Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 259

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын

Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   Д.Мөнхтуяа,    

Шүүгчид:                                Г.Банзрагч,

                                               М.Батсуурь,

                                               Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                       Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”,

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 120/ШШ2020/0003 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 240 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг, хариуцагч Ө.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, Н.Буянжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр нарыг оролцуулан, 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 120/ШШ2020/0003 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Н-ээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “...Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 240 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 120/ШШ2020/0003  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...маргаан бүхий А/04 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэх зорилгоор гаргасан акт байхад давж заалдах шатны шүүхээс “А/04 дугаартай тушаалаар А/362 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны Б/28 дугаар тушаалын үйлчлэлийг сэргээсэн” гэж дүгнэж, уг тушаалыг гаргах болсон шалтгаан үндэслэлийг, түүнийг гаргахаас өмнө болон дараа нь нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх, уг тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол хүсэлт гаргасан эсэх баримтуудыг цуглуулах шаардлагагүй... давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, улмаар Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулиудын хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй байна... Нэхэмжлэгч Б.Н нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа “...мэдүүлэг илгээх программыг эрх бүхий албан тушаалтан нээж өгөөгүй” гэж тайлбарладаг боловч эрх бүхий албан тушаалтны программ нээж өгөхгүй байгаатай холбогдуулж гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй, энэ талаар нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хожимдуулж мэдүүлсэн нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарсан эсэхийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 17.4-т заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэжээ.

4. ...Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар тушаал нь зөвхөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолд үндэслээгүй ба уг тушаалын үндэслэл болсон ёс зүйн хорооны дүгнэлт хүчин төгөлдөр хэвээрээ байгаагийн зэрэгцээ Б.Н-ийн төсвийн төсөл боловсруулахдаа ажилдаа хайнга хандсан болох нь Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаас аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2018 оны 12 угаар сарын 21-ний өдрийн 196 дугаар албан бичгээр тогтоогддог... нэхэмжлэгч нь биелүүлээгүй болохыг анхан шатны шүүхээс ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэгт үндэслэн зөв дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажлын байрын тодорхойлолтоор хүлээсэн үүргийг өөр этгээд хэрэгжүүлсэн байж болзошгүй мэтээр дүгнэж “ажилдаа хайхрамжгүй хандаж төсөв давхардуулан батлуулсан гэх буруутгалыг нэхэмжлэгч хүлээх үндэслэлтэй эсэхэд хамаарах үйл баримтыг тодруулах”-аар, түүнчлэн маргаан бүхий актын үндэслэлүүдийн зөвхөн нэг хэсэг болох Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол хүчингүй болсон гэх гомдлыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 21 дүгээр тогтоолын үндэслэл болсон тус зөвлөлийн маргаан шалгасан комиссын дүгнэлтийг авах шаардлагатай гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д аудитын байгууллагын гаргасан албан шаардлагын заавал биелэгдэх шинжийг хуульчилсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байхад нэхэмжлэгчээс “Аудитын газрын шаардлагад заасан зөрчлийг гаргаагүй, дүгнэлт үндэслэлгүй” гэсэн тайлбарт үндэслэн 2018 оны Б/28 дугаар тушаал гарах болсон үндэслэл, уг тушаалтай холбоотой хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгэх, үүнтэй холбоотой баримтыг бүрдүүлсний дараа анхан шатны шүүхээр дүгнүүлэх талаар дурдсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/04, Б/01, Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дуусгавар болж хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үл хамаарах аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар хэргийн оролцогч нар мэтгэлцэж маргааныг шийдвэрлүүлэх зарчимд нийцэхгүй байгаа талаарх баримтууд хэрэгт авагдсан...

6. Хуулийн хүчин төгөлдөр болсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганзуузайгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/362 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т зааснаас үзэхэд нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/28 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хандсан байхыг шаардах бөгөөд ямар нэгэн байдлаар захиргааны байгууллагад хандаагүй, тийм баримтыг ирүүлээгүй байхад Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь өөрийн хувийн, явцуу ашиг сонирхол гарган, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад үр дүнгийн урамшуулал олгож, найр тавих зорилгоор сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчихөөс гадна 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт хууль бус болох шинжийг хангаж байсан тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны А/362 дугаар тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны А/04 дүгээр тушаалаар хүчингүй болгож хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон...

7. ...Б.Н-ийн гаргасан зөрчил, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05/10039 дүгээр албан бичгийн дагуу хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй тул тухайн зөрчилд хүлээлгэх хариуцлагын хамгийн хөнгөн хэлбэрийг сонгож хэрэглэсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүхээс Б.Н-ийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хугацаа хоцроосон үйлдэлд хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тогтоогдсон тохиолдолд сануулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болох мэтээр дүгнэж, ач холбогдолгүй нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байна... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/02 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээ зөрчсөн, 39 дүгээр зүйлд заасан хориглох заалтуудыг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1-д заасан удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуульд заасан хяналт тавих, зөвлөгөө өгөх үүрэгтээ хайхрамжгүй хандаж, төсөв давхардуулан батлуулсан нь тогтоогдохын зэрэгцээ хууль зүйн хувьд хариуцлага хүлээх этгээд мөн болох нь тодорхой харагдаж байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

8. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн нэг хэсэг болсон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч маргаан бүхий акт буюу Б/02 дугаар тушаал гарах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Ёс зүйн хорооны 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хянуулах, хүчингүй болгуулахаар оролцогч нараас хандаж байгаагүй, өнөөдөр ч хуулийн хүчин төгөлдөр байгаа тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны Б/02 дугаар тушаалын үндэслэл үгүйсгэгдэхгүй бөгөөд анхан шатны шүүх тус тушаалын үндэслэлийн талаар хангалттай дүгнэсэн байхад үүнд дүгнэлт хийлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий 2019 оны Б/02 дугаар тушаалын “б/” хэсэг буюу “...Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, албан ажилдаа хайхрамжгүй хандан алдаа гаргасан”, “в/”хэсгийн “ёс зүйн дүрэм зөрчсөн талаар Ёс зүйн хорооны дүгнэлт гарсан” гэх үндэслэлүүд нь тус бүр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/354 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын дотоод журам”-ын 33 дугаар зүйл “Хориглох зүйл” гэсэн хэсгийн 8-д заасан “Албан ажилдаа хайхрамжгүй хандаж, алдаа гаргах”, 34 дүгээр зүйл “Сахилгын шийтгэл ногдуулах” гэсэн хэсгийн 2-т заасан “33 дугаар зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн”, 34 дүгээр зүйлийн 5-д зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан талаарх ёс зүйн хорооны дүгнэлт гарсан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарна” гэж зохицуулсан эрх зүйн баримт бичгээр тогтоогддог, үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан, дахин дүгнүүлэх шаардлагагүй.

9. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.Н-ийн “Төсвийн тухай хуулиар төсөв батлуулахтай холбогдох хариуцлагыг аймгийн Засаг дарга хүлээх ёстой...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, төсвийн төслийг боловсруулах, төлөвлөх, хянах, батлуулах зэрэг чиг үүргийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга хэрэгжүүлдгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн дүгнэлт хийсэн, дахин нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн төсөв давхардуулж тусгасан зөрчил нь төсвийн төслийг боловсруулах, төлөвлөх, хянах, батлуулах зэрэг чиг үүргийн хүрээнд зөвхөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын эрхлэх асуудал байгаа нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байхад мөн л шаардлагагүй, ач холбогдолгүй нотлох баримт бүрдүүлэх, үүний дараа дүгнэлт хийлгэхээр шийдвэрлэсэн зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцүүлээгүй, энэ нь тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлд хамаарна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй нотлох баримт нэмж цуглуулах, мөн нэхэмжлэлийн шаардлагын  хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, үүнд холбогдуулан нотлох баримт бүрэн бүрдүүлж хэргийг шийдвэрлээгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

11. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Н-д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан, уг Б/28 дугаар тушаалыг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганзуунайгийн 2018  оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаалаар хүчингүй болгосон, уг А/362 дугаар тушаалыг Тамгын газрын дарга Ө.Баянмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар хүчингүй болгосон, нэхэмжлэгч Б.Н нь 2019 оны А/04 дүгээр тушаалыг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А/04 дүгээр тушаалыг гаргаснаар миний бие дахин сахилгын шийтгэлтэй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх болсон, ...надад мэдэгдээгүй, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин сахилгын шийтгэл ногдуулах үед мэдсэн, ...А/362 дугаар тушаал нь миний хувьд сөрөг нөлөөлөл бүхий хууль бус акт биш, ...хууль зөрчсөн” гэж маргажээ.

12. Анхан шатны шүүх, маргаан бүхий уг 2019 оны А/04 дүгээр тушаалд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн маргасан үндэслэлийг шалгаж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй болохыг  дүгнэж, нэхэмжлэгч нь “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны Б/28 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчингүй болгуулахаар эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй байхад Тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь уг тушаалыг 2018 оны А/362 дугаар тушаалаар хүчингүй болгож, хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулсныг тогтоосноор нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

13. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2018 оны Б/28 дугаар тушаалтай  маргаагүй, энэ талаар шүүхийн  шийдвэрт тодорхой дүгнэсэн бөгөөд  2019 оны А/04 дүгээр тушаалыг гаргаснаар  уг тушаал  хүчинтэй хэвээр үлдэх нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр тушаал хууль бус болохын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шүүх түүнийг хүчингүй болгож, шийдвэрлэх учиртай.

14. Гэтэл давж заалдах шатны шүүх 2019 оны А/04 дүгээр тушаалын  хууль зүйн үндэслэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй атлаа “тушаалыг гаргах болсон шалтгаан үндэслэлийг, түүнийг гаргахаас өмнө болон гаргасны дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх, сонсох ажиллагаа явуулсан эсэх, Б/28 дугаар тушаалыг мэдэгдсэн эсэх, нэхэмжлэгч  хэзээ мэдсэн, гомдол хүсэлт гаргасан эсэх талаарх баримтыг бүрдүүлэх”-ээр магадлалд зааж, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэж, үүнд холбогдуулан нэмж баримт шаардлагатай гэж үзсэн нь буруу.

15. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар “хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаа хожимдуулж мэдүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч нь тушаалын үндэслэлтэй маргаагүй,  харин  “хугацаа хожимдуулсан нь” өөрөөс болоогүй гэж маргасан, Б.Н нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдсон, “хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн нь тогтоогджээ.

16. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, ...гаргаж, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”,  10.5-д “хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно”, 13 дугаар зүйлийн 13.8-д “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, ...бол дараах хариуцлага хүлээлгэнэ:”, 13.8.1-д “...,хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.3 -т “албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, ...гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй”, 23.4-т “албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан бол уг мэдүүлгийг гаргаж өгөөгүйд тооцно”, 29.2-т “нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:”, 29.2.1-д “хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах” гэж тус тус зааснаас үзэхэд,  Б.Н-ийн  маргаж буй үндэслэл буюу эрх бүхий ажилтан “цахим”-аар мэдүүлэх эрхийг нээж өгөхгүй байснаас хугацаа хожимдуулж мэдүүлсэн нь тогтоогдсон байсан ч уг сахилгын шийтгэл “хүлээхээс” чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

17. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтыг албан тушаалтны “ХАСХОМ” гаргах үүрэгтэй нь холбогдуулж зөв тайлбарлаж  хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх, дээрх хуулиудад заасан тусгайлсан зохицуулалтыг анхаараагүй, уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй “цахим системд нээлгэх хүсэлт хэзээ гаргасан, хэзээ нээгдэж, хэзээ хаагдсан, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, үүргээ биелүүлээгүй нь өөрөөс нь шалтгаалсан эсэх, эрх бүхий албан тушаалтны буруугаас ...эсэх” зэргийг  тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь буруу.

18. Маргаан бүхий акт болох Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар “удаа дараа сахилгын зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, Төсвийн тухай хууль зөрчиж, албан ажилдаа хайхрамжгүй хандаж алдаа гаргасан, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн гэх үндэслэлээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэлийг Б.Н-д  ногдуулсан байна.

19. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “аймгийн 2019 оны төсөв”-ийг батлахад “сумдын соёлын төвүүдийг автомашинаар хангах 490.0 сая төгрөг” давхардаж батлагдсан ба үүнд тухайн төсвийн төсөл боловсруулах, төлөвлөх, хянах, батлуулах, чиг үүрэгтэй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг болон нэхэмжлэгчийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн Э.Нарангоо, Э.Бор-Охин, аймгийн Төрийн аудитын газрын дарга П.Алтанзаяа, “Си Эф Си групп” ХХК-ийн  гаргасан гомдлуудыг шалгаж үндэслэлтэй болохыг тогтоосон Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт гарчээ.

20. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.3-т “төрийн албанаас халах” гэж заасан, хариуцагч нь маргаан бүхий тушаалд уг зүйл, заалтыг үндэслэхдээ, “удаа дараа сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн” гэдгийг дурдсан байна.

21. Хуулийн уг зохицуулалтад сахилгын шийтгэл ногдуулахад харгалзах нөхцөл нь “зөрчил давтан” үйлдэгдсэн, нөгөө талаар маргаан бүхий актаар нэхэмжлэгчид  “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан болохоос бие даасан өөр зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг хэрэглээгүй учир, нэхэмжлэгчийн  маргаж буй “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийг тогтоох, энэ талаарх баримтыг шалгах, цуглуулах шаардлагагүй тул магадлалд энэ үндэслэлийг заасан нь үндэслэлгүй.

22. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзориг нарын хяналтын журмаар “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.