Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДШМ/380

 

2026          03            31                                                                         2026/ДШМ/380

 

                                                        М.Б-д холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж Т.Алтантуяа, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч М.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Даваадорж /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-, хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Б-д холбогдох 2508 01950 1581 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

А- овгийн М-ын Б-, 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, дүү, 2 хүүхдийн хамт ..... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УМ-/;

Шүүгдэгч М.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо, А- дугаар сургууль дээр байхад нь иргэн Б.У-аас “мөнгө өсгөж өгнө” гэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан түүнээс 79.570.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

               Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А- овогт М-ын Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т зааснаар шүүгдэгч М-ын Б-г 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д шийтгэсэн 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гээс 80.170.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгож, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч У-тай 2024 оны 09 дүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн А- дугаар сургуульд хамт ажиллаж эхэлсэн. 2025 оны 01 дүгээр сард хохирогч У- надаас “чи яаж олон банкнаас зээл авсан бэ, надад заагаад өгөөч” гэж хэлсэн. Би “та зээлээ хаачих, тэгээд заагаад өгье” гэж хэлсэн. Хохирогч У- 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хавьцаа зээлээ авсан. Тухайн үедээ “өдрийн 5 хувийн хүүтэй мөнгө зээлбэл ашигтай юм байна, чи хүнийг нь ол, би мөнгийг нь гаргая” гэж санал тавьж би зөвшөөрсөн. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүкээс хайхад зээл хаалгах хүн байсан. Үүнийг У-д хэлэхэд “очоод уулзаад үз” гэж хэлсэн. Очиж уулзахад зээл нь гарах боломжгүй хүн байсан тул би доорх авсан мөнгөө хүүтэй нь өгөх ёстой гэж бодоод цахим тоглоом тоглосон.

               Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 19-нд 8.700.000, 2025 оны 01 дүгээр сарын 20-нд 1.650.000, 2025 оны 02 дугаар сарын 02-нд 10.000.000 төгрөгийг авч, 2025 оны 02 дугаар сарын 05-нд 3.000.000, 2025 оны 02 дугаар сарын 06-нд 18.500.000 төгрөгийг өгсөн, 2025 оны 02 дугаар сарын 10-нд 12.500.000, 2025 оны 02 дугаар сарын 11-нд 11.000.000 төгрөгийг авч, 2025 оны 02 дугаар сарын 13-нд 24.960.000 төгрөгийг өгсөн, 2025 оны 02 дугаар сарын 14-нд 14.000.000, 2025 оны 02 дугаар сарын 19-нд 12.500.000 төгрөгийг авч, 2025 оны 02 дугаар сарын 20-нд 29.150.000 төгрөгийг өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 30 хоногийн хугацаанд хохирогч У-аас авсан үндсэн мөнгөө болон түүний хүүд 5.260.000 төгрөгийг нэмж өгсөн. Энэ тухай дансны хуулгыг хавтаст хэрэгт нэмэлтээр өгөх гэсэн боловч хүлээн аваагүй.

               Дээрх байдлаар хүүтэй нь буцааж өгч, аваад байх боломжтой юм байна гэж бодсоны улмаас энэ асуудлыг үүсгэж доорх бүх мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд буюу 2025 оны 02 дугаар сарын 20-нд 20.000.000, 2025 оны 02 дугаар сарын 23-нд 6.500.000, 2025 оны 03 дугаар сарын 17-нд 10.000.000, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 14.300.000, 2025 оны 03 дугаар сарын 23-нд 5.350.000, 2025 оны 03 дугаар сарын 26-нд 9.500.000, 2025 оны 03 дугаар сарын 27 13.920.000 нийт 79.570.000 төгрөгийг 35 хоногийн хугацаанд авч цахим тоглоомд алдан буцаан өгч чадаагүй.

               Өөрийн гэм бурууг ойлгож, бусдыг хохироосон үйлдэлдээ гэмшиж байна. Миний ээж өөрийн нэр дээрх зуслангийн газар, ахын нэр дээрх “Toyota fielder” автомашиныг хохиролд өгөх санал тавьсан. Хохирогч “бэлэн мөнгө авна” гэсэн тул би хохирол төлж барагдуулах 5 хоногийн хугацаанд зарж борлуулж болно гэж бодоод 5 хоногийн хугацаа авсан боловч цагдан хоригдсон. Миний ах М.М- ажилтай, ээж Г.Э- өвчний магадалгаатай. Удаан алхаж бөөрөнд ачаалал өгч болдоггүй тул зарж борлуулж амжаагүй. Би хоригдохоос өмнө “Б-” ХХК-д сарын 2.500.000 төгрөгийн цалинтай тогоочийн ажил хийж байсан бөгөөд түүний үлдэгдэл цалин болох 1.000.000 төгрөгийг авч хохирлоос барагдуулсан. Цаашид сарын цалингаа 100 хувь хохиролд өгөх боломжтойгоо анхан шатны шүүхийн шатанд илэрхийлсэн. Миний бие ээж, дүү, бага насны хоёр охины хамт амьдардаг өрх толгойлсон ээж. Миний ээж Э- нь бөөрний архаг дутагдалтай, өрөөсөн бөөртэй, чихрийн шижинтэй тул эмнэлгийн байнгын хяналтад тэтгэвэрт байдаг. Дүү 15 настай Их засаг их сургуулийн харьяа мэргэжил сургалт үйлдвэрлэлийн танхимд суралцдаг. Охин А- 9 настай, А- дугаар сургуулийн сурагч. Бага охин М- 4 настай ба 111 дүгээр цэцэрлэгт суралцдаг. Миний бие өөрийн гэм буруугаа маш их ойлгож гэмшиж байна. Би цаашид мэргэжлээрээ болон бусад чиглэлээр хөдөлмөр эрхлэн хохирлыг барагдуулах боломжтой. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оноосон 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

               Хохирогч Б.У-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүгдэгч өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ гэмшихгүй байгаа, хохирол төлбөр барагдуулах талаар ямар нэгэн бодитой санаачилга гаргахгүй байгаад маш их гомдолтой байдаг юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохироогүй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчид залилуулсан их хэмжээний мөнгийг банк болон эгчээсээ зээлж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар хохирогчийн банканд төлдөг үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхийн тулд авч байгаа цалингаа бүгдийг нь төлөөд ч хүрэхгүй байгаа талаар хэлж гомдол гаргадаг. Хохирогч нь өөрийн эрхэлдэг ажлаас өөр нэмэлт орлого байхгүй бөгөөд банканд төлдөг зээл олж байгаа орлогоос давж төлдөг тул хүүхдүүдээ тэжээн тэтгэх хоол ундны мөнгө байхгүй талаар шүүгдэгчид удаа дараа хэлсэн боловч хохирол төлбөр өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаад гомдолтой байдаг юм. Хохирол төлбөрөө төлөөгүй байж ял хөнгөрүүлэх давж заалдах гомдол шүүгдэгч гаргасныг хохирогч хүлээн зөвшөөрөхгүй хохирлоо төлчихвөл шүүгдэгчид гомдолгүй талаар хохирогч хэлдэг. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ хөнгөдсөн, хохирол төлбөрөө төлөөгүй шүүгдэгчид улсын яллагчаас санал болгосон ялын хэмжээг бууруулж ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч М.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч М.Б-гийн хувьд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргахгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,700,000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхээс шийдвэр гарсны дараа 5 хоногийн хугацаанд 1,000,000 төгрөг төлсөн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө дахин 1,000,000 төгрөг төлж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэй, эх нь эмнэлгийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөр нэмэлт тайлбаргүй. ...” гэв.

прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 147 дугаартай шийтгэх тогтоолоор прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхээс хууль зүйн үүднээс үнэлэхэд харилцан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг авч үзэхэд, тухайн зүйл ангид заасан хэрэгт шүүгдэгчид өөр төрлийн ял хэрэглэх нөхцөл бүрдээгүй бөгөөд хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Шүүхээс 2 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзан үзэж гаргасан шийдвэр гэж дүгнэж байна. Мөн прокуророос тухайн үед гаргасан ялын санал нь эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд шүүх уг саналыг харгалзан үзэж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчийн гаргасан ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ өндөр байна. Хэдийгээр шүүгдэгч хохирлыг төлөхөө илэрхийлж, тодорхой хэмжээгээр төлбөр хийсэн боловч нийт хохирлын хэмжээг харгалзан үзвэл их хэмжээний хохирол учирсан хэвээр байна. Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, хувийн байдлыг харгалзан үзсэн ч анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Б-, хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч М.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо, А- дугаар сургууль дээр байхад нь иргэн Б.У-аас “мөнгө өсгөж өгнө” гэх нэрээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан түүнээс 79.570.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх5/, хохирогч Б.У-ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх7-8/, хохирогч Б.У-ын Хаан банкны М-0 тоот дансны хуулга /1хх22-28/, тус дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх29-32, 37-41/, хохирогч Б.У-ын Хас банкны 5М-1 тоот дансны хуулга /1хх35-36/, тус дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1ххА--43/, М.Б-гийн Төрийн банкны 3М-5 тоот дансны хуулга /1хх47-53/, тус дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх54-62/, М.Б-гийн Төрийн банкны 10М-3 тоот дансны хуулга /1хх65/, М.Б-гийн Төрийн банкны 10М-3 тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх63-64/, А.Д-гийн Капитрон банкны данснуудын хуулгануудад /1хх108-250, 2хх1-250, 3хх1-166/, Ц.А-ын Хас банкны 5А-00 тоот дансны хуулга /3хх192-210/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0825/3255 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай “...Б-ийн У-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /3хх219-220/,

хохирогч Б.У-ын “...Манай сургуульд хамт ажилладаг багш М.Б- 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр надтай уулзаад зээлүүлэх мөнгө байна уу, хүнд зээлүүлэх юм, таньдаг хүний зээлийг хаачхаад, нэмж зээл аваад мөнгөтэй болоод таны мөнгийг буцаагаад өгье, мөнгө олоод өг гээд гуйгаад байхаар нь тухайн үед би банкнаас зээл аваад мөнгөтэй байсан болохоор 14.000.000 төгрөгийг ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны М-0 тоот данснаас М.Б-гийн эзэмшлийн Төрийн банкны 3М-5 тоот дансанд шилжүүлсэн. ...2025 оны 02 дугаар сарын 19-ний оройн 18-19 цагийн үед М.Б- өрөөнд орж ирээд эгчээ зээлсэн мөнгөн дээрээ нэмж мөнгө зээлүүлээч, зээл нь өнөөдөр яг бүтэхээр болсон, зээл нь бүтчихээр таны мөнгийг шагналын мөнгөтэй нь шууд шилжүүлээд өгье гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны М-0 тоот данснаас М.Б-гийн эзэмшлийн Төрийн банкны 3М-5 тоот данс руу 12.500.000 төгрөг шилжүүлсэн. М.Б- нь 2025.12.20-ны өдөр 13 цагийн үед над руу залгаад таны данс руу 29.150.000 төгрөгийг шилжүүлсэн шүү гэсэн, тэгээд сургуулийн коридорт М.Б-тэй таарахад эгчээ дансаа шалгаарай, мөнгө орсон уу гэхээр нь ийм хурдан зээл нь бүтчихсэн үү гэхэд тиймээ эгчээ баярласан шүү гэж хэлээд бид хоёр салсан.

...Тухайн өдрийн оройн 18 цаг 30 минутын үед намайг гэртээ байхад М.Б- над руу залгаад эгчээ мөнгө зээлүүлээч дахиад хоёр хүний зээлийг хаалгачхаад мөнгөтэй болоод таны мөнгийг өгье, 20,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны данснаас М.Б-гийн эзэмшлийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Ингээд ажил дээр өдөр болгон уулзахад эгчээ зээл болохгүй байна цагаан сар болох гээд банкнууд зээлээ хаасан байна, та түр хүлээж байгаарай, таны мөнгөний хүүг өгнө гэж хэлээд намайг тайвшруулсан. 2025 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед М.Б- байн байн залгаад 10,000,000 төгрөг олоод өг, зээлээ хаагаад, нэмээд зээл авах гэсэн чинь мөнгө нь дутаад байна, зээл авах гэж байгаа энэ хүнд хүүхдийнх нь эмчилгээний зардал хэрэгтэй байгаа юм байна гээд 3 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөн худлаа үнэн юм яриад надаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 14,300,000 төгрөгийг шилжүүлж авсан. 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,350,000 төгрөг, 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 8,500,000 төгрөг, 27-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 14,920,000 төгрөгийг авахдаа зээл нь яг бүтлээ, удахгүй мөнгийг чинь хүүтэй нь өгнө гэж хэлээд авсан. Би М.Б-гээс чи надаас авсан мөнгийг юунд зарцуулсан талаар асуухад удахгүй мөнгөтэй болоод өгнө гэхээс өөр юм яриагүй. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би М.Б-тэй уулзаад “мөнгөө авъя” гэхэд таны мөнгийг өөр зүйлд зарцуулсан, худал хэлж авсан гэдгээ хэлсэн.

...Надад нийт нийт 79.570.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 2025 оны 04 дүгээр сард 300.000 төгрөг, 5 дугаар сард 400.000 төгрөг, 6 дугаар сард 1.000.000 төгрөг буюу нийт 1.700.000 төгрөгийг буцаан өгсөн. ...Би өөрийн төрсөн эгч Д.Ууганцэцэгээс 50 орчим сая төгрөгийг зээлж авсан. ...” /1хх11-12, 14, 3хх185/,

гэрч Б.У-ийн “...2025 оны 02 дугаар сарын 10-ны үеэр манай дүү Б.У- хамт ажилладаг М.Б-д цалингийн зээл авч өгөөд М.Б- нь цаашаа хүнд хүүтэй мөнгө зээлээд буцаагаад хэдэн төгрөг нэмээд өгнө гэж хэлж аваад манай дүү мөнгөө буцаагаад авч чадахгүй байна. М.Б-гээс мөнгө авсан хүн нь цалингийн зээлийн үлдэгдэлтэй болохоор зээл гарах боломжгүй учраас зээлийг нь хаачих юм бол арай өндөр дүнгээр зээл гарах юм байна гэж гуйхаар нь би дүүдээ нөхөр Ц.А-ын Хас банкны данснаас 30 гаруй сая төгрөг, би өөрийн Хас банкны данснаас 25 орчим сая төгрөг зээлж өгсөн нь үнэн. ...Би өөрийн Хас банкны данснаас шилжүүлсэн 25 орчим сая төгрөгийг 2 хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авсан, нөхрийн данснаас шилжүүлсэн 30 гаруй сая төгрөг нь нөхөр бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг болохоор эргэлтийн мөнгө байсан. ...” /3хх187/,

гэрч Г.Э-ийн “...Би интернэт банк ашиглаж мэдэхгүй. М.Б- миний интернэт банк руу нэвтрэх нэр, нууц үгийг мэддэг. ...” /3хх189/,

Гэрч Д.М-ийн “...Би тухайн үед 1хbet бооцоот тааврын сайтад агент хийж байхад өөрийн эрхээ цэнэглүүлэхээр миний данс руу мөнгө шилжүүлсэн байна, над руу мөнгө шилжүүлсэн хүнийг таньж мэдэхгүй, урьд өмнө харж байгаагүй. Би тухайн үед У- 1хbet гэсэн агентынхаа фейсбүүк дээр 1хbet цэнэглэнэ гэж зар оруулсан байсан. Үүний дагуу надтай холбогдсон байх гэж бодож байна, би Б- гэдэг хүнийг таньж мэдэхгүй. ...” /1хх18/,

М.Б-гийн яллагдагчаар өгсөн “...прокурорын тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Надад санал, хүсэлт байхгүй, би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Б.У-аас авсан бүх мөнгөөрөө 1xbet мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Хаан банкны 5У-6 тоот данс нь миний төрсөн эх Г-ийн Э-ийн дансны дугаар байгаа юм. Би 1 удаа хохирогч Б.У-аас авсан мөнгийг ээжийнхээ данс руу шилжүүлээд буцаан авч байсан. Ээжийн данснаас 1xbet мөрийтэй тоглоомын агентын данс руу шилжүүлэх гэж байгаад болиод буцаагаад өөрийн данс руу авсан. Би хохирогч Б.У-аас нийт 79.570.000 төгрөгийг өөрийнхөө Төрийн банкны 3М-5 тоот дансаар хүлээн авсан...” /3хх183/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Б- “...Би ...нийт 79.570.000 төгрөгийг 35 хоногийн хугацаанд авч цахим тоглоомд алдан буцаан өгч чадаагүй. Өөрийн гэм бурууг ойлгож, бусдыг хохироосон үйлдэлдээ гэмшиж байна. ...Би хохирол төлж барагдуулах 5 хоногийн хугацаа авсан боловч цагдан хоригдсон учир төлж чадаагүй. ...Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оноосон 3 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн,

               Хохирогч Б.У-ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат “...Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ гэмшихгүй байгаа, хохирол төлбөр барагдуулах талаар ямар нэгэн бодитой санаачилга гаргахгүй байгаад маш их гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

  

Учир нь, хэргийн оролцогч нараас анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргасан байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар шүүгдэгч М.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор байхаас гадна түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Нөгөө талаар, шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялыг багасгах эсхүл өөрчлөн оногдуулах, мөн хохирол хор, уршгийг нөхөн төлөөгүй үндэслэлээр хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял шийтгэлийг буруутган дүгнэх, хүчингүй болгох хууль зүйн боломжгүй учир шүүгдэгч М.Б- болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Харин, прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрт гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацааг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэж хэргийн үйл баримтаас зөрүүтэй дүгнэсэн байгааг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэж зөвтгөж шийдвэрлэлээ.

Учир нь, залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөс дээш хохирлыг учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинж хангагдана.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгдэгч М.Б-, хохирогч Б.У- нар нэг байгууллагад хамт ажилладаг, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 20-ны хүртэл тодорхой хугацаанд шүүгдэгч нь хохирогчоос мөнгө зээлж, тохиролцсоны дагуу хүүгийн хамт төлбөр тооцоог дуусгавар болгосон нь хохирогч, шүүгдэгч нарын “...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 26,500,000 төгрөг аваад хүүнд 2,650,000 нэмээд 29,150,000 төгрөг болгож буцаан шилжүүлсэн...” талаарх агуулгын зөрүүгүй мэдүүлэг, тэдгээрийн арилжааны банк дах дансны хуулгаар /1хх23-28, 35-36, 65/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх29-32, А-/-ээр тогтоогдсон, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогч нар маргаагүй байна.

Харин, тухайн гүйлгээнүүдээс хойш 2025 оны 02 дугаар сарын 20-оос 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд зээлж авсан 79.570.000 төгрөгийг шүүгдэгч М.Б- нь буцаан төлөх зорилгогүйгээр буюу зээл хаалгуулах хүн олсон, зээлийг нь хаагаад буцаан ашиг гаргаж өгнө гэж хуурч аван тухайн мөнгөөр 1xbet тоглоом тоглож, алдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, үүний улмаас их хэмжээний хохирол учруулсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Б- нь хохирогч Б.У-аас тодорхой хугацаанд мөнгө зээлж, зээлсэн мөнгөө хохирогчийг шагнах, мөнгийг өсгөж өгөх гэсэн агуулгаар хүү тооцон Б.У-д эргүүлэн төлж хохирогчид мөнгө өсгөх боломжтой гэх итгэлийг төрүүлсэн байх бөгөөд үүний улмаас хохирогч шүүгдэгчид дахин дахин мөнгө зээлдүүлснээр шүүгдэгч М.Б-гийн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой гэмт санаа хэрэгжиж, залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Хохирогч Б.У-ын “...би өөрийн эзэмшлийн Хаан банкны М-0, Хас банкны 5М-1 дугаартай данснаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд шилжүүлсэн. Хас банкны данснаас 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Нийтдээ 79.570.000 төгрөг...” /1хх14/,

шүүгдэгч М.Б-гийн “...2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дахиж У- эгчээс зээл хаалгуулах хүн олсон гэж хэлээд ...аваад нийт 79.570.000 төгрөгийг би 1xbet тоглоом тоглоод алдчихсан юм...”/1хх16, 3хх181/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч, хохирогч нарын арилжааны банк дахь дансны хуулгууд болох хохирогч Б.У-ын Хаан банкны М-0 дугаарын данснаас шүүгдэгч М.Б-гийн Төрийн банкны 3М-5 дугаарын данс руу:

2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 4,500,000 төгрөгөөр 4 удаа, 2000,000 төгрөгөөр 1 удаа “Zeeluuleh mongo” гэх агуулгаар 20,000,000 төгрөг /1хх24/, 

2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “U” гэх утгаар 500,000 төгрөг /1хх24 ар талд/,

2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4,500,000 төгрөгөөр 2 удаа, 1000,000 төгрөгөөр 1 удаа “Zeeluuleh mongo” гэх агуулгаар 10,000,000 төгрөг /1хх26 ар талд/,

2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4,500,000 төгрөгөөр 3 удаа, 800,000 төгрөгөөр 1 удаа “Zeeluuleh mongo” гэх агуулгаар 14.300.000 төгрөг /1хх26-27/,

2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөгөөр 1 удаа, 2,350,000 төгрөгөөр 1 удаа “Zeeluuleh mongo” гэх агуулгаар 6.350.000 төгрөг /1хх27/,

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4,000,000 төгрөгөөр 1 удаа, 4,500,000 төгрөгөөр 1 удаа “Zeeluuleh mongo” гэх агуулгаар 8.500.000 төгрөг /1хх27 ар талд/,

2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 төгрөгөөр 2 удаа, 2,600,000 төгрөгөөр 1 удаа, 2,320,000 төгрөгөөр 1 удаа “Zeeluuleh mongo” гэх агуулгаар 13.920.000 төгрөг /1хх26 ар талд/-ийг буюу нийт 73.570.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.У-ын Хас банкны 5М-1 дугаарын данснаас шүүгдэгч М.Б-гийн Төрийн банкны 3М-5 дугаарын данс руу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4,500,000 төгрөгөөр 1 удаа, 1,500,000 төгрөгөөр 1 удаа “Zeeluuleh mongo” гэх агуулгаар 6,000,000 төгрөгийг /1хх35, 48/ шилжүүлэн авсан буюу гэмт хэрэг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үргэлжилсэн хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон байх тул гэмт хэрэг эхэлсэн цаг хугацааг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэснийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэж хэргийн үйл баримтад нийцүүлэн зөвтгөх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Дээрхээс гадна, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 79,570,000 төгрөгөөр, сэтгэцэд учирсан хор уршгийг 3,300,000 төгрөгөөр тус тус тооцож, төлөгдсөн 2,700,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч 80,170,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Иргэний хуулийн зүйл, заалтыг бичихдээ “...511 дүгээр зүйлийн 3 дахь...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг “...511 дүгээр зүйлийн 511.3 дахь...” гэж зөвтгөх шаардлагатай байна.

Мөн, шүүгдэгч М.Б-гийн бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 66.1.3 дахь заалтад “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд” асран хамгаалалтад байх хүн гэх хууль зүйн ойлголтод хамаарах ба мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заажээ.  

Иймд, шүүгдэгч М.Б-гийн бага насны хүүхдүүд болох 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Д-ын А- /4хх19/, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д-ын М- /4хх20/ нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасан нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.Б- нь анхан шатны шүүхээр тогтоогдсон 80,170,000 төгрөгийн хохирлоос давж заалдах шатны шүүхийн шатанд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч М.Б-гийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-гийн бага насны хүүхдүүд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Д-ын А- /УД-/, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д-ын М- /УД-6/ нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч М.Б- нь хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шатанд нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч М.Б- болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 78 /далан найм/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.АЛТАНТУЯА

                            ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                  С.БОЛОРТУЯА