Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2022/01237

 

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01237

 

Г.С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01758 дугаар шийдвэртэй Т.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б , Э ХХК К-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг, алдангид 124,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл түүний агуулга: Э ХХК К-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр захиалгаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.2-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдаж буй Поларис апартмент-1 4 блок бүхий 576 айлын орон сууцны хотхоны А блокийн нэгдүгээр орцны 6 давхрын 606 тоот 68.58 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг бэлнээр, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9,000,000 төгрөг дансаар, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 38,000,000 төгрөг дансаар, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг дансаар, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 83,000,000 төрөг төлж барагдуулсан. Гэрээг байгуулах үед Э ХХК К-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Б нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3, 6.1.8-т заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гэрээний дагуу төлсөн үнийн дүнгээс хоногт 0,5 хувиар тооцон алданги гаргахад 438,715,000 төгрөг төлөх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 83,000,000 төгрөгийн 50 хувь болох 41,500,000 төгрөгийн алдангийг шаардаж байна. Иймд хариуцагч Д.Б , Э ХХК К-аас гэрээний үнэд төлсөн 83,000,000 төгрөг, алданги 41,500,000 төгрөг, нийт 124,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Б ын тайлбар, татгалзлын агуулга: Д.Б нь Э ХХК К-ийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн Т.Сарантуяатай гэрээ байгуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, үйлдэл хийх эрхийг төлөөлөгч надад олгосон. Иймд Д.Б т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э ХХК К-ийн тайлбар, татгалзлын агуулга: Э ХХК К нь 2018 онд Марч констракшн ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ажлын хөлсөнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдаж буй Поларис апартмент-1 а блокоос 68.58 м.кв бүхий 3 өрөө байр авахаар тохирсон тул 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр захиалгаар орон сууц худалдах худалдан авах гэрээг иргэн Т.Сарантуяатай байгуулсан. Д.Б Э ХХК К-ийг төлөөлөөгүй. Марч констракшн ХХК-аас орон сууц авах тул Д.Б аар дамжуулж Т.Сарантуяатай Марч констракшн ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулсан. Миний бие Т.Сарантуяагаас өөрийн дансаар мөнгө хүлээн авсан боловч уг мөнгө нь Марч констракшн ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласны хөлс юм. Иймд тухайн орон сууц, үнийн дүнг Марч констракшн ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Марч констракшн ХХК болон Э ХХК К-ийн хооронд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний төлбөрт манай компани Э ХХК К-д Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдаж буй Поларис апартмент-1 а блокийн 1 дүгээр орцны 6 давхрын 606 тоот мөн 16 давхрын 1601 тоот нийт 2 орон сууцыг бартерийн журмаар шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч тал болох Э ХХК К нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тул Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдаж буй Поларис апартмент-1 а блокийн 1 дүгээр орцны 6 давхрын 606 тоот орон сууцын оронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдаж буй Поларис апартмент-3 хотхоны 1 дүгээр орцны 2 давхрын 201 тоот орон сууцаар буюу 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. Уг тохиролцоог баталгаажуулж Д.Б тай БА-21/63 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бид Поларис апартмент-1 а блокийн 1 дүгээр орцны 6 давхрын 606 тоот орон сууцыг иргэн Б.Эрдэнэсайханд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр А-19/7-255 дугаар орон сууц захиалан бариулах гэрээний дагуу худалдан борлуулсан. Иймд Э ХХК К, Д.Б нар нь эрхийн доголдолгүй орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулах ёстой боловч Т.Сарантуяад худалдан борлуулж 83,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлыг хариуцагч нараар төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Э ХХК К-аас 83,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сарантуяад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 41,500,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Б т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 938,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК К-аас 572,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Сарантуяад олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шаардсан тул шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтлан 41,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу орон сууцаа шилжүүлэхгүй хохироогоод байгаа тул шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Шүүхийн эдгээр шийдвэрээс хамаарч гэрээнээс учирч болох эрсдэлийг гэрээний заалтаар шийдвэрлэх боломжгүй. Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний 6.1.7, 6.1.8-т заалтууд нь дээр дурдсанчлан худалдагчийн буруугаас худалдан авагчид учирсан хохирлыг арилгуулах тухай гэрээний хариуцлагын заалт юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 41,500,000 төгрөгийн хариуцагчаас нэхэмжлэх бүрэн эрхтэй. Тухайн үед гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр өнөөдрийн байдлаар 3 өрөө байр худалдан авах боломжгүй болоод байна. Орон сууцыг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйг шүүх анхаарч үзэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтьг буруу хэрэглэсэн, маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгчийн шаардлага, тайлбарыг тодорхойлолгүй тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн тус заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хариуцагч нь компани 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох Поларис апартмент-2 хотхоноос 3 өрөө орон сууц авна, тэрхүү орон сууцаа танайд шилжүүлэн өгч гэрээний үүргээ даруй биелүүлэх боломжит хугацаа олгуулах хүсэлт тавьсан боловч ковид-19 халдварт өвчин дэгдэж бүх нийтийг хамарсан хөл хорио удаан үргэлжилж барилгын ажил зогссон тиймээс дахин хугацаа олгооч гэх тайлбарыг гаргаж гэрээний дагуу нэхэмжлэгчид орон сууц шилжүүлнэ гэрээний үүргээ гүйцэтгэхээ илэрхийлсээр ирсэн тул нэхэмжлэгч тус гэрээнээс татгалзах, цуцлах санал гаргахгүй явсаар ирсэн байдаг. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан цагаас эхлэн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан, үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон, үүний дараа шүүхэд нэхэмжлэлээ цаг алдалгүй гаргасан нь нотлогдож байхад шүүх гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Э ХХК К-аас 83,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчаас алданги 41,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Мөн шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн бодитойгоор дүгнэсэн. Хэргийн оролцогч нь хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан үндэслэлээ өөрөө тодорхойлж шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээний үүргийн гүйцэтгэл бус зөвхөн орон сууц худалдах, худалдан гэрээнээс татгалзсанаар гэрээний дагуу төлсөн 83,000,000 төгрөгийг шаардсан. Алданги тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйл зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангахдаа талууд анзыг хуульд заасан хэмжээгээр тогтоодог. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.8-д заасан алдангийг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Марч констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Сарантуяа нь хариуцагч Д.Б , Э ХХК К-д холбогдуулан гэрээний үүрэг, алдангид 124,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууц худалдан авахаар үнэд 83,000,000 төгрөг төлсөн боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж мөнгөө алдангийн хамт буцаан гаргуулна гэж, хариуцагч Д.Б нь Э ХХК К-ийг төлөөлж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, надад хамааралгүй тул хариуцахгүй гэж, хариуцагч Э ХХК К нь татгалзлын үндэслэлээ ...Марч констракшн ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж ажлын хөлсөнд 2 ширхэг орон сууц авахаар тохиролцон боловч уг орон сууцыг Марч констракшн ХХК бусдад худалдсан, Д.Б аар дамжуулж Г.С тай Марч констракшн ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. Г.С , Э ХХК К-ийн ерөнхий захирал Д.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь өөрийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 15 дугаар хороололд баригдаж буй Поларис апартмент-1 4 блок бүхий 576 айлын орон сууцны хотхоны А дугаар блокын 1-р орцны 6 давхарын 606 тоот 68,58 талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 1 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцож нийт 68,58 м.кв талбай бүхий орон сууцны үнэ болох 92,583,000 төгрөг төлөхийг харилцан тохиролцсон байх ба анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. /хх7-9/

Нэхэмжлэгч Г.С нь дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 83,000,000 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

5. Хариуцагч Э ХХК К нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэгч Г.С нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн 83,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Г.С нь захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан талаар тайлбарласан байх ба гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон тул хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаа болох 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор орон сууцны төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН