Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон У овогт Л. Мд холбогдох 1811000590365 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамж, 43 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, У овогт Л.М, (РД: ),

нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орон зай худалдааны төвийн гаднаас Ц.Оюумаагийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 562.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэв.   

              Л.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би автобусанд суухаар алхаж байтал Орон зай худалдааны төвийн үүдэн дээр нэг ачааны автомашин дээр хайрцагтай бараанууд байсан. Тэр үед жаахан архи уучихсан байсан болохоор дахин архи уух бодол төрөөд уг машин дээр очсон чинь дотор нь хүн байхгүй байсан бөгөөд би тэвшин дээрээс нь нэг цаасан хайрцагтай зүйл тэврээд буулгаад урд талд нь байсан жижиг суудлын машины араар оруулсан. Тэгээд ганцаараа цаашаа хол авч явахаар даахгүй юм шиг санагдаад байхаар нь ийш тийшээ харсан чинь Нямдорж автобусны буудал дээр цаашаа хараад автобус хүлээгээд зогсож байсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод хөгшөөн би хүний барааг ойрхон машинд нь хүргэж өгөөд мөнгө авахаар болчихлоо чи өргөөд өгөөч гэсэн чинь тэгье гээд надтай хамт уг миний хулгайлсан барааг өргөөд явж байгаад цагдаад баригдсан юм гэжээ.

            Хохирогч Ц.Оюумаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бараа ирсэн тухай сонсоод би ачаа авдаг харилцагч Буяннэмэх гэж залууг миний ачааг авч ирээд өгөөч гэж хэлсэн ба тэр өдөр Буяннэмэх барааг авч ирнэ гэж байсан боловч авч ирэхгүй удаад байсан. Орой нь надруу ярьснаа нэг хайрцаг барааг чинь хулгайд алдчихлаа. Одоо цагдаа дээр байна гэж хэлсэн ба бараагаа буцаагаад олчихсон тухайгаа хэлж байсан. Ингээд нилээн оройхон манай барааг бүтэн авч ирж хүлээлгэж өгсөн. Буяннэмэх надад ярихдаа цаасан хайрцагтай барааг чинь алдчихаад хулгайч нарыг олоод бараагаа цагдаагийн газраас буцааж аваад ирлээ гэж хэлсэн. Миний нэг хайрцагтай барааны баглаа боодол задарчихсан байдалтай байсан. Тэгэхдээ тоо ширхэг бүрэн бүтэн байсан. Бараагаа бүрэн хүлээж авсан гэжээ.

            Гэрч Б.Буяннэмэх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хоёр хүний ачаа аваад эхний хүний ачааг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай худалдааны төвийн гадна буулгаж оруулж өгчихөөд гараад ирсэн чинь миний машины тэвшин дээр үлдсэн байсан Оюумаагийн 3 хайрцаг барааны 1 хайрцаг бараа нь алга болчихсон байсан. ...Чингэлтэйн цагдаагаас залгаад та бараагаа алдсан уу гэж асуусан гэжээ.

            Гэрч М.Баранчулуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -Замын ар талд 2 согтуу эрэгтэй хүн дундаа хайрцагтай эд зүйл барьчихсан такси барих гээд зогсож байсан. Бид дээрх 2 хүнийг хулгайн эд зүйлс авч явж байж болзошгүй гэж сэжиглээд шалгахад ЦД81100974 регистрийн дугаартай Лхамхүүгийн Мөнхжаргал, ЙЭ80120412 регистртэй Лхагвадоржийн Нямдорж нар байсан. Хайрцаг дээр утасны дугаар бичээстэй байхаар нь залгасан чинь нэг эмэгтэй хүн утсыг аваад манай бараа байгаа юм. Сая Бөмбөгөрийн тэндээс хулгайд алдчихсан бараа байгаа юм гэж хэлсэн гэжээ.

            Гэрч Л.Нямдорж:-Би автобусны буудал дээр драгон явах автобус хүлээгээд зогсож байсан. Мөнхжаргал араас нуруу руу цохиод хөгшөөн нэг хүний ачаа барааг хүргэж өгөх хэрэгтэй болчихлоо, чамд 1000 төгрөг өгье ойрхон таксинд суулгаад өгөөч гэсэн юм. Мөнхжаргалыг дагаж очоод цугтаа өргөөд явсан. Тэгээд зам дагуу алхаад Мөнхжаргал чи намайг таксинд суулгаад өгчих гээд ярилцаад байж байтал цагдаа ирээд бариад авсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очиж байж Мөнхжаргалыг хулгай хийсэн байна гэж мэдсэн гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Л.М нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Орон зай худалдааны төвийн гаднаас Ц.Оюумаагийн өмчлөлийн хайрцагтай бараа хулгайлан авч 562.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бараа ирсэн тухай сонсоод би ачаа авдаг харилцагч Буяннэмэх гэж залууг миний ачааг аваад авч ирээд өгөөч гэж хэлсэн ба тэр өдөр Буяннэмэх барааг авч ирнэ гэж байсан боловч авч ирэхгүй удаад байсан ба орой нь над руу ярьснаа нэг хайрцаг барааг чинь хулгайд алдчихлаа. Одоо цагдаа дээр байна гэж хэлсэн ба бараагаа буцаагаад олчихсон тухайгаа хэлж байсан. Ингээд нилээн оройхон манай барааг бүтэн авч ирж хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Буяннэмэхийн “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хоёр хүний ачаа аваад эхний хүний ачааг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орон зай худалдааны төвийн гадна буулгаж оруулж өгчихөөд гараад ирсэн чинь миний машины тэвшин дээр үлдсэн байсан Оюумаагийн 3 хайрцаг барааны 1 хайрцаг бараа нь алга болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

              Иймд шүүгдэгч У овогт Л. Мг бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Хохирогчид учирсан гэм хор арилсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

              Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. 

              Шүүгдэгч нь 34 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас хасаж тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч У овогт Л. Мг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг 272 (хоёр зуун далан хоёр) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мн цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мөнхжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ