Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2022/01238

 

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01238

 

 

Ө.Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэртэй Ө.Т ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Т , түүний өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нийслэлийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар намайг албан тушаалаа ашиглан бусдаас мөнгө авч, хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон үндэслэлээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Тус сургуульд Үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлдэг Марго констракшин ХХК-ийн захирал С.Март нь баярын мэнд хүргэе гэж 100,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг би хувьдаа завшаагүй. Авлигатай тэмцэх газраас надад хариуцлага тооцохыг манай байгууллагад мэдэгдсэн. Уг албан бичигт намайг ажлаас халах талаар заагаагүй. Авлигатай тэмцэх газрын албан бичгийг зөвшөөрөхгүй. Мөн ажлаас халах асуудлаар журамд зааснаар захирлын зөвлөлийн хурал хуралдаагүй. Хариуцагч нь сүүлд хуралдсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж өгсөн. Шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч хуралдаагүй талаар мэдүүлсэн. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь тус сургуулийн Үдийн хоол хөтөлбөрийг хариуцдаг байсан бөгөөд уг хөтөлбөрийг зохион байгуулах комиссын даргаар ажиллах хугацаандаа Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэгч М ХХК -ийн захирал С.Мартаас багш нарын баярын мэндчилгээ болгоорой гэж өгсөн 100,000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12120 дугаар албан бичгээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.9, 7.2.14-т заасан ноцтой зөрчилд тооцогдож байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой бусдаас тус сургуульд өгсөн 100 000 төгрөгийг хувьдаа завшсан зөрчил гаргасан. Энэхүү тушаал нь түүний гаргасан зөрчилд тохирсон, хуульд нийцсэн шийдвэр болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Т ийг Нийслэлийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн сургалтын менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулиас 6,809,432 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Т өд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Т ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Н д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 123,901 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Ө.Т нь бэлэг, мөнгөн болон мөнгөн бус шагнал, урамшуулал авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 7.2.9-д хамааруулсан нь үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг эрх бүхий байгууллагаас ёс зүйн зөрчилд, гэмт хэрэгт, зөрчилд тооцож, тогтоосон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр тушаалд нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй атлаа ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр болсон. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгч Ө.Т нь Үдийн хоол хөтөлбөрийг зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байсан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 06/12120 тоот албан бичиг Үдийн хоол хөтөлбөрийг зохион оайгуулах комиссын даргаар Ө.Т ажиллаж байх үедээ Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг болон Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4.5, 4.5 дахь хэсгийг тус тус заасныг зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдсон гээд түүнд хариуцлага тооцож, зохих арга хэмжээ авч ажиллахыг даалгасан. Иймээс уг шаардлагыг биелүүлэх үүргийг ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн захирлын дэргэдэх зөвлөлөөр Ө.Т ийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, сургалтын менежерийн ажлаас чөлөөлөн, хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Ө.Т нь нэхэмжлэлдээ өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, зөвхөн оногдуулсан арга хэмжээ нь хүндэдсэн" гэж үзжээ. Бусдад авсан арга хэмжээтэй барьцаж байгаагаа нэхэмжлэлд дурдсан байсан. Нэхэмжлэгч нь урд нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэж нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд худал мэдүүлсэн байна. Нэхэмжпэгч нь өөрөө сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн дотоод журмыг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг ухамсарлан ойлгож хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралд мэдүүлж, тайлбар өгч байсныг анхан шатны шүүх огт үнэлж, дүгнээгүй нь шүүхийг зөвхөн нэг талд үйлчилсэн. Нийслэлийн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 437 дугаар тогтоол нь Ө.Т д холбогдох үйлдлээс зөвхөн түүний гэмт хэргийн шинжгүй хэсгийг тодорхойлоод, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс татгалзсан агуулгатай болохоос бус харин түүний хууль бус үйлдэл хийж, бусдаас мөнгө авсан зөрчил гаргасан болохыг тогтоосон хэсгийг огт дурдаагүй байгааг анхаарах нь зүйтэй байна. Ө.Т нь бусдаас авсан 100,000 төгрөгийг сургуульд зарцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед уг мөнгийг зарим багш нарын данс руу шилжүүлэх гэж оролдож байсан баримт хэрэгт авагдсан. Ө.Т нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоодоогүй боловч ашиг сонирхол бүхий этгээдээс мөнгөн хэлбэрээр бэлэг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон прокурорын тогтоол, Авлигалтай тэнцэх газрын хэрэг шалган шийдвэрлэсэн баримтаар тогтоосныг шүүх дүгнээгүй Ө.Т нь Үдийн хоол хөтөлбөртэй холбоотойгоор эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангахад хяналт тавих чиг үүрэггэй байсан, ямар нэгэн эд хөрөнгийг өөрт болон бусдын ашиг сонирхолоор ашиглахгүй байх ажил үүрэгтээ хувийн ашиг сонирхолоор хандахгүй байх, өөртөө болон бусдад ямарваа нэг давуу байдал үүсгэхгүй байх буюу бусдаас ямар ч бэлэн мөнгө болон бэлэг авахгүй байх үүргээ зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон. Мөн Ө.Т нь бусдаас мөнгөн хэлбэрээр бэлэг авсан нь тодорхой болсон, уг мөнгийг сургуульд хандив болгож өгөөгүй, зөвхөн өөртөө зарцуулсан нь илэрхий байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Намайг ажлаас халах тушаал гаргахдаа Авилагтай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэл болгосон. Иймд намайг 100,000 төгрөг завшсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй. Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй бөгөөд бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал үүсээгүй гэдгийг тогтоосон тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. дүгээр сургуульд Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Марго констракшин ХХК-д давуу байдал бий болгоогүй. 100,000 төгрөгийг би хувьдаа ашиглаагүй бөгөөд хөл хорионы үе байсан учраас багш нарын баяр зохиогдоогүй дараа нь 30 багш нарыг 2 баг болгож хувааж ахлагч нарын дансаар мөнгийг шилжүүлсэн, багийн ахлагч 2 багшийг гэрчээр асуусан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хяналаа.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ө.Т нь Н д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Баянгол дүүргийн ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар Ө.Т нь бага ангийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр 15-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт тус тус нийцсэн, талууд энэ талаар маргаангүй.

Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/98 дугаартай тушаалд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12120 тоот албан бичиг, Дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.10, 12.2.14, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.9, 7.2.14 дэх заалтуудыг тус тус баримтлан Ө.Т ийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх19/

5. Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 09 дүгэр сарын 01-ний өдрийн А/32 дугаар тушаалаар Үдийн хоол хөтөлбөрийг зохион байгуулан комиссын даргаар ажиллаж байх явцад тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч М ХХК -ийн захирлын зүгээс багш нарын баярт зориулан сургуулийн хамт олонд өгсөн 100,000 төгрөгийг хүлээн авч, хувьдаа захиран зарцуулсан зөрчил гаргасан болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалган 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/12120 тоот албан бичгээр тогтоогдсон, Нийслэлийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ө.Т ийн зөрчлийн талаар хэлэлцэж түүнийг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж шийдвэрлэсэн байна. /хх17, 94-95/

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ө.Т нь ашиг сонирхлын зөрчил үүсч болох этгээдээс мөнгөн шагнал, урамшуулал авч хувьдаа ашигласан нь хөдөлмөрийн гэрээний 7.2.9, 7.2.14 болон хөдөлмөрийн дотоод журмын 12.2.10, 12.2.14-д заалтуудыг тус тус зөрчсөн зөрчлүүдийг гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй ба эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу өгсөн үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. /хх16-17, 38-39/

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас дүгнэж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, зэргийн, үр дүнгийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл зэрэгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Т ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН