Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2022/01236

 

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01236

 

 

Н.Д н, М.Х нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/01888 дугаар шийдвэртэй Н.Д н, М.Х нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК -д холбогдуулан гаргасан 169,881,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д н, М.Х , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ө.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 22В тоотод байршилтай хувийн сууцыг худалдахаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хандахад Т ХХК нь тендерт оролцох боломжтой, туршлагатай компани гэж санал болгосны дагуу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр харилцан тохиролцож зуучлалын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч Т ХХК нь дээрх хувийн сууцыг цэцэрлэгийн зориулалтаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт худалдах, нэхэмжлэгч Н.Д н, М.Х нар уг хувийн сууцыг худалдсан үнийн 4 хувийг ажлын хөлс Т ХХК -д өгөхөөр тохиролцсон. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Т ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн төрийн сантай цэцэрлэгийн барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хувийн сууцыг 2,490,000,000 төгрөгөөр худалдсан. Т ХХК нь хувийн сууцны үнэнд авах 2,490,000,000 төгрөгийг орон сууцны өмчлөгч Х.Д н, М.Х нарт хүлээлгэн өгч, ажлын хөлс 99,600,000 төгрөгийг Т ХХК -д өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч нь үнийн дүнгийн 5 хувь буюу 124,500,000 төгрөгийг, худалдан авагч байгууллага чанарын баталгаа болгон авч үлдэх бөгөөд Т ХХК энэ мөнгийг өөрийн дансанд орж ирсэн өдөр нь Х.Д нгийн дансанд шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 700,000,000төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 583,518,163 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 569,500,000 төгрөг, нийт 1,853,018,163 төгрөгийг өгсөн. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээ сунгасан төлбөрт 6,000,000 төгрөг суутгаснаа хасч санхүүжилтийг 2,116,500,000 төгрөг гэж бичсэн. 2,122,500,000 төгрөгийн санхүүжилт авсан, үүнээс бидний авсан 1,853,018,163 төгрөг, зуучлалын хөлс 99,600,000 төгрөгийг хасч үлдэх 169,881,837 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК нь иргэн Н.Д н, М.Х нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 4 хувийг ажлын хөлсөнд тооцож авах, нэхэмжлэгч нар чанарын шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийг захиалагчид нийлүүлэх, зуучлагчид зуучлалын хөлсийг олгохоор харилцан тохиролцсон. Гэрээний 3.1-д заасан үнэд НӨАТ болон бусад татвар хураамж ороогүй. Зуучлалын хөлс 99,600,000 төгрөгийн талаар маргадаггүй. Мөн Татварын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний 06/3435 дугаар албан бичгээр танай компани Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т Энэ хуулийн 18.6.4-т үл хөдлөх үл хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод 2 хувиар", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулах бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд 11.1-д заасан борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж тус тус заасан. Иймд танай компанийн хувьд цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт нийлүүлэхтэй холбоотой орлого олсон гэж үзэх тул үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Хуулиар дээрх барилгыг борлуулсны үр дүнд татвар манайх төлнө. Гэрээний 3.1-д заасны дагуу 99,600,000 төгрөгт НӨАТ болон татвар ороогүйг тодорхой дурдсан. Тус ажлын сонгон шалгаруулах тендерт оруулахад одоо байгаа хувийн сууцыг 150 ортой цэцэрлэгийн стандартын дагуу өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх байсан боловч бодит байдалд жижиг учраас өргөтгөл хийх боломжгүй байсан. Барилгын засвар шинэчлэлтийн ажлыг дээрх 2 иргэн Т ХХК -тай зөвшилцөхгүйгээр ерөнхий гүйцэтгэгч Болор Цайз ХХК, туслан гүйцэтгэгч Тохилог Сэнтий ХХК, зураг төслийн зохиогч Оргил Цамхаг ХХК-уудаар гүйцэтгэсэн ажил нь 150 хүүхдийн цэцэрлэгийн техникийн тодорхойлолт, норм дүрэм, стандарт шаардлагыг хангаагүй, 100 хүүхдийн цэцэрлэгийн тавигдах шаардлагыг хангасан нь Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд батлагдсан зургийн дагуу хийгдээгүй, барилгын чанар аюулгүй байдалд ноцтой аюул учирч байгаа тул цаашид ашиглах боломжгүй тул барилгыг буулгуулах шаардлагатай. Иймээс барилга чанар, стандартын шаардлага хангахгүй тул дээрх 2 иргэнээс санхүүжилтээ улс буцаан авах, Т ХХК нь барилга хүлээлгэж өгөхөөс татгалзаж өөрт ногдсон зуучлалын үнэ, татвар, НӨАТ-т буцаан олгоход татгалзах зүйлгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тт/01-30 дугаар албан бичгээр ...Т ХХК нь НХААГ-19/011 дугаартай цэцэрлэгийн барилга худалдан авах ажлын гэрээ байгуулсан. Тус барилга нь норм стандарт зөрчсөн тул гэрээг цуцлах хүсэлтэй байна гэсэн. Албан бичгийн хариуд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр явцын санхүүжилт болох 2,116,500,000 төгрөгийг төлж улсыг хохиролгүй болгосны дараа хуулийн дагуу шийдвэрлэхийг мэдэгдсэн. Иймээс үлдэгдэл санхүүжилт улсаас манай компанийн данс руу орж ирэхийг түр зогсоолгосон. Компанийн нэр ашиглаж анх бидэнтэй тохиролцсоноос өөрөөр чанарын шаардлага хангахгүй барилга нийлүүлж, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй биднийг хууль бусаар үндэслэлгүйгээр шүүхэд хандаж байна. Цаашид энэ барилгаас үүсэх зөрчлийг хуульд зааснаар манай компани хариуцна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК -иас 169,881,837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д н, М.Х нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,359.19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т ХХК -иас 1,007,359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д н, М.Х нарт олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдэлвэл зохих эрхийг эдлүүлээгүй, хуулиар шүүхэд хүлээлгэсэн үүргээ биелүүлэлгүй ноцтой зөрчил гарган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй боловч хариуцагч талыг шинэ нотлох баримтуудтай танилцах, тайлбар гаргах, тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх зарчим хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар дурдаагүй. Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, хэрэг хавсаргасан хүсэлт байхгүй, мөн шүүхээс хуульд заасан захирамж гарган хуралдааныг оролцогчийг оролцуулах эсэх тухайд шийдвэрлэсэн зүйл байхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт болон тогтоох хэсэгт бас тусгагдаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Мөн нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзсан нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д гэрээний үнийн дүнгийн 4 хувиар тооцохоор тохиролцсон. Харин НӨАТ болон бусад татвар хураамж нь Т ХХК -ийн зуучлалын хөлсөнд оруулан тооцохгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Т ХХК -аас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг гаргуулан шийдвэрлэсэн нь талуудын гэрээгээр тохиролцсон үүргийг хууль буруу тайлбарлан үүрэг ногдуулсан. Харин төлбөрийн үүрэг үүссэн тухайд харилцан маргаагүй, нэгэнт төлбөрийн үүрэг буюу Т ХХК -аас өөрт орж ирсэн мөнгийг нь зуучлуулагч талд шилжүүлсэн бөгөөд өөрийн байгууллагын нэр дээр үүссэн татварын төлбөрийг төлөх нь тодорхой нөхцөл байдалд байгаа зэргийг шүүхээс харгалзан үзээгүйд гомдолтой байна. Дээр нөхцөл байдлаас харгалзан үзэхэд талууд гэрээний гол үндсэн зорилго биелэгдсэн, барилгыг зуучлуулан худалдсан, харин төлбөрийн нөхцөлд заагдсан хуулийн үүргийг Т ХХК өөрт хүлээсэн зэргээс харахад НӨАТ болон бусад татварыгтөлөх ёстой гэдэг нь тодорхой байдаг. Хэдийгээр төлбөрийн үлдэгдэл худалдан авагч талаас шилжиж дуусан орж ирээгүй боловч нэгэнт худалдан авах ажиллагаа хийгдсэн бол худалдагч талаас зуучилсан мөн өөрийн байгууллагын нэр дээр худалдах үйл ажиллагаанд оролцсон зэргийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байтал шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн хууль зүйн зохицуулалтаар шийдвэрлэх ёсгүй байсан. Энэ бүхэлдээ худалдах, худалдан авах гэрээний харилцаанд зуучлах үүрэгтэй оролцсон манай байгууллагын нэр дээр татварын үүрэг хүлээснийг шүүхээс харгалзан үзсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж байна. Тэрээр 2 удаа шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд шинэ баримт гаргасан учраас хэргийн материалтай танилцуулна гэх үндэслэлээр хойшлуулсан. Дараа нь дахин шүүх хуралдаанд оролцоогүй учраас хуульд заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан учраас хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зуучлалын гэрээний зохицуулалтаар маргааныг шийдвэрлэсэн. Зуучлалын гэрээний дагуу 99,600,000 төгрөг төлөгдсөн талаар талууд маргаагүй. Хэргийн гол маргаан нь татвар төлөгч хэн болохыг тогтоолгох зорилготой. Н.Д н, М.Х нар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч захиран зарцуулах эрхтэй, захиран зарцуулсан учраас татвар төлөх үүрэгтэй. Түүнээс хуулийн этгээд зуучилсан гэх үндэслэлээр өөрийн нэр дээр байхгүй үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулж орлого олно гэсэн ойлголт байхгүй. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өмчлөгч захиран зарцуулсан тохиолдолд татвар төлнө гэж заасан. Т ХХК нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх нэрийн дор нэхэмжлэгч нарыг хохироосон. Т ХХК нь зуучлалын хөлсөнд 100,000,000 төгрөг авчихаад дахин 169,000,000 төгрөгийг суутгаж аваад буцааж өгөхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Татвар төлсөн гэж тайлбарладаг боловч татвар төлсөн эсэхийг шалгах хүсэлт гаргахад татварын тайлангаа ирүүлээгүй. Одоо хүртэл мөнгийг өгөөгүй бөгөөд гэрээг цуцлах санал тавьсан. Гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийн доголдолтой гэж тайлбарласан. Тухайн үл хөдлөх хөрөнгө болох 265 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Иймд шүүх хуулийг зөв хэрэглэж тайлбарласан учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3. Нэхэмжлэгч Н.Д н, М.Х нар нь хариуцагч Т ХХК -д холбогдуулан 169,881,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өөрийн өмчлөлийн хувийн сууцыг цэцэрлэгийн зориулалттай болгож, хариуцагчаар зуучлуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт худалдахаар тохиролцож, зуучлалын гэрээний үндсэн дээр худалдсан боловч хариуцагчаас хууль бусаар илүү авсан мөнгөө гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ "...компанийн нэрээр нийлүүлсэн учраас хуульд заасан албан татварыг манайх төлөхөөр болоод байна. Гэтэл тохиролцсоноос өөр чанарын шаардлага хангахгүй барилга нийлүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна. /хх-1, 42-45/

5.а Н.Д н, М.Х нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол хаягт байрлах, нэгж талбарын 1330500539 дугаар бүхий 145 м.кв газар мөн улсын бүртгэлийн Ү-2204055792 дугаартай тус хорооллын 22В байрны 3, 4 дүгээр давхарт байршилтай 282 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогджээ. /хх-76, 77/

5.б Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/4479 дугаар албан тоотод ...иргэн Н.Д нгийн барилгыг Т ХХК зуучлалын гэрээгээр нийлүүлэх-ээр санал болгосон ба үүний дагуу Н.Д н, М.Х нар нь Т ХХК -тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбох буюу захиалагчид хүлээлгэн өгөх, зуучлуулагч нь гэрээний 3.1-д заасан хөлс төлөхөөр зохигчид харилцан тохиролцсон байх ба анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. /хх-6, 7/

5.в Нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хувийн сууцыг 150 хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж бэлтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, энэхүү барилга байгуулламж нь барилгын норм, дүрэм стандарт нийцсэн нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдсон. /хх50-52/

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн албан тоотод захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийг хангаж байх тул тухайн барилгыг 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зориулалтаар ашиглах боломжтой гэж тусгаснаас үзвэл чанарын шаардлага хангаагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь Баянзүрх дүүргийн 265 дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн акт, Нийслэлийн өмчид бүртгэх барилга байгууламжийн жагсаалтаар нотлогдсон байна. /хх-83/

6. Дээрх гэрээгээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Т ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 150 ортой цэцэрлэгийн барилга худалдан авах тендерт шалгарч, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр НХААГ-19/011 дугаар цэцэрлэгийн барилга худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг нийлүүлэх, худалдан авагч нь барааны нийлүүлэлтийг 2,490,000,000 төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон байх ба уг гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сунгагдсан үйл баримт тогтоогджээ. /хх-11, 12, 46-48/

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Т ХХК нар нь барилга худалдан авах гүйцэтгэл гэх баримт үйлдэж, уг баримтад ...цэцэрлэгийн барилга 774,73 м.кв, газар 145 м.кв талбай бүхий хөрөнгийг нийт 2,490,000,000 төгрөгөөр нийлүүлсэн гэж тусгагдсанаас үзвэл хариуцагч Т ХХК -ийн дансанд явцын санхүүжилт 2,116,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээг сунгасны төлбөр 6,000,000 төгрөгийг санхүүжүүлсэн үнийн дүнд нэмж нийт 2,122,500,000 төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас авсан гэж дүгнэснийг буруутгахгүй.

Дээрх санхүүжилтээс хариуцагч нь нэхэмжлэгч нарын дансанд 1,853,0118,163 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.

Харин, санхүүжилтийн үлдэгдэл 169,881,837 төгрөгийг илүү авсан гэж маргасан.

Хариуцагч Т ХХК нь зуучлалын гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 4 хувь болох 99,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргаангүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагчийн санхүүжилтээр авсан мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч нарын хүлээн авсан 1,853,018,163 төгрөг, зуучлалын хөлс 99,600,000 төгрөгийг хасч үлдэх 169,881,837 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснтай нийцсэн байна.

Түүнчлэн, тухайн санхүүжилтийн мөнгөн хөрөнгө бүрэн гүйцэд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас олгогдоогүй нөхцөл байдал тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй юм.

Мөн хариуцагч Т ХХК нь тендерт оролцож 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт нийлүүлэхтэй холбоотой орлого олсон гэж үзэж үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны болон нэмэгдсэн өртгийн албан татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй гэх баримт авагдсан байх боловч бодитоор тухайн татвар, хураамжийг хариуцагчид ногдуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцах, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд бичелэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр түүний 96114686 дугаарын утас руу хурлын тов мэдэгдэж, хэргийн материалтай танилцах талаар зурвас бичиж үлдээхэд ок гэсэн хариу ирүүлсэн байна. Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг бүрэн хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/01888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,359 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН