| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2607 00000 0006 |
| Дугаар | 2026/ДШМ/401 |
| Огноо | 2026-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганбагана /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/401
Б.Т-, Б.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганбагана /цахимаар/,
шүүгдэгч Б.Т-, Б.Т- нарын өмгөөлөгч Т.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, Б.Т- нарын өмгөөлөгч Т.Энхбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн тэдэнд холбогдох 2607 00000 0006 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Б-ын Т-, 2008 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү хамт .......д оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УБ-/;
З- овгийн Б-ийн Т-, 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗБ-/;
Шүүгдэгч Б.Т-, Б.Т- нар нь бүлэглэн Багахангай дүүргийн Б- хороо, 3 дугаар байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг биллиардын газар 2025 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Г.Т-ийг биллиардын цохиур болон гараараа цохиж “духанд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Т-, Б.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Өсвөр насны шүүгдэгч Х- овогт Б-ын Т-, шүүгдэгч З- овогт Б-ийн Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ид 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-д 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-, шүүгдэгч Б.Т- нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т-, Б.Т- нарын өмгөөлөгч Т.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т-ийн хувьд Г.Т-ийг гараараа түүний зүүн чихний хавьд 1 удаа цохиж, 1 удаа баруун хөлөөрөө зүүн хөлөнд өшиглөсөн үйлдэл үзүүлсэн бөгөөд Г.Т-д “духанд язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалттай” гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Т-ид 200 цаг, Б.Т-д 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял тус тус ногдуулсан. Шүүгдэгчид болон өмгөөлөгчийн зүгээс Г.Т-д учруулсан хөнгөн зэргийн гэмтэлд маргадаггүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” асуудлыг зохицуулсан. Б.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үйлдэл нь Г.Т-д учруулсан хохиролдоо Б.Т-гийн хамт 1.880.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийг гэмтсэн даруйд эмнэлэгт аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.
Багахангай дүүргийн ЕБС-ийн 12-р ангид суралцдаг сурагч, ЕБС-аа төгсөөд их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа, ар гэр нь малчин, аав, ээж хоёр нь тэтгэврийн настай, ам бүл нь хүн хүч муутай зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж анхан шатны шүүхийн хуралдаанд хүсэлтээ гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үндэслэлгүйгээр дүгнэж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс Б.Т-ид оногдуулсан 200 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цаг...”-аар хэрэгжүүлбэл нийт 67 өдөр дор хаяж болохоор байна.
Энэ нь шүүгдэгчийн ЕБС-иа төгсөх хариуцлагатай цаг үед, мөн мал төллөх цаг хугацааны үед давхцаж байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилтууд, шүүгдэгчийг нийгэмшүүлэх хуулийн зорилттой зөрчилдөж байна гэж үзэж байна.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд шүүгдэгчийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна гэж заасан. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өсвөр насны шүүгдэгч Б.Т-ид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлж өгнө үү.
Мөн Б.Т-ий хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үйлдэл нь Г.Т-д учруулсан хохиролдоо Б.Т-ийн хамт 1.880.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийг гэмтсэн даруйд эмнэлэгт аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.
Тэрээр Багахангай дүүргийн ЕБС-ийн 9-р анги төгссөн, одоо 18 насанд хүрсэн бөгөөд цэргийн алба хаах хүсэлтэй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж анхан шатны шүүхийн хуралдаанд хүсэлтээ гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үндэслэлгүйгээр дүгнэж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс Б.Т-д оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цаг...”-аар хэрэгжүүлбэл нийт 40 өдөр дор хаяж болохоор байна.
Энэ нь шүүгдэгчийн цэргийн алба хаахаар татагдах цаг хугацааны үед давхцаж байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилтууд, шүүгдэгчийг нийгэмшүүлэх хуулийн зорилттой зөрчилдөж байна гэж үзэж байна.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд шүүгдэгчийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна гэж заасан. Иймд Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өсвөр насны шүүгдэгч Б.Т-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс өсвөр насны яллагдагчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг яагаад хэрэглэж болохгүй” талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан учраас прокуророос эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүх гарсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.Б- зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүгдэгч Б.Т-, Б.Т- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2. Прокуророос шүүгдэгч нарыг бүлэглэн Багахангай дүүргийн Б- хороо, 3 дугаар байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг биллиардын газар 2025 оны 12 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Г.Т-ийг биллиардын цохиур болон гараараа цохиж “духанд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч Х- овогт Б-ын Т-, шүүгдэгч З- овогт Б-ийн Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ид 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-д 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийг тус зүйл, заалтад “...Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.Б- зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж тодорхой хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-ид тухайн зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээнээс доогуур буюу хуульд байхгүй 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан хууль ёсны зарчмыг баримтлаагүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно.
Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” үндэслэлд хамаарах ба үүнийг давж заалдах шүүх зөвтгөн засах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхбаярын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА