Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ДШМ/21

 

Н.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Хяналтын прокурор Г.Цогтмагнай /цахим/,

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахим/

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/72 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Н.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.******* нь  иргэн ..................амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.******* 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ү.Амар- Амгалан, Х.Маралгуа нар 2026 оны 01 сарын 28-ны өдөр ЕГ0826/518 дугаартай дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн 4-р зэрэглэл тогтоогдсон болно.

Мөн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Энхсаруул 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амь хохирогчийн ашиглаж байсан REDMI маркийн гар утсанд шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газарт “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг шинжилгээний объектын хамт хүргүүлсэн.

Дээрх тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Болор-Эрдэнэ 2025 оны 04 сарын 17-ны өдрийн ЕГ0225/484 дугаартай дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн гар утас дэлгэцийн кодоор хамгаалагдсан байх тул шинжилгээ хийх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн сим картуудад хадгалагдсан мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” гэсэн дүгнэлтийг ирүүлсэн болно. И.*******г шалгуулах хүсэлтийн тухайд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад И.*******аас гэрчээр мэдүүлэг авч, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах зэрэг хийгдвэл зохих ажиллагааг хийсэн бөгөөд И.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл болон хангалттай нотлох баримт тогтоогдоогүй болно.

Амь хохирогч А.*******ийн ашиглаж байсан REDMI маркийн гар утсанд шинжилгээ хийлгэх тухай тогтоол хавтаст хэргийн 142-р хуудас, шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 144-145-р хуудсанд авагдсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон тогтоол, дүгнэлтийн хамт Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн бөгөөд хэрэгт хавсаргуулахаар шүүхэд хүргүүлсэн болно.

Мөн И.*******аас гэрчээр мэдүүлэг авч, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах зэрэг хэрэгт хийдвэл зохих ажиллагааг хийсэн байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтийг захирамжийн үндэслэх хэсэгтээ дурджээ. Ийнхүү дурдахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг хэрхэн ноцтой зөрчсөн талаар ойлгомжтой, тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгчийн захирамжийн үндэслэх хэрсэгт дурдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.", 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэсэн хуулийн зүйл, хэсгүүдэд хамааруулан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заагдсан ажиллагаанууд нь хийгдсэн байхад огт хийгээгүй мэтээр дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/72 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс яллагдагчийн өмгөөлөгч Н.Нармандахаас энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй г.*******г шалгуулах тухай хүсэлтийг шүүхээс хүлээж авсан. Тухайн хэрэгт н.*******г яллагчаар татаж, хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй болохыг прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Иргэн н.******* нь охин Б.Батчимэгийг нь янхан гэж доромжилсон гэх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах тухай асуудал нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан үүргээ биелүүлэх үүднээс хандсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнийг эх хүнийхээ хувьд хүүхдийнхээ эрхийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг нь сэргээхээр хууль ёсны шаардлага тавьсан гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Шүүгчийн захирамжийн дараагийн хэсэгт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох гэж заасан. Тухайн хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт нь гарсан. Мөн рэдми А загварын утсанд шинжээч томилж, яриа, чатыг сэргээлгэх тухай хүсэлтийг гаргасан. Тухайн ажиллагаа бол хэрэгт хийгдсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн н.Болор-Эрдэнэ 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан дүгнэлтдээ шинжилгээнд ирүүлсэн утасны дэлгэц кодоор хамгаалагдсан учир шинжилгээ хийх боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн сим картуудад хадгалагдсан мэдээллүүдийг хавсралтаар хүргүүлэв гээд дүгнэлт гаргасан асуудал дээр захирамжаар хэргийг прокурорт буцаах үндэслэлийн нэг хэсэг болгож заасан байна. Мөн шүүгчийн захирамжийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх дүгнэлтийг үндэслэх хэсэгтээ дурдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн ноцтой зөрчсөн талаар ойлгомжтой, тодорхой дүгнэлт хийгээгүй шүүгчийн захирамж нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл хэрэгт насанд хүрээгүй хохирогч болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүд авагдсан. Мөн насанд хүрээгүй хохирогч өөрийнхөө найзтай чат бичсэн байдаг. Эдгээр чатуудаас энэ хэрэгт н.******* гэж хүн холбоотой болох нь харагддаг. Гэтэл н.*******г шалгалгүйгээр гэрчээр асуусан байдаг. Үүнийг хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа хийх боломжгүй байсан учраас миний бие урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Уг урьдчилсан хэлэлцүүлэгт н.*******г прокурор нөхөн шалгаж өгнө үү гэдэг хүсэлтээ гаргасан.

Г.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн хувьд гар утасны үзлэг хийлгэх, сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт ирээгүй гэсэн тайлбаруудыг гаргасан. Эдгээр тайлбарууд нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Прокурор өөрийнхөө яллагдагчаар татах тогтоолд н.Өсөх-ирээдүйн дарамт шахалт, түүний буруутай үйлдлээс болоод хохирогч амь хохирсон нь тогтоогдож байна гэсэн тайлбарыг бичсэн байдаг. Прокурор яллагдагчаар татах тогтоолдоо Гэр бүлийн тухай хуульд зааснаар н.******* нь өөрийнхөө хүүхдийн хүмүүжил, аюулгүй байдалд анхаарах үүднээс чамайг цагдаад өгч шалгуулна гэдэг үгийг хэлэх эрхтэй байсан мэтээр зөрүүтэйгээр бичсэн байдаг. Эдгээр байдал нь зөрүүтэй шүүхэд хэрэг шилжиж ирсэн учраас хэргийг прокурорт буцаагаад нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтээ гаргасан.

Иймд прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүгийн амиа алдсан асуудалд н.******* шууд хамааралтай гэж үзэж байна. н.******* янз бүрийн юм бичиж, миний хүүг цагдаагаар айлгаснаас болж миний хүү амиа алдсан учраас н.*******г шалгуулах хүсэлтэй байна. Мөн утасны кодыг тайлуулж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Н.******* багш болон н.******* хоёроос болж миний хүү амиа алдсан гэж үздэг. Тийм учраас н.*******г шалгуулах хүсэлтэй байна гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******т холбогдох хэргийн тухайд яагаад н.******* гэдэг хүнийг татуулах шаардлагатай гэж хохирогч талаас үзээд байгаа юм бэ гэхээр улсын яллагч эрүүгийн хэрэг үүсгээд, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолынхоо хууль зүйн үндэслэл дээрээ биччихсэн байдаг. н.Өсөх-ирээдүй нь охиныг нь янхан гэж доромжилсон асуудлыг цагдаагаар шалгуулна гэсэн шаардлагаас болж н.******* айж, боомилж нас барсан болох нь тогтоогдож байна гээд улсын яллагч хууль зүйн дүгнэлтийг хийсэн.

Рэдми А9 маркийн гар утас дээр шинжээч томилж өгнө үү гэдэг хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргадаг. Миний үйлчлүүлэгч уг хүсэлтийг удаа дараа гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр гар утасны дэлгэц кодоор хамгаалагдсан тул шинжилгээ хийх боломжгүй гэдэг хариу ирдэг. Бид нарын зүгээс 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дэлгэцийн кодыг нь гаргуулаад шалгуулъя гэж байгаа. Яагаад бид нар ингээд байгаа вэ гэхээр магадгүй энэ хүүгийн гар утас нь өөрийнх нь өмч байсан учраас н.******* энэ хоёрын хооронд хүүг ямар нэгэн байдлаар дарамталсан, хүү рүү янз бүрийн мессеж, чат бичсэн эсэхийг бид нар тогтоох боломжгүй байгаа учраас мэргэжлийн шинжээчээр гаргуулъя гэж үзэж байна. Энэ утсыг ээж нь скочдож бариад хувийн журмаараа мобиком, теди дээр очоод асуусан. Гар утасны код тайлдаг хүмүүс бид нар эрх бүхий байгууллагын шийдвэрээр гаргана. Хувь хүний мэдээллийг бид нар дураараа гаргаж болохгүй. Бид нар гаргаж чадна гэдэг зүйлийг яриад байдаг. Гар утасны ченжүүд энэ мэдээллийг гаргаж чадах юм чинь албан ёсны шинжээч нар гаргах боломжтой гэж үзээд байгаа учраас утсан дээр байгаа мэдээллүүдийг гаргах нь энэ хэрэгт чухал ач холбогдолтой гэдэг байр суурийг илэрхийлээд өдий хүрч байна. Ийм учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гарсан шүүгчийн захирамж нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй ач холбогдолтой байна. Эдгээр асуудлыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж хэргийг прокурорт шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Яллагдагч Н.******* нь  Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9а ангийн багшийн албан үүргийг гүйцэтгэх явцад олж мэдсэн ангийн хүүхдүүдийн групп чат дахь захидал харилцаа буюу “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтад заасан “Хүний эмзэг мэдээлэл”-ийг нийтийн цахим сүлжээ болох хүүхдүүдийн эцэг, эхийн фейсбүүк цахим групп чатад холбоо харилцаа, цахим сүлжээ ашиглаж задруулсан, мөн Боловсролын ерөнхий хуулийн 13.2.6 дахь заалтад заасан “хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах,...” үүргээ биелүүлэлгүй Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9а ангийн багшийн албан үүргийг гүйцэтгэх явцад олж мэдсэн ангийн хүүхдүүдийн групп чат дахь захидал харилцаа буюу “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Хувь хүний нууц”-ыг нийтийн цахим сүлжээ болох хүүхдүүдийн эцэг, эхийн фейсбүүк цахим групп чатад холбоо харилцаа, цахим сүлжээ ашиглан задруулж, иргэн А.*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж хяналтын прокурор В.Төгсбаяр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх яллагдагч Н.*******т холбогдох ******* дугаартай хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотлуулахын тулд яллагдагчийн өмгөөлөгч Н.Нармандах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нарын гаргасан “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох, И.*******г шалгуулах, ... Redmi А9 маркийн гар утсанд мэргэжлийн шинжээч томилж чат яриа бичлэгийг сэргээлгэх...” тухай хүсэлтийг хангаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

Хяналтын прокурор В.Төгсбаяр нь “Амь хохирогч А.*******ийн ашиглаж байсан REDMI маркийн гар утсанд шинжилгээ хийлгэх тухай тогтоол хавтаст хэргийн 142-р хуудас, шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 144-145-р хуудсанд авагдсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон тогтоол, дүгнэлтийн хамт Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн бөгөөд хэрэгт хавсаргуулахаар шүүхэд хүргүүлсэн. Мөн И.*******аас гэрчээр мэдүүлэг авч, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах зэрэг хэрэгт хийдвэл зохих ажиллагааг хийсэн байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/72 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны хэлэлцүүлж өгнө үү” агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Тухайн хэрэгт холбогдуулан И.*******г шалгуулах, ...Redmi А9 маркийн гар утсанд мэргэжлийн шинжээч томилж чат яриа бичлэгийг сэргээлгэх зэрэг ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай гэх яллагдагчийн өмгөөлөгч Н.Нармандах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нарын гаргасан хүсэлтүүд үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцаасан, дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байх тул хяналтын прокурор В.Төгсбаярын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай“ эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана”,  3.2-т “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэх заасан байх бөгөөд хяналтын прокурорын бичсэн яллах дүгнэлт /1-р дүгээр хавтаст хэргийн 216-223/ нь дээрх хуулийн заалтын шаардлагыг хангаагүй, гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар яллах дүгнэлтдээ бичээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхэд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байсан ба дээрх шинжээчийн дүгнэлтийг хяналтын прокурор нь эсэргүүцэлдээ хавсарган давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЗ/72 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, В.Төгсбаярын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай“ эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                             Х.ГЭРЭЛМАА