Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2022/01277

 

 

 

 

 

 

2022 07 06 210/МА2022/01277

 

 

Б ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00222 дугаар шийдвэртэй, Б ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК холбогдуулан гаргасан гэрээ цуцалснаас учирсан хохирол 6,976,940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л, хариуцагчийн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Г ХХК -тай 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээ байгуулж 6,976,940 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Г ХХК нь ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн. Манай компанийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Стандарт нетворк ХХК-тай 9,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Г ХХК -ийн хийгээгүй орхисон, ажлуудыг гүйцэтгүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч уг гүйцэтгэлийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасан. Иймд гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлж учирсан хохирол 6,976,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байгуулсан гэрээгээр ажлын гүйцэтгэл сайн байсан бөгөөд дахин 6 давхрын ажлыг нэмж хийлгэх хүсэлтийг захиалагчаас гаргасан. Уг гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад захиалагчийн зүгээс гэрээний тоо хэмжээний зөрүү гарсан тул уг ажлыг үнэлүүлж тооцуулахтай холбоотой болсон шалтгаанаас 2 тал тохиролцоогүй ба 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлыг зогсоохоор тохиролцсон. Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.1-д заасан үүргээ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.2гүйцэтгэсэн ажлын үр дүнг заасан хугацаанд хүлээж аваагүй. Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.4ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах гэж заасны дагуу жагсаалтаар баталгаажсан. Мөн захиалагч талаас ямар нэг зөрчилтэй бичиг баримт байхгүй. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн гэрээ нь нийт 4,942,950 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнээс манайх гүйцэтгэлийн 50 хувийг эхлээд нийт 1,976,940 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр авсан. 6 давхрын гэрээг бичгээр хийснээр урьдчилгаа болох 5,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр явуулсан үнийн саналын дагуу энэ гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй заасан. Би захиалагчид нэн даруй мэдэгдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж заасны дагуу явуулсан төсвийг үндэслэн уг төсвийг зохиогоод үүний дагуу үнийн санал батлагдсан. Захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэлийн ажлын хөлсийг гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК хариуцагч Г ХХК -д холбогдох хохирол 6,976,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126600 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болон хийж гүйцэтгэсэн ажлаа баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Г ХХК -тай 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэхээр болж, 6,976,940 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Г ХХК нь ажпаа дутуу хийж гүйцэтгэсэн. Манай компанийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Стандарт нетворк ХХК-тай, 9,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Г ХХК -ийг хийгээгүй орхисон, гүйцэтгэсэн ажлуудыг гүйцэтгүүлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохиролд 6,976,940 төгрөгийг хариуцагч Г ХХК -аас гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасны дагуу тухай бүрт нь ажлын гүйцэтгэлээ өөрийн инженер П.Лхагвасүрэн нь нэхэмжлэгчийн инженер н.Пүрэвсүрэнд хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. Гэрээнд заасан хугацаанд манай гүйцэтгэлийг батлаагүй үр дүнг өгөхөөс татгалзсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын үр дүнд нөлөөлсөн. Үүнээс асуудал үүсэн ажлын гэрээг дуусгавар болгох нөхцлүүд үүссэн. Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдол, чанарын доголдол байхгүй буюу бодит бичиг баримт байхгүй. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасны дагуу гэрчийн мэдүүлгээр баталгаажсаныг мэдэгдээд гүйцэтгэлээ авч чадаагүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний задаргаанд ороогүй гүйцэтгэлүүдийг үнэлэхээс нэхэмжлэгч тал татгалзсан. Стандарт нетворк ХХК-иар дамжуулаад үндэслэлгүйгээр 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу холбоо дохиолуудын ажлыг Стандарт нетворк ХХК-ийн үнийн саналд оруулсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний дагуу холбоо дохиолол ажлын гэрээний хөлсийг нэхэмжилж байгаа Стандарт нетворк ХХК-ийн бичиг баримтад оруулсан. Мөн гэрээнд тусгагдаагүй 3, 13, 14 давхарын ажиллуудыг хамааралгүй байхад оруулж ирэн тооцсон байна. Холбоо дохиоллын ажлуудыг хийсэн материалыг Стандарт нетворк ХХК-иар дамжуулан манай эдгээр ажиллуудыг хийсэн хэмээн материалдаа оруулсан. Нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Г ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалснаас учирсан хохирол 6,976,940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г ХХК -ийн дутуу гүйцэтгэсэн ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж учирсан хохирол гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, гэрээг харилцан тохирч цуцалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахилгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр Б ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж үйлчилгээний зориулалттай барилгын 1 давхрын гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн ажлыг гүйцэтгүүлэх, Г ХХК нь ажлын хөлсөнд 3,953,880 төгрөг төлөх, мөн талууд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэлцэл гэх баримтаар захиалагч нь Миллениум плаза 6 давхрын гал тогоо, ресторан, хурлын заал, бусад нийтийн эзэмшлийн хэсгийг давхрын цахилгааны самбар угсралт дуустал бүх цахилгааны угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэгч нь ажлын хөлсөнд 9,000,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,976,940 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 6,976,940 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх8-13/

5. Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч Г ХХК нь ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б ХХК нь Стандарт Нетворк ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Токиогийн гудамж үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг гүйцэтггүүлэх, захиалагч нь ажлын хөлсөнд 9,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, уг ажил гүйцэтгэсний хөлсөнд 2020 оны 09 дүгээр сард 3,500,000 төгрөг, мөн оны 10 дугаар сард 6,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаар нотлох баримт ирүүлсэн байх боловч уг хохирол нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдлэхүйгээс шалтгаалсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, бусдаар ажил гүйцэтгүүлсэн гэж эргэлзээгүй нотлоогүй байхад хохирол шаардсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Г ХХК нь гэрээний үүргээ биелүүлж ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч П.Отгонням, П.Лхагвасүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нотолгооны хэрэгсэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй юм.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч нь нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Нэхэмжлэгч нь ажлаа дутуу хийсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч хохиролд 6,976,940 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 126,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.ЦОГТСАЙХАН

 

 

.