Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 451

 

С.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Б.Б, Д.Т нарын өмгөөлөгч С.Халиунаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн  584 дүгээр магадлалтай, С.Э-т холбогдох 1911006040757 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Б, Д.Т нарын өмгөөлөгч С.Халиунаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ийн Э.

С.Э нь Д.Д, О.Н нарыг Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Б аас 13.200.000 төгрөг, Д.Т ээс 21.000.000 төгрөг, Д.М-н хүүхдийг *** дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5.300.000 төгрөг,

Б.Ж, О.М нарыг Польш улсад 100 % тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтад явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Б.Ж гаас 6.250.000 төгрөг, О.М аас 7.750.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ҮЭХ-ны 1 давхарын "ВUD" рестораны дотор тус тус залилан авч, 5 иргэнд нийт 53.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч С.Э ийг “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар С.Э ийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ээс нийт 25.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б д 9.600.000 төгрөг, хохирогч Д.Т т 15.500.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ийн цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны хохирогч Б.Б, Д.Т нарын өмгөөлөгч С.Халиунаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу С.Э нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн байхад хөнгөрүүлж ял оноосон гэж үзэж гомдол гаргаж байна.

Шүүгдэгч С.Э нь 2016 оноос эхлэн бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан ба залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгосон байгаад дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. С.Э нь 2016 оны 9 дүгээр сард Төрийн албанаас халагдсан өдрөөс эхлэн ямар ч ажил эрхлээгүй орлого олоогүй ба хохирогч нараас хэсэг хугацаа өнгөрөөж, хүүхдүүдийн сургалтын асуудал шат дараалан шийдвэрлэгдэж байгаа мэт итгэл үнэмшилтэйгээр ярьж, дараагийн удаагийн мөнгөө олж авч, залилан мэхэлж авсан мөнгөөрөө л амьжиргаагаа залгуулж байсан гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Д.Т-тэй 2016 оны 4, 5, 6 дугаар сард холбогдон удаа дараа мөнгө нэмж авсны дараа хэсэг хугацаанд хүүхдийн сургууль хөөцөлдсөн ажил нь бүтээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, 2017 оны 2 дугаар сард Канадаас сургалт хариуцсан мэргэжилтэн, ирсэн гэж мөн л 1.000.000 төгрөг авсан байдаг. Одоо хохирогч Д.Т-т 15.500.000 төгрөг төлөх ёстой боловч үүнийг төлөхгүй хохироож байна.

Тэрээр өмнө залилан мэхэлж авсан мөнгөө хэрэглэж дуусмагц дараагийн худлаа ярих үйлдлээ эхлэн, мөнгөөр тасалдахгүй амьдарч байсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Амьжиргааны доод өртөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг л орлогоо болгож хэрэглээд байсан нь тогтоогдсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч, прокурорын зүгээс С.Э бусдаас залилж авсан мөнгөө хэрхэн юунд зарцуулсанг шалгаж тогтоогоогүй байгаад ч гомдолтой байна.

Хэрэг шүүхээр шийдэгдэх хүртэл хугацаанд С.Э нь би охиноо АНУ-д сургахаар явуулсан, түүнээс мөнгө ирэхээр өгнө гэж байнга худлаа ярьдаг байсан.

Хэрэг шүүхэд шилжсэн үед ч гэсэн хүүхдээс мөнгө ирж байна, гомдлоо татаж авбал хохирол барагдуулах боломжтой байна гэж хуурч байсан. Шүүхээс С.Э-т ял оногдуулахдаа хохирол төлөгдөөгүй байгаад дүгнэлт хийгээгүй хэт хөнгөн ял оноосон гэж үзэж байна. С.Э ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Энэ талаар саналаа С.Э-т холбогдох хэрэг шүүхэд шилжиж ирсэн үед өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хэлж байсан болно.

Иймд С.Э-т холбогдох хэргийг зүйл ангийг хөнгөрүүлэн буруу зүйлчилсэн үндэслэлээр мөрдөн шалгуулахаар буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Э гаргасан гомдолдоо “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол буюу 53.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж 3 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно. Энэ нь иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, эрх зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчиж прокурор, мөрдөн байцаалтын шатанд хуулийг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, мөн хэргийн шийдвэрт нөлөө болохуйц нөхцөл байдал шинээр үүссэн зэрэг үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч байна.

Миний бие өөрийн ээжийн төрсөн дүү болох Б-ийн хүү Д, түүний эхнэр Б нарт холбогдох асуудлаар бодит байдлыг үнэн зөвөөр шударга шүүхийн өмнө илчилж байгаа юм. Миний ээж эхээс хоёул бөгөөд миний үеэл болох Д, эхнэр Б нар нь надад итгэл, үнэмшил төрүүлэн хуурч төөрөгдүүлэх замаар гэм бурууг надад тохож, мөн би хариуцлагыг үүрч, өөрсдөө хохирогчийн дүр эсгэн ял завшаад явж байгаа болно. Учир нь Д, Б нар нь өөрсдөө анхнаасаа уг асуудлыг санаачилж огт танихгүй, уулзаж байгаагүй Д.Т ийг гарган ирж надтай утсаар холбосон байдаг. Б нь надтай харилцан тохиролцох замаар Д.Т ийн гаргасан мөнгөнөөс өөрийн хувь болох 10.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард  5.000.000 төгрөгийг, мөн оны 09 дүгээр сард 3.000.000 төгрөг, 10 дугаар сард 2.000.000 төгрөг тус тус авсан болох нь маргаангүй үнэн болно. Түүнчлэн Б нь 2018 оны 11 дүгээр сард нөхрийн хамт намайг дуудаж уулзсан бөгөөд Д.З гэх хэл, ам хийгээд зарга хийх гээд байгаа тул зогсоох хэрэгтэй гэж баталгаа бичээд өг тэрийг үзүүлье гэж худал хэлж төөрөгдөлд оруулан 33.500.000 төгрөг Б-д өгнө гэж бичиг бичүүлэн гарын үсэг зуруулж авсан юм. Б.Б нь 2019 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргахдаа уг гарын үсэг зуруулсан бичгийг ашигласан бөгөөд надад хэлэхдээ Д.З цагдаад хандах гээд байхаар нь түрүүлж...хэрэв тэр цагдаад хандвал бид бөөнөөрөө буруудах асуудал хүндэрнэ. Наадахыг чинь иргэний журмаар шийдвэрлэ гээд туслах хүн байгаа санаа зоволтгүй, миний дотны найз Э гэх залуу 2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт томилогдсон тэр хүн арыг дааж байгаа, би ч гарыг нь цайлгасан гэх зэргээр худал ярьж төөрөгдүүлсээр бүх зүйл миний эсрэг болж гэм бурууг надад тохсон юм. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн прокурор А хянаж байсан бөгөөд тодорхойгүй шалтгаанаар тус дүүргийн прокурор Ч-ийн хяналтад очсон байдаг. Миний бие 2019 оны 04 дүгээр сард иргэн Б.Ж тай 14.000.000 төгрөг зээлэхээр тохиролцож, багшийн дээдийн урд байрлах нотиаратын газарт зээлийн гэрээ байгуулсны дараа 12.500.000 төгрөг бэлнээр авч, түүнээс 2-3 хоногийн дараа Б.Ж өөрийн найз гэх О.М-аар 1.500.000 төгрөг хүргүүлж нийт 14.000.000 төгрөг зээлсэн байдаг. О.М нь явцын дунд гарч ирсэн боловч би энэ хүнд ажлын байр барьцаанд өгч О.М-ы мэдүүлгээр нотлогддог. Мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас нь өмнө сар бүр Б.Ж-д зээлийн төлөлт хийгдээд явж байсан. Энэ хоёр хүнтэй анх ажлын байр, түц зарах эсвэл ашиглуулан мөнгө зээлэх зорилгоор уулзсан байдаг. Энэ асуудлыг шалгаж үнэн зөвийг тогтоож үзэлгүй 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэг дор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд өгсөн нь миний эрх зүйн байдлыг эрс дордуулахын хамтаар дараагийн шатны прокурорт хандах эрхийг хүртэл хаасан нь хуульд нийцэхгүй байна. Мөн Н гэх огт танихгүй, уулзаж байгаагүй, тэр хүнээс мэдүүлэг авалгүй ямар ч нотолгоо баримтгүйгээр тэр хүнээс мөнгө авсан болгож хохирлын хэмжээг өсгөх, иргэн Д.Мсанаатай худал мэдүүлэг өгсөн талаар удаа дараа хэлсэн боловч шалгаж үзээгүй зэрэг прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж хэргийн байдал хүндэрч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болно.

Прокурор Чимгээ 2019 оны 11 дүгээр сард намайг ирж уулз гэж дуудсан бөгөөд дуудсан газар нь  гудамжинд тамхины цэг дээр тамхи татангаа ир гэж дуудсан нь хачирхалтай бөгөөд хэргийг хянаж байгаа хүнийгээ албан бусаар дуудсан үйлдэл нь өөрөө хувийн сонирхол байгааг нь илтгэж, прокурор хүний ёс зүйд нийцэхгүй төдийгүй хэргийн зүйлчлэлд хөндлөнгийн нөлөө орсон гэж үзэх үндэслэлтэй. Миний бие гэм буруугийн асуудал болон хариуцлагаас зайлсхийсэн зүйл байхгүй. Гагцхүү хүний хувь заяатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хариуцлагатай, ёс зүйтэй хандаж бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, хуулиа зөв хэрэглэж шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргаж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа болно. Энэ хэргийн улмаас миний бага насны 2 хүүхэд гэр бүл маань сэтгэл зүйгээр хамт яллагдаж, хоригдсоноос хойших хугацаанд суурь өвчин сэдэрч эрүүл мэнд эрс муудаж, сэтгэл санаа, амьдралаараа хохироод байгаа болно.

Иймд надад холбогдох хэргийг прокурор, мөрдөн байцаалтын шатанд буцааж хууль зүй, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлүүлэх боломж олгоно гэдэгт гүнээ итгэж байгаа болно. Мөн миний бие бусдыг залилах санаа сэдэл огт агуулаагүй нь чин үнэн юм” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн  192 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 584 дугаартай магадлалаар С.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаатайгаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьж явуулсан, мөн яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, төдийгүй өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг хангалгүй мэдүүлэг авсан, мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа тухайд: С.Э-т холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Д.Д, О.Н-ыг гадаад явуулна гэж Н.Б, Д.Т нараас мөнгө авсан болохыг тогтоохдоо уг хэрэгт огт хамааралгүй О.Н-оос бэлнээр 4 сая төгрөгийг хэрхэн яаж авсан гэдэг үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй. О.Н-оос энэ талаар нэг ч удаа мэдүүлэг авч шалгалтыг хийгээгүй. Түүнчлэн хавтаст хэргийн 72 дугаар хуудаст “***” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаартай “кассын зарлагын ордер” бүхий баримтыг нотлох баримтаар авсан. Энэхүү баримтад Э-т сургалтын төлбөрт 4.000.000 төгрөгийг өгөв гээд нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан боловч хүлээн авсан хүний нэр, гарын үсэггүй баримт байсан. Эрүүгийн хэргийн хохирогч нь иргэн үү, компани аж ахуйн нэгж байгууллага юм уу гэдгийг ч хуулийн дагуу шалгаж тогтоогоогүй. С.Э ийн зүгээс ямар нэг компани аж ахуйн нэгж байгууллагаас мөнгө аваагүй гэдгээ удаа дараа тайлбарлан мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатанд өмгөөлөгчөөс хэд хэдэн удаа хүсэлт, гомдлыг шат дараалан гаргаж байсан. Хохирлын тооцооны талаар Н.Б, Д.Т, иргэний нэхэмжлэгч Д.З нарын мэдүүлгийн зөрүүг арилгалгүй, уг мэдүүлгүүдийг үндэслэн хохирлын мөнгийг хувааж тооцсон. Мэдүүлгүүд хоорондоо зөрөөд байна энэ зөрүү байдал нь бодит байдалд нийцэхгүй байгаа талаар ч хүсэлт гомдол гаргаж байсан. Тийм байхад прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад Б.Б-д 12.600.000 төгрөг, хохирогч Д.Тт 17.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.З-д 4.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж хохирлын тооцоог гаргасан. Улсын яллагчаас энэхүү яллах дүгнэлт болон хавсралтад заасан тооцоог үндэслэн яллах дүгнэлтээ дэмжин шүүх хуралдаанд оролцсон байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Б.Б-д 9.600.000 төгрөг, хохирогч Д.Т-т 15.500.000 төгрөг тус тус олгож, С.Э ээс Д.Т-т учруулсан хохиролд төлсөн 5.500.000 төгрөгийг Д.З-д төлсөн тул Д.Зэсэндэмидэд төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй төдийгүй Д.Зэсэндэмидийн хохирлыг болон иргэний нэхэмжлэгчийг оролцоо үйлдлийг хэрхэн яаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Д.З-д төлбөр төлөх ёсгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирол төлөх ёстой гэж үзэж Д.З-ийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Үүнээс хамаарч хохирлын тооцоог буруу бодсон байгааг анхан шатны шүүхээс зөвтгөх залруулахгүйгээр хуралдааныг явуулж шүүхээс шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Тэгтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын 12 дугаар талд “... хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлан үзэхэд, шүүгдэгч С.Э нь хохирогч Б.Б, Д.Т нарыг хуурч нийт 34.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байна” гэсэн байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэргийн хууль ёсны хохирогч нь хэн болох, хэрхэн яаж хохирсон, хохирлын зүйлийг нэхэн авах эрхтэй эсэх зэргийг зайлшгүй тогтоохоор хуульчилсан төдийгүй яв цав үнэн зөв мэдүүлснээс шалтгаалж эрүүгийн хэргийн хохирол тооцоо болон хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлдөг билээ. Тэгтэл мөрдөн шалгах ажиллагаа ч, анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирогчийн мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байна гэх үндэслэлээр тоомжиргүй хандаж шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх энэхүү алдаа дутагдал, хуулийг зөрчсөн үйлдлийг арилгах арга хэмжээ авахгүй байгаа нь буруу жишиг практик тогтоож байна гэж үзэж байна. С.Э нь Б.Ж нар нь 2018 оны 04 дүгээр зүйлийн 23-ны өдөр Иргэний хуулийн 189, 281, 282 дугаар зүйлүүдэд заасныг үндэслэн 12.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан төдийгүй Б.Ж г цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсэх тогтоол гарахаас өмнө 4.350.000 төгрөгийг төлсөн байсан. Тэгтэл прокурорын яллах дүгнэлт болон хавсралтад төлсөн төлбөрийг мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн мэтээр бичиж үлдэгдэл мөнгийг төлөөгүй гэж яллагдагчийн хохирлын тооцоог ихэсгэж эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Мөн хохирогч Д.М-тэй 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Нэмж 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн авсан. Үүнээс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Хохирогч О.М-ээс өөрийн төрсөн хүүхдээ “***” сургуулийн шалгалтад оруулахыг хүссэн гэж гомдол гаргаж мэдүүлэг өгсөн ба мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, анх ямар санаа сэдлээр мөнгөө өгсөн тухайгаа ч зөрүүтэй мэдүүлдэг, түүний өөрийнх нь хүүхэд тухай сургуулийн шалгалтад ороогүй, шалгалтад орсон ямар үнэлгээ авсан зэргийг мөрдөх ажиллагаагаар огт шалгалгүй орхигдуулсан. Мөн нэмж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дансаар нь 300.000 төгрөг өгсөн гэх боловч мөрдөн шалгалтын ажиллагаагаар дансны хуулга болон бусад байдлыг шалгахад С.Э ийн дансанд мөнгө ороогүй нь бүрэн тогтоогдсон. Тийм байтал прокуророос бүрэн нотлогдоогүй баримтад үндэслэн мөнгөн дүнг нэмж гэмт үйлдэлд тооцож яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.О.М нь С.Э-ээс өгсөн мөнгөний оронд ажлын байр бүхий үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сард харилцан тохирч авсан. Түрээсийн гэрээ байгуулан ашиглаж байсан, өөртөө шилжүүлэн авсан гэж хавтаст хэргийн 214 дүгээр хуудаст мэдүүлсэн байхад хохирол мөн эсэхэд анхан шатны шүүхээс ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулж зөвхөн яллах чиг хандлагыг барьж байсан.

Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тогтоолоор хяналтын прокурор Б.Чимгээ нь С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж өөрчлөлт оруулсан байна. Хавтаст хэргийн 227 дугаар хуудаст энэхүү тогтоолыг С.Э тухайн өдөр танилцаж хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөлөгчийн хамт хүсэлт, тайлбар өгөх болохыг хүлээж авна уу гэсэн байна.

Үүний дараа мөн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч ахмад Ц.У нь яллагчаар дахин мэдүүлэг авахдаа эрх үүргийг нь танилцуулаагүй төдийгүй Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тогтоолтой танилцсан уу хэлэх санал хүсэлт байна уу гэж асуухад С.Э-ээс тогтоолтой танилцсан хэлэх санал хүсэлтээ өөрийн өмгөөлөгчийн хамтаар хүсэлтээ гарган өгье, би одоо тулгамдаад ярьж мэдэхгүй байна гэсээр байхад мэдүүлгийг авснаар өмгөөлөгчийг оролцуулалгүй мэдүүлгийг авч дуусгасан. Түүнчлэн мөн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ нь 902 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг болон 39.8 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн байхад Давж заалдах шатны шүүхээс ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Анхан болон давж шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна, түүнчлэн хохирлын тооцоог буруу гаргаж байгаас шалтгаалан эрүүгийн хэргийн зүйлчлэлд нөлөөлж байгаа зэргийг маш тодорхой тайлбарласан ч хүлээж аваагүй хууль зөрчсөн байдлыг залруулах, зөвтгөх арга хэмжээг аваагүй. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийг 7 хоног цагдан хорьсон атлаа шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Прокуророос ч энэ байдлыг анхаарч үзээгүй зэрэг байдал нь тус эрүүгийн хэрэгт бүрэн дүгнэлт хийхгүй байгааг илтгэж байна. Харин давж заалдах шатны шүүхээс С.Э-ийн цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оролцуулан тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан. Иргэн хүнийг цагдан хорих шийдвэр гаргаад 7 хоногийн дараа шүүх хурлыг явуулж ял оноохдоо урьд цагдан хоригдоогүй гэж дүгнэж байгаа анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, нотлогдвол зохих бүхий л байдалд бүрэн дүүрэн (дүгнэлт хийж шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үүргийн хүрээнд явуулсан гэдэг нь эргэлзээтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 /гаар сарын 11-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 584 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн хэлсэн саналдаа “... С.Э-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш гарсан тохиолдолд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан. Хохирогч тал цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө зээлийн гэрээний дагуу төлөгдсөн мөнгийг хохиролд оруулж тооцсон алдаа харагдаж байна. Тухайлбал хэрэг нээхээс өмнө Б.Ж-д төлөгдсөн 4,350,000 төгрөгийг хасаж хохирлоос хасаж тооцвол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх нөхцөл байдал үүснэ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу эрүү, иргэний харилцааны онцлогийг ялгахгүйгээр шийдвэрлэсэн. Иймд прокурорын яллах дүгнэлт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан өдрөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтууд зөрчигдсөн. Зарим үйлдлүүд нотлох баримтаар тогтоогдсон байж болох хэдий ч хуульд заасан оролцогчийн эрхийг хязгаарлаж болохгүй. Шүүх таамаглалд үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Хэн хүлээж авсан нь тодорхойгүй “***” ХХК-ийн 4,000,000 төгрөгийн баримтыг хохирлын тооцоонд оруулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Дээрх нөхцөл байдлыг харахад хэргийг зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдал үүссэн байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд эсвэл нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр  прокурорт буцааж өгнө үү. Мөн зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар яллах дүгнэлт үйлдэгдэж Хан-Ул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байна. Өмнө нь хийгдсэн зээлийн гэрээний төлөлт тасалдсаны улмаас сөрөг үр дагавар үүссэн болохыг дурдах нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... С.Э-т холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Шүүгдэгч С.Эийн үйлдэлд зээлийн гэрээгээр халхавчилж залилсан асуудлууд бий. Мөн зарим хохирогч нь төлбөрөө авахын тулд түрээсийн гэрээ байгуулсан нөхцөл байдал бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих ажиллагааг хийх явцад оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Мөн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүх С.Э-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.Б, Д.Т нарын өмгөөлөгч С.Халиунаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос С.Э нь Д.Д, О.Н нарыг Канад улсад тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баас 13.200.000 төгрөг, Д.Т-ээс 21.000.000 төгрөг, Д.М-ийн хүүхдийг *** дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5.300.000 төгрөг,

Б.Ж, О.М нарыг Польш улсад 100 % тэтгэлэгтэй, сар бүрийн тэтгэмжтэй магистрийн сургалтад явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Б.Ж-гаас 6.250.000 төгрөг, О.М аас 7.750.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ҮЭХ-ны 1 давхарын "ВUD" рестораны дотор тус тус залилан авч, 5 иргэнд нийт 53.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.

Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад нийцэх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээ нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаар “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар/ тогтоолыг яллагдагч С.Э-т танилцуулсан ба С.Э нь “хүлээн зөвшөөрөхгүй байна, өмгөөлөгчийн хамтаар хүсэлт, тайлбар өгөх учир хүлээн авна уу” гэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна/ заасны дагуу тухайн өдөр ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.У нь яллагдагчаас дахин мэдүүлэг авсан ба яллагдагч С.Э ийн зүгээс “өмгөөлөгчийн хамтаар хэлэх санал, хүсэлтээ гарган өгье, би одоо тулгамдаад юу ярихаа сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн байхад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч, тус өдөр хяналтын прокурор Б.Чимгээ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд үндэслэлээ тайлбарлан оролцсон байхад энэхүү нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... прокурор, мөрдөгч нь яллагдагч ... өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн заалт болон яллагдагч С.Э ийн “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхийг зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр шүүхийн шийдвэрийг /шийтгэх тогтоол, магадлал/ хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдовын “... хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 584 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН