Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 115/ШШ2017/0003

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд суманд орших, ... регистрийн дугаартай, “М” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: Манай компани  2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай Аймгийн засаг даргын А/562 тоот захирамжийн дагуу зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарснаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/129 тоот захирамжаар газар эзэмшиж, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/162 тоот захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлсэн.

Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын А/354 тоот захирамжаар дээрх захирамжуудыг хүчингүй болгожээ. Аймгийн Засаг даргын 2015 оны А/562 тоот захирамжийг хүчингүй болгосноор энэхүү захирамжийн дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан хуулийн этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн хувьд “Н" ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт байрлах 10000 м2 талбайтай газарт “Н” ХХК нь шатахуун түгээх станц болон худалдаа, үйлчилгээний барилгыг барьж, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг нэхэмжлэгчид буцааж шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд ийнхүү аймгийн Засаг даргын А/354 тоот захирамж гарснаар дээрх гэрээ хэрэгжих боломжгүй болж, төсөл сонгон шалгаруулах захирамжийг хүчингүй болгосноор төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг хөндөгдөж байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна.

Нэгдүгээрт: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2016 оны 07 сарын 22-ны өдрийн 06/4561 тоот албан бичгийг үндэслэжээ. Гэтэл албан бичиг нь эрх зүйн акт биш бөгөөд захирамжлах шинжийг агуулдаггүй тул заавал мөрдөх баримт бичиг биш.

 Түүнчлэн хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэсэн нь хууль бус байна. Учир нь Засаг даргын А/129, А/162 тоот захирамжуудын дагуу газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад өмнөх гаргасан захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг зөрчиж байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад албан бичиг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь  хууль бус гэж үзэж байна.

Хоёрдугаарт: А/354 тоот захирамжийн Захирамжлах хэсэгт “Газар эзэмшүүлэх тухай” А/129, ... тоот захирамжийг хүчингүй болгосугай” гэжээ. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/162 тоот захирамжаар энэхүү захирамжийг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын А/354 тоот захирамж гарахдаа нэгэнт хүчингүй болсон захирамжийг мөн хүчингүй болгосон нь маргаан бүхий акт утга агуулгын илэрхий алдаатай болсон.

Гуравдугаарт: Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30 өдрийн А/562 тоот захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь маргаан бүхий актад тодорхойгүй, албан бичиг үндэслэсэн гэх боловч тухайн албан бичгийн агуулга нь тодорхойгүй, хариуцагч нь тухайн албан бичгийг гаргаж өгдөггүй зэрэг нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Нэхэмжлэгчийн хувьд газрын тухай хууль тогтоомжийн дагуу А/562 тоот захирамжаар зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан байтал энэхүү захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нийтэд зарласан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ өгч, материал бэлдэж хүргүүлснээр шалгарч холбогдох  тэмдэгтийн хураамжуудыг төлсөн.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар дээд шатны байгууллага,  эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй тул шууд шүүхэд хандаж байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдийг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Аймгийн Засаг даргын А/354 тоот захирамжаар А/562, А/129, А/133, А/162 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгосон байдаг. Эдгээрийн А/133 тоот захирамж нь нэхэмжлэгчид  хамааралгүй байх тул А/354 тоот захирамжийн А/562, А/129, А/162 тоот захирамжуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ тодорхойлж  байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562 тоот захирамжийн дагуу зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтын урилгаар 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төслийн материалыг хүлээж авахаар нийтэд мэдээлсэн байдаг. Оролцогчдоос хүлээлгэн өгсөн материалыг аймгийн Засаг даргын 2016 оны 76 тоот захирамжаар томилогдсон комисс 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, нийтдээ 16 үзүүлэлтээр шалгаруулж  үнэлэлт дүгнэлт өгөхөд нэхэмжлэгчийн материал 73,5 хувийн буюу төслийн тавигдах шаардлагыг хангасан үнэлгээ авч гэрээ байгуулах эрх олгогдсон ба гэрчилгээний үнэ болох  40 000 000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушааснаар аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/129 тоот захирамжаар газар эзэмшсэн. Нэхэмжлэгч нь санхүүгийн хувьд “Н” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба энэ нь Иргэний хуулийн 89, 40 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөгдсөн асуудал. Мөн Газрын тухай хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А/162 тоот захирамжаар “Н” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлсэн.

Маргаан бүхий А/354 тоот захирамжаар газар эзэмших эрх шилжсэнээс хойшхи А/162 дугаар захирамжийг хүчингүй болгосон бол бид нэхэмжлэл гаргаж маргахгүй. А/162 тоот захирамжаар нэхэмжлэгчийн эрх дуусгавар болоод 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгээр тэрнээс хойш “Н” ХХК-ийн эрх, ашиг хөндөгдөөд явж байгаа. Гэтэл маргаан бүхий захирамж нэхэмжлэгчтэй холбоотой бүгдийг хүчингүй болгочихсон учраас бидний эрх, ашиг хөндөгдөөд байна. Ийнхүү хөндөгдсөн зүйлээ л шүүхээр сэргээлгэх, хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий захирамжийг гарахдаа Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн тоот албан бичгийг үндэслэсэн байдаг. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заагдсан харилцаа, ямар нэгэн үйлдэл, нэхэмжлэгчийн буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зүйл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар эзэмших гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн, шилжүүлж авсан, гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх мэт үйлдлүүдийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаагүй. 

Мөн албан бичиг үндэслэж маргаан бүхий акт гаргасан нь хууль бус бөгөөд уг албан бичиг акт биш захирамжлах шинжийг агуулахгүй гэж үзэж байна. Хэрвээ Авлигын эсрэг хуулийн 6.7 дахь хэсгээрээ тухайн албан бичгийг үндэслээд тухайн орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага өмнө нь гаргасан тушаал, журам шийдвэрээр авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх юм бол хүчингүй болгуулах үндэслэл бүхий хариуг хариуцагч өгөх үүрэгтэй. Хариуцагч үндэслэл бүхий хариулт өгч чадаагүй. Өнөөдөр ямар байдлаар авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн бэ гэдэг нь хавтаст хэрэгт ч байхгүй. Хэрвээ авлига гарах нөхцөл боломжийг бүрдүүлсэн Авлигын  хэрэг байвал Эрүүгийн хуулийн 268, 269, 270 дугаар зүйлээр  хэрэг үүсгэгдэн шалгагддаг. Хариуцагчийн яриад байгаа Эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу албан тушаалаа хэтрүүлсэн гэдгээр шалгагдаж, нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон үйл баримт байгаа.  Гэтэл ямар үндэслэлээр хаана, энэ захирамжаас маргаан бүхий А/562, А/129 дүгээр захирамж  авлига гарах үндэслэл бүрдээд байгаа юм бэ, ийм зүйл хаана ч байхгүй, шалгагдсан зүйл ч байхгүй. Үнэхээр ийм нөхцөл байдал бүрдээгүй байвал авлига гарах нөхцөл байдал бүрдээгүй байна гэсэн хариу өгөх ёстой байтал албан бичгийг хариуцагчийн зүгээс буруу ашигласан, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 Мөн хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэж тайлбарлахдаа “газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих юм бол бид нар өмнөх захирамжаа хүчингүй болгоно, тийм учраас 61 дүгээр зүйлийг хэрэглэсэн” гэж тайлбарладаг. Харамсалтай нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлснээр, шилжүүлснээр хууль ёсны эрх, ашиг зөрчигдөөгүй байхад зөрчигдсөн учраас хүчингүй болголоо гэж хариу тайлбартаа хэлдэг. Тэгэхээр 61 дүгээр зүйлийг үндэслэсэн нь хууль бус болжээ гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт 130 000 000 төгрөгийн ордерийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Баталгааны үнэд 130 000 000 төгрөг л гэж байгаа. Худалдах худалдан авах гэрээтэй холбоотой ямар ч баримт байхгүй, шүүхээр тогтоосон зүйл ч байхгүй. Эрхээ шилжүүлсэн баримт нь нотариатаар батлагдаад газар эзэмших эрх шилжээд гэрчилгээ нь гараад гэрээ нь байгуулагдсан байгаа. 

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа төсөл сонгон шалгаруулах газар эзэмших тухай зар мэдээг бүх ажиллагаа явуулахаар товлосон өдрөөс 45 хоногоос доошгүй өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэдгийг зөрчсөн гэж байгаа. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562 тоот захирамж гарснаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас төсөл сонгон шалгаруулах урилгыг нийтэд мэдээллийн самбарт 12 дугаар сарын 31-нд тавьсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдоно. Энэ мэдээллийн самбараас мэдээлэл авч нэхэмжлэгчийн зүгээс оролцсон. Иймээс 2003 оны газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах журмын 3 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгчийн зүгээс зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийтэд мэдээлнэ гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1.5 дахь хэсэгт “Зар сурталчилгааны тухай хуулийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар мэдээллийн хэрэгсэл гэдгийг телевиз, радио, холбооны шугам сүлжээ, хэвлэл болон бусад арга хэрэгслийг” гээд заагаад өгсөн. Бусад арга хэрэгсэл гэдэгт гадаа байгаа самбар мөн орно гэж ойлгож байна. Ингэж нийтэд мэдээлснээс 12 дугаар сарын 31-ний өдрөөс тоолоод 02 дугаар сарын 25-ны өдөр гэж үзэх юм бол юун 45 хоног,  бараг 60 хоног болно. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг болон Засгийн газрын 2007 оны 28 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан 45 хоногоос доошгүй хоног гэдэг нь бүрэн хэрэгжсэн байна гэж үзэж байна.

Хэрвээ А/162 тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж маргаж байгаа бол нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актын А/162 тоот захирамжаас өмнөхийг буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/129 тоот захирамжийг хүчингүй болгосон тэр хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

 Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/354 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 07 сарын 22-ны өдөр ирүүлсэн 06/4561 тоот албан бичгийг үндэслэн Засаг даргад хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд гаргасан хүчин төгөлдөр захиргааны акт болно.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06/4561 тоот албан бичгийг А/354 дүгээр захирамжид үндэслэсэн хууль эрх зүйн шаардлага нь Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 6.7 дахь заалтыг хэрэгжүүлж, орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр бүлэгт зааснаар дээрх албан бичиг нь заавал хэрэгжүүлэх захиргааны акт мөн болно.

Авлигатай тэмцэх газрын мөрдөх байцаах албаны хяналт шалгалтаар “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлнэ” гэснийг зөрчиж сонгон шалгаруулалтыг зарлаж газар олгосон болох нь тогтоогдсон байдаг.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А/354 дүгээр захирамжаар нэр бүхий  захирамжуудыг хүчингүй болгосон. Аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу, хууль бус захирамжийг хүчингүй болгох үүднээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэж дээрх захирамжийг гаргасан. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэсээс  ирүүлсэн 06/4561 дугаартай албан бичигт дээрх төсөл сонгон шалгаруулалт нь хуулийн хүрээнд явагдаагүй, тиймээс албан бичгийн дагуу тодорхой хариу ирүүлэхийг даалгасан. Монгол Улсын Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын хуулийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзэж тушаал, шийдвэрийг тус газраас өгсөн чиглэлийн дагуу аймгийн Засаг дарга захирамжаа хүчингүй болгож мэдэгдсэн байгаа. Энэ нь орон нутагт хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд хандсан хүчин төгөлдөр акт гэж үзэж байна.

            Засаг даргын А/162 тоот захирамжаар “М” ХХК  газар эзэмших эрхээ “Н” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлж 3 дахь заалтаар “М” ХХК-д газар эзэмшүүлсэн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн хэлээд байгаагаар төрийн байгууллагын зүгээс бичиг хэргийн акт гаргахдаа алдаа гаргаж А/129 дүгээр захирамжийг дахин хүчингүй болгосныг үгүйсгэхгүй хүлээн зөвшөөрч болно. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар “М” ХХК, “Н” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлж тухайн цаг хугацааны хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бичүүлж авснаар хуулийн хүрээнд газар эзэмших эрх нь дуусгавар болохоор заасан. Эрх нь зөрчигдөөд явж байгаа “Н” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан. Иймд “М” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

            Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд “М” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтад тавигдах ерөнхий шаардлага хангаагүй, шатахуун түгээх станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн баталгаа байхгүй, төлбөрийн чадваргүй зэргээрээ энэ чиглэлээр үйл ажиллага явуулах боломжгүй. Зорилгогүй компани анхнаасаа төсөл сонгон шалгаруулалтад оролцож, газар эзэмших эрхийг олгосон нь хууль зөрчсөн байна гэсэн. Цаг хугацааны хувьд эхлээд 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн иргэн Баярсумъяа гэдэг этгээдтэй газар эзэмших эрхийн гэрээг байгуулж нотариатаар батлуулсан байдаг. Дараа нь “Н”-д эрхээ шилжүүлэхээр 04 дүгээр сарын 08-ны өдөр хүсэлтээ гаргаад Сайншанд сумын 1-р багийн иргэн И.Бтай гэрээ хийж нотариатаар батлуулсан байдаг. Мөн 04 дүгээр сарын 11-ний өдөр “М” ХХК, “Н” компаниас 130 000 000 төгрөг бэлнээр шилжүүлсэн кассын зарлагын ордер хэргийн материалд байгаа. 130 000 000 төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан талаар нотлох баримт авагдсан байгаа. Анхнаасаа “М” ХХК тухайн газрыг эзэмших хүсэлгүй, эзэмшиж авах гэсэн нэрийн дор Хамтран ажиллах гэрээ гэдгээр халхавчилж “Н” ХХК-д эрхээ шилжүүлсэн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байгаа юм.

2016 оны 12 дугаар сард прокурорын газарт тухайн хэргийг сэргээлгэх хүсэлт гаргаад үүний дагуу 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/582 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Дээрх Эрүүгийн хэрэгт холбогдох арга хэмжээг дутуу хийсэн учраас дахин хянан шалгах ажиллагаа хийгдэхээр хэргийг сэргээгээд Авлигатай тэмцэх газарт хэрэг нь шалгагдаад явж байгаа.  Хэрэг үүсгэхдээ албан тушаалын гэмт хэрэг гээд аймгийн Засаг дарга болон тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга нарт хамааруулж байсан. Энэ шийдвэрүүд нь бүгд аймгийн Засаг даргын шийдвэрээр баталгаажиж явж байгаа учраас тухайн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнуудад хамааруулж үзэж байгаа. “М” ХХК-ийн захирал О, энэ хэрэгт хамааралтай байгаа У нар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд нэг намынх учраас энэ этгээдүүдэд хамааруулж үзэж байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар газар зохион байгуулалтыг баталдаг эрх бүхий этгээдүүд, тэгэхээр О, Угтахбаяр гэдэг субъектүүд нь мэдээлэлд хамгийн ойр байдаг юм. Мэдээлэлд ойр байгаа давуу байдлаа ашиглаж, нэг намын, нэг зорилготой хүмүүс учраас бусдад мэдээллээ түгээхээсээ өмнө өөрсдөө төсөл сонгон шалгаруулах нэрийн дор их хэмжээний дэнчингийн мөнгө төлөхөөсөө өмнө 40 000 000 төгрөгөөр энэ газрыг авсан үйлдэл харагдаад байгаа юм.

Маргаан бүхий газарт дуудлага худалдаа зохион байгуулах ажил 2015 оны жилийн эцсээр явагдсан бөгөөд тухайн газар дээр нэг этгээд орж газар авсан ч дуудсан хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авч чадаагүй учраас тухайн дуудлага худалдаа хүчингүй болоод дараа нь төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулаад  цаг хугацааны хувьд нэг өдөрт “М” ХХК эрхээ шилжүүлж авсан байдаг. Энэ компанид төрийн байгууллага хөнгөн шуурхай үйлчилсэн ч эзэмших эрхийн гэрчилгээ авахаас өмнө тухайн компани эрхээ шилжүүлнэ гээд нотариатаар батлуулаад яваад байгаа нь хардлага төрүүлээд байсан. Маргаан бүхий газар нь  Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасны дагуу иргэдэд өмчлүүлэхээс бусад тохиолдолд төрийн өмч юм. Үүний цаана төрийн болон иргэдийн эрх, ашиг хөндөгдөөд байгаа учраас бид шийдвэрээ гаргаж хууль бус үйлдлийг таслан зогсоосон нь хуулийн хүрээнд явагдсан.

             Авлигатай тэмцэх газар дээрх төсөл сонгон шалгаруулалтыг хууль бус явагдсан гэдгийг тогтоочихоод байхад давхар тогтооно гэсэн юмыг үзээгүй. Эрх бүхий албан тушаалтан саналаа өгсөн учраас хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа.     Төсөл сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиараа тухайн комисс нь нээхээс өмнө хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах ёстой. Хэрвээ тэр дотроос тухайн комиссын гишүүдтэй холбогдолтой ах дүү, хамаатан садан ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гарч ирэх юм бол тухайн комиссын үйл ажиллагаанаасаа татгалзах хуулийн механизмтай явж байгаа. Шүүхийн шинжлэн судалсан материал дотор энэ мэдэгдэл, тайлбар байхгүй байна гэдэг нь төсөл сонгон шалгаруулалтын комисс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдож байна.

            Захиргааны зүгээс А/354 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй.Хэрвээ нэхэмжлэгч нь төслийн материал бэлдсэн зардлыг хариуцагч талаас төлүүлье гэхэд төр төлөхөд бэлэн байна.  Иймд тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК  нь шүүхэд анх Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан  боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа өөрчилж тухайн захирамжийн холбогдох хэсэг /   А/562, А/129, А/162 дугаар захирамжуудыг хүчингүй болгосныг/-ийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон  ба шүүх хуралдааны явцад уг шаардлагаа зөвхөн А/562, А/129 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон хэсгийг нь хүчингүй болгуулах гэж тодорхойлсноор тухайн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/354 дүгээр захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06/4561 тоот албан бичгийг тус тус үндэслэн 1 дэх  заалтаар “аймгийн Засаг даргын 2015 оны “Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/562, 2016 оны “Газар эзэмшүүлэх тухай” А/129, А/133, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/162 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, 2 дахь заалтаар А/562 дугаар захирамжийн дагуу төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заагдсан харилцаа, ямар нэгэн үйлдэл, нэхэмжлэгчийн буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зүйл тогтоогдоогүй, мөн хуулийн 61.1-д заасан “газар эзэмшигч, ашиглагчийн эрх, ашиг хөндөгдсөн тохиолдол байхгүй, Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь захиргааны акт биш захирамжлах шинжийг агуулахгүй байхад буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж тодорхойлсон, хариуцагч нь тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлээ “журам зөрчиж газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон,...албан бичиг нь заавал биелүүлэх захиргааны акт тул түүнийг хэрэгжүүлсэн, анхнаасаа ашиг хонжоо олох зорилгоор хууль бусаар газар эзэмшсэн нь прокурорын тогтоолоор тогтоогдсон, газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд”  хэмээн  тайлбарлан маргаж байна.

 

Маргаан бүхий газар болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг,   Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд орших 1 га газрыг  Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11/02 , аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 32 дугаар тогтоолоор  тус тус худалдаа, үйлчилгээ, шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан улмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад анхлан дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч уг ажиллагаа амжилтгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Газрын тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гарсан дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг даргын гаргасан, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар  төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх 12 нэгж талбарын байршил, хэмжээг хавсралтаар баталж /хавсралтын 7-д маргаан бүхий газар тусгагдсан/, тухайн төсөл сонгон  шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт даалгаснаар тус газраас сонгон шалгаруулалтыг зарлаж, аймгийн Засаг даргын 2016 оны 76 дугаар захирамжаар  байгуулагдсан комисс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр уг ажиллагааг зохион байгуулж  маргаан бүхий 1 га газарт ганцаар төсөлөө ирүүлсэн “М” ХХК-ийн төслийн материалыг 73.5 хувийн шаардлага хангасан гэж үзэн шалгаруулсныг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар  тус хуулийн этгээдэд уг газрыг үйлдвэрлэл үйлчилгээ, шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 21/2016 тоот гэрээ байгуулж , 000302468 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ .

Үүний дараа газар эзэмшигч “М” ХХК нь “Н” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан  ба  уг гэрээний 1.2-т заасан нөхцөлийн дагуу өөрийн эзэмшлийн 1 га газрыг “Н” ХХК-д шилжүүлэхээр холбогдох гэрээг байгуулж  хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасны дагуу  аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/162 дугаар захирамжаар  “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг “Н” ХХК-д шилжүүлж, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, 000302470 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон  байх бөгөөд үүнтэй холбогдуулж “М“ ХХК-д тухайн газрыг анх эзэмшүүлсэн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.

Дээрх үйл баримтаас өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “М” ХХК-ийн захирал Б.О нь тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ иргэн Бд шилжүүлэхээр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж  улмаар уг газраа 150 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр шилжүүлэх, иргэн Б нь үнийг 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон “Хэлцэл”-ийг нотариатаар баталгаажуулсан баримтууд хэрэгт авагдсан байгаа боловч энэ нь маргаж буй захиргааны актын үндэслэлд хамааралгүй  байх тул тухайн баримтуудыг үнэлж, уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Маргаан бүхий 1 га газар ийнхүү өмнө дурдсанаар “Н” ХХК-д шилжсэнээс хойш 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч аймгийн Засаг дарга “Захирамж хүчингүй болгох тухай” А/354 дугаар захирамж гаргаж , нэхэмжлэгч “М” ХХК-тай  газрын харилцаа үүсгэсэн бүхий л шийдвэрүүдээ хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байгаа ба хариуцагч захиргааны байгууллагын энэхүү үйл ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан эсэх улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд  дараах байдлуудаар дүгнэлт өгөв.

 

Нэг. Захиргааны актын үндэслэл болгосон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 06/4561 тоот албан  бичгийн тухайд:

Дээрх албан бичигт: Тус хэлтэст шалгагдсан эрүүгийн 201610000150 дугаартай хэрэгт Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн дагуу явагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт нь Засгийн   газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад заагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 3-т заасан “төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх зар мэдээг  уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ”  гэснийг зөрчиж сонгон шалгаруулалтыг явуулсан нь тогтоогдсон тул А/562 дугаар  захирамжийн дагуу явагдсан төсөл сонгон шалгаруулалтаар  газар эзэмших эрх олгогдсон захирамжийг хуульд заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээг авна уу гэж дурджээ. 

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгасан аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж буй талаарх урилгыг гаргасан  байдаг ч уг зарыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 37 хоногийн өмнө /2016.03.01-ний өдөр сонгон шалгаруулалт явагдсан/ орон нутгийн телевизэд хүргүүлж нийтэд мэдээлсэн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд , гэрч Г.Бн мэдүүлэгээр  тогтоогдож байх боловч энэ нь оролцогчдоос бус харин тухайн үйл ажиллагааг зохион байгуулж явуулах үүрэг бүхий захиргааны байгууллага буюу тодруулбал хариуцагч аймгийн Засаг даргын газрын харилцааны талаарх чиг үүргийг  мэргэжлийн үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэг бүхий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаанаас шууд хамааралтай  асуудал байна.  Мөн үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд уг төсөл сонгон шалгаруулалт цаг хугацааны хувьд Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам” шинэчлэн  батлагдсан үеийг хамарч зохион байгуулагдсан, шинэ журмын 7.1-д “төсөл сонгон шалгаруулалтын зарыг уг ажиллагааг явуулахаас 60-аас доошгүй хоногийн өмнө...нийтэд мэдээлэх”-ээр заасан зэрэг нөхцөл байдал байх боловч уг журмын хэрэгжилт зохих газраас 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/590 тоот албан бичиг ирснээр эхэлжээ.

Хариуцагч талаас Авлигатай тэмцэх газрын албан бичгийг заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт учраас түүнд дурдсан асуудлыг дахин хянан шалгалгүйгээр холбогдох захиргааны актыг гаргасан хэмээн тайлбарладаг.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Авлигатай тэмцэх газар дараах бүрэн эрхтэй”, 18.4.2-т “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан...шийдвэр...ийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн байгууллага энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээ /авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа/-г хэрэгжүүлэх чиглэлээр дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 6.7-д “Төрийн ...албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн ... шийдвэр...ийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчлөнө” гэж тус тус заасан байх ба эдгээр хэм хэмжээний агуулгаас үзвэл уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон болон захирамжилсан” шинжийг агуулаагүй байх тул түүнийг шууд биелүүлэх боломжгүй, харин эрх бүхий этгээдээс уг албан бичиг /санал/-т дурдсан асуудлыг дахин хянаж улмаар “авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн” тохиолдолд холбогдох шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох замаар Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасан үүргийг биелүүлэх учиртай байна. Гэтэл хариуцагч нь тухайн хэм хэмжээгээр зохицуулсаны дагуу саналд дурдагдсан нөхцөл байдлыг дахин хянах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналын шинжтэй албан бичгийг шууд биелүүлэн холбогдох захиргааны актыг гаргасан нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

Мөн дээрх албан бичгийн агуулгаас үзэхэд аймгийн Засаг даргын холбогдох шийдвэрүүд нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн” эсэх нь тодорхойгүй, тухайлбал түүнд дурдагдсан “журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон” гэх нөхцөл байдал нь “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн” гэж шууд дүгнэхэд учир дутагдалтайн  дээр “М” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн болон уг газраа 130 сая төгрөгөөр “Н” ХХК-д шилжүүлсэнтэй хамаарал бүхий гэх Эрүүгийн ... тоот хэрэг маргаж буй захиргааны актыг гаргах үед эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна. 

 Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллагыг өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх хэдий ч энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу захиргааны акт гаргах үндэслэл болж чадахгүй.  Учир нь тухайн хэм хэмжээний гипотезэд “гаргасан шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн байх, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх” гэсэн хоёр нөхцөлийг заасан бөгөөд эдгээр нөхцлүүд зэрэг хангагдсан тохиолдолд түүний үр дагавар нь эрх бүхий албан тушаалтан уг зүйлд зааснаар өөрийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох хууль зүйн боломжтой. Гэтэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тухайн хэм хэмжээний “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” байх нөхцөл тогтоогдохгүй байгаа нь хариуцагчаас уг хэм хэмжээг хэрэглэж шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байгаагүйг харуулж байна.

 

Хоёр. Маргаж буй захиргааны актын үндэслэлд заагдаагүй боловч хариуцагч  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт нэмэлтээр дурдагдсан үндэслэлүүдийн тухайд:

- “М” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод  тавигдах ерөнхий шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, төсөл хэрэгжүүлэх санхүү, хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадваргүй зэргээр анхнаасаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй, зорилгогүй этгээдийг шалгаруулж хууль зөрчсөн нь прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа” гэх үндэслэлийг авч үзвэл  прокурорын уг тогтоол цаг хугацааны хувьд тухайн захиргааны актыг гарснаас хойш буюу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гарсан  улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “хариуцагч нь маргаж буй захиргааны актыг гаргахдаа уг асуудлуудыг шалгаж тогтоогоогүй” нь нотлогдож байх тул хариуцагчийн энэхүү үндэслэл няцаагдаж байна.

- “Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ “Н” ХХК-д шилжүүлснээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасны дагуу газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх үндэслэлийн тухайд: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх тухайн газрыг “Н” ХХК-д шилжүүлснээр дуусгавар болсон мэт харагдаж байвч энэ нь тус хуулийн этгээдийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шууд  дүгнэх үндэслэл болохгүй юм.

Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд “Н” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж түүндээ “Н”  ХХК  нь өөрийн хөрөнгөөр шатахуун түгээх станц, худалдаа үйчилгээний барилгыг барих, “М” ХХК уг барилга байгууламжийг барихад холбогдох зөвшөөрөл авах болон газраа бусдад шилжүүлэхгүй байх үүргээ биелүүлэх баталгаа болгон өөрийн эзэмшил газраа “Н”  ХХК-д бүхэлд нь шилжүүлж улмаар барилга байгууламж баригдсаны дараа шатахуун түгээх станцад хамаарахаас бусад газрыг буцаан  шилжүүлж авах” зэрэг нөхцөлүүдийг тусгасан, уг гэрээ  Иргэний хуулийн 480 дугаар зүйлд зааснаар дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ бүр мөсөн шилжүүлээгүй харин зориулалтынх нь дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй боломжоо ашиглан бусдын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар тухайн газар дээрх барилга байгууламжаа бүтээн босгох үүний үндсэн дээр  газрынхаа зохих хэсгийг буцааж шилжүүлэн авснаар эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтаар нь  эзэмшиж, ашиглах хууль ёсны ашиг сонирхол байгаа  нөхцөлд  газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэх үндэслэлээр тухайн этгээдийн “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй...хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх”-ийг хязгаарлах боломжгүй юм.

 

 Гурав: Хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа /захиргааны акт гаргах/  хуулиар тогтоосон журамд нийцсэн эсэх тухайд:

Захиргааны байгууллагын үйл ажиллагааны нийтлэг зохицуулалтыг агуулсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг нэрлэн заасны 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэжээ. Зарчим гэдэг нь үйл ажиллагаандаа удирдлага болгох үзэл баримтлал бөгөөд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа хуулиар тогтоосон зарчмуудыг хэрэгжүүлээгүй нь тухайн шийдвэрийг хууль бус буюу   формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй захиргааны акт гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох захиргааны актыг гаргахдаа дээрх зарчмыг хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байх тул уг захиргааны актыг хууль бус гэж үзэх нэг үндэслэл болж байна.

 

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа буюу гаргасан шийдвэр нь ийнхүү хуулиар тогтоосон журмыг болоод нэхэмжлэгч хуулийн этгээдийн, газраа зориулалтаар нь эзэмших эрхээ хэрэгжүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг  хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Эрүүгийн 201610000150 тоот хэргийг сэргээн шалгуулахаар шийдвэрлэсэн  нь тогтоогдсон улмаар нэхэмжлэгч “М” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэнтэй холбоотой асуудлыг уг хэрэгт хамтатган шалгуулж байгаа гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан ба үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд  маргаан бүхий газрыг эзэмшүүлсэнтэй холбоотой үйл ажиллагааг холбогдох байгууллагаар шалгуулах түүнчлэн түүний үр дүнтэй холбогдуулан хариуцагч Захиргааны байгууллагаас шинээр захиргааны акт гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр дээр дурдсанаар хэргийн оролцогчийг маргаан бүхий газрын  асуудалд холбогдуулан шалгуулж байгаа гэх нөхцөл байдалтай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал тухайн захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулсан боловч хариуцагчийн зүгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий алдаагүй шийдвэр хэмээн тайлбарлах учир шүүхээс уг шийдвэрийг гаргах нөхцөл боломжгүй гэж үзсэн болохыг мөн дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  А/354 дүгээр захирамжийн холбогдох хэсэг /А/562, А/129  дугаар захирамжуудыг хүчингүй болгосон хэсэг/-ийг  хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА