Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2022/01235

 

 

 

 

 

 

 

 

2022 07 01 210/МА2022/01235

 

 

А.У ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/01745 дугаар шийдвэртэй, А.У ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.М д холбогдуулан гаргасан 2,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Манай эмнэлэгт 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Батаа эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед тэрээр надад нэмэлт орлоготой болох боломжтой, сар болгон 200 ам.доллар олдог хөрөнгө оруулалтын бизнес байгаа О.М тэй яриад мэдээлэл ав гэхээр нь ярихад С.Батаагийн хэлсэнтэй адилхан зүйл хэлэхээр нь итгэсэн. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж 3,000,000 төгрөгийн зээл авч 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр О.М гийн Хаан банкин дахь 5001798429 тоот дансанд 2,950,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд trade.mn сайтад данс нээж өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өдөр бүр 10 ам.доллар буюу сард 200 ам.долларын ашиг олоод түүнийгээ сарын бүрийн 15, 30-нд авна гэж ойлгосон боловч мөнгө нь орж ирээгүй. О.М нь Bixomoney.com гэх гадаадын сайт дээр Алтанхуягийн Уранцэцэг нэрээр 1,000.07 ам.доллар бүхий данс нээсэн гэж нууц код надад өгсөн. Би түүгээр нь нэвтэрч ороход 1,000.07 ам.доллар бүхий миний нэртэй данс байсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөнгө шилжүүлснээс хойш одоо хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт төлөгдөөгүй, нээж өгсөн данснаас нь мөнгөө авах гэтэл болохгүй байгаа. Иймд хариуцагч О.М гээс 2,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Олон улсын хөрөнгө оруулалтын компанид 20,000 ам.доллар хийгээд алдсан. Би цахим мөнгөний койн худалдаж аваад 10, 20 мянган төгрөгийн зөрүүгээр худалддаг байсан. Энэ компани мөнгөө цаг хугацаандаа өгч байгаад алга болсон. А.У т мөнгөө хийгээд аваад байвал ашигтай, алдвал эрсдэл хүлээж болзошгүй талаар сануулсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.У миний Хаан банкин дахь данс руу 2,950,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс 2,180,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Койн хаб ХХК-ийн Хаан банкин дахь 5111616086 тоот данс руу шилжүүлсэн, уг мөнгийг 750 ам.доллар болгон хөрвүүлж coinhub.mn сайт дахь олон улсын цахим мөнгөний данс руу шилжүүлсэн. Дээрх bixomoney.com данс руу 740 ам.долларыг шилжүүлэхэд 10 ам.доллар нь шимтгэлд суутгагдсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.У ийн шилжүүлсэн мөнгөнөөс үлдэх 700,000 төгрөгийг Хаан банкин дахь С.Батаа ахын 5113006077 тоот данс руу шилжүүлж, 250 ам.доллар худалдаж аваад, шимтгэлд суутгагдсан 10 ам.долларыг өөрийн данснаас нөхөж шилжүүлээд Алтанхуяг Уранцэцэг гэх дансанд нийт 1000.07 ам.долларыг байршуулсан. Bixomoney.сом дансаа Тrade.mn-ийн данстай холбодог. Цахим мөнгө нь Тrade.mn данс руу орж ирээд Тrade.mn дансаар монгол мөнгөө хөврүүлж авдаг. Тэр эрхийг А.У нээгээд өгөөч гэхээр нь өөрийнх нь нэр дээр нээж өгсөн. Сарын 15-нд мөнгөө татаж аваарай гэж А.У т хэлэхэд 300 ам.доллар болохоор авна гээд аваагүй, хүний мөнгийг өөрийнх нь зөвшөөрлөөр татахгүй бол дансанд халдаж болохгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М гээс зуучлалын гэрээний үүрэгт 2,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.У ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.У нь хариуцагч О.М гийн Хаан банкны дансанд 2,950,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог. Энэ талаар хариуцагч маргаагүй үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх энэ талаархи нотлох баримтын үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нь зуучлалын гэрээ байгуулсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 2,950,000 төгрөгийг Тrade.mn сайтын дансанд байршуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ талаар шүүхийн хийсэн үзлэгээр үгүйсгэгдэг. Хариуцагч өөрөө уг сайт дээр байршсан данснаас мөнгө татаж авах гэтэл болохгүй байсан гэх хариу тайлбараар бүрэн нотолж үгүйсгэснийг анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч А.У нь хариуцагч О.М д холбогдуулан 2,950,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...цахим сайтад данс нээлгэж, мөнгө байршуулан ашиг олох зорилгоор 2,950,000 төгрөгийг О.М д шилжүүлсэн боловч нээж өгсөн санд 1,000.07 ам.доллар байгаа атлаа авч болохгүй байх тул өгсөн мөнгөө гаргуулна гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...А.У ийн өгсөн 2,950,000 төгрөгийг ам.долларт шилжүүлж нийт 1000.07 ам.долларыг bixomoney.com сайтад байршуулсан, сарын 15-ны өдөр мөнгөө татаж аваарай гэж хэлсээр байхад аваагүй, хүний хувийн дансанд халдах боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна.

4. Хариуцагчийн дээрх сайтад үзлэг хийлгүүлэх хүсэлтийг шүүхээс хангаж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр ...bixomoney сайтад 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.У ийн нэрээр 1000.07 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн харагдаж байна. гэж тусгаснаас үзэхэд уг ам.долларыг бодитоор авч захиран зарцуулах эрх нь хэрэгжих боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан эсэх, маргааны үйл баримт хэргийн баримтаар тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/01745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН