Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/18

 

А.А*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Д.Ням-Эрдэнэ /цахим/,

Шүүгдэгч А.А******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор А.А*******д холбогдох эрүүгийн 2532000000192 дугаартай, 149/2026/0010/Э/208/2026/0012 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

** ******* овогт А******* А*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр С****** аймгийн ******* суманд төрсөн, ** настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын Б******* * дугаар баг, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: *************/

Шүүгдэгч А.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 цагийн 40 минутын үед дахин согтуугаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* улсын дугаартай “******* ” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: А.А*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ** ******* овогт А******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А******* А*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн жилийн хугацаагаар тэнсэж, мөн 01 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар А.А******* гийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А*******д энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолон,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Шүүгдэгч 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр гардан авсан байх ба давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 0413-р ангийн шийдвэр гүйцэтгэгч дуудан ирүүлж шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан байна.

А.А******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 12 дугаap сарын 07-ны 02 цаг 40 минутын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг ** байранд байдаг ээжийнхээ гадаа, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, ******* загварын автомашинаа халааж байгаад, бие засахаар/ 1.11 хувийн согтолттойгоор 50-60 метр зайнд жолоодсон үйлдэлдээ, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн 01 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх ял шийтгэгдсэн байна.

А.А******* гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх асуудлыг шалгасан цагдаагийн хоёр албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэгт дурьдсан **-р байранд А.А******* гийн ээж Я. амьдардаг ба А.А******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан учир машиныг нь ээж нь хэрэглэж байрныхаа гадаа тавьж хонуулдаг, “Өсөх” “Дельфин” хүнсний дэлгүүрүүд нь **-р байрны эгц өөдөөс нь харсан байрлалтай гэдгийг дурьдах шаардлагатай байна.

Шүүгдэгч А.А******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугаа асуудал дээрээ маргаагүй, одоо ч маргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн анхны мэдүүлгээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч торгох ялаар шийтгэж өгөхийг хүсчээ. Шүүгдэгч А.А******* нь бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд бага нь 2 настай, өөрөө зүүн өвдөгний чагтан холбоосын гэмтлийн улмаас Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлдэг ба Хятад улсаас бараа бүтээгдэхүүн авчирч зарж ахуй амьдралаа залгуулдаг тул шүүгдэгчид тэнсэж, үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүгдэгч талаас үзэж байна. Шүүгдэгч А.А******* нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг торгох ялаар өөрчлүүлэх хүсэлтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 1 дүгээр сар 06-ны өдрийн 2026/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүхийн шийдвэрээс 08 цаг 56 минутад над руу залгаад дуудсан. Гарч орох болгондоо мэдэгдэж зөвшөөрөл авдаг гэсэн. 24 цагийн хараа хяналттай байх юм байна лээ. Гадагшаа явбал прокурорын зөвшөөрөл авдаг гэсэн. Тэр нь боломжгүй гэж хэлсэн. Өмгөөлөгчийн гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...А.А*******д холбогдох эрүүгийн хэрэгт томилолтоор оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгыг сонслоо. Зөвхөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх асуудал дээр гомдол гаргасан гэж ойлголоо. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.А*******д холбогдох эрүүгийн 2532000000192 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч А.А******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч А.А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 цагийн 40 минутын үед дахин согтуугаар С****** аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* ******* улсын дугаартай “******* ” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл, цагдаагийн дэд ахлагч Б.Х бичсэн “...А.А******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан” гэх илтгэх хуудас /хх-ийн 04 дүгээр тал/

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн өгсөн: “...энэ миний буруу, уучлаарай...” гэх мэдүүлэг /хх-ийн 021-022 дугаар тал/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дугаар тал/, 

-Согтолтын хувийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургаар харуулсан тухай баримт /хх-ийн 05-06 дугаар тал/,

-С****** аймгийн ******* сум дундын сум дундын шүүхийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 015 дугаар тал/,

-Шүүгдэгчийн иргэний баримт бичгүүдийн лавлагаа /хх-ийн 025-028 дугаар тал/,

-Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 029-030 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

4.Анхан шатны шүүх шүүгдэгч А.А******* гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаанд тэнсэж хянан харгалзаж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна.

5.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Шүүгдэгч А.А******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугаа асуудал дээрээ маргаагүй, ...Шүүгдэгч А.А******* нь бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд бага нь 2 настай, өөрөө зүүн өвдөгний чагтан холбоосны гэмтлийн улмаас Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлдэг ба Хятад улсаас бараа бүтээгдэхүүн авчирч зарж ахуй амьдралаа залгуулдаг тул шүүгдэгчид тэнсэж, үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүгдэгч талаас үзэж байна. Шүүгдэгч А.А******* нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг торгох ялаар өөрчлүүлэх хүсэлтэй байна” гэх талаар гаргасан гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хөнгөрүүлэн хуульд заасан торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулан өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

6.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А******* А*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.А*******д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

4 болон 5 дахь заалтуудыг хүчингүй болгож,

6 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А*******д энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.  

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

         

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ       

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ