| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0345/Э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Д.Гд холбогдох 1811011210334 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 28-нд Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-777 тоотод оршин суух хаягтай, урьд
-2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 18 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,
-2005 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 79 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 06 хоногийн хорих ялыг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
-2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 217 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д. Г, (РД:),
нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-595 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэбаярын эзэмшлийн грашид хууль бусаар нэвтэрч 63.000 төгрөгийн үнэ бүхий хонин мах хулгайлсан,
-2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар гудамжны 312в тоотод оршин суух иргэн А.Өрнөндэлгэрийн цоожтой амбаарт нэвтэрч 2 ширхэг унадаг дугуй, 20 литрийн багтаамжтай тогоо хулгайлж 243.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-“Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр найз Алтанбаганын хашаанд байдаг грашны цоожийг дутуу цоожилсон үед нь татаж онгойлгоод хөлдөөгчид байсан ууттай хонины хаа гуя, өвчүү, хүзүү зэрэг ойролцоогоор 15 орчим кг хоёр ууттай махыг аваад хашааны хаалгаар нь уруудаж алхаад Нарантуул 2 зах дотор баруун талаар явж байгаад хүнсний ногоо авч явсан үл таних явуулын хүнд бөөнд нь 15.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө саяхан төрсөн эхнэр хүүхэд хоёртоо сүү, кааш, пампарс зэргийг авсан болно. Тэр махыг авсан эрэгтэй хүнийг би танихгүй. Би уг хулгайн хэргийг ганцаараа үйлдсэн. ...Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. ...Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй хохирогчтой уулзсан хохирол нэхэмжлэхгүй гэж хэлсэн. ...Би Чингэлтэй дүүргийн 13-р хороо Сургуулийн 39-777 тоотод амьдардаг бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хойд талынхаа эзэнгүй хашаанд орсон. Тэр айлын хашаанд ганцхан жижиг амбаар байсан бөгөөд би гурилын мөнгө олох санаатай тэр амбаарын цоожийг нь эвдэж орсон. Тэгсэн чинь дотор нь хоёр унадаг дугуй байхаар нь тэрийг нь аваад гарсан. Нарантуул-2 зах дээр том цэнхэр дугуйг нь 20.000 төгрөгөөр, жижиг унадаг дугуйг нь зах дотор танихгүй эмэгтэй хүнд үнэгүй өгчихсөн. Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэрт идэж уух зүйл байхгүй байсан болохоор гурилын мөнгө олох санаатай тэр айлаас эд зүйлс хулгайлсан. ...Төмөр тогоог амбаараас авч гараад үнэ хүрэхгүй болов уу гэж бодоод гудамжинд хаясан юм. ...Би тэр үед ганцаараа явсан. Манай эхнэр энэ хэрэгт хамаагүй. Би гэртээ очоод хоёр дугуй олсон гэж хэлсэн чинь эхнэр итгэсэн юм. Тэгээд бид хоёр тэр дугуйг зарах гээд гэрээс хамт гарсан. Би Уянгад хулгай хийсэн гэж хэлээгүй олсон гэж хэлсэн юм. Миний хулгай хийснийг Уянга мэдээгүй.” гэжээ.
Хохирогч Э.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 13-595 тоотод найз охин Бүжинлхамын хамтаар амьдардаг юмаа. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өглөө би гэрээс 07 цагийн үед гарч явсан. Манай найз охин 07 цаг өнгөрөөгөөд гэрээс гараад явсан. Тэгээд орой 21 цагийн үед бид хоёр гэртээ ирж, хашаанд байх гараашнаас юм авах гээд түлхүүрээр нь онгойлгоход онгойхгүй, цоожийг нь татсан чинь мултарсан. Тэгсэн гарааш дотор байсан хөлдөөгчид уутанд хийсэн хонины хаа, гуя, өвчүү, хүзүү зэрэг мах байхгүй болсон байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Хонины хаа, гуя, өвчүү, хүзүү нийлсэн 15 кг мах байсан. 1 кг махыг 5500 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс хулгай хийсэн хүнтэй уулзсан. Хохирол төлөх чадваргүй хүн байна лээ” гэжээ.
Хохирогч А.Өрнөндэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 20-312в тоотод өмнө нь амьдарч байгаад 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 15-248 тоот хашааг худалдаж аваад нүүсэн. Тухайн хашаанд амбаар л үлдсэн байсан. Тухайн амбаарыг нэг өнжиж очиж шалгадаг байсан, хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр очиж шалгахад зүгээр байсан. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өглөө 09 цагийн үед амбаар дээр очиход амбаарын хаалганы цүүг нь эвдэн хулгай орж том хүний унадаг дугуй 1 ширхэг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 20 л төмөр тогоо нэг ширхэг алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би амбаараа ямар нэгэн хүнд захиж үлдээгээгүй. Цоожоор цоожлоод явсан байсан боловч цүүг нь эвдээд орчихсон байсан. Хулгай хийсэн хүнтэй уулзсан, манай хуучин хашааны хойд талын айлын хүн, амьдрал нь хэцүү хүн байдаг юм. Хүүхдийн унадаг дугуй болон төмөр тогоог нэхэмжлэхгүй, хохиролтой холбоотой санал гомдол байхгүй.” гэжээ.
Гэрч Б.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 39-777 тоотод амьдардаг. 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр Д.Ганболд хүнээс авлаа гэж хэлээд 1 ширхэг унадаг дугуй аваад ирсэн. Тухайн үед манай нөхөр надад хүнээс 2 ширхэг дугуй авсан нэгийг нь хүнд бэлэглэсэн нэгийг нь хоёулаа заръя гэхээр нь би дагаж гараад бид хоёр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул зах дээр аваачиж 20.000 төгрөгөөр зараад, нөхөр бид хоёр гэртээ хоол авсан. ...Би нөхрийнхөө хулгай хийснийг мэдээгүй, хүн өгсөн гэж аваад ирэхээр нь хамт явж зарсан. Тухайн унадаг дугуйг хулгайн эд зүйл гээд цагдаа нар ирж гэрээс манай нөхрийг авч явахад мэдсэн, өмнө нь хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй байсан” гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Ганболд нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-595 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэбаярын эзэмшлийн грашийн цоожийг эвдэн орж, хонины мах хулгайлан авснаас түүнд 63.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар гудамжны 312в тоотод оршин суух иргэн А.Өрнөндэлгэрийн амбаарын хаалганы цүүг эвдэн орж, 2 ширхэг унадаг дугуй, 20 литрийн багтаамжтай тогоо зэргийг хулгайлснаас хохирогчид 243.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчээс өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Эрдэнэбаярын “...гарааш дотор байсан хөлдөөгчид уутанд хийсэн хонины хаа, гуя, өвчүү, хүзүү зэрэг мах байхгүй болсон байсан юм. ...Хонины хаа, гуя, өвчүү, хүзүү нийлсэн 15 кг мах байсан, 1 кг махыг 5500 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг, хохирогч А.Өрнөндэлгэрийн “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өглөө 09 цагийн үед амбаар дээр очиход амбаарын хаалганы цүүг нь эвдэн хулгай орж том хүний унадаг дугуй 1 ширхэг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг, 20 литрийн төмөр тогоо нэг ширхэг алдагдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Уянгын “...манай нөхөр Д.Ганболд хүнээс авлаа гэж хэлээд 1 ширхэг унадаг дугуй аваад ирсэн. Тухайн үед манай нөхөр надад хүнээс 2 ширхэг дугуй авсан нэгийг нь хүнд бэлэглэсэн нэгийг нь хоёулаа заръя гэхээр нь би дагаж гараад бид хоёр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул зах дээр аваачиж 20.000 төгрөгөөр зараад нөхөр бид хоёр гэртээ хоол авсан. ...Би нөхрийнхөө хулгай хийснийг мэдээгүй хүн өгсөн гэж аваад ирэхээр нь хамт явж зарсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б овогт Д.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчээс хохирогч А.Өрнөндэлгэрт том хүний унадаг дугуй буцаан хүлээлгэн өгсөн ба хохирогч нь үлдэх хүүхдийн унадаг дугуй, тогоо зэргийг нэхэмжлэхгүй гэсэн болно. Мөн хохирогч Э.Эрдэнэбаяр нь алдагдсан хонины махны үнийг нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөргүй, эхнэр нь 6 сартай хүүхэдтэй гэртээ үлдсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Д.Гг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганболдыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ганболдын цагдан хоригдсон нийт 29 (хорин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ