| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0341/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ж овогт Б.Эт холбогдох 1811002310368 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа экскаватор барьдаг ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаа Булгийн 2-156 тоотот байх нийтийн байранд оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Б.Э, (РД:),
нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21:00-22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 2-156 тоотод хамтран амьдрагч иргэн Б.Өсөхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гуян тус газарт нь хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчимд нийтийн байранд намайг хүүхэдтэйгээ байж байхад хамтран амьдрагч Өсөхжаргал гаднаас халамцуу орж ирсэн юм. Өсөхжаргал 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой гарч явсан бөгөөд гэртээ ирээгүй олон хоног алга болсон байсан юм. Тэгээд би хүүхдэдээ торт зүсэж өгч байхдаа Өсөхжаргалыг шинэ жилээр гэртээ байсангүй гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би маргалдаад ноцолдож байхдаа барьж байсан хутгаараа Өсөхжаргалын зүүн гуян тус газарт нь хатгачихсан юм. Тухайн үед ийм асуудал болсон бөгөөд би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна гэжээ.
Хохирогч Б.Өсөхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21-22 цагийн орчимд хамтран амьдрагч Б.Эрдэнэбаяр хамт байж байхад манай 10-н жилийн ангийн залуу залгасан. Тэгээд ангийнхан уулзана гэж байна, ирээрэй гээд мессеж биччихсэн юм. Тэгтэл Эрдэнэбаяр намайг хардаад бид хоёр маргалдсан. Тухайн үед торт зүсэж байсан жижиг хутга ил байсан бөгөөд Эрдэнэбаяр хутга барьсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад хутга ил байсан бөгөөд Э хутга барьсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад нүүр рүү цохьчихсон, тэгээд тонгойгоод дээшээ болтол Эрдэнэжаргал миний зүүн гуянд хутгалчихсан байсан. Тэгээд би 00 орлоо гэж зугтааж гараад доошоо дэлгүүр орж цагдаа дуудуулсан. Тэгээд цагдаа ирэх хооронд Эрдэнэбаяр зугтаагаад явчихсан байсан. Миний хувьд Эртай 9 жил хамт амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй. Э бид хоёр гэр бүлийн албан ёсны баталгаа байхгүй. Эрдэнэбаяр бид хоёрт өмнө нь маргалдаж муудалцдаг байсан, гэхдээ ийм байдалд арай хүрч байгаагүй өмнө нь цагдаа сэргийлэх гэж явж байгаагүй гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.4.11-ний өдрийн ¹4779 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Б.Өсөхжаргалын биед гуянд сорви гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21:00-22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 2-156 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Өсөхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар гуян тус газарт нь хутгалснаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Тэгтэл Эрдэнэбаяр намайг хардаад бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад Эрдэнэбаяр хутга барьсан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад нүүр рүү цохьчихсон, тэгээд тонгойгоод дээшээ болтол Эрдэнэбаяр миний зүүн гуянд хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.4.11-ний өдрийн ¹4779 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Ж овогт Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Эн саналыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураар эвлэрсэн гэх тул шүүгдэгч Б.Эг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ж овогт Б.Эг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 450 (дөрвөн зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эн торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 20 см, ажлын хэсгийн урт нь 11 см, бариул хэсгийн урт нь 9 см шаргал өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ