Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С овогт Н.У, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Гал-О.О нарт холбогдох 201601000222 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер, бага эмч мэргэжилтэй, Монтрак групп ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 3,  хүүхдүүдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хийморь цогцолбор, 4/6 байрны 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Н.У (РД:),

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Оргил хотхон 29 дүгээр байр 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г. О, (РД:),

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

Шүүгдэгч Н.Уг нь орлогын гүйлгээ хийгдсэн өөрийн Монтрак фотон ХХК-ийг татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 (таван сая) төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч Г.О нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс орлогын гүйлгээ хийгдсэн Монтрак фотон ХХК-ийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдлийг хийж Н.Уранчимэгээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Энхбаатараар дамжуулан 5.000.000 (таван сая) төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Отгонбаярт 5.000.000 төгрөг жолооч Энхбаатараар өгч явуулсан. Би тухайн мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны үеэр банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өгсөн. Тухайн үед би өөрөө завгүй байсан учраас уулзаж чадаагүй. Тухайн өдөр мөнгийг өгч явуулсны 30-40 минутын дараа Авлигатай тэмцэх газраас 3-4 хүн ирж надаас мэдүүлэг, байцаалт аваад тэр өдрөө Төв аймагт хоригдсон. Уг мөнгийг би Отгонбаярт татварын байцаагч гэдэг утгаар хахуульд өгөөгүй. Татвар талаасаа би бүх нэр дээр байсан данс, тайлан тооцоогоо шалгуулсан. “Монтранк” групп буюу миний явуулж буй бизнесийн үйл ажиллагаа бол гадаадаас 90-100 хувийн зээлээр уул уурхайн техник, тоног төхөөрөмж оруулж ирдэг, улсын хилээр оруулж ирэхдээ гааль татваруудыг төлж оруулж ирээд энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудад худалдаалдаг. Миний оруулж ирж буй тоног төхөөрөмжүүд гааль дээр буугаад хил дээр бүх төрлөөрөө бүртгэгдээд гаалийн мэдээ шууд татварын албанд ирдэг. Тийм учраас татвар нуун дарагдуулсан гэсэн ойлголт байхгүй. Нөхөр бид хоёрын эд хөрөнгийн маргаан үүссэнтэй холбоотой “Монтрак” группийн болон миний өөрийн данс болон эд хөрөнгүүдийг шүүхээс битүүмжлэгдсэн байсан. “Монтрак” ХХК-ийн дансаар дамжуулж “Монтрак” групп орлогоо авсан. Яагаад дамжуулж авсан бэ гэвэл гадаадын байгууллагаас тоног төхөөрөмжийг зээлээр аваад дотоодын компаниудад зээлээр өгөөд тэр дороо нэхэж авахгүй бол гадаадын компанийн зээл төлөх ажиллагаа үүсдэг байсан. Үүнийг бид тайланд тусгадаг, тусгахаас өөр арга байддаггүй. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийн гэрээт борлуулагч хийдэг байсан. Бид гадаадаас зээлээр аваад эцсийн хэрэглэгчдэд очих хүртэлх гааль, татварыг төлдөг учраас бидэнд ашиг маш бага, гэрээт борлуулагчийн борлуулсан дүнгийн 0.3 хувийн ашгийг л авдаг. Дансаар нуугаад байгаа, орлого гэж үзээд байгаа үнийн дүн нь тухайн тоног төхөөрөмжийн өөрийнх нь өртөг байсан. Татварыг нуун дарагдуулах, татварын байцаагчийг гуйх янз бүрийн шалтаг шалтгаан байхгүй байсан. Гэр бүлийн эд хөрөнгийн маргаан үүсээд цаашид бизнес явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан учраас 2 компаниа татан буулгах хүсэлтээ татварын албанд гаргаад Отгонбаяр байцаагчид хуваарилагдаад, 6 дугаар сард хүсэлтээ гаргасан боловч би 2 өвдөгний хагалгаанд ороод татварын байцаагчтай 9 дүгээр сард уулзаад, уулзсан өдрөө татан буулгах гэж буй компанийн дансаар “Монтрак” группийн орлого бас орсон гэж хэлэхэд Отгонбаяр байцаагч “за тэгвэл Монтрак компанийг давхар шалгах шаардлагатай юм байна” гэхээр нь би давхар шалгуулах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Надад татвараа нууж авлига өгөх шаардлага байгаагүй. Татвар, тайлан тооцоогоо шалгуулж байх хугацаанд таньдаг болж мөнгөний хэрэгцээ байгаа гэдгээ хэлж байсан. Би банк бус санхүүгийн байгууллагаас авсан 5.000.000 төгрөгөө жолоочоор өгч явуулсан. Хэрвээ би өөрөө аваачиж өгсөн бол ямар нэгэн баримт үйлдэж аваад ийм зүйл болохгүй байсан байх. Тэр өдөртөө хоригдчихсон болохоор Отгонбаяртай уулзаж амжаагүй, мөнгөнийхөө учрыг гаргаж чадаагүй. Авлига гэж өгөөгүй гэдгээ байцаагч нарт эхнээсээ мэдүүлсэн. Миний бодож байгаагаар хууль бус гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, утас чагнасан зохион байгуулалттай, нөхрийн оролцоотой явагдаж, үүнд мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагч өртсөнд миний зүгээс маш их гомдолтой байгаа учраас миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Н.У мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Монтрак фотон, Монтрак эко ХХК-ийг татан буулгуулахаар татварын хяналт шалгалтыг оруулж өгөөч гэсэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2016 оны 07 дугаар сард гаргасан, татварын шалгалт Отгонбаяр дээр таарсан, 5.000.000 төгрөгийг зээлэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, оноос өмнө өгөөрэй гэдгийг хэлсэн, хүү барьцаа байхгүй. Ингээд 10 дугаар сарын дунд үед татварын зөрчилгүй гээд татварын байцаагчийн дүгнэлт гаргасан. Отгонбаяр 2016 оны 9 дүгээр сараас би байрны лизенгтэй та 10.000.000 төгрөг зээлээч гэх болсон, би боломжгүй гэдгээ хэлдэг байсан. Отгонбаяр танайх хэл амтай ядаргаатай газар шүү гэх болсон, тэгээд мөнгө орж ирвэл 5.000.000 төгрөг өгье гээд хэлчихсэн, тэрнээс хойш Отгонбаяр утасдаж мөнгө нэхэх болсон, энэ дүгнэлтээ 10 дугаар сарын 18-ны үед надад өгсөн, тэгээд Отгонбаярт 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг Энхбаатараар хүргүүлж өгсөн ... Отгонбаяр өөрөө шийдээд илтгэх хуудсаа гаргасан, би Отгонбаярт Монтракфотон ХХК-ний дансуудаар мөнгө орсон байгаагаа хэлсэн. Тэгэхэд Отгонбаяр Монтрак групп ХХК-ийг дараа нь татварын хяналт шалгалтаар оруул гэж хэлж байсан юм” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: “…2016 оны 6 дугаар сарын орчим би дээрх компаниудыг шалгах томилолт авсан. Татвар төлөгч маань 7 дугаар сард хагалгаанд орно гээд эмнэлгийн магадлагаа ирүүлээд би татвар төлөгч рүүгээ 8 дугаар сарын сүүлээр утсаар ярихад татвар төлөгч хагалгаанд ороод хүндрэлтэй байгаа талаараа надад хэлсэн. Тэгээд 10 дугаар сарын эхээр татвар төлөгч маань татварын улсын байцаагчийн хяналт шалгалттай холбоотой баримт бичгүүдийг авч ирж өгсөн. Тухайн бичиг баримтын дагуу шалгалт явуулаад “Монтрак” группийн мөнгө доорх компаниудаар дамжиж орсон байна гэдгийг би тасгийн даргад хэлэхэд тийм тохиолдолд татвар төлөгчийг хохироож болохгүй, нэг татварыг 2 төлж болдоггүй гэсэн заалт хуулиндаа байгаа. Яагаад гэвэл тухайн мөнгийг группийн тайлан дээр тусгасан байхад би акт бичсэн бол өнөөдөр харин энд зогсож байх ёстой байсан. Татварын байгцаагчийн эрх үүрэг, Татварын ерөнхий хуулинд татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж ажиллана гэсэн хуулийнхаа дагуу ажилласан. Тухайн үед би мөнгөний шаардлага байгаа гэдгээ хэлсэн. Манай дүүгийн сургалтын төлбөр нэхэгдээд байсан учраас би Уранчимэг эгчээс мөнгө зээлээч гэж хэлсэн нь үнэн. Би баригдсан өдрөөсөө л хэний мөнгө вэ гэдгийг үнэн зөвөөр байцаагчид мэдүүлж, хээл хахууль аваагүй. Ийм л зүйл болсон” гэв.

Г.О мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Би Уранчимэгээс 5 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Уранчимэгийн дүү Энхбаатараар дамжуулан ажлын гадаа замын хойд талын автомашины зогсоол дээр авсан нь үнэн ... Монтрак эко, Монтрак фотон нь татан буулгах хүсэлтээ манай татварын хэлтэст өгснийг би татварын хяналт шалгалт хийхээр болоод шалгах явцад захирал Уранчимэгтэй таарч ах Будхүүг таних уу, танд металл хайгч зарж байсан та мөнгийг нь өгөөгүй ах нас барчихсан, одоо та надад тэр мөнгийг өгөх болох нь дээ гэж хэлсэн. Уранчимэг ч тэгэлгүй яах вэ гэсэн. Уранчимэг би 10 сая төгрөг өгөх боломж алга, 5 сая төгрөгийг өгье гэсэн, би ч өгч байгаа болохоор тэгээ ч л гэсэн юм ...надад байрны зээл байхгүй” гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.А.Сувд-Эрдэнээс: -Монтрак эко, Монтрак фотон ХХК-иуд нь ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Тэгээд X тайлан гаргаж өгсөн. Би дансыг нь харж байгаагүй, манай санхүү хариуцсан захирал Солонго X тайлан гаргаж өг гэж хэлэхээр нь гаргаж өгсөн, би үйл ажиллагаа явуулдаггүй гэж ойлгож байсан ...ямар ч байсан захирал Уранчимэг компани татан буулгахад бүрдүүлэх материал гэсэн жижиг хуудас өгсөн, тэрэн дээр харилцах дансаа хаах байсан, тэрний дагуу л хаалгаж байсан байх гэжээ.

2.Б.Саруулаас: -Монтрак групп нь харъяа холбоотой Монтрак фотон, Монтрак эко, Далд нууц МН, Монтрак констракшн, Монтрак зам ХХК-иуд байдаг юм. Энэ бүх компаниудыг Уранчимэг хариуцан ерөнхий захирлаар нь ажилладаг юм, ...Монтрак группийн бүх орлого зарлагын гүйлгээг Монтрак фотон ХХК-иар дамжуулж авдаг байсан. Тэгээд би ажилд ороод ерөнхий нягтлангаас олж мэдээд энэ Монтрак фотон ХХК тайлангаа гаргадаг юм уу, ингэж болохгүй гэж хэлээд болиулж байсан, энэ 2 компани ямар ч харилцан хамаарал байхгүй байж Монтрак группийн мөнгийг эргэлдүүлдэг байсан. Монтрак фотон ХХК татварын тайлангаа X хэлбэртэйгээр буюу үйл ажиллагаа явуулдаггүй гэж гаргаж өгдөг байсан. Би ингэж болохгүй гээд бүх дансуудыг хаалгаж байсан. Энхбаатар гэдэг нь манай Монтрак группийн борлуулагчаар ажилладаг байсан. Уранчимэг энэ хүний нэр дээр компани байгуулаад дансыг нь ашигладаг байсан. Монтрак фотон анхнаасаа Уранчимэгийн нэр дээр байж байгаад Энхбаатарын нэр дээр 100 хувь шилжүүлсэн, тэгээд би Хас банкнаас зээл авахын тулд Монтрак группийг орлоготой харагдуулахын тулд 2016 оны 07 дугаар сард байх Монтрак фотон ХХК-ийн дансаар орсон орлогыг Монтрак групп ХХК-ийн орлого мэтээр харагдуулаад зээл хөөцөлдөж байсан. Тэгээд би юу болсоныг мэдэхгүй би ажлаасаа халагдсан гэжээ.

3.С.Энхбатаас:-Татварын алба нь тухайн аж ахуй нэгжийг заавал хяналт шалгалтанд хамруулж татварын эцсийн тооцоог хийдэг. Үүнийг үндэслээд хуулийн этгээдийн бүртгэлээс хасдаг юм. Дүгнэлтийг ямар тохиолдолд гаргадаг вэ гэхээр эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний татвар төлөхөөөс зайлсхийсэн байвал хуулийн байгууллагад шилжүүлэхээр дүгнэлт гаргадаг, түүнээс бага хэмжээний зөрчил гарвал улсын байцаагчийн акт гардаг, харин татварын зөрчилгүй гэвэл илтгэх хуудас бичдэг юм гэжээ.

4.Б.Даваасүрэнгээс:-Би татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Мөнхлутын томилолтоор улсын байцаагч Г.Отгонбаярын хамт Монтрак фотон, Монтрак эко ХХК-ийг татан буулгах хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн, Отгонбаяр бүх төрлийн татварын ногдуулалт төлөлтийг шалгах, миний хувьд нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалтын байдлыг шалгаад ямар нэг зөрчил алга гэж хэлж байсан Отгонбаяр тухайн компанийн захирал, нягтлан бодогч нарыг дуудаж илтгэх хуудсаа танилцуулж байсан, банкны дансны мэдээллийг үзээгүй, Отгонбаяр л хийх ажлаа хуваарилан авсан гэжээ.

Татварын улсын байцаагч Л.Мөнхбат, Б.Тунгалагтуул, С.Тамираа нарын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: "..Монтрак фотон ХХК нь 2015-2016 онд үйл ажиллагаа явуулахдаа татвар ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 49.792.187.60 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварт 311.548.701.30 төгрөг нийт 361.520.888.90 /гурван зуун жаран нэгэн сая таван зуун хорин мянга найман зуун наян найман төгрөг, ерөн мөнгө/ төгрөгний албан татвар төлөхөөр байна гэж үзэв" гэжээ.

Шинжээч Б.Тунгалагтуулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "..Шалгалтаар Монтрак фотон ХХК нь Хаан банкинд 5028584679 дугаарын төгрөгийн, мөн ам.долларын, Төрийн Хас банкинд ам доллар төгрөгийн, Голомт, Худалдаа хөгжлийн банкинд ам долларын болон төгрөгийн данстай байснаа бүртгүүлээгүй байсан, Монтрак эко ХХК дээр бичигдсэн илтгэх хуудсыг үндэслэлтэй гэж үзсэн, ямар нэг зөрчил илрээгүй" гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл,

шүүгдэгч Н.У нь 2015, 2016 онуудад тодорхой хэмжээний орлогын гүйлгээ хийгдсэн болон тодорхой хэмжээний эд хөрөнгөтэй байсан өөрийн мэдлийн Монтрак фотон ХХК-ийг хууль бусаар татан буулгаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 (таван сая) төгрөгийн хээл хахууль өгсөн,

шүүгдэгч Г.О нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Монтрак фотон ХХК-ийн татварын албанд бүртгэлтэй ХААН банкны дансаар 2015, 2016 онуудад нийт 227.0 сая төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, мөн тус компани нь 2015 оны жилийн эцэст байсан 47 ширхэг тээврийн хэрэгслийг тус компани татан буугдах үед худалдан борлуулсан гэж үзвэл хууль тогтоомжийн дагуу албан татвар ногдуулах байсан зэрэг зөрчил дутагдал байсаар байхад 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Шалгалтанд хамрагдсан хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд зөрчил илрээгүй” хэмээн үндэслэлгүйгээр 35462000 дугаартай “Илтгэх хуудас” бичсэний хариуд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.Ус Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Энхбаатараар дамжуулан 5.000.000 (таван сая) төгрөгийн хээл хахууль авсан болох нь

шүүгдэгч Н.Ун “…Монтрак фотон, Монтрак эко ХХК-ийг татан буулгуулахаар татварын хяналт шалгалтыг оруулж өгөөч гэсэн хүсэлтийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2016 оны 07 дугаар сард гаргасан, татварын шалгалт Отгонбаяр дээр таарсан, 5.000.000 төгрөгийг зээлэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, оноос өмнө өгөөрэй гэдгийг хэлсэн, хүү барьцаа байхгүй ...Ингээд 10 дугаар сарын дунд үед татварын зөрчилгүй гээд татварын байцаагчийн дүгнэлт гаргасан. Отгонбаяр 2016 оны 9 дүгээр сараас би байрны лизенгтэй та 10.000.000 төгрөг зээлээч гэх болсон, би боломжгүй гэдгээ хэлдэг байсан. Отгонбаяр танайх хэл амтай ядаргаатай газар шүү гэх болсон, тэгээд мөнгө орж ирвэл 5.000.000 төгрөг өгье гээд хэлчихсэн, тэрнээс хойш Отгонбаяр утасдаж мөнгө нэхэх болсон, энэ дүгнэлтээ 10 дугаар сарын 18-ны үед надад өгсөн, тэгээд Отгонбаярт 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг Энхбаатараар хүргүүлж өгсөн ... Отгонбаяр өөрөө шийдээд илтгэх хуудсаа гаргасан, би Отгонбаярт Монтракфотон ХХК-ний дансуудаар мөнгө орсон байгаагаа хэлсэн. Тэгэхэд Отгонбаяр Монтрак групп ХХК-ийг дараа нь татварын хяналт шалгалтаар оруул гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Он “Би Уранчимэгээс 5 сая төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Уранчимэгийн дүү Энхбаатараар дамжуулан ажлын гадаа замын хойд талын автомашины зогсоол дээр авсан нь үнэн ...надад байрны зээл байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Б.Саруулын “Монтрак групп нь харъяа холбоотой Монтрак фотон, Монтрак эко, Далд нууц МН, Монтрак констракшн, Монтрак зам ХХК-иуд байдаг юм. Энэ бүх компаниудыг Уранчимэг хариуцан ерөнхий захирлаар нь ажилладаг. ...Монтрак группийн бүх орлого зарлагын гүйлгээг Монтрак фотон ХХК-иар дамжуулж авдаг байсан. Энхбаатар гэдэг нь манай Монтрак группийн борлуулагчаар ажилладаг байсан. Уранчимэг энэ хүний нэр дээр компани байгуулаад дансыг нь ашигладаг байсан. Монтрак фотон анхнаасаа Уранчимэгийн нэр дээр байж байгаад Энхбаатарын нэр дээр 100 хувь шилжүүлсэн тэгээд би Хас банкнаас зээл авахын тулд Монтрак группийг орлоготой харагдуулахын тулд 2016 оны 07 дугаар сард байх Монтрак фотон ХХК-ний дансаар орсон орлогыг Монтрак групп ХХК-ний орлого мэтээр харагдуулаад зээл хөөцөлдөж байсан” гэх мэдүүлэг,

гэрч С.Энхбатын “татварын алба нь тухайн аж ахуйн нэгжийг заавал хяналт шалгалтанд хамруулж татварын эцсийн тооцоог хийдэг, үүнийг үндэслээд хуулийн этгээдийн бүртгэлээс хасдаг. ... харин татварын зөрчилгүй гэвэл илтгэх хуудас бичдэг” гэх мэдүүлэг,

гэрч Б.Даваасүрэнгийн “Би татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Мөнхлутын томилолтоор улсын байцаагч Г.Отгонбаярын хамт Монтрак фотон, Монтрак эко ХХК-ийг татах буулгах хүсэлтийн дагуу хяналт шалгалтын хийсэн, Отгонбаяр бүх төрлийн татварын ногдуулалт төлөлтийг шалгах, миний хувьд нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалтын байдлыг шалгаад ямар нэг зөрчил алга гэж хэлж байсан Отгонбаяр тухайн компанийн захирал, нягтлан бодогч нарыг дуудаж илтгэх хуудсаа танилцуулж байсан, банкны дансны мэдээллийг үзээгүй, Отгонбаяр л хийх ажлаа хуваарилан авсан” гэх мэдүүлэг,

“Монтрак фотон ХХК-д бичигдсэн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Отгонбаяр, Б.Даваасүрэн нарын үйлдсэн 35462000 дугаартай Илтгэх хуудас нь үндэслэлгүй байна” гэх 2016 онны 12 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт,

Г.Он биед болон тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол, татварын илтгэх хуудсыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бэлэн мөнгө, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Н.Уг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.От албан тушаалын байдалтай нь холбогдуулан 5.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгосон, мөн шүүгдэгч Г.Ог Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж Н.Ус 5.000.000 төгрөгийн хээл хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч нар нь 2016 оны 10 дугаар сард дээр дурдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн ба 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тооцох”-оор, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байхаар тус тус заажээ.  

Иймд шүүгдэгч Н.Ун үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.Он үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.У, Г.От нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзэж, шүүгдэгч Сорон овогт Надмидын Уранчимэгийг албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б овогт Г.Ог албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлалгүйгээр бусдаар дамжуулж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг харгалзав. 

Шүүгдэгч Н.У, Г.О нарт торгох ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.У нь 77 хоног, шүүгдэгч Г.О нь 42 хоног тус тус цагдан хоригдсон байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2, 59.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү тооцоход шүүгдэгч Н.У нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан байна.  

2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Он гэмт хэрэг үйлдэж олсон 5,0 сая төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. Харин хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн, Г.Ос хураан авсан  1.241.300 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул уг мөнгийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.  

Шүүгдэгч Н.Ун “5.000.000 төгрөгийг зээлэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, оноос өмнө өгөөрэй гэдгийг хэлсэн, хүү барьцаа байхгүй. Отгонбаяр 2016 оны 9 дүгээр сараас би байрны лизенгтэй та 10.000.000 төгрөг зээлээч гэх болсон, тэгээд мөнгө орж ирвэл 5.000.000 төгрөг өгье гээд хэлчихсэн, От 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг Энхбаатараар хүргүүлж өгсөн” гэж мэдүүлж байгаа, шүүгдэгч Г.Он “би татварын хяналт шалгалт хийхээр болоод шалгах явцад захирал Уранчимэгтэй таарч ах Будхүүг таних уу, танд металл хайгч зарж байсан та мөнгийг нь өгөөгүй ах нас барчихсан, одоо та надад тэр мөнгийг өгөх болох нь дээ гэж хэлсэн. Уранчимэг ч тэгэлгүй яах вэ гэсэн. Уранчимэг би 10 сая төгрөг өгөх боломж алга, 5 сая төгрөгийг өгье гэсэн, би ч өгч байгаа болохоор тэгээ ч л гэсэн” гэж мэдүүлж байгаа ба шүүгдэгч нар дээрх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, уг мэдүүлгүүд нь бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сорон овогт Надмидын Уранчимэгт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх,

мөн Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Г. От холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч С овогт Н.Уг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Шүүгдэгч Б овогт Г. Ог 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлалгүйгээр бусдаар дамжуулж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ог татварын улсын байцаагч хийх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Н.Уранчимэгийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнийг ял эдэлж  дууссанд тооцсугай.

5.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар шүүгдэгч Г.Отгонбаярын цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 8.064.000 төгрөгийг торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1.728.000 (нэг сая долоон зуун хорин найман мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

6.2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ос хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 5.000.000 (таван сая) төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Г.Ос хураан авсан 1.241.300 (нэг сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуу) төгрөгийг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.От буцаан олгосугай.

8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У, Г.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ