаа больж Болормааг дахин газар түлхэж унагаад хөлийнх нь гуя гэсэгт өшиглөсөн. Болормааг түлхэж унагаад газар унасан хойно нь гуя хэсэгт нь өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.25-ны өдрийн ¹14680 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ц овогт Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгчээс хохирогчид 100.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөлх төлбөргүй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ц овогт Б.Эг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 480 (дөрвөн зуун наян) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ