Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч овогт Х.Зд холбогдох 1711015690193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ, Баруун бүрэн 3 дугаар баг, Цагаан-Овоо шархад гудамжны 5-5 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 25-1 тоотод оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Х.З, (РД:МВ82041726),

нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Төрийн банк" дотор хохирогч Н.Эрдэнэ-Очироос Хүнс хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн төсөлд хамруулж өгнө гэж 5.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.З нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.З мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Х.З мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Анх 2016 оны 12 дугаар сард миний танил Энхтуяа гэдэг хүн миний утас руу яриад одоо нэг хүн чиний утас руу ярина чи нэг учрыг нь гаргаад хэлж өгөөд тусалчихаарай гэхээр нь за гээд байж байсан чинь удалгүй 20-30 минутын дараа мөн Ягаанаа гэж хүн миний утас руу залгаад би Энхтуяа эгчийн яриулсан хүн байна, чамд Хөдөө аж ахуйн яаманд таньдаг хүн байгаа сурагтай байна, хэрэв таньдаг хүн байгаа бол жижиг дунд үйлдвэрлэлийн нэг төсөл оруулах боломж байна уу гэхэд нь надад таньдаг хүн байгаа, гэхдээ би асуугаад өгье гэсэн чинь эгч нь чамд материалаа аваачаад өгье гэж хэлээд маргааш нь дахин миний утас руу залгаад чи хаана байгаа юм бэ, би нөгөө материалаа өгөх гэсэн юм гэхээр нь хоёулаа оройхон уулзъя орой аваад ир гэсэн. 17 цагийн үед Ягаанаа эгч дахин залгаад чи хаана байгаа юм бэ би нөгөө материалаа өгөх гэсэн юм гэхээр нь нөгөө бичгийг нь авч үлдсэн. ...Нөгөөдөр нь Эрдэнэ-Очир ах миний утас руу залгаад ах нь хотод ирсэн байна, 5.000.000 төгрөг л оллоо чи дээрээс нь нэмээд мөнгө олоод өгөх арга байна уу гэхээр нь та юу ч гэсэн хүрээд ир гэж хэлээд, бид 2 Төв шуудангийн хажууд уулзаад нөгөө Одгэрэлтэй уулзсан чинь за юу ч гэсэн 5.000.000 төгрөгөө хийчих гэхээр нь бид хоёр гараад би Эрдэнэ-Очир ахад та мөнгөө шилжүүлчих гэсэн чинь ахад нь данс байхгүй байна миний карт хаагдсан байгаа чи хийчих гэхээр нь би нөгөө 5.000.000 төгрөгийг бэлнээр аваад Эрдэнэ-Очир ахаас цаас аваад мөнгө хүлээж авлаа гэж бичиж гарын үсэг зураад аваад Хосцэцэгийн дансны дугаар руу 4.700.000 төгрөгийг нь шилжүүлчихээд 300.000 төгрөгийг нь өөртөө үлдээсэн.” гэжээ.

Хохирогч Н.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ягаанаа гэх найзаараа дамжуулан Золбоо гэж эмэгтэйд өөрийн компани болох "МҮКҮ" ХХК-ийн газрын төслийн материал болох компанийн гэрчилгээ тайлан, газрын гэрээ, гэрчилгээ зэрэг ойролцоогоор 100 гаран хуудас материалыг өөрийн эхнэр болох Одгэрэлээр дамжуулан Бөхийн өргөөний хажууд өгсөн. Тэгээд үүнээс хойш Золбоо нь төсөл удахгүй гарах гэж байна, хүмүүсээр хөөцөлдүүлж байна, та хотод ирж уулзах хэрэгтэй гэж ярьсаар байгаад би түүнд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбар дотор өгсөн. Бэлэн мөнгөний зарлагын баримт дээр 5.000.000 төгрөг өгсөн талаараа бичиж Золбоо гэх эмэгтэйгээр гарын үсэг зуруулж авсан. Тэгээд төсөл худлаа болж, сүүлдээ би мөнгөө буцааж авъя гэж хэлсэн бөгөөд Золбоо манай компанийн төслийн материалыг Пүрэв-Очир гэх хүнд өгсөн гэж ярьдаг байсан. Пүрэв-Очиртой цагдаад өргөдөл өгснийхөө дараа 2 удаа утсаар холбогдож 1 удаа биеэр уулзсан. Тэр үед Пүрэв-Очир нь надад Золбоотой ярьсан ярианы бичлэгийг сонсгосон бөгөөд Золбоо нь Пүрэв-Очиртой утсаар ярих үедээ "Надаас мөнгө аваагүй, намайг худлаа гүтгэж цагдаад өгсөн" гэж ярьсан байсан бөгөөд би Пүрэв-Очирт болсон хэргийн талаар ярихад "Би Золбоог ийм хүн гэж бодсонгүй, миний таньдаг нэг залуу Золбоо гэж эмэгтэйтэй явж байгаад 2017 оны 5 дугаар сарын сүүлээр надтай уулзсан бөгөөд тэр үед манай хуурай дүүд туслаарай, нэг ийм төслийн материал байна. Хөдөө аж ахуйн яаманд оруулах хэрэгтэй байна" гэж хэлсэн. Түүний дагуу би төслийн материалыг авч ХААХҮЯ-нд ажилладаг газар тариалангийн төслийн талаар асуусан чинь одоо ямар ч газар тариалангийн төсөл зарлагдаагүй байгаа, материал авахгүй гэсэн. Тэгээд энэ талаар Золбоод яаман дээр чиний бүрдүүлсэн төсөл зарлагдаагүй хэзээ зарлагдах нь тодорхойгүй байна гэж хэлсэн байсан.

...2017 оны 9 дүгээр сарын эхээр намайг хөдөө Булган аймагт байж байхад Золбоо над руу олон удаа яриад та хотод ирэх хэрэгтэй байна төсөл бараг гарч байна, холбогдох хүмүүстэй нь уулзуулъя та хурдан хотод ир гэж дуудсаны дагуу би ажлын зав чөлөө гаргаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед хотод ирсэн. ...2017оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эхнэр Одгэрэлийг дагуулаад "S Line" компаний байранд очсон чинь Золбоо, Баярсайхан, Одгэрэл гурав сууж байсан. Би 5.000.000 төгрөг авч ирсэн мөнгөө өгөөд гэрээгээ хийе гэсэн чинь та энэ Золбоод мөнгөө өг таныг төлөөлж Золбоо гэрээ хийнэ, та хөдөө ажилтай гэсэн биз дээ гэхэд манай эхнэр Одгэрэл уурлаж та нар ямар сонин юм бэ хүн өөрөө ирээд мөнгөө өгөөд гэрээгээ хийе гээд байхад Золбоо гэж хүний яриад байдаг чинь ямар учиртай юм бэ гэсэн чинь Золбоо уурлаж босоод Баярсайханд наад хэрэгт чинь би оролцохгүй болилоо, Баярсайханаа, ёстой дургуй хүрчихлээ гээд гарахдаа над руу харж та гараад ир хоёр үг солиодохъё гэхээр нь би араас нь гарсан чинь Золбоо таны эхнэр надад итгэхгүй байна, над руу муухай хараад байна Баярсайхантай шууд харьцаад байна. Би хаана ч явсан таныг байхгүй болгож чадна гэж хэлээд нэг хүн рүү залгаад "МҮКҮ" компаний материалыг оруулахаа боль оронд нь үхрийн фермийн төслөө оруулчих гэж хэлээд утсаа тасалсан. Тэгснээ ёстой дургүй хүрчихлээ ийм маягаар таныг ямар ч зээлд хамруулахгүй байж чадна гэхээр нь би "за миний дүү тайвшир уучлаарай эхнэр маань учрыг мэдэхгүй байгаа, одоо мөнгийг нь өгье" гэж хэлээд Төрийн банк ороод би өөрнийхөө данснаас 5.000.000 төгрөг авч Зд бэлнээр өгсөн бөгөөд буцаад нөгөө газар руугаа орж мөнгөө өгчихсөн гэдгээ хэлэх үү гэсэн чинь З "хэрэггүй ээ та одоо шууд харь" гэж хэлсэн тул би эхнэр Одгэрэл рүү залгаж гараад ир гээд түүнийг аваад явсан. Гэтэл араас менежер Одгэрэл нь залгаад та буцаад ирэх үү Золбоо байхгүй байна, манай дарга өөртэй чинь уулзая гэж байна гэхээр нь би буцааж машинаа эргүүлээд явж байхад З яриад "тань руу сая залгасан уу та битгий буцаж ороо чигээрээ яв" гэхээр нь би яваад өгсөн. 3 хоногийн дараа Баярсайхан над руу яриад та гэрээгээ хийхгүй юм уу хийх бол мөнгөө өгөөч эхний ээлжинд 5.000.000 төгрөг олж ирсэн сураг байсан гэхээр нь би Золбоод тэр орой 5.000.000 төгрөг өгсөн шүү дээ гэхэд Баярсайхан Золбоо мөнгө аваагүй гээд байна гэсэн. Би Золбоо руу ярьсан чинь Баярсайхан мэдэхгүй байгаа менежер Одгэрэлд өгсөн. Одгэрэл бид хоёр хамтарч байгаа Одгэрэл сайн мэдэж байгаа гэхээр нь би Баярсайханд "танай Одгэрэлд Золбоо мөнгийг өгсөн байна наад хоёр чинь холбоотой юм байна" гэсэн чинь Одгэрэл над руу яриад "би ямар ч мөнгө Золбоогоос аваагүй, би ямар ч хамаагүй" гэсэн. Тэгээд Золбоо руу ярихаар "Одгэрэл авсан, битгий хэл гээд байгаа юм" гэх мэтээр энэ 3 хүн ээлжилж бараг сар гаран ярьсан. Тэгэхээр би сүүлдээ Золбоо руу яриад "би чамд 5 сая төгрөг өгсөн. Энэ мөнгөө буцааж авья, одоо төсөл гаргуулахгүй, зүгээр мөнгийг маань өг" гэхэд Золбоо "маргааш нөгөөдөр" гэж ярьсаар 3 сар болсон. Тэгээд цагдаад хандсан.” гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.В.Ягаанаас: -Би он сарыг сайн санахгүй байна. Манай найз Эрдэнэ-Очир газар тариалангийн бизнес эрхэлдэг болохоор би нэг удаа миний танил Золбоо гэх дүү маань Хөдөө аж ахуйн яаманд төслийн зээл гаргадаг гэж хэлж байсан, чи тийшээ төслийн зээл аваач гэж Эрдэнэ-Очирт хэлсэн. Тэгсэн Эрдэнэ-Очир Золбоод материалаа бүрдүүлж өгсөн гэсэн. ...Тэрнээс хойш таг чиг байж байгаад Эрдэнэ-Очир нөгөө Золбоо гэх эмэгтэй надаас 5.000.000 төгрөг аваад одоо хүртэл таг болсон гэж хэлсэн. Тэгээд дараа нь би Золбоо руу залгаад чи манай найзаас мөнгө авдаг хэн бэ, чиний бүтээсэн ажил чинь хаана байгаа юм бэ гэхэд үгүй ээ би хүмүүстэй уулзуулсан. Удахгүй болох гэж байгаа гэж хэлсэн. ...Би Золбоотой уулзаад манай найзын мөнгийг гаргаж өг гэж хэлсэн. Гаргаж өгөхгүй бол танай гэрт очиж хонож чадна шүү, эсвэл чамайг мөнгө гаргаж өгтөл чинь зууралдаад яваад байна шүү гэсэн чинь Золбоо та адилхан эмэгтэй хүн ш дээ, би дөнгөж хүнтэй сууж байгаа тэр хүн ойлгохгүй ш дээ гээд, би амлаж байна маргааш өглөө мөнгийг өгье гээд гуйгаад салсан. Тэрнээс хойш миний гар утсыг аваагүй. ...Би Золбоод урьдчилгаа мөнгө төгрөг байхгүй шүү гэж хатуу анхааруулж байсан юм, болвол болоод болохгүй бол материалыг нь буцаагаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгсэн намайг байхгүй хооронд манай найзын толгойг эргүүлээд мөнгө авчихсан байсан. Миний гар утас дээр бичсэн мессеж нь байгаа гэжээ.

2.Ч.Гандолгороос: -Х.Золбоо бид хоёр 5 сарын өмнө танилцаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр над руу Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очоод 5.000.000 төгрөгийн холбогдолтой хэрэг байгаа юмаа, "Оюунжаргал нь манай охин юмаа 5.000.000 төгрөг авсан" гэж хэлээд өг гэсэн. Тэгэхээр нь би айгаад "болох юм уу" гэсэн чинь "та зүгээрээ таниас олон юм асуухгүй" гэж хэлсэн. Би өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр над руу залгаад та очоод уулзах хэрэгтэй байна, надаас өмнө би цагдаа дээр очиж байна гэсэн. Тэгээд цагдаагийн хэлтсийн гадаа бид хоёр уулзаад, би миний дүү 5.000.000 төгрөгөө төлчихгүй юу гэсэн чинь одоохондоо боломж алга байна гэсэн. Би цагдаа руу орохоо болилоо гэсэн чинь зүгээрээ та ороод ир гэсэн. Би тэрнээс Оюунжаргал гэх хүн мэдэхгүй тийм хүн байдаг талаар болон надад тийм охин байхгүй гэжээ.

3.С.Одгэрэлээс:- Эрдэнэ-Очир руу би болон Баярсайхан яриад та гэрээгээ хийж байгуулах юм уу мөнгөө бэлдсэн юм уу гэсэн чинь Эрдэнэ-Очир "би сая 5.000.000 төгрөгөө Золбоод өгчихсөн" гэхээр нь Золбоо руу яриад "Эрдэнэ-Очир ах өөрт чинь 5.000.000 төгрөг өгсөн гэж байна" гэхэд Х.Золбоо "юу яриад байгаа юм. Би машинаа зараад 5.000.000 төгрөгийг түүнд туслах зорилгоор та нарт өгнө гэсэн болохоос биш надад авсан мөнгө байхгүй" гээд байхаар нь Баярсайхан захирал "5.000.000 төгрөг авсан гэсэн чиний гарын үсэгтэй цаас хүртэл байна шүү дээ" гэсэн чинь Золбоо утсаа таслаад дахиж утсаа авахаа больсон гэжээ.

4.Э.Төрмөнхөөс:- Сүүлд Эрдэнэ-Очир нь Баярсайхан руу залгаад "чи мөнгө авчихаад яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ" гээд хэлсэн. Тэгсэн Баярсайхан ажил дээр орж ирээд Одгэрэлд "чи тэр Золбоодоо хэлээч манай компанийг 5.000.000 төгрөг авсан гэж хэлээд байна шдээ, юу болоод байна вэ?, чи асуугаач" гэж хэлж байсан. Тэгсэн Х.Золбоо нь мөнгө төгрөг аваагүй гэж Одгэрэлд хэлээд Одгэрэл, Эрдэнэ-Очир та 2-ын мөнгө төгрөг өгөлцсөн гэрээ чинь надад байна гэсэн чинь Золбоо гар утсаа тасалчихсан. Тэгээд дараа нь Эрдэнэ-Очир нь Золбоог олоход туслаад өгөөч мөнгө төгрөгөө олж авмаар байна гэж хэлсэн юм шиг байна лээ гэжээ.

5.Э.Хосцэцэгээс:-Золбоо гэх хүнийг би сайн танихгүй. Би ерөөсөө уулзаж харьцаж байгаагүй. 2017 оны 10 дугаар сард Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй би, намайг Золбоо гэдэг хүн мөнгө авсан гэхээр нь тулж уулзах гээд очтол Золбоо уулзахгүй зугтаагаад явчихсан. ...2017 оны 9 дүгээр сард Эрдэнэ-Очир нь манай оффис дээр орж ирж байсан. Би тэр үед гарах ажилтай болоод гарах гэж байхад надтай таараад төсөл байгаа юмаа танай компаниар янзлуулж бичүүлэх гэсэн юм гэхээр нь төслийн мэргэжилтэн байгаа гэж хэлсэн. Тэрнээс би "МҮКҮ" ХХК-ийн талаар юу ч мэдэхгүй. ...Золбоо гэх хүн миний дугаарыг мэдэхгүй, би тэр хүнийг сайн танихгүй, Би Хаан банкны 5830058891 гэсэн дансны дугаар мэдэхгүй, Оюунжаргал гэх нэртэй хүн манай хамаатан, найз нөхөд дотор байхгүй. Би Золбоо гэх хүнээс 5.000.000 төгрөг авсан юм байхгүй. Би тийм төсөл хариуцаж байгаагүй. Надад тийм төсөл хариуцах үүрэг, шалтгаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Х.З нь хохирогч Н.Эрдэнэ-Очирыг “Хүнс хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн төсөлд хамруулж өгнө” хэмээн хуурч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Төрийн банк" дотор түүнээс 5.000.000 төгрөг авсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Эрдэнэ-Очирын “…Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ягаанаа гэж найзаараа дамжуулан Золбоо гэж эмэгтэйд өөрийн компани болох "МҮКҮ" ХХК-ны газрын төслийн материал болох компаний гэрчилгээ тайлан, газрын гэрээ, гэрчилгээ зэрэг ойролцоогоор 100 гаран хуудас материалыг өөрийн эхнэр болох Одгэрэлээр дамжуулан өгсөн. Тэгээд үүнээс хойш Золбоо нь төсөл удахгүй гарах гэж байна, хүмүүсээр хөөцөлдүүлж байна гэхээр нь би түүнд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбар дотор өгсөн” гэх мэдүүлэг, гэрч В.Ягааны “...Манай найз Эрдэнэ-Очир газар тариалангийн бизнес эрхэлдэг болохоор би нэг удаа миний танил Золбоо гэх дүү маань Хөдөө аж ахуйн яаманд төслийн зээл гаргадаг гэж хэлж байсан, Би Золбоод урьдчилгаа мөнгө төгрөг байхгүй шүү гэж хатуу анхааруулж байсан. Тэгсэн намайг байхгүй хооронд манай найзын толгойг эргүүлээд мөнгө авчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Хосцэцэгийн “Золбоо гэх хүнийг би сайн танихгүй. Би ерөөсөө уулзаж харьцаж байгаагүй. 2017 оны 10 дугаар сард Эрдэнэ-Очир гэдэг хүнтэй би, намайг Золбоо гэдэг хүн мөнгө авсан гэхээр нь тулж уулзах гээд очтол Золбоо уулзахгүй зугтаагаад явчихсан. Би Золбоо гэх хүнээс 5.000.000 төгрөг авсан юм байхгүй. Би тийм төсөл хариуцаж байгаагүй. Надад тийм төсөл хариуцах үүрэг, шалтгаан байхгүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч В.Ягаанаас гаргаж өгсөн Х.Золбоотой харилцсан мессежийг эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан мөрдөгчийн тогтоол, Хаан банкны дансны хуулга, Хүнс хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1/21 албан тоот болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ч овогт Х.Зг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов. 

Шүүгдэгч Х.Зн саналыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч овогт Х.Зг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Зг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуу тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Зд оногдуулсан торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ