Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

            Хохирогч А.Анхбаяр, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

            Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт Ц.Бд холбогдох 201625023082 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой олон улсын харилцааны мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хороолол 24-91 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 173 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц.Б, (РД:),

нь 2016 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Зү" бааранд хохирогч О.Тэгшбаяртай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

-2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Ард кинотеатрын автобусны буудлын явган хүний гарцан дээр А.Анхбаярыг гарцаар гарч байна зайгаа хараач гэж хэлэн машиныг тогшсон гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөж цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Би Тэгшбаяр гэдэг залууг Аж үйлдвэрийн яаманд байхдаа зүс мэддэг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүүхдийн 100-ын тэнд байрлах “Зү” гэдэг бааранд оройны 11 цагийн үед тааралдаад Тэгшбаяр миний хүзүүгээр тэвэрч явж байгаад миний чихэнд доромжилсон үг хэлсэн. Учир нь бол бид хоёрын дунд эмэгтэй хүний асуудал байсан. Тэр нь ямар хүн бэ гэхээр тухайн яаманд ажиллаж байсан Дөлгөөн гэх бүсгүй байсан. Хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхгүй цохисон. Тэр нь камерийн бичлэгт сайн харвал байдаг. Тэгээд би зөрүүлээд цохиод биеэ хамгаалах арга хэмжээ авсан. Гэтэл Тэгшбаярын найзуудаас нь юу болсон талаар мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авахдаа дандаа нэг талыг барьж мэдүүлэг авсан байдаг. Гэвч энэ хэрэг дээр би мөн адил хохирогч байгаа. Би өөрөө хөнгөн гэмтэл авсан. Тэгшбаяр нь толгой руу цохисноос болж би хөнгөн гэмтэл авсан. Түүнээс хойш би хүнтэй муудалцаагүй. Над руу хүмүүс дайрсан боловч цагдаа ирсэн. Цагдааг хэн дуудсан бэ гэхээр Тэгшбаярын мэдүүлэг өгөөд байгаа найзууд нь Сэргэлэн гэж манай найзыг бүлэглэн зодож хөнгөн гэмтэл учруулж хамрыг нь хугалсан байдаг. Хавтаст хэрэгт цуг байсан боловч хэргийг тусгаарлаж энэ хоёр хүнийг өөр хүн зодсон байна гэж прокуророос санал гаргасан байдаг. 2017оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ард кино театрын тэнд байрлах машин зогсдог хэсэгт зогсож байсан. Тухайн үед би нилээн бухимдуу явж байсан. Учир нь манай ээж нилээн хүнд өвчнөөр өвдсөн байсан. Тэгээд машинтайгаа хойшоо ухрах гэтэл машин цохих шиг болсон. Тэгээд хартал хохирогч болох Анхбаяр явж байсан. Тэгээд би чи яаваа гэтэл Анхбаяр “хүн гарч байна, хойд талаа хараач” гэж хэлээд түүнээс болж маргаан үүссэн. Тэгээд би машинаас бууж ирээд Анхбаярыг цохиж гэмтээсэн. Энэ асуудал дээр бол миний маш их буруу байгаа. Өөрийн буруугаа хүлээж байна гэв.

Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Ард кинотеатрын автобусны буудлын хойд талын нэг урсгалтай замын зогсоол дээр машинаа байрлуулчихаад дотроо сууж байгаад хойшоо ухраад хөдөлгөөнд оролцох гэтэл миний машины араас цохиод авсан, тэгэхээр нь цонхоо онгойлгоод чи яаж байгаа юм бэ гэхэд гурван залуу явж байсан нэг нь намайг гараад ир пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч очоод машин цохисон гэх залуутай барилцаад авахад намайг цохих гээд далайсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гэж нүүрэнд  нь нэг удаа цохисон юм тэгтэл дундуур нь хамт явж байгаа бололтой хоёр найз нь орж ирээд салгаад аваад явсан. Би машинаа унаад яваад өгсөн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Анхбаяр мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хичээл тараад Ард кино театрын нөгөө талын автобусны буудлаас автобусанд суухаар 2 найзтайгаа зам гарах гээд явж байтал Ланд круйзер 200 маркийн цэнхэр маяактай машин зогсож байсан. Машины араар манай хоёр найз гараад араас нь би гарах гэтэл машин хойшоо ухарсан. Сандрахдаа машины хойд талыг нь цохисон. Тэгээд би хүн гарах гэж байна. Замаа хар л даа хүн гарах зайгүй байна гэж хэлэхэд юу гээд байгаа юм бэ, олон үгтэй пацаан бэ гээд хүрч ирээд намайг мөргөсөн. Түүнээс хойш яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Хэсэг хугацаанд шоконд орсон байсан. Эмчилгээний зардалд 4,0 сая төгрөг авсан. Мөн үүн дээр сургалтын зардал 1.550.000 төгрөг авсан. Цаашид Сөүлийн эмнэлэгт духны яс нөхөх мэс засал хийлгэх шаардлагатай байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэв.

Хохирогч А.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...гарцан дээр Ландкруйзер 200 загварын автомашин таглаад зогссон байсан, түүний араар бид 3 гарах гэхэд хойшоо ухарсан. Манай 2 найз гүйж гараад хойноос нь гарах гэтэл хойшоо ухарсаар байгаад миний хөлөнд хүрсэн, тэгэхээр нь тогшоод "ах аа хойгуур чинь хүн гарч байна шүү дээ" гэж хэлтэл цонхоо онгойлгоод нилээн бухимдалтай "би харж байна шүү дээ" гэж уурласан. Тэгэхээр нь "та бууж ирээд хойд зайгаа хар л даа, хүн гарах зайгүй болгочихлоо, дээрээс нь та машинаа явган хүний гарцан дээр тавьсан байна" гэж хэлтэл бууж ирээд "яасан олон үгтэй пацаан бэ" гэж хэлээд миний 2 мөрнөөс барьж байгаад мөргөсөн гэжээ.

Хохирогч О.Тэгшбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зү гэх нэртэй шөнийн цэнгээний газар Чингүүний найзууд гээд ойролцоогоор 10 гаран хүн байсан. Тэгээд би шөнийн цэнгээний газар ороод нэг их удалгүй бие засах өрөө рүү орохоор явсан. Тэгтэл бие засах өрөөний үүдний шатан дээр явж байтал намайг нэг хүн миний хүзүүнээс шилдээд татахаар нь нүүрийг нь хартал миний зүс мэдэх Баярцогт гэх залуу байсан. Тэгтэл Баярцогт намайг шилдэж татаад хоёулаа гарч юм яръя гэхээр нь би чамтай ярих юм байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Баярцогт намайг шилдэж татаж явсар байгаад үүдний шатны хэсэгт очсон. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад зогсож байтал шууд миний хамар руу юу ч хэлэлгүй мөргөсөн, тэгээд миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод байж байтал миний толгой нүүр рүү 4, 5 удаа өшиглөсөн. Тухайн үед би ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Энэ зодооныг манай найз Баярхүү харж байсан. Тэгээд манай найз Баярхүү хамгаалагч дуудаад хамгаалагч нар ирээд зодооныг салгасан гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрч нараас нараас мэдүүлэхдээ:

1.Н.Баярхүүгээс:-Тэгшбаярыг Баярцогт нь хүзүүгээр нь тэврээд цаашаа явцгаасан. ...би бие засах өрөө хайгаад явж байгаад Тэгшбаяр Баярцогт хоёр руу очиход Тэгшбаярыг Баярцогт нь хүзүүний араас нь гараараа барьж аваад доошоо бууя гэж хэлээд тэр хоёр хүний уур амьсгал нь арай өөр болчихсон байсан. ...Баярцогт гэх залуу нь Тэгшбаярын нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Ямарч байсан Тэгшбаярын хамраас нь цус гарсан. ...энэ үед Баярцогт нь Тэгшбаярыг цохиод байсан. Тэгээд би хамгаалагч нарыг дуудаад ...хамгаалагч нар ирээд Баярцогтыг бариад авсан гэжээ.

2.Б.Золбоогоос:- ...Баярцогт гэх залуу Тэгшбаярыг хүзүүдэж аваад юу байна гэж хэлэхээр нь манай найз нар таньдаг хүн юм байлгүй гэж бодоод цаашаа орцгоосон. Тэгтэл араас Баярхүү гүйж ирээд Тэгшбаяр үүдэнд зодуулчихсан байна гэж хэлэхээр нь манай найз нарын дундаас цагдаад дуудлага өгсөн гэжээ.

3.О.Жамъяннацагаас:-...Анхбаяр машиныг тогшоод ард чинь хүн
байна гэдгийг хэлсэн. Тэгтэл жолооч нь болох залуу мэдэж байна гээд уурласан.
Тэгтэл Анхбаяр явган хүн явж байна зайгаа хараач гээд уурласан. Тэгтэл тэр
машины жолооч нь бууж ирээд үгийн зөрүүгүй олон үгтэй пацаан бэ гэж хэлээд
толгой хэсэг рүү нь толгойгоороо мөргөөд гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь
Билгүүнтөгс бид хоёр гүйж очоод "та болиоч насанд хүрээгүй хүүхдэд ингэж
болохгүй шүү дээ" гэж хэлэхэд "ална шүү гурван пацаанаа" гэж хэлсэн. Тэгснээ шууд машиндаа суугаад яваад өгсөн. ...Тэр жолооч ганцаараа явж байсан гэжээ.

4.Н.Билгүүнтөгсөөс:- ...Бид гурав тэр машины ардуур гараад явсан, тэр үед жолооч нь өөрөө хойшоо ухарсан, тэгэхдээ Анхбаярыг яг мөргөх гэж байсан тэр үйлдлийг нь Анхбаяр машин руу нь тогшиж хүн байна гэж дохио өгсөн тэр үед жолооч нь машинд гар хүрлээ гэх зүйлээр шалтаглаад л мөргөх болсон юм гэжээ.

Хохирогч О.Тэгшбаярын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.28-ны өдрийн ¹16112 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.О.Тэгшбаярын биед зүүн чамархайн цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн нүдний алим, зүүн тахимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ

Хохирогч А.Анхбаярын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.20-ны өдрийн ¹5091 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.А.Анхбаярын биед баруун духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Зү" нэртэй бааранд О.Тэгшбаярыг өөртэйгөө юм ярьсангүй гэх шалтгаанаар нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодсоноос хохирогчийн биед зүүн чамархайн цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн нүдний алим, зүүн тахимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

мөн шүүгдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ард кинотеатр /хуучнаар нэрлэсэн/-ын орчим явган хүний гарцаар явж байсан А.Анхбаярын “гарцаар гарч байна зайгаа хараач гэж хэлэн машиныг нь тогшсон” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт мөргөснөөс хохирогч А.Анхбаярын биед баруун духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч О.Тэгшбаярын “...Баярцогт намайг шилдэж татаад хоёулаа гарч юм яръя гэхээр нь би чамтай ярих юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад зогсож байтал шууд миний хамар руу юу ч хэлэлгүй мөргөсөн, тэгээд миний хамарнаас цус гараад доошоо тонгойгоод байж байтал миний толгой нүүр рүү 4, 5 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

хохирогч А.Анхбаярын “...гарцан дээр Ландкруйзер 200 загварын автомашин таглаад зогссон байсан, түүний араар бид 3 гарах гэхэд хойшоо ухарсан. Манай 2 найз гүйж гараад хойноос нь гарах гэтэл хойшоо ухарсаар байгаад миний хөлөнд хүрсэн, тэгэхээр нь тогшоод "ах аа хойгуур чинь хүн гарч байна шүү дээ" гэж хэлтэл цонхоо онгойлгоод нилээн бухимдалтай "би харж байна шүү дээ" гэж уурласан. Тэгэхээр нь "та бууж ирээд хойд зайгаа хар л даа хүн гарах зайгүй болгочихлоо, дээрээс нь та машинаа явган хүний гарцан дээр тавьсан байна" гэж хэлтэл бууж ирээд "яасан олон үгтэй пацаан бэ" гэж хэлээд миний 2 мөрнөөс барьж байгаад мөргөсөн” гэх мэдүүлэг,

гэрч Н.Баярхүүгийн “...Баярцогт гэх залуу нь Тэгшбаярын нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Ямарч байсан Тэгшбаярын хамраас нь цус гарсан. ...энэ үед Баярцогт нь Тэгшбаярыг цохиод байсан” гэх мэдүүлэг,

гэрч О.Жамъяаннацагийн “...Тэгтэл тэр машины жолооч нь бууж ирээд үгийн зөрүүгүй олон үгтэй пацаан бэ гэж хэлээд толгой хэсэг рүү нь толгойгоороо мөргөөд гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,

гэрч Н.Билгүүнтөгсийн “...Бид гурав тэр машины ардуур гараад явсан тэр үед жолооч нь өөрөө хойшоо ухарсан тэгэхдээ Анхбаярыг яг мөргөх гэж байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Тэгшбаярын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.28-ны өдрийн ¹16112 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч А.Анхбаярын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.20-ны өдрийн ¹5091 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Х овогт Ц.Бг Эрүүгийн хуулийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бн 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 4 дүгээр саруудад догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ял сонсгож, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу түүнд шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.    

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул дээрх хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” нь тогтоогдсон бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тоолохоор тус тус заажээ.

Иймд дээрх үндэслэлээр буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгчээс хохирогч А.Анхбаярт 5.500.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь цаашид эмчилгээнд гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Харин хохирогч  О.Тэгшбаяр нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй боловч тэрээр нотлох баримтаа бүрдүүлж буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 54/х дугаартай захирамжаар шүүгдэгч Ц.Баярцогтод Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба энэ шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Ц.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Ц.Бг энэ гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаагүй болохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс хохирогч А.Анхбаярт 5.500.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч О.Тэгшбаяр, А.Анхбаяр нар нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 4 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баярцогтод Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 54/х дугаартай захирамжаар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ