Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0533

 

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаарh221/МА2018/0533

Улаанбаатар хот


Ө.С-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч К.Ж нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2018/0053 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө.С-н  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2018/0053 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны “Хурлын дарга Ө.С-г огцруулах тухай” 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.С-г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч К.Р давж заалдах гомдолдоо: “... Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Ө.С нь Хурлын даргын албан тушаалд сонгогдсон үеэс тус суманд улс төрийн тогтворгүй байдал бий болгох, төрийн албанаас халагдсан зарим иргэдтэй үгсэн хуйвалдан тэдний ятгалга, эрхшээлд орж, хашиж буй албан тушаалыг бусдаас өш хонзон авах хэрэгсэл болгон Алтанцөгц сумын Засаг дарга С.Б-г огцруулах асуудлыг 5 удаа тавьж ирсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Ө.С-н хууль зөрчсөн асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.

Энэхүү хуралдаан нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зарласан хуралдааны үргэлжлэл байсан юм. Иймд тухайн хуралдаан нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь 21 төлөөлөгчтэй ба тухайн хуралдаанд 11 төлөөлөгч биечлэн оролцсон ба энэ нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-г зөрчөөгүй болохыг нотлож байна.

Ө.С нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор зарлагдсан ээлжит хуралдааныг удирдахгүй, цаг хугацаа алдагдуулах, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарах, төрийн ажилд байнга саад хийх, зөвхөн нэг асуудлаар удаа дараа хөцөлдөх, хутган үймүүлэх, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хууль бусаар хуралдуулан тухайн хуралдаанаас батапсан “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 12 тоот тогтоол, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" 13 тоот тогтоолуудыг шүүхээс хүчингүй болгосон байдал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулан гаргасан шийдвэрүүдийг ёсчилж баталгаажуулаагүй байдал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд саад хийх, Хурлын тамгыг булаан авах зэрэг ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 “б” , 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсгийг үндэслэн Ө.С-г үүрэгт ажлаас огцруулан 14 тоот тогтоол гаргасан юм.

Ө.С-д итгэл үзүүлэх асуудлыг ээлжит хуралдаан үргэлжлэн хуралдахаас 1 хоногийн өмнө 21 төлөөлөгчид холбогдох тооцоо судалгааны хамт тараасан нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. 24.2. 24.3 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа юм. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид Ө.С-г илт хамгаалж байсан учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Зайкенээс танилцуулсан бичгийг хүлээн авахгүй, танилцсан ч гэсэн танилцуулсан тухай хуудсанд гарын үсэг зурахгүй, зарим нь зориудаар утсаа таслах зэргээр хандаж байсан юм.

Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдааны үргэлжлэл нь хууль ёсны дагуу явагдсан гэдгийг тус аймгийн Прокурорын газар болон Улсын бүртгэлийн хэлтсээс шалган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг түр хураан авч буцаан өгч цаашид уг тамгыг албан ажилд хэрэглэхээр буцаан өгч одоо тамгыг албан ажилдаа хэрэглэж байгаагаар ч нотлогдож байгаа юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2018/0053 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Ө.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны “Хурлын дарга Ө.С-г огцруулах тухай” 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.С-г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан байх тул тус хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулахдаа Хурлын Тэргүүлэгчдээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн хуралдааныг дахин товлон зарлах шаардлагагүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Гэхдээ Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” 22.1.4-д “эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” зэрэг нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, мөн хуулийн  23 дугаар зүйлийн 23.6-д “...бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдах”-аар тус тус зохицуулсан.  

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар албан бичгээр гаргасан “Хурлын даргад “итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хэлэлцүүлэх санал”-ыг Хурлын дарга хүлээн авч, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байхад тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай” 12 дугаар тогтоолоор ээлжит 5 дугаар хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.

Улмаар Хурлын даргаас Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон аль нэг төлөөлөгчийг санал болгоогүй байхад хариуцагч К.Равдал тухайн хуралдааныг даргалж, тус хуралдаанаас гарсан шийдвэр болох “Хурлын дарга Ө.С-г огцруулах тухай” 14 дүгээр тогтоолыг ёсчлон баталгаажуулсан зэрэг нь дээр дурдсан Хурлын даргад хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрхэд халдсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасны дагуу Хурлын даргад “итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө огцруулах санал гаргах болсон үндэслэл, судалгаа зэрэг холбогдох материалуудыг хавсаргаж нийт төлөөлөгч нарт урьдчилан танилцуулаагүйгээс хуралдаанаас гарах шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Ө.С-д үг хэлэх, тайлбар, санал гаргах, Хурлын төлөөлөгч нарын хувьд хэлэлцэж байгаа асуудлыг судлах, өөрийн дүгнэлт, саналыг тодорхойлох зэрэг хуульд заасан төлөөлөгчийн бүрэн эрхээ бодитой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

Хариуцагчийн “...Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй ба тухайн хуралдаанд 11 төлөөлөгч биечлэн оролцсон бөгөөд энэ нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг зөрчөөгүй...” гэх гомдлын тухайд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн өдрийн хуралдааныг орхиж гарсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй тул тухайн өдрийн хуралдаанд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, хэлэлцсэн асуудлаар эсрэг санал өгсөн гэж тооцохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Эдгээр болон бусад үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2018/0053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К.Р-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч К.Р-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

        ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР

        ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН