| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2512000000311 |
| Дугаар | 2026/ДШМ/12 |
| Огноо | 2026-03-12 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/12
2026/ДШМ/12
Прокурор: М.Гансүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Чд холбогдох 2512000000311 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт А аймаг, И сум, Х баг И гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хиат боржигон овогт Баясгалангийн Ч /РД: АЯ02300215/,
Шүүгдэгч Б.Ч нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн хугацаанд А аймгийн И сумын Х багийн Бага бургаст гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод 35 ширхгийг цахилгаан хөрөөгөөр огтолж, 156 ширхэгт хуваан 9,5024м3 мод ойд бэлтгэж, мөн газраас А аймгийн И сумын Х багийн Ганц гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай Киа Бонго-3 /“К1а Вопдо-3 7 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1,839,250 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.Чд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Хиат боржигон овогт Баясгалангийн Ч /РД: АЯ02300215/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Чд шүүхээс оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чгээс 5,517,750 /таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 4,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, 725,464 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн мод, 17,364 төгрөгийн үнэлгээ бүхий шинэ төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан 5,517,750 /таван сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан хохирлын үлдэгдэл 704,922 төгрөгийг шүүгдэгч Б.Чгээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Шүүгдэгч Б.Ч нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор давж заалдах эсэргүүцэлдээ ... 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 19 дугаартай шийтгэх тогтоол нь Монгол улсын нэрийн өмнөөс гарч, удиртгал хэсэг, тодорхойлох хэсэг, тогтоох хэсгээс бүрдсэн байна. Ингэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ “...Шүүгдэгч Б.Чг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй...” гэж хэрэгт огт авагдаагүй нотлох баримт, огт болоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Тус дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтад нотлогдохгүй байгаа гэсэн үндэслэлд хамаарч байна. Шүүхийн тус дүгнэлтийг үг, үсэг тооцооллын шинжтэй техникийн алдаа гэж үзэх боломжгүй байна. Учир нь тодорхой асуудлаар дүгнэлт хийж, тодорхой утга агуулгыг өгүүлбэрээр илэрхийлж бичсэн байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар дурдахдаа “..Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжээр буюу 800,000 /найман зуу мянга төгрөгөөр/ торгох ял оногдуулж шийдвэрлэв...” гэж дүгнэсэн нь тус шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад заасан “Шүүгдэгч Хиат Боржигон овогт Баясгалангийн Ч /РД:АЯ02300215/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж зөрүүтэй байдлаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой хохирлыг тооцоог буруу гаргасан. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигт тохироогүй гэж үзэхээр байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэж шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй бичигдсэн байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Эхнийх нь мэдээж гэрчээр мэдүүлэг авсан нотлох баримт байхгүй. 2-рт Прокурорын зүгээс үргэлжилсэн үйлдэл гэж дүгнээгүй. Учир нь мод бэлтгэх эрхийн бичгийг иргэд авахдаа урт хугацаагаар авдаг. 4-5 хоногт бэлтгээд тээвэрлэх ч юм уу. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь 9 дүгээр сарын 10-14-ний хооронд бэлтгэж, тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч тухайн хүн эрхийн бичигтэй байсан. Гэхдээ Шар чарга гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан атлаа, эрхийн бичиг аваагүй, эрхийн бичигт заагдаагүй газраас мод бэлтгэсэн үйл баримт тогтоогддог. Ийм учраас улсын яллагчийн зүгээс тухайн үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж дүгнээгүй. 3-т хохирлын нөхөн төлөлттэй холбоотой буруу, зөрүү байдлаар, техникийн шинжтэй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хохирлын хэмжээг зөв дүгнэж гаргах нь зүйтэй гэж дээд шатны прокурор эсэргүүцлээ бичсэн байна. 9.5024м3 мод, хөдөөний айл бүхэл бүтэн өвөлжөөний хашаа барьчихаж байгаа юм. Энэ тухайн хүний байгаль орчинд учруулж байгаа хохирол, хор уршгийн хэмжээ нь ямар байгаа вэ. Шүүхийн практик дээр үүнээс бага хэмжээний мод бэлтгэсэн байхад хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхэд мөн адил 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулдаг. Гэтэл энэ хүний бэлтгэсэн мод нь бүхэл бүтэн өвөлжөөний хашаа барьсан байсан нөхцөл байдал тогтоогддог. Иймд түүний эрүүгийн хариуцлагын хүрээнд оновчтой байх нь дээр гэж үзэж байна. 4-т сая өмгөөлөгч яриад байна. Заавал улсын яллагч 1000 нэгж гэнэ үү, 1200 нэгж гэнэ үү, энэ нь шүүхэд хамаагүй, ач холбогдолгүй гэж тайлбарлаад байна. Эсэргүүцэлд тайлбарлаад байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл 2 зөрүүтэй байж болохгүй гэсэн агуулгаар эсэргүүцлийг бичиж байгаа. Түүнээс би 1200 гэснийг 1000 гэчихлээ, 900, 800 гээд биччихлээ гэсэн агуулгаар яриагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл гэдэг нь тухайн шүүх хуралдаанд мэтгэлцэж байгаа тохиолдолд улсын яллагч, өмгөөлөгч, сэжигтэн, яллагдагч бүгдийн яригдаж байгаа мэдүүлэг, тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдана. Энэ агуулгаараа ч шүүхийн шийтгэх тогтоол бичигдэж байгаа. Энэ байдлаас буюу эхний 1, 2, 3, 4 дэх бүх агуулгыг тооцоод үзэхээр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, ямар нэг эргэлзээ төрхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдээд байгаа юм уу, хэдэн төгрөгийн хохирол өгөөд үлдсэнийг нь надаас хэдэн төгрөг гарах юм гээд шүүгдэгчид ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зааснаар эрх ноцтой зөрчсөн байдлаар дүгнэж бичсэн зүйл хэрэгт авагдсан баримтаар байхгүй. Иймд шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шийтгэх тогтоолоос зөрж болохгүй. Тэгэхээр шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжгүй байдал бий болгоод байна гэсэн агуулгаар, энэ үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэр, гардуулсан шийдвэрээс зөрүүтэй байх юм бол ноцтой зөрчилд тооцож байгаа. Тогтоох хэсгийн зөрүүтэй нөхцөл байдлыг шүүх хуралдаанд уншиж сонсгосон үйл баримт байхгүй байгаа учраас миний зүгээс ялимгүй зөрчил байна гэж үзэж байгаа. Зөрчлийн хувьд зөрчил, гэхдээ ялимгүй зөрчил байна гэж үзэж байна. Харин шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг 2 нь зөрүүтэй байгаа тохиолдолд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа. Тэмдэглэл, дуу дүрсний зөрсөн асуудлаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудал байхгүй байгаад байгаа учраас энэ дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдагдаад байгаа асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар зөвтгөөд явах боломжтой байна. Энэ дурдагдаад байгаа үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй нөхцөл байдал байгаа учраас нэгэнт шийдэгдсэн, гэм буруу дээр маргахгүй байгаа нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хуульд зааснаар шийтгэх тогтоолд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж өгнө үү. Дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй байж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт
тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдол болон эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
2. А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чг 2025 оны 09 дүгээр дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн хугацаанд А аймгийн И сумын Х багийн Бага бургаст гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод 35 ширхгийг цахилгаан хөрөөгөөр огтолж, 156 ширхэгт хуваан 9,5024м3 мод ойд бэлтгэж, мөн газраас А аймгийн И сумын Х багийн Ганц гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1.839.250 төгрөгийн хохирол учруулсан гэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Чгээс
хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхүүдийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Чгээс гэрчийн мэдүүлэг аваагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
4. Шүүгдэгчид анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ... үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн ... гэсэн атлаа шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн ... гэж зөрүүтэй дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт болон улсын яллагчийн яллаж байгаа саналд шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт, санал нэг ч гаргаагүй байхад шүүх хэрэгт огт байхгүй дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагч шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санлыг гаргасан гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй байна.
7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирол, хор уршгийг буруу тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелүүлэхэд саадгүй байх шаардлагыг хангаагүй.
8. Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
9. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Чгийн хувийн байдлыг харгалзан түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА