Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ц овогт Г.Ад холбогдох 1711016150412 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоматик механикч мэргэжилтэй, Тэнгэр инженеринг ХХК-д цахилгаанчин ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо 5 дугаар хэсэг Витсамо 2 дугаар гудамж 520 тоотод оршин суудаг, Цэ овогт Г.А (РД:УД96051511),

нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 27 дугаар байрны 01 дүгээр орцонд Л.Анхааг түлхэж унагаан эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Тэгээд би Төртогтохтой барьцалдаж авах гээд Л.Анхааг түлхэж холдуулах үед газар унаж гэмтэл авсан юм шиг байна. Ингээд Дөлхүү ах намайг орцноос дагуулж гараад ажил руу орох гэтэл цагдаа ирээд барьж авсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж Л.Анхаагаас уучлалт гуйж эмчилгээний зардал 700.000 төгрөг гаргаж өгсөн гэжээ.

Хохирогч Л.Анхаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23.30 цагийн орчимд найз Бат-Эрдэнийн хамтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 27 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Төртогтохын гэр рүү нь орох гээд таксинаас буух үед таксины мөнгө задлахгүй гэхээр нь Төртогтохыг гэрээс нь дуудаж гаргаж ирж мөнгө өгчихөөд орц руу орох гэхэд хэдэн согтуу залуучууд хөөе гөлөгнүүдээ гэж орилоход нь Төртогтох эргэж хараад та нар юу гээд байгаа юм бэ гэхэд нь нэг залуу гүйж ирээд Төртогтохтой маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би боль гээд салгаад 1 дүгээр орц руу авч орсон. Бат-Эрдэнэ цагдаа дуудна гээд гүйгээд явчихсан. Тэгээд таг болчихоор нь би өөрөө 102-т дуудлага өгсөн. Араас нэг охин орж ирээд, эгчээ цагдаа битгий дуудаач, эд нар согтуу байгаа юм аа, гээд уучлалт гуйгаад зогсож байх үед араас нь нөгөө залуучууд ороод ирэхээр нь би Төртогтохыг ардаа хийгээд зогсож байх үед Алтаншагай гэх залуу шууд намайг түлхээд унагачихсан. Би хойш саваад цемент мөргөж унасан. Тэгээд цагдаа ирээд согтуу залуучуудыг аваад явсан. ...Алтаншагай гэх залуу намайг түлхэж унагаад уг гэмтлийг учруулсан. Миний биед өөр хүн бол огт хүрээгүй. ...Тухайн үед миний шилэн хүзүү зүүн талдаа хавдаад толгой хатгаж өвдөөд байсан. Топас нэртэй хувийн эмнэлэгт 400.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмнэлгээс гараад эм тариа хувиараа авч хийлгэсэн. Нийт 658.000 төгрөг болсон. Алтаншагай надаас уучлалт гуйж 700.000 төгрөг гаргаж өгсөн гэжээ.

Гэрч Г.Төртогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... хэдэн согтуу залуучууд Анхааг янз бүрээр хэлээд, өдөөд дуудахаар нь яах гээд байгаа юм гэтэл нэг залуу нь хүрч ирээд надтай маргалдаж эхэлсэн. Гэтэл дундуур нэг залуу орж ирээд Дөлхүү гэх залууг холдуулаад аваад явчихаар нь орц руу ортол Алтаншагай гэх залуу дээгүүр хувцасаа тайлчихсан цээж нүцгэн орилж орж ирээд, надтай зодолдох гээд дайраад байсан. Тэр үед Л.Анхаа миний урд зогсож байхад нь түлхчихсэн чинь Л.Анхаа газар уначихсан гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.07-ны өдрийн ¹14992 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Л.Анхаагийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.

            4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 27 дугаар байрны 01 дүгээр орцонд согтуурсан үедээ тухайн орцонд орох гэж явсан Л.Анхааг хэл амаар доромжлон түлхэж унагааснаас хохирогчийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Алтаншагай гэх залуу намайг түлхэж унагаад уг гэмтлийг учруулсан. Миний биед өөр хүн бол огт хүрээгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Төртогтохын “...орц руу ортол Алтаншагай гэх залуу дээгүүр хувцасаа тайлчихсан цээж нүцгэн орилж орж ирээд надтай зодолдох гээд дайраад байсан. Тэр үед Л.Анхаа миний урд зогсож байхад нь түлхчихсэн чинь Л.Анхаа газар уначихсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.07-ны өдрийн ¹14992 тоот шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Ц овогт Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгчээс 700.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ц овогт Г.Аг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ