| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2533000000120 |
| Дугаар | 2026/ДШМ/17 |
| Огноо | 2026-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Л.Очирмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/17
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Л.Очирмаа /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.Б******* холбогдох эрүүгийн 253300000120 дугаартай, 150/2025/0106/Э/208/2026/0008 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт Н******* Б, Монгол Улсын иргэн, **** оны ** сарын **-ны өдөр Б******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С***** аймгийн ******* сум ******* *-р баг ******* задгай *-*** тоотод оршин суух хаягтай, урьд
-С********* аймаг дахь сум дундын *-р шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-С******** аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, (РД:**************)
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овгийн Н******* Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлан,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэн, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээрх гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэгт үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж зохицуулсан ба шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруугийн талаар гэм бурууд маргаж мэтгэлцээгүй бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг зохицуулсан бөгөөд шүүгдэгч Н.Б нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, 2 том хүүхэд нь оюутан, бага хүүхэд нь 13 настай. Эхнэр Ц.Б нь С******* аймгийн ******* сумын * дүгээр сургуульд тогоочоор ажилладаг, Шүүгдэгч Н.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд барилгын туслах ажилтан, гагнуурчин зэрэг олдсон бүх ажлыг хийж гэр бүлийн санхүүгийн хэрэгцээг зохицуулан амьдардаг, 2 том хүүхэд хоёулаа оюутан учир сургалтын төлбөр, байрны төлбөр, хэрэглээний төлбөр зэрэг энэ жил санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа юм. 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд банкнаас зээл авсан байгаа.
Анхан шатны шүүхээс оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Н.Б хувьд биелүүлэхэд 3 сарын хугацаа шаардлагатай байгаа юм. Дээрх 3 сарын хугацаанд шүүгдэгч Н.Б гэр бүлийн зүгээс санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орох, банкны зээлээ төлж чадахгүйд хүрэх учраас шүүгдэгч Н.Б хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хугацааг багасгаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.
С******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Б********** 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр прокурорын эсэргүүцлээр:
...Шийтгэх тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно" гэж хуульчилжээ.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан боловч хэзээнээс эхлэн тооцох эсэхийг шийдвэртээ тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Н.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд шүүх эрх хасах ялыг хорих ял нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялыг нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс эхлэн эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж хуульчилсан байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор хэзээнээс эхлэн тооцохыг зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй учраас үүнийг зөвтгүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.Б******* холбогдох эрүүгийн 2533000000120 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 48 минутад ******* улсын дугаартай “Х ” маркийн тээврийн хэрэгслийг 2,34 хувийн согтолтой жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан лавлагаа /хх-ийн 2-р тал/,
-Цагдаагийн албан хаагч дэд ахлагч Ө.Т илтгэх хуудас /хх-ийн 3-р тал/
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тухай тэмдэглэл: “Н.Б драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалтаар 2.34% хувийн сонголттой /хх-ийн 4-6-р тал/
-Гэрч Ө.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
-Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-31-р тал/
-Яллагдагч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-р тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
3.Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
4.Шүүгдэгч Н.Б “...нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Н.Б эрүүл мэндийн байдал, эдийн засгийн боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.Харин прокурор “...анхан шатны шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан боловч хэзээнээс эхлэн тооцох эсэхийг шийдвэртээ тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн эсэргүүцэл гаргасныг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
3 дахь заалтад:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5.7 дугаар зүйлийн 3-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Н.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН