| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Золбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/06128/И |
| Дугаар | 191/ШШ2026/00980 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/00980
2026 01 16 191/ШШ2026/00980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Золбаяр даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, ******* ******* дугаар *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, ******* дүгээр *******ны тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, , дүгээр , хорих ангид ял эдэлж буй овогт /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сэтгэцийн гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч О.,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч О.д холбогдуулан сэтгэцийн гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. О. нь өөрийн эцэг цохиж зодсон хүн гэх шалтгаанаар Хохирогч ийн биед нь халдаж, цээж хэсэгт нэг удаа цохисны улмаас дагз хэсгээрээ унаж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. О. нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хорих ял авч, -р хорих ангид ял эдэлж байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны дугаар шүүхийн магадлалаар хууль ёсны төлөөлөгч болох Я.*******д сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 /150*550,000/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
Харин Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар тогтоолоор Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох, заавал шинжилгээ хийлгэх хуулийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй буюу шинжилгээг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж хэрэгсэхгүй болгож, Амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж олгосон 82,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
1.2. Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5.5-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр тогтооно гэж заасан. Энэ заалт 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуульд нэмэлтээр орсон байна.
Тухайн гэмт хэрэг 2023 оны 7 дугаар сарын -ний өдөр үйлдэгдсэн. Гэм буруу тогтоогдсон. Нэхэмжлэгч Я.******* хохирогчийн гэр бүлийн гишүүн тул эрүүгийн хэрэгт хууль ёсны хохирогчоор оролцоод явсан үйл баримт хавтаст хэрэгт байна. Тиймээс Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.
2. Хариуцагч хариу тайлбартаа:
2.1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар магадлалаар эрүүгийн хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэхдээ хохирол төлбөрт 82,500,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ХШТ/ЗЗ дугаар тогтоолоор Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээч томилж сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоогоогүй үндэслэлээр хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр тогтоосон.
Я.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоон нөхөн төлөх төлбөрийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцоолох шаардлага үүсэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт нь 4-р зэрэглэл гэж гарсан гэхдээ шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна. Эрүүгийн хэргийн улмаас сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тэгэхээр энэ хэргийг хөндөх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хэргийн хувьд хохирогчоор тогтоогдсон ийг нэхэмжлэгч цохисон гэх боловч бодит байдал дээр камерын бичлэгээр О. нэг удаагийн түлхэлтээр цемент дээр унаад санамсаргүй байдлаар хэрэгт холбогдож, хариуцлага хүлээж байна.
Хэрэг болсон цаг хугацаа 2023 оны 7 дугаар сарын -ний өдөр болсон. Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан. Өөрөөр хэлбэл хэрэг гарсан цаг хугацаанаас хойш сэтгэл санааны хохирол тооцож гаргуулдаг журам батлагдсан. Нэмэлтээр 7 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө болсон хэрэгт сэтгэл санааны хохирлыг шууд гаргуулаад 82,500,000 төгрөгийг төл гэж дүгнэлт хийгээд яваад байж болох эсэх асуудал хөндөгдөж байна.
Нэхэмжлэгч 82,500,000 төгрөг нэхэмжилсэн тухай, хариуцагч гэм буруутай эсэх дээр хэрэг болсноос хойш ерөөсөө маргаагүй, хүндэтгэсэн байдлаар 10 сая төгрөг гаргаж өгөх боломжтой гэж байгаа ч хууль зүйн үндэслэлийн хувьд энэ журам хэрэг болсноос хойш батлагдсан журам учраас өнөөдөр 82 сая төгрөг ч юм уу, 4-р зэрэгт хамаарах мөнгөн дүнг гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хүрээнд боломжгүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн төлбөрөөр гаргуулж болно, Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэл санааны хохиролд шинжээч томилно гэж тус тус заасан. Шинжээч томилох үйл явцыг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хэрэг гарснаас хойш 2 сайд баталсан. Улсын дээд шүүхээс баталсан тогтоол дүгнэлт гаргахтай холбоотой аргачлалыг баталж өгсөн. Арай өөр, гэмт хэрэг болсноос хойш журам батлагдаж байгаа учраас манай хэрэгт хамаарахгүй байна.
2.3. Хэрвээ үнэхээр хамаарахаар байна гэж үзвэл хариуцагчийн хувийн байдлыг хараад, санамсаргүй байдлаар энэ хэрэгт орооцолдоод, 8 жилийн хорих ял авчихсан байгаа, мөн ар гэрийн байдлыг харгалзаж үзээд бага хэмжээгээр нь буюу өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулна.
2.4. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 12,547,267 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн, харин хариуцагч 16,000,000 төгрөг төлсөн тул зөрүү мөнгийг сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцуулна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хэрэг үйлдэгчийг гэм буруутай гэж үзсэн. Хүний амь нас, сэтгэл санаанд учирсан хохирлыг биеэр эдлүүлэх гэм буруутай гэж үзэж байна. Тухайн хэргийн талаар нэхэмжлэгч талын мөнгөн дүнг хариуцагч тал мөнгөн хэлбэрээр өгөх боломжгүй бол шүүх харгалзан үзэж мөнгөн дүнг бууруулж шийдвэрлэх. гэв.
4. Нэхэмжлэгчээс Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар О.д холбогдох хэргийн тухай тогтоол /хавтаст хэргийн 1-16 дахь тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар О.д холбогдох эрүүгийн хэргийн тухай магадлал /хавтаст хэргийн 17-27 дахь тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 28-34/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч О.д холбогдуулан Сэтгэцийн гэм хорын хохирол 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нас барсан тул хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээ нь 82,500,000 гэж шаардах эрхээ нэхэмжлэгч тодорхойлсон.
3. Хариуцагч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шинжээч томилж шинжилгээ хийлгэнэ гэж заасан нь энэ гэмт хэрэгт хамаарч байгаа ч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.1-т заасан дүгнэлт гаргах журам нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан. Тухайн гэмт хэрэг 2023 оны 7 дугаар сарын -ний өдөр болсон. Сэтгэл санааны хохирлын хувьд хэрэг гарсан цаг хугацаанаас хойш энэ журам батлагдсан учраас манай хэрэгт хамаарахгүй. Хэрвээ үнэхээр хамаарах бол сэтгэцэд учирсан хор уршгийн 4-р зэрэглэл, хариуцагчийн хувийн байдал, санамсаргүйгээр энэ хэрэгт орооцолдоод 8 жилийн хорих ял авчихсан, мөн ар гэрийн байдлыг харгалзаж үзээд бага хэмжээгээр нь буюу өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр тогтоолгох, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 12,547,267 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн, харин хариуцагч 16,000,000 төгрөг төлсөн тул зөрүү мөнгийг сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч О. нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болох нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
4.2. Тухайн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч ******* ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож, хохирогчийн гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
4.3. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О. нь ял шийтгэгдсэн ба энэхүү хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байгаа тул энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
5. Талууд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгахдаа нөхөн төлөх төлбөрийн хэмжээн дээр маргаж, харин гэм буруугийн асуудал дээр маргаагүй байна.
6. Хариуцагч О. нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа тул хохирогчийн гэр бүлийн гишүүн нэхэмжлэгч Я.******* нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах, нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
5 дүгээр зүйлийн 5.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ,
230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заажээ.
Хариуцагч О. нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дүгээр зүйлийн 5.3, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй байна.
8. Хариуцагч тал Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам нь тухайн гэмт хэрэг болсноос хойш батлагдсан тул сэтгэцэд учирсан хохирлыг арилгах асуудал хамаарахгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заажээ.
Тухайн гэмт хэрэг буюу хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэл нь 2023 оны 07 дугаар сарын -ний өдөр болсон нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа тул хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх тусгайлан заасан дээрх хугацаанд хамаарч байна.
9. Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5.5-т Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан.
Хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тул хохирогчийн гэр бүлийн гишүүн нь Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын
1.1-т Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ,
1.2-т Гэмт хэргийн төрөл, учирсан гэм хор, хохирогч бүрийн сэтгэл зүйн болон сэтгэцийн онцлогоос шалтгаалж шүүх төлбөрийн хэмжээг уг аргачлалд зааснаас илүү, эсвэл багаар тогтоосон бол үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгана,
1.3-т Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцсэн байна,
3.8-т Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, ...гэм хор учруулагчийн гэм буруу, ...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ,
4-т Сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тус тус заажээ.
Хохирогч нас барсан нь хариуцагчийн гэм буруугаас болсон, хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ нь 15-30 хувь буюу дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үйл явдал болсон 2023 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ /550,000*45.99=25,294,500/-гээр буюу 25,294,500 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
10. Хариуцагч талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 12,547,267 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн, харин хариуцагч 16,000,000 төгрөг илүү төлсөн тул зөрүү мөнгийг сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцуулна гэж маргаж байна. Харин нэхэмжлэгч тал нь эрүүгийн хэрэг дээр хохирол төлбөр төлөгдсөн, тэр энэ хэрэгт хамаагүй гэсэн боловч төлөгдсөн хохирлын хэмжээн дээр маргаагүй тул илүү төлөгдсөн зөрүү 3,452,733 төгрөгийг буцаан олгох нь шударга ёсонд нийцнэ.
. Гэмт хэргийн улмаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээ /25,294,500 төгрөг/-нээс хохиролд илүү төлөгдсөн зөрүү /3,452,733 төгрөг/-г хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас 21,841,767 төгрөгийг хангаж, үлдэх 60,658,233 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Иргэдийн төлөөлөгчийн Хэрэг үйлдэгчийг гэм буруутай гэж үзсэн. Хүний амь нас, сэтгэл санаанд учирсан хохирлыг биеэр эдлүүлэх гэм буруутай гэж үзэж байна. Тухайн хэргийн талаар нэхэмжлэгч талын мөнгөн дүнг хариуцагч тал мөнгөн хэлбэрээр өгөх боломжгүй бол шүүх харгалзан үзэж мөнгөн дүнг бууруулж шийдвэрлэх гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
13. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 178,742 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 5 дүгээр зүйлийн 5.5-т заасныг баримтлан хариуцагч О.аас гэм хорын хохиролд 21,841,767 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,658,233 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамжид 178,742 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
9.2, 9.4, 9.5, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЗОЛБАЯР
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ